Өрөвдөлтэй юм. Сая гаруй хүн амтай метрополис хотын иргэд хэрэглээний усгүй гурав хонож, бие засахдаа хүртэл “хориг тавих” тухай бодож сууна. Эсвэл ундны усны гол эх үүсвэр болж буй Туул гол руугаа бохироо цутгана гэнэ. Төв цэвэрлэх байгууламж насгүй болж, өдөр хоногийг арайхийн аргацааж буй нь ийм байдалд хүргэж, бид дэлхийн хамгийн том “жорлон”-д амьдрах нь гэж энд тэндгүй ярьж, бичиж байна. Аль нэг аймаг, сумын төв биш, хотоос алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт биш, Монголын нийслэл, дэлхийн хот Улаанбаатарт ийм зовлон нүүрлэж, иргэд түгшиж буй нь жинхэнэ эмгэнэл. Бүтээн байгуулалт, ялангуяа барилгын ажил эрчимтэй өрнүүлж буй манай улсад инженерийн дэд бүтэц тулгамдсан асуудлын нэг болсоор ирсэн. Агаар, хөрсний бохирдлоо дийлэхээ больж иргэдийг орон сууцжуулах зайлшгүй шаардлага тулгарсан цаг. Гэсэн ч дэд бүтцийн хүрэлцээ, хангамж муугаас саатаж буй ажил цөөнгүй. Тэгвэл өдгөө бүр цэвэрлэх байгууламжгүй ч болж мэдэх нөхцөл тулж ирлээ. Тиймээс бодож санаж яваа бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, бүгдээрээ халуун паартай байшинд амьдарч, хананаасаа халуун ус “хүртэнэ” гэж санах ч хэрэггүй аж.

Бор гэр, модон хашаагаа орон сууцаар солихыг хүсдэг иргэдийн бодол өөрчлөгдөж мэдэх нь. Өмхий самхай үнэртсэн ч хамаагүй, уух ундтай, бохироо гадагшлуулах эрх чөлөөтэй амьдаръя гэж ярих хүн цөөнгүй байна. Бохир усаа цэвэршүүлж дийлэхгүй гэж хэдэн жил ярьсан ч төр засгийн удирдлагууд дорвитой шийдвэр гаргалгүй явсаар өдий хүрлээ. Өдгөө бохирт “живэх”-дээ тулчихаад буй ч хэрхэн шийдэх, хэзээ шинэ цэвэрлэх байгууламж барихаа даруй шийдчих “толгой” алга. “Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, хэзээ мөдгүй “нас нь дуусах” дөхөж байгаа нь үнэн. Тиймээс шинэ байгууламж зайлшгүй барих шаардлагатай” гэж хэдэн жилийн өмнөх яриагаа тоть шиг давтагсад л олон. Ярьсан нь бүтдэг бол манайх аль хэдийнэ дахиад нэг Улаанбаатар хотын айл өрхийн хэрэглээг дийлэх цэвэрлэх байгууламжтай болчих байлаа. Шинээр барих бас нэг хувилбарыг УСУГ-ын дарга С.Үнэн дуулгаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Франц улсад хийх айлчлалын үеэр шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг хөндөх сурагтай.
Тус улсаас манайд хөнгөлөлттэй зээлээр ийм байгууламж барьж өгөх санал тавьж байсан юм байна. Одоо ганц найдвар нь энэ л болчихоод байгаа аж. Одоохондоо тайван байцгаая, нийслэлчүүд ээ. Хотын иргэдийн хэрэглээний усыг гурав хоног хязгаарлах юм уу, Туул гол руу бохироо цутгах уу гэсэн хоёр аргын аль нэгийг сонгохгүй нь. Хотын захиргаанаас цэвэрлэх байгууламжийг зогсоолгүйгээр засах арга хэмжээ авах болсон гэнэ. Энэ сарын дундуур засвар хийж эхлэх бөгөөд ус хэрэглэхийг бүрмөсөн хорихгүй ч багасгах уриалга гаргах юм байна. Гал унтраах ийм арга хэмжээ авлаа гээд 51 настай Төв цэвэрлэх байгууламж иргэдийг дахиад айлгахгүй гэх баталгаа байхгүйг албаны хүмүүс хүлээн зөвшөөрөөд байгаа. Өөр арга байхгүйгээс хойш Төв цэвэрлэх байгууламжийн амьсгал бүү тасраасай гэж бодоод л, тэвчээд л амьдраад байж дээ. Ямар нэгэн шийдэл гарч, шинийг барих хүртэл шүү.
Ч.МӨНХЗУЛ
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Туул голоо ялгадсаар “угжсан” ялаа яаж цайруулах вэ
Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, цэвэрлэсэн нэртэй бохир ус Туул голыг “тэжээсээр” байгаа талаар ярьсаар, бичсээр ирсэн. Гэвч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдөр Туул голоо жорлон болгох уу, эсвэл хэд хоног нийслэлчүүд ялгадсаа гадагшлуулахгүй тэвчих үү гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байна. Сая гаруй хүний ундны усыг хаана гэдэг боломжгүй учраас Туул голд л бохироо шууд цутгах байх гэсэн хариултыг УСУГ, Төв цэвэрлэх байгууламжийнхан уламжилсан. Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ талаар сурвалжлахаар Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. Биднийг өчигдөр 09.30 цагийн үед Төв цэвэрлэх байгууламжид очиход тухайн байгууллагын удирдлагууд УСУГ-ынхантай дээрх асуудлаар ярилцахаар явсан байв. Ээлжийн инженер Б.Гэрэлзаяа бидэнд байгууламжийнхаа үйл ажиллагааг танилцууллаа. Хамар цоргисон өмхий үнэрийг тэрбээр үл тоох бөгөөд тэндхийн 160 гаруй ажилчин амны хаалт ч үгүй ажилладаг юм байна. Тэд хүнд нөхцөлд ажилладаг учраас байгууллагаас нь өдөр бүр сүү өгдөг аж. Өмхий үнэрээс болж ажилчдын зарим нь хордлого, харшилтай болсон гэнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй архи пиво, хүнс, ноос ноолуур, арьс ширний үйлдвэр, машин угаалгын газар гээд бүх л байгууллагын бохир усыг Төв цэвэрлэх байгууламж хүлээн авч, халдваргүй болгоод Туул голд цутгадаг.
Гэвч олон хүүхэдтэй, өрх толгойлсон, ядарсан эмгэн шиг болсон тус байгууламжийн бетон хана цоорч, элэгдэн, бохир ус нь цэвэрлэсэн устайгаа нийлж, бүрэн цэвэрлэгдэхгүйгээр Туулд цутгасаар багагүй хугацаа өнгөрчээ. Байгуулагдаад 51 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй ч их засвар огт хийгээгүй аж. Тэндхийн ажилчид цоорч, хагарсан бетон ханаа өөрсдөө урсгал зардлаар нөхдөг байж. Гэвч мэргэжлийн түвшинд чанарын шаардлага хангасан нөхөөс тавьж чаддаггүйгээс эргээд л асуудал үүсдэг байна. “Улаанбаатар хотод Үйлдвэр болон Био комбинат, Дамбадаржаа, Нисэх, Баянголын ам гэсэн таван газарт урьдчилан сэргийлэх цэвэрлэх байгууламж бий. Үүний хамгийн том нь манай төв байгууламж. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийнхэн хэрэглэсэн усаа стандартын дагуу цэвэршүүлэлгүй, маш их бохирдолтой хэвээр нь Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа нь бидний ажилд хүндрэл учруулдаг” гэж тус байгууллагын ээлжийн инженер Б.Гэрэлзаяа ярьсан юм.
Уг нь бол нийслэлчүүдийн гаргасан бохир ус тус байгууламжийн шинэ болон хотын захын насос, баруун сараалжийн байгууламж, агааржуулах, лаг усгүйжүүлэх зэрэг найман станц дамжин “ариун” болж, Туул голд очих ёстой ч одоогийн байдлаар ердөө 65 хувийг нь л цэвэрлээд нийлүүлж байгаа аж. Ялангуяа сүүлийн 4-5 жилд тус байгууламжийн ус хүлээн авах, хуваарилах, биологийн цэвэрлэгээ хийх станцын бетон хана нь элэгдэн цоорсноос асуудал хурцдаж эхэлжээ. Энэ байдлаараа яваад байвал нэг л өдөр нийслэлчүүд бохир усанд живж мэдэх нь. Тиймээс УСУГ-аас Төв цэвэрлэх байгууламжийг яаралтай засах шийдвэр гаргажээ. Тус байгууламжийн станц болгоны бетон хана цоорч, хагарч тэр нүхээр нь бохир ус сад тавьж харагдсан. Бохир усыг эхлээд сараалжийн байгууламжаар оруулж, “хог хаягдал”-ыг нь ялгасны дараа биологийн цэвэрлэгээ хийдэг аж. Энэ цэвэрлэгээний гол дамжлага нь аэротенк байгууламж (Бохир усанд агуулагдах уусмал байдалтай органик бодисуудыг бичил биетийн тусламжтайгаар исэлдэн эрдэсжүүлдэг). 1979 онд ашиглалтад орсон тус байгууламж таван аеротенктэй бөгөөд нэг нь дөрвөн коридортой аж.
Нэг коридороор 17.5 шоо метр ус цэвэршүүлдэг юм байна. Гэтэл эдгээр коридорын бетон хананууд нурж, энд тэндгүй нүх гарчээ. Ингээд биологи цэвэрлэгээний эхний дамжлагаас гарсан бохир ус хоёрдугаар тунгаагуурт очиж, лаг шавар нь шүүгдээд буцаж аеротенкид ирдэг юм байна. Хамгийн сүүлд ямар нэгэн өвчин үүсгэх халдваргүй болгоод Туул голд нийлүүлдэг гэнэ. Гэвч бид Туул голоо бохир усаар “угжсаар”, эцэстээ ялгадсаа тэр чигээр цутгах гэж байгаа нь үнэхээр харамсалтай. Налайхын төв цэвэрлэх байгууламж гэхэд л хуучирч элэгдсэнээс болж, бохир усаа тэр чигээр нь шахуу Туул гол руу цутгасаар байгаа билээ. Шинэ цэвэрлэх байгууламж барьчихвал энэ байдал арай өөр болох вий. Гэвч тэр болтол Туул гол маань амь тавих нь.
Таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин урсаж, нийслэлчүүдийг ундаалж буй хатан Туул ийн харангадаж “үхвэл” хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Туул голын хувь заяа нэг л өдөр ийм болоогүй. Өдрөөс өдөрт бохир усаар “ундаалсаар” байгаад ийм байдалд оруулсан ялаа яаж цайруулах вэ. “Туул дэлхийн хамгийн бохирдолтой голын тавдугаарт бичигдсэн” хэмээн бахархал мэт ярьж суугаа төрийн түшээд, хотын үе үеийн удирдлага, харьяа яамнынх нь сайдаас хариулт авч, хариуцлага тооцъё.
Ч.БОЛОРТУЯА
ИНФОГРАФИК

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Д.Батсүх: Орон сууцны айлуудын хэрэглээний усыг хязгаарлахгүй
Төв цэвэрлэх байгууламжид засвар яаралтай хийхгүй бол нэг л өдөр нийслэлчүүд бохир усанд “живэх” аюултай болсныг Ус суваг удирдах газрынхан мэдэгдсэн. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын Техникийн бодлогын хэлтсийн дарга Д.Батсүхээс тодрууллаа.
-Төв цэвэрлэх байгууламжид засвар хийхийн тулд нийслэлчүүдийн бохирыг Туул голд цутгана эсвэл хэрэглээний усыг хязгаарлана гэсэн хоёр сонголтын талаар ярьж байна. Энэ асуудлыг өөрөөр шийдэх арга байхгүй юм уу?
-Эцсийн шийдвэр одоохондоо гараагүй байна. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн ажлын албанаас шийдвэр гаргах юм. Өнөө маргаашгүй хариу өгөх ёстой. Хэрэв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохоор болбол цаад тал нь гурав хоногт багтааж засвар хийж дуусгана. Богино хугацаанд хатдаг, сүүлийн үеийн технологи ашиглан бетон хийцийн цоорсон, элэгдсэн хэсгийг нөхөх юм. Цэвэрлэх байгууламжийн цоорсон хэсгээр бохир гарч, хөрс рүү нэвчиж эхэлсэн. Иргэдийн хэрэглээний цэвэр усыг хаахгүй. Харин томоохон үйлдвэр, байгууллагын усыг хязгаарлана. Хэзээ, хэд хоног, аль газрын усыг хязгаарлахаа хэвлэл мэдээллээр урьдчилж зарлах болно. Цэвэрлэх байгууламжийг засварлах үеэр аль болох бага ус хэрэглэхийг иргэдээс хүсэж байна.
-Төв цэвэрлэх байгууламжийн яг аль хэсгүүдэд засвар хийх шаардлагатай байгаа вэ?
-Анхдагч болон хоёрдогч тунгаагуур, Аэротенкийн байгууламжид засвар хийнэ.
-Засварын ажилд тэрбум төгрөг шаардлагатай гэл үү?
-Аэротенк байгууламжид бүрэн засвар хийхэд тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Зураг төслийг нь гаргачихсан байгаа. Харин энэ удаа зөвхөн цоорч, хагарсан бетон хийцүүдийг 40-50 орчим сая төгрөгөөр засна. Засвар хийх түүхий эд, материалаа татахад бэлэн болсон.
-Шинээр цэвэрлэх байгууламж барих асуудал юу болж байна вэ?
- Энэ жил зураг төсөл нь гарсан. Шинэ байгууламж ашиглалтад ортол байгаагаа тордох шаардлагатай байна. Өөр цэвэрлэх байгууламжтай болсон үедээ л Төв цэвэрлэх байгууламжид их завсар хийхээр төлөвлөж байгаа.
Ч.ТУЯА
ГАДНЫН ЖИШИГ
Цэвэрлэх байгууламжийн технологиор ХБНГУ тэргүүлдэг
Хүн ам нь өсөхийн хэрээр аливаа хөгжиж буй орнуудад бохир усаа цэвэршүүлэх нь сорилт болдог байна. Хэдийгээр мэргэжилтнүүд зардлыг бууруулахаар ажиллаж, технологи нь хөгжиж байгаа ч улс орнуудад цэвэрлэх байгууламж барих зардал бэрхшээл болсон хэвээр гэнэ. Бостонд төвтэй “Lux Research” компанийн мэдээлснээр 2012 онд энэ тоног төхөөрөмжийн зах зээл 27.5 тэрбум ам.долларт хүрч байжээ. Дэлхийд цэвэрлэх байгууламжийн технологиор ХБНГУ тэргүүлдэг аж. Европын комиссын мэдээлснээр тус улс нь цэвэрлэх байгууламжийн технологийн борлуулалтаар Европын холбооны орнуудыг тэргүүлдэг байна. Тус улс XX зууны эцсээр дээрх технологийн шинэ санааг олноор “үйлдвэрлэж” эхэлжээ.
ХБНГУ 2011 онд 800 сая евро (1.1 тэрбум ам.доллар)-гийн үнэ бүхий цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж борлуулсан дүн байдаг. Бонн хот дахь байгууламжийн үйл ажиллагаатай танилцахаар манай хоёр хөршийн болон бусад орны мэргэжилтэн олноор очдог байх жишээтэй. Тус улсын технологи нь бохир усыг 98 хүртэл хувиар цэвэршүүлдэг гэх тооцоо бий. Тэгвэл Малайзаас импортлох усны хэмжээгээ багасгахад анхаарч буй Сингапурт хэт ягаан туяа ашиглан цэвэршүүлсэн “саарал ус” хэрэглэдэг. Тэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг хангасан буюу уух боломжтой байдаг аж. Тэнд зургаан ч цэвэрлэх байгууламж бий гэнэ. Гэхдээ сингапурчууд цэвэршүүлсэн усныхаа дийлэнхийг уух зориулалтаар хэрэглэдэггүй юм байна. Харин анхны, томоохон хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаа 1982 онд барьсан урд хөршид 2013 оны эцэст том, жижиг нийт 1999 тийм байгууламж байсан гэх дүн бий.
Тус улсын цэвэрлэх байгууламжийн хүчин чадал 2000-2010 онд хоёр дахин нэмэгдсэн юм байна. Бохир усыг химийн аргаар, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэх гээд цэвэршүүлэх 90 гаруй технологи байдгийг “Wikipedia”-д тэмдэглэжээ. Өнгөрсөн жилүүдэд дийлэнх цэвэрлэх байгууламжийг хотын гадна байгуулдаг байсан бол өнөө цагт энэ хандлагаас татгалзаж буй. Мөн инженерүүд аль болох “авсаархан” байгууламжтай байхад анхаарч байгаа аж. Дээрхийг дагалдан дэвшилт технологийн тоног төхөөрөмжүүд цөөнгүй бий болж байгаа гэнэ. Тухайлбал, цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан хий гарган ашиглах дагалдах тоног төхөөрөмжүүд ч бий болжээ. Вашингтон хотод гэхэд лагаас нь метан хий гаргаад эрчим хүч үйлдвэрлэж буй.
Ц.БОЛОРМАА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.Энхбаяр: Шөнө хэрэглээ багассан үед 1-6 цагаар хязгаарлаж магадгүй
Цэвэрлэх байгууламжийн асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяраас тодрууллаа.
-Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байгаагаас зогсоож магадгүй гэсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ямар арга хэмжээ авахаа шийдсэн болов уу?
-УСУГ-ын хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер болон Инженерийн байгууламжийн хэлтэс, тус газрын холбогдох мэргэжилтнүүд үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа.
-Засвар хийх гурав хоногт хэрэглээний ус хязгаарлах юм уу, Туул гол руу бохир ус асгахаас өөр замгүй гэж УСУГ-аас мэдэгдэж байсан шүү дээ.
-Туул гол руу бохироо асгахгүйгээр арга хэмжээ авах цөөнгүй хувилбар, техникийн шийдлийн тухай ярилцсан. Эхний ээлжинд усны түвшнийг нь бууруулаад гэмтсэн хэсгүүдийг засна. Түвшин бууруулна гэдэг нь хэрэглээгээ хязгаарлана гэсэн үг. Хэрэглээг хязгаарлаж, шат дараатай арга хэмжээ авах юм.
-Бүрмөсөн зогсоохгүй засах арга бий гэсэн үг үү?
-Эхний ээлжинд түвшнийг бууруулаад үзье, түүний дараа цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай нь тодорхой болно гэж манай инженерүүд санал нэгдсэн. Бүр зогсоох шаардлага тулгарвал шөнө хэрэглээ багассан үед 1-6 цагаар хязгаарлаж магадгүй. Хамгийн гол нь иргэд усныхаа хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагатай. Цэвэр ус нь бохир болон гарч байгаа учраас засах хугацаанд усаа бага хэрэглэхийг иргэдэд уриална.
-Энэ арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа товлосон уу?
-Энэ сарын 15-наас хэрэгжүүлж магадгүй. Усны хэрэглээ энэ үеэр тодорхой хэмжээгээр буурдаг юм.
-Анхнаасаа шаардлагатай засвар, үйлчилгээ хийхгүй явсаар ийм байдалд хүрсэн юм уу, эсвэл насжилт нь гүйцсэн үү?
-Цөөнгүй жил ашигласан учраас аргагүйн эрхэнд элэгдэж хорогдон ийм байдалд хүрсэн. Бетон хийцүүд нь бүхэлдээ муудсан учраас энэ гэмтлийг заслаа гэхэд дахин эвдрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Техникийн хувьд энэ гэмтлийг засна. Гэхдээ өөр газраар дахиад эвдрэх магадлалтай гэсэн үг. Бүх эд анги, тунгаагуур нь бетон хийцтэй. Тэдгээрийг ус байнга “иддэг” учраас дотор талын арматур төмөр цухуйх нь холгүй байна. Заслаа гэхэд хэр удаан тэсэх нь тодорхойгүй. Төв цэвэрлэх байгууламжийг зайлшгүй шинэчлэх цаг болчихоод байгаа юм.
-Байгууламжийг зогсоож засварлах үед ашиглах нөөц тоног төхөөрөмж байдаггүй юм уу?
-Зэрэгцээ тоног төхөөрөмжүүд бий. Нэгийг нь ажиллуулж, нөгөөд нь засвар, үйлчилгээ хийх боломжтой. Гэтэл одоогийн үүсээд буй нөхцөлд аэротенкийг тасалж, тусгаарлаж буй хэсгүүдийн бетон хийцүүд нь гэмтсэнээс болоод ийм боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, нэг тоноглолоо түр зогсоогоод нөгөөг нь ажиллуулж байгаад засах боломжтой ч тэднийг тусгаарладаг бетон хийцүүд нь гэмтсэн тул болохгүй байгаа юм.
-Засвар, үйлчилгээнд нь улс, нийслэлийн төсвөөс хэр их хөрөнгө зардаг юм бэ?
-Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төсөл боловсруулахаар нийслэлийн төсөвт зургаан тэрбум төгрөг тусгасан. Энэ жил ч уг ажлыг үргэлжлүүлж өдгөө Ус, сувгийн удирдах газарт шилжүүлээд байгаа. Өнгөрсөн онд зураг төсөл боловсруулах ажлын зургийн даалгавар боловсруулсан. Хоёр шаттай тендер зарласан. Энэ ажлыг зохион байгуулах эрхийг УСУГ-т шилжүүлсэн.
-Цэвэрлэх байгууламж барина гэж нэлээд удаан хугацаанд ярьж байгаа байх аа?
-Хөрөнгө төсвийг нь нэн даруй шийдэх шаардлагатай. Мөнгөгүй гэсээр байгаад л өдий хүрчихээд байна.
-Зураг төслийг боловсруулсан учраас хөрөнгө нь шийдэгдсэн бол шинээр барьчих байсан юм биш үү?
-Ямар нэгэн байдлаар хөрөнгө олж байж л шийдэхгүй бол болохгүй нь.
-Хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч байгаа юу?
-Хотын захиргаанаас энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж Засгийн газарт хүсэлт тавьж байгаа. Багагүй хэмжээний буюу 0.5-1 тэрбум ам.доллар шаардлагатай ажил шүү дээ. Вашингтонд дадлага хийх үед тэднийх цэвэрлэх байгууламжаа дөнгөж бариад дуусаж байсан. Шинэчлэх үйл ажиллагаа нь 15 жил үргэлжилсэн гэсэн. Энэ хугацааныхаа ихэнхийг зураг төсөл боловсруулах, гэрээ хэлэлцээр хийхэд зарцуулсаар сүүлийн хоёр жилд нь л барилга угсралтын ажлаа хийсэн юм билээ. Манайх ч гэсэн цэвэрлэх байгууламжаа шинэчилье гэж олон жил ярилаа.
-Төв цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотыг 600.000 хүн амтай байх үеийн хэрэглээнд тааруулан барьсан гэдэг. Тэгвэл нэг сая давсан хүн амтай одоогийн Улаанбаатар хотод хэр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шаардлагатай байна вэ?
-Хэтийн төлөв, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр 250.000 шоо метр орчим хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шаардлагатай.
Ч.МӨНХ
БАЙР СУУР
Хот маань бүхэлдээ бохирын үерт өртөх эрсдэлтэй болчихоод байна
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэнгийн байр суурийг сонслоо.

-Туул голын бохирдлын түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад улам муудаж байгаа. Муудаж байгаа нь цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Хоногт 170-190 мянган шоо метр бохир усыг Туул гол руу юүлж байна. Цэвэрлэх байгууламж маань 3-4 жилийн өмнө бохир усыг 60-70 хувьтай цэвэрлэдэг байсан бол одоо 40 хувьтай л цэвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, 100 литр бохир ус байлаа гэж бодоход 60 литр ус нь огт цэвэрлэгдээгүй Туул руу хаягдаж байна гэсэн үг. Туул гол бохирдлоороо дэлхийд тавдугаарт орж байгааг манай судлаачид Азийн орнуудын хамтарсан судалгаагаар 2014 онд тогтоосон.
Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл бохирдлын түвшнээрээ дэлхийд нэг номерт орохыг ч үгүйсгэх аргагүй. XXI зуунд хот маань хэрэглээнээс гарсан бохир усаа цэвэрлэж чадахгүйгээр Туул руу урсгаж байна гэдэг дэндүү харамсмаар. Мэдээж үүнийг шийдэхэд цаг хугацаа орно. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. 400-500 тэрбум төгрөг гэдэг их мөнгө боловч ирээдүй хойчийнхоо төлөө, хот маань цаашдаа устай, ундтай байхын төлөө энэ шийдлийг гаргаад, хөрөнгө оруулалтыг нь яаралтай шийдэж өгөхөөс өөр гарцгүй болсон.
Төв цэвэрлэх байгууламж маань удахгүй тэг зогсолт хийх гэж байна. Ингэж зогсоож байж эвдрэлээ засахгүй бол үүнээс ч дор байдалд орж, хот маань бүхэлдээ бохирын үерт өртөх эрсдэлтэй. Монгол Улсад орж байгаа зээл тусламж, бондын мөнгөнөөс ядаж нэг сая долларыг цэвэрлэх байгууламжаа шинэчилж, сайжруулахад зарцуулаасай. Ийм л шийдвэрийг хүлээж байна.