Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхоролтой ярилцлаа. Эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт гээд олон асуудал энэ хэлтэст хамаардаг.
-Өмнөговь аймгийн ЗДТГ-аас иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхэд анхаардаг нь анзаарагдлаа. Үүний нэг жишээ нь, ой хүртэлх насны бүх хүүхдэд өдөр тутам үнэгүй сүү, тараг олгодог явдал хэмээн эцэг, эхчүүд ам сайтай байна. Сумдын хүүхдүүдэд өдөр тутам шинэ сүү, тараг олгох ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Аймгийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ ажил хийгдэж байгаа. Үр дүн сайтай байгаа учраас цаашид ч үргэлжлүүлэх болов уу. “Сүү, тараг” хөтөлбөрийн ачаар Өмнөговийн багачууд цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр амин дэм, кальцийн хэрэгцээгээ хангаж, өсөлт хөгжил нь мэдэгдэхүйц сайжирч буйг өрхийн эмч нар онцолдог. Хүүхдэд нь өдөр тутам шаардлагатай 250 грамм сүү, эсвэл тараг олгож байгаа нь амьжиргааны түвшин доогуур олон айл өрхийн төсөв санхүүд нэмэр болохын зэрэгцээ орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин, ажлын байр бий болгож байгаа. Аймгийнхаа 15 суманд гэрээт үйлдвэр, хувь хүмүүсээр дамжуулан сүүлийн гурван жилд 320 орчим сая төгрөгөөр сүү, тараг нийлүүллээ. Үйлдвэр байхгүй жижиг сумдын тухайд хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх норм стандарт, шаардлагуудыг хангасан малчидтай тухайн орон нутгийн удирдлагууд гэрээ хийдэг. Жишээ нь, мал сүргээ үзлэг шинжилгээнд тогтмол хамруулж, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэдэг байх шаардлагатай.
-Монгол Улсын хэтийн төлөв, ирээдүйн хөгжлийг тодорхойлох хоёр том уурхай Өмнөговьд бий. Энэ нь танай нутаг орон болоод иргэдийн амьдралд сайнаар ч, саараар ч нөлөөлж байгаа болов уу. Уул уурхайгаас шалтгаалсан янз бүрийн өвчин танайд хэр олон гарч байна вэ. Нэг хэсэг мөнгөн усны аюулаас болоод ургийн гажиг нэмэгдэж, олныг айдаст автуулсан шүү дээ?
-2008, 2009 онд манайд гаж хөгжилтэй ураг нэлээд бүртгэгдэж байсан нь үнэн. Одоо бол харьцангуй гайгүй. Сүүлийн жилүүдэд манайд бүртгэгдсэн ургийн гажгийн тоо улс, аймгийн дундаж түвшинтэй ойролцоо, заримдаа дунджаас доогуур байдаг болсон. Гэхдээ л тоосжилтоос эхлээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй зүйл чамгүй олон. Дээрээс нь янз бүрийн осол гэмтэл, өвчин эрс нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс бид эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, сүүлийн гурван жилд аймгийн төсвөөс 23.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий, эмнэлгийн тоног төхөөрөмж авч суурилууллаа. Түүнчлэн уул уурхай эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор манай аймагт хөдөлгөөнт хүн ам эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд ачааллаа дийлэхээ байсан.
Харин ийм үед орон нутгийн удирдлагууд маань зоригтой шийдвэр гаргаж, асуудлыг шийдэж байна. Манайх шиг орон нутгийн төсвөөрөө сүүлийн таван жилийн дотор найман цэцэрлэг байгуулсан аймаг хаана ч байхгүй. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүдийн 60 гаруй хувь нь хамрагдаж байсан бол одоо 90 гарчихаад явж байна. Тун удахгүй 1200 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад оруулна. Энэ бүхний цаана олон аав, ээж ажилтай, орлоготой байх, тэгснээр тухайн өрх гэрийн амьдрал дээшлэх нөхцөл боломж давхар бүрдэж буй гэсэн үг. Гэвч бодлогын түвшинд анхаарах зүйл олон байна. Улаанбаатарт очоод, бодлогын хүрээнд асуудлаа тавихаар аль ч яамныхан бидэнд “Танайх мөнгөтэй аймаг. Тиймээс өөрсдөө асуудлаа шийд” гэдэг хариу өгдөг болсон. Үнэндээ сүүлийн жилүүдэд Өмнөговь руу чиглэсэн байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн асуудлаарх бодлого алдагдсан гэхэд болно.
-Нээрээ л төр засгийнхан тэгдэг байх шүү. Гэвч нөгөө уул уурхайн компаниуд нь танай иргэдийн эрүүл мэндийн төлөө хөрөнгө зарцуулдаг уу. Эсвэл “Дүлийдээ найдаж унгараг” гэдэг шиг юм болох уу?
-За бараг л тийм шахуу даа (инээв). Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд манай ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ийм сайн зүйл хийсэн гээд хэлчих зүйл үнэндээ ховор. Дээрээс нэгдсэн бодлогоор хангаж, удирдах ёстой яам ч нь анхаарахгүй, газар нутгийг нь ухаж буй компаниуд нь ч хайхрахгүй байхаар энэ ард иргэд яах юм бэ. Харин ч ДЭМБ тэргүүтэй олон улсын донор байгууллага манайд анхаарал хандуулж, уул уурхай хөгжиж буй үед ард иргэдийн эрүүл мэнд болоод байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар сургалт явуулж стратеги төлөвлөгөө боловсруулахад тусалж, зөвлөдөг.
Бидний хувьд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг нэгэнт тухайн орон нутгийн баялгийг олборлож байгаа л бол нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ард иргэдийнх нь эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулах ёстой гэж шахаж шаарддаг. 2015 он гарангуут манай Засаг дарга Өмнөговьд уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх компанийн төлөөлөлтэй уулзаж, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заалтад заасанчлан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг сануулсан. Одоогоор “Оюутолгой” компани л гэрээ хийсэн.
-“Мөнгөтэй аймаг иргэдийнхээ төлөө янз бүрийн ажил хийхээс яах вэ” гэж харах нэг хэрэг. Харин сэтгэлтэй хүмүүсийн гараас юм гардаг гэдгийг бас мартаж боломгүй. Жишээ нь, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд эрүүл мэндийн олимпиад зохион байгуулж, төв талбай дээрээ өглөө болгон нийтийн дасгал хөдөлгөөн хийлгэж хэвшүүлэхэд тийм ч их мөнгө орохгүй байх?
-Тийм шүү. Аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, Спортын газартай хамтран бид олон жил зохион байгуулдаг. Жишээ нь, ерөнхий боловсролын бүх сургуулийн багш, сурагчдын дунд сүүлийн хоёр жил эрүүл мэндийн олимпиад зохион байгууллаа. Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол мэдлэг үнэхээр тааруу байна. Тиймээс эрүүл мэндээ сахин хамгаалах тухай, эрүүл аж төрөх зан үйлийг хүүхдүүдэд багаас нь суулгаж өгвөл насан туршийн боловсрол тэр болно. Хүүхдүүдээр нь дамжуулж гэр бүлийнхэнд нь ч нөлөөлөх боломжтой учраас эрүүл мэндийн олимпиад их тустай. Харин сүүлийн үед манай иргэдийн хандлага бага багаар өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Биеийн тамир, спортын газрынхны өглөө болгон талбай дээр зохион байгуулдаг олон нийтийн дасгал хөдөлгөөнд манай ард иргэд их идэвхтэй оролцдог нь үүний нэг жишээ.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн таван зүйлд төвлөрсний хамгийн эхнийх нь өмнөговьчуудын эрүүл мэнд. Өмнөговийн иргэн эндээ, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвдөө оношлуулж, эмчлүүлэх боломж олгохыг зорьсон. Улаанбаатарт ч нүдний гэм болсон, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжүүд авснаар зөвхөн өмнөговийнхон гэлтгүй, Дундговь, Дорноговиос хүмүүс ирж үйлчлүүлдэг. Манайд гемодиализын таван аппарат байдаг учраас Улаанбаатараас хүртэл бөөрний дутагдалтай хүмүүс ирж, эмчилгээ хийлгэдэг. Мөн сүүлийн жилүүдэд Солонгосын хэд хэдэн эмнэлэгтэй гэрээ байгуулаад, хамтран ажиллаж байна.
Эмч мэргэжилтнүүдээ ч Солонгос, Герман, Тайланд, Тайвань зэрэг улсад мэргэжил дээшлүүлж байгаа. Гэвч Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Учир нь Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яамныхан одоо хүртэл манай БОЭТ-ийн бүтэц, орон тоог баталж өгөөгүй. Түүнчлэн энд тулгамдаж буй хамгийн том асуудал нь байр. Худалдан авах ажиллагааны газарт гурван жил дараалан тендер зарлагдаад шинэ барилга баригддаггүй дээ.
-Өмнөговьд уул уурхайн том том бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр гадаад, дотоодын олон зуун ажилтан, мэргэжилтэн танай руу хошуурч буй. Энэ өрсөлдөөн дунд орон нутгийн иргэд ч бас ажлаа алдахгүй, цалинтай, орлоготой байх шаардлага тулгарна. Энэ тал дээр танайх ямар ажил хийж, хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Бид орон нутагтаа хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлүүдийг судалгаагаар тогтоож, тэр дагуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор хүний нөөцийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сургууль, цэцэрлэгийн багш, инженер, ерөнхий эмч, малзүйч гэх мэт нэлээд хэдэн мэргэжлээр улсын их, дээд сургуульд сурч буй 60 гаруй оюутан өдгөө аймгийн Засаг даргын 100 хувийн тэтгэлэг авч байна. Их, дээд сургуульд сурахаар явсан хүүхдүүд буцаад орон нутагтаа ирж ажиллах нь ховордсон өнөө үед энэ бол ихээхэн ач холбогдолтой хөтөлбөр. Хамгийн гол нь хөдөлмөр эрхэлж буй боловсон хүчнээ ажлын байранд нь тогтвортой байлгахын тулд нийгмийн асуудлыг нь шийдэх бодлого баримталж, “1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн “Ажилтай, орлоготой эмэгтэйчүүд”, “Өмнөговь аймгийн 40-өөс дээш насны, ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн хоёр том хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Гэртээ ажилгүй байгаа иргэдэд орон нутгийн төсвөөс 2-3 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож, олон ажлын байр бий болгосноор улсын хэмжээнд жишиг хөтөлбөрүүд болсон. Өмнөх Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав эдгээр хөтөлбөрийн үйл явцтай танилцаад, бусад аймагт хэрэгжүүлнэ гэж байсан удаатай. Энэ жилээс бид нэг тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. Уул уурхайн бүтээн байгуулалт зогсонги байдалд орсноос болж манайд ажилгүйдэл харьцангуй нэмэгдсэн л дээ. Орон нутгийн түвшинд судалгаа хийгээд үзэхэд 1638 өрх амьжиргааны түвшин доогуур байгаа нь тогтоогдсон.
Эдгээр гэр бүлийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөөд, үнэлгээ, судалгаа хийчихсэн. Наад зах нь энэ жил аймгийн төвд тарьсан олон модоо тэднээр арчлуулъя, юм оёулъя, хийж чадах зүйлээр нь дэмжье гэж байгаа юм. Мөн “Архигүй Өмнөговь” хөтөлбөртэйгөө үүнийг уялдуулж, архинаас гарсан хүмүүсийг хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих зорилгоор 24 сая төгрөг төсөвлөлөө.
-Нээрээ танай аймгийн эмч, сувилагч нар цалинг нь бодоод уул уурхай руу “урвах” нь элбэг гэж сонссон. Энэ байдал одоо ч хэвээрээ юү?
-Хүний л амьдрал юм хойно цалин мөнгийг нь бодоод уул уурхайд мэргэжлээрээ ажиллах сонирхолтой хүмүүс байсан л байх. Урьд нь ийм асуудал нэлээд дуулддаг байсан. Харин сүүлийн нэг, хоёр жилээс эмч, мэргэжилтнүүд маань эргээд үндсэн ажилдаа ирж, орж байгаа гэдэг таатай мэдээ дуулдах болсон шүү. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн хүн ажил дээрээ өсөж дэвшихээ бас бодолгүй яах вэ. Уурхайд хэчнээн өндөр цалинтай ч мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжгүй шүү дээ.
Л.ГАНЧИМЭГ