Орчлонгийн эрээн бараан амьдралд хүн алдаж эндэх явдал өдөр бүр л гарч байна. Харин алдсан хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, бас нийгэмшүүлэх ажил хийдэг хүмүүс бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангийн алба хаагчид. Хэрэг хийгээгүй атлаа хэрэгтнүүдтэй адил өргөст торны цаана өдөржин амьдрах тэдэнд төр засаг маань анхаарч чадаж байгаа билүү. Тус байгууллагынхан дотоод нөөц бололцоогоороо л алба хаагчдаа орон сууцтай болгож байгаагаас биш, ахуй хангамжийг нь сайжруулах талаар төр, засгаас ганц үг ган хийсэнгүй.
Харин ч хүний эрхийг хангах чиглэлд анхаардаг төрийн, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагынхан сүүлийн үед хорих ангийнхан хүний эрх зөрчиж байгаа талаар өдөр бүр шахам л амаа эцтэл зурагтын суваг болгоноор ярьж байгаа гэхэд хилсдэхгүй. Хоригдож байгаа хүмүүс мэдээж эрхтэй. Тэдний талаар ярьж бичилгүй яах вэ. Түүнтэйгээ зэрэгцээд тэр хоригдож буй хүмүүс бусдад учруулсан хохирлоо төлсөн үү, ядахдаа нэг ч удаа болов уучлал гуйсан болов уу гээд бодоод үзэх хэрэгтэй мэт.

ХҮМҮҮЖИГЧ НАР ХҮНИЙ ЭРХЭЭР БАМБАЙ ХИЙН ДАВАРЧ БАЙНА УУ
Хүний амийг хэрцгийгээр бүрэлгэчихээд, иргэдийн ой тойнд багтахааргүй аймшигт хэрэг тарьчихаад шүүхээр ял шийтгүүлж хоригдож байгаа хэрэгтнүүдийг өнөөдөр нийгэмшүүлэх, тэднийг жирийн иргэдээс тусгаарлаж хүмүүжүүлэхийн тулд хорих ангийн алба хаагч, офицер ахлагч нар өргөст торны цаана сууж байна. Хүмүүжигчдээсээ ялгаатай нь тэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадна, 24 цаг үүргээ гүйцэтгээд хоёр хоног гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай байна. Түүнээс биш бусдаараа хоригдлуудтай адил шоронд байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Магадгүй зарим нь цалингаас цалингийн хооронд өр зээл тавьсан, эсвэл өрхийн орлого багатай нэгнийх нь гэрт үр хүүхэд нь өлөн зэлмүүхэн л сууж байх вий. Гэтэл харин өнөөдөр гэмт хэрэг үйлдэж, эрхээ хасуулсан хүмүүс дансандаа мөнгө хийлгээд, тансаг хоол зооглоод суугаа.
Тансгийг нь иддэггүй юм аа гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр, хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, иргэний нийгмийн байгууллагын буянаар илчлэг сайтай хоол хүртэж байгаа нь гарцаагүй. Харин төрд тангараг өргөсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хэдий ийм байлаа ч өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, амьдралдаа алдаж эндсэн хүмүүсийг дахин алдаа гаргуулахгүйн төлөө “яс цоож”-инд ч хамт цоожлогдоод л сууж байна. Харамсалтай нь хүмүүжигчдийн эрхийг хангахын төлөө ажиллаж байгаа алба хаагчдыг хэл амаар доромжлох, амь нас, эрүүл мэндэд нь заналхийлэх явдал хорих ангид нэг бус удаа гарч байхад хэн ч хянагч нарын амь нас, эрүүл мэндийн баталгааг ярьсангүй.
Бидний авсан мэдээллээр хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангийн хүмүүжигч эр тоо бүртгэлийн ажилтан эмэгтэйг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, “п…” хэмээн харааж, гичий нохойгоор нь дуудаж доромжилжээ. Түүнийг болиулахаар очсон дэслэгч залууг өөр тийш харах үед нүүр лүү нь нэг бус удаа цохиод авсан тухай мэдээллийг бид тэр үед нь олон нийтэд хүргэж байсан. Хянагчдаа халдсан “сайн эр” бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэгт долоон жил ял шийтгүүлсэн нэгэн байсан. Тус ангид шилжиж ирэхээсээ өмнө онцгой, чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байсан, тэр үедээ бас л сахилгын зөрчил гаргасан хүн гэсэн. Энэ явдлаас өмнө дээрх хорих ангид хүмүүжигч эр нэгэн хянагчийг хутгалж гэмтэл учруулсныг ШШГЕГ-ынхан нууцлаад л өнгөрсөн.
Хянагч нараа хэл амаар доромжилж, “Чамайг энд ингээд сууж байхад эхнэр чинь өөр хүнтэй явалдаж байгаа” гэх мэтээр өдөх явдал бишгүй л гардаг гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж яваад энэ мэтчилэн гэмтэх, амь насаа алдах явдал цөөнгүй тохиолддог. Амь насаа алдсан хэргээс дурдвал 2013 оны арванхоёрдугаар сарын 2-нд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр явсан Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан С-ыг өөр хоёр хүний хамт Б.Э гэгч этгээд буудаж егүүтгэсэн. Гэр бүлээ цуцалсан Б.Эээс тодорхой хэмжээний хөрөнгө хүүхдүүдэд нь гаргаж өгөх шүүхийн шийдвэр гарсны дагуу талийгаач шийдвэр гүйцэтгэгч явж байсан юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр 2014 онд хорих ангийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, заналхийлсэн, хэл амаар доромжилсон болон албан хаагчийн биед халдсан 175, 2015 он гарсаар 45 тохиолдлыг бүртгэсэн гэнэ.
Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Төрийн тусгай алба хашиж буй хорих ангийн ажилтан, шийдвэр гүйцэтгэгчид халдсан этгээдүүд ихэвчлэн удаа дараа ял шийтгүүлсэн, олон жил хоригдох ялтай, хөнгөн хүндэвтэр хэрэгт шийтгүүлсэн жирийн хүмүүжигчдийг эрхшээлдээ байлгах гэсэн, тэдэнд “том ах” гэдгээ харуулах гэсэн хүмүүс байдаг аж. Хөнгөн ял шийтгүүлсэн хүмүүжигч нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхантай цанхаархах хүн бараг байхгүй, эдлэх ёстой ялаа хурдхан дуусгаад хахирган дуутай төмөр торны цаанаас бушуухан гарахыг л хүсдэг нь ойлгомжтой.
ГАНЦ НЭГИЙГ ХАЙХРАХГҮЙ БАЙСААР БОСЛОГО ГАРВАЛ ЯАХ ВЭ
Хүмүүжигч нараас хорих ангийнхан үе үе хориглосон гар утас, хутга зэргийг олноор нь хураан авдаг. Хорих ангийнхны хяналт сулаас гэмт этгээдүүд хутга, мэс бэлтгэн ханцуйлж, улмаар өс санасан нэгнийгээ, эцэстээ давраад хянагчаа хутгалж байна. Барууны кинонд шоронд хоригдож буй хүмүүжигч нар “гал хам”-аараа талцаж, улмаар эсрэг бүлэглэлийнхээ хэн нэгний амийг нууцаар бэлтгэсэн хутгаараа егүүтгэж байгаа тухай гардаг. Манайд хяналт сул бол ийм явдал гарахгүй гэх баталгаа алга. Хянагч нартаа халдсан ганц нэг тохиолдлыг манайхан хайхрахгүй байсаар бослого үймээн гарч, хянагч нарынхаа амь нас, эрүүл мэндийг хөнөөгөөд зугтвал яах вэ. Тэр чигээрээ л нийгэм айдаст автдаг тод жишээ бий.
1996 оны нэгдүгээр сард Авдрантын хорих ангиас гурван хүмүүжигч хянагч нараа, хамт хоригдож байсан гурван эмэгтэйг егүүтгэн, зэвсэглэн оргосон дуулиант хэргийн гэрчүүд одоо ч бий. Тэрхүү аймшигт хэргийг өдүүлсэн хүмүүжигч нар шорон оронгоор олон жил явсан, удаа дараа ял шийтгүүлсэн “атаман” байсан гэдэг. Тэр үеийн хэрэг явдал хянагч нарын хараа хяналт сулаас болсон гэж учир мэдэх олон хүн хэлж байгаа. Тэгвэл одоо цаг өөр болж, хянагч, хүмүүжигч нар хоорондоо “найзлах” нь хамжааргатай байгаа. Хэрэв анхаарал, хяналт суларвал хүмүүжигч нар овжноор ашиглаж, хорих ангид бослого үймээн гарахыг ч үгүйсгэхгүй.
Африкийн нэгэн оронд өрнөдийн орны гар хөл бологчид шоронд бослого үймээн дэгдээж, тэр нь хүчээ авсаар иргэний дайн болж өргөжөөд одоо болтол зогсоогүй байна. Хэдийгээр манай орон харьцангуй тайван, ийм зүйл болохгүй гэх өөдрөг сэтгэлтэн байгаа ч болгоомж сэрэмж илүүдэхгүй. Тэгэхээр хянагч нь хянагч шиг үүргээ гүйцэтгэж, хүмүүжигчдийн зүй бус үйлдлийг хүний эрх нэрээр давраалгүй, эдлэх ёстой эрхийг эдлүүлж, үүрэх ёстой хариуцлагыг бас хамтад нь үүрүүлбэл нийгэм айх аюулгүй байх болов уу.
Г.РАВЖАА