Үдэшлэг бол зугаа цэнгэл хөөсөн, архи ууж, хөлчүүрхэх сонирхолтой, боловсрол, мэдлэг муутай хүмүүсийн цугладаг арга хэмжээ гэх ойлголтыг халж, орчин үеийн залуусын оролцдог арга хэмжээнүүдийн нэг, хотын соёлын нэгээхэн хэсэг гэдгийг ойлгуулсан цөөн хүний нэг нь А.Даваажаргал. Түүний зохион байгуулдаг сонирхолтой үдэшлэг, арга хэмжээнд оролцогчид “MNG event”-ийн Дака гэх нэрээр нь андахгүй. Тэрбээр Англид бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага чиглэлээр баклавр, магистрийн зэрэг хамгаалж, 2009 онд эх орондоо ирснээсээ хойш шоу бизнесийн салбарт хүч сорьж, энэ салбарыг дэлхийн жишигт хүрэхүйц болгон хөгжүүлж буй. Түүний тухай хамт ажиллагсдаас нь лавлабал “Би дарга нь, цагаан захтан хэмээн хойш суулгүй сандал ширээ зөөх ажилд ч гар бие оролцдог нэгэн” гэнэ.
-Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад үдэшлэг, шоу бизнесийн салбарын талаарх ойлголт их өөрчлөгдсөн байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ахимаг насныхан үдэшлэгийг сөрөг үр дагавар ихтэй, муу зүйл хэмээн ташаа ойлгох хандлага ихтэй байсан. Гэхдээ нэг үеэ бодоход шоу бизнесийн салбар харьцангуй хөгжиж байна. Намайг энэ бизнесийг эрхэлж эхлэх үед монгол залуус хөгжих эхлэлийг нь тавьсан байсан л даа. Тухайн үед гадаа талбайд зохион байгуулсан арга хэмжээнд 1000-2500 хүн л оролцдог байсан бол өдгөө энэ тоо 20.000 хүрээд буй. Хөгжингүй орнуудад бол парти буюу үдэшлэг нь маш том арга хэмжээнд тооцогддог. Энэ төрлийн арга хэмжээнд оролцогчдын гол зорилго нь бүжиглэх. Тиймдээ ч бид үдэшлэгийнхээ үеэр залуустаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалдаг. Тухайн үдэшлэгийн сэдэвт тохируулан хувцаслах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэг нь үдэшлэгийн бас нэгэн соёл юм. Энэ соёл Улаанбаатарын залууст тодорхой хэмжээгээр төлөвшчихлөө гэж би хувьдаа үздэг. Үүнээс харахад дижейн урлаг Монголд хүчтэй хөгжиж байна гэж хэлж болно.
-Үдэшлэгийг буруушаах хандлага өдгөө ч байсааар л байна. Гэтэл нөгөө талд хотын соёлын нэг хэсэг хэмээн зөвтгөх хүмүүс бий.
-Үдэшлэг гэдэг бол дэлхийн залуусын сонголт, чиг хандлага болоод буй. Тэгэхээр дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх гэсэн хүсэл сонирхлыг буруутгах аргагүй. Нөгөөтэйгүүр буруушааж байгаа хэсэг нь ихэвчлэн үдэшлэгт оролцдоггүй, энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг хүмүүс байдаг. Тиймээс тэдний үзлийг ч бас буруу гэх үндэслэлгүй юм. Угаас үдэшлэг өөрөө их олон бүрэлдэхүүнтэй бизнесийн салбар. Тэнд маш олон хүн ажиллаж, амьдралаа залгуулж байгаа. Тиймээс бүгдийг нь нийтээр буруутгаж, хааж, хорих биш, тодорхой зэрэглэл тогтоож, түүнийхээ дагуу тохирсон стандарт тавьж, хянах нь зүйтэй.
Жишээлбэл, ямар ч төлбөргүй оруулдаг, дурын хүн орж үйлчлүүлж болдог цэнгээний газрууд байна. Тэнд бол өндөрт хяналт тавих зайлшгүй шаардлагатай. Гэтэл зэрэглэл өндөртэй клубт үйлчлүүлж буй иргэд харьцангуй боловсролтой, ухамсартай, согтууруулах ундаа хэрэглэсэн ч хэр хэмжээтэй уухаа хэнээр ч хэлүүлэлгүй мэддэг, хянадаг хүмүүс байдаг. Манайд ийм систем байдаггүй учир энэ салбарыг нийтээр хоморголон хорьж цагдах, боож хаах үзэгдэл байсаар л байна. Хөгжингүй орнуудад энэ асуудлыг лиценз өгөх байдлаар шийдчихдэг. Өндөр зэрэглэлтэй клубүүдийн үйлчилгээний хөлс ч өндөр тул тэр хэрээр ахиу орлого олж байгаа. Тиймээс арай өндөр хураамж төлөөд уртасгасан цагаар ажиллах эрхээ авах жишээтэй.
-Гэр бүлийн харилцааны тал дээр залуу хүний хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ?
-Манайхны дунд хэтэрхий эрт гэр бүлийн амьдрал зохиох хандлага нийтлэг ажиглагддаг. Хөгжингүй орнуудад ихэвчлэн гучин нас өнгөрөөд л гэр бүлийн амьдрал зохиож эхэлдэг. Ингэснээр эдийн засгийн хувьд ч тогтвортой болж, үзэл бодол ч төлөвшсөн байдаг учраас сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь харьцангуй бага. Тэр хэрээр гэр бүл салалт цөөн. Би хувьдаа залууст багаар бодоход дотно харилцаатай байгаа хүнтэйгээ таван жил хамтран амьдарсны дараа гэр бүл болох хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг. Гэтэл санамсаргүй бэлгийн харилцаанд орж, хүсээгүй хүүхэд гаргачихаад түүндээ уягдан гэр бүл зохиох тохиолдол түгээмэл байна.
Энэ байдал хожим нь амьдралдаа сэтгэл дундуур ажилдаа амжилт гаргахгүй байх гээд амьдралын олон чухал асуудлын үндэс суурь болдог. Тиймээс нэг насны амьдралаа шийдэхдээ ул суурьтай хандах хэрэгтэй. Хэн хэн нь санхүүгийн хувьд хараат бус болсон үедээ гэр бүл зохиох хэрэгтэй. Тэгснээр гэрлэх жинхэнэ шалтгааныг олж харах боломжтой болно. Гэхдээ ямар ч асуудал хоёр талтай. Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд эрт гэр бүл зохион, олон хүүхэдтэй болж, хүн амын өсөлтөд нөлөөлөх хэрэгтэй байж болох юм.
-Бүхий л бурууг төр засаг рүү чихэх хандлага залууст нийтлэг байх шиг санагддаг. Та үүнтэй санал нэгддэг үү?
-Үнэхээр тийм хандлага их байна. Гэхдээ энэ нь дээд албан тушаалтнууд буруу үлгэр дуурайл үзүүлсний уршиг юм шүү дээ. Улст өрчдийг ажиглаад байхад жижигхэн асуудал байсан ч улс төржүүлж, төр засгийн буруу хэмээн иргэдийг турхирдаг. Түүнчлэн өөр хоорондоо сонин хэвлэлээр тэмцэлдэж, Монгол Улс хэрүүл тасардаггүй, байнга үймэлдэж байдаг айл шиг л болчихоод байна. Нөгөө талаас нь харвал ажил голдог, залхуугаасаа болж ядуу байгаагаа бусдад нялзаадаг хэсэг ч бий. Том албан тушаалд очихын тулд багаас эхлэх хэрэгтэй. Харин хар бор ажилд зүтгэлгүй шууд зөөлөн сандалд суух сонирхол зарим бүлэгт байх шиг байдаг. Гэтэл барилгын туслах ажилтан хийж, тоосго зөөнө гэдэг ичгэвтэр зүйл биш, нэг хэлбэрийн бялдаржуулах дасгал шүү дээ. Би муу ажил хийж байна гэж биш, цалинтай фитнесст явж байна гээд л бодчих хэрэгтэй. Барууныхан “Healthy body healthy mind” гэсэн уриатай байдаг. “Эрүүл биед саруул ухаан оршдог” гэсэн үг.
-Тэгэхээр биеийнх нь галбирыг хараад л тухайн хүнийг дүгнэж, удирдах албан тушаалд тэнцэх эсэхийг шийдчихдэг гэсэн үг үү?
-Тэгнэ ээ. 90 хувь нь тэгж дүгнэдэг. Галбираа хадгална гэдэг тухайн хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө тэсвэр гаргах чадваргүй хүн ажилдаа тэвчээртэй, тууштай байж чадахгүй л гэж үздэг.
-Цахим ертөнцийг харахад манайханд мэдээлэл боловсруулах чадвар их дутмаг, түүнээсээ болоод үзэл бодолдоо тууштай биш байх шиг харагддаг.
-Англид коллежид интернэтийг эх сурвалж биш гэж үздэг л дээ. Ном болон тусгай сэтгүүлүүдэд гарсан өгүүллийг төлбөр төлж эх сурвалж болгон ашигладаг. Гэхдээ олон нийт угаасаа мэдээлэл боловсруулах дургүй. Тиймээс ч тэр дутагдлыг нь улстөрчид ашиглан шуугиан дэгдээж, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлдэг.
-Үндсэрхэг үзэл байх ёстой гэдэг. Гэтэл энэ үзэл гадаадын иргэний эрхэнд халдах хүртэл даамжирч байна. Та энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Мэдээж эх орноо гэх сэтгэл байх ёстой. Гэхдээ фашист үзлийг дуурайж, үйлдэл, үзэл бодлыг нь хуулбарлах нь маш буруу юм. Барууны орнуудад энэ байдлыг огт тэвчихгүй хэмээн хуулиндаа тусгасан байдаг. Германд хүртэл хас тэмдэг зүүж явбал торгох хуультай байдаг. Өнгөцхөн харахад тэд эх орноо хамгаалж буй мэт боловч Монголын эсрэг л үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Учир нь бидэнд хөрөнгө оруулахаар сонирхож буй гадаадынхан эдгээр үндсэрхэг үзэлтнүүдээс болоод хөрөнгө оруулахаас татгалздаг. Тиймээс энэ байдал Монголын эдийн засаг, хөгжлийг тодорхой хэмжээгээр хойш нь чангааж байна. Хүмүүс мэдлэг муутайгаасаа болоод ийм бүлгэмүүдийг дэмжээд байгаа юм. Эх оронч үзэл гэдэг гудамжинд хог хаяхгүй байхаас, бие биеэ хүндлэхээс эхэлдэг.
Гудамжинд шүлсээ хаяхгүй байх нь ч эх оронч үзэл. Гудамжинд шүлсээ хаяж буй залуус хэчнээн муухай харагддаг гээч. Монгол охидыг минь айлгаж, залуучуудыг доромжилж буй хятадыг очоод зодвол гар нь өвдөж, өөрөө гэмтэн л болно. Түүнийхээ оронд цагдаа нарт шахалт үзүүлэх учиртай. Угтаа манайд барилга дээр ажиллаж буй хятадууд тус улсын алслагдсан бүсээс ирсэн, мэдлэг боловсролгүй, Монгол бол Хятадын нэг муж гэх ойлголттой хүмүүс л байгаа. Тиймээс тэмцлийнхээ хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй юм. Тэднийг зодсоноор хүчирхийлэл бий болно. Гэтэл хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог гэдгийг дэлхийн олон улс орон бидэнд харуулаад байна шүү дээ.
Эрх мэдэлтнүүд ядуу буурай иргэдийг тэмцье, босъё, нураая, шатаая гэж турхирдаг. Энэ нь эцэстээ иргэний дайны үүдэл болох эрсдэлтэй. Тиймээс энэ бол маш буруу юм. Эцэст нь бид хохироод, гадаадынхны хоол л болно. Бидний яриа шоу бизнесээс их хазайчихлаа. Би хэдийгээр шоу бизнес эрхэлдэг, бусдын нүдээр зугаа цэнгэл хөөсөн хүн мэт харагдавч энэ мэт олон асуудлыг эргэцүүлж, сэтгэл зовж явдаг юм шүү дээ.
-Дандаа л нийгмийн буруу хандлага, үзэгдлийн талаар ярилаа. Гэхдээ сайшааж, магтах зүйл ч цөөнгүй байгаа байх.
-Манай залуус их ухаантай, боловсролтой болсныг чи анзаарсан уу? Олон нийтийн цахим сүлжээгээр хандивын арга хэмжээ их зохион байгуулдаг болсон байна. Бусдыгаа эерэг зүйлд уриалсан бичвэр оруулбал их дэмждэг, бусад нь түгээж байгаа нь манай залуус боловсролтой, мэдлэгтэй болж, хөгжиж байгаагийнх гэж би боддог.