Миний бие дөнгөж 30 гарч яваа нэгэн, хэдийгээр залуусын тоонд орж, хөгшдөд “хүүхэд” хэмээн “Өхөөрдүүлдэг” ч аль хэдийн хоёр хүүхдийн эцэг болж өрх гэр толгойлж буйгаа бодвол үүрэг хариуцлага маань “Хүүхэд” байхаа болиод удаж байна. Одоохондоо ч яахав авсан цалингаараа хоосон хонохгүй, мөр бүтэн болоод л байна. Гэвч ирээдүйгээ би “болно доо”, “бүтнэдээ” гэдэг хоёр найдварт даатган яваадаа өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Миний ижил 25-40 настай 1 сая Монголчуудын ихэнх нь мөн миний адил итгэл найдвараар ирээдүйгээ төсөөлж яваа. Сард авдаг сая төгрөг, түүнээс Нийгмийн Даатгалд төлдөг 140 мянган төгрөг маань үнэхээр миний, бас хүүхдүүдийн минь ирээдүйн санхүүгийн баталгаа болж чадах уу? Хэрэв намайг тэтгэвэрт гарах үед тэтгэврийн насыг 65 болгон нэмсэн байна гэж үзээд миний цалин тогтмол нэг сая төгрөг байна хэмээн төсөөлье л дөө.
Намайг тэтгэвэрт гарах 2040 онд миний нийгмийн даатгалын нэрийн дансанд 72 сая төгрөг цугларсан байх нь. Энэхүү 72 сая төгрөгөө би эргүүлэн тэтгэвэр болгон авч чадах уу? Энэ миний мөнгө мөн үү? Уг нь 1999 онд батлагдсан Тэтгэврийн Даатгалын Нэрийн Дансны Тухай хуулийг өнгөцхөн харахад дээрхи шимтгэл хураамжууд нь миний нэр дээрхи өмч мэт боловч үнэндээ үр хүүхдүүддээ өвлүүлэх боломжгүй, цаашид, нэрийн дансанд дахь мөнгөө гүйцэд авч дуусаагүй хорвоог орхисон тохиолдолд нөхөн төлбөр ирэх боломжгүй, ажээ. Ингээд бодохоор үнэндээ бол миний мөнгө биш бөгөөд 80 насалж байж л энэхүү цуглуулсан мөнгөө авах боломж бүрдэж байна. 80 ч бас л өндөр сонсогдож байна шүү… 2014 оны сүүлээр Монгол Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас тэтгэврийн насны тэтгэвэр авч буй 243 мянган иргэд байна, тэд дунджаар сард 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.
Монгол Улсын өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь “Эв Санааны Нэгдлийн” буюу орлогоороо зардлаа нөхдөг систем тул залуус бидний төлж буй тэтгэврийн хураамжийг шууд тэтгэвэр болгон төлөх зарчимтай. Тэгвэл зөвхөн миний жишээгээр бодоод үзэхэд би 65 настайдаа буюу 2040 онд тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөг авах нь тун “бүрхэг” асуудал. Өнөөгийн томьёоллоор бодвол миний хувьд 2040 он гараад сарын 400-500 мянган төгрөг авах магадлалтай гэж дуулдана билээ. Мэдээж 2040 он гэхэд нийгмийн даатгалын тэтгэврийн шимтгэл төлөгчид нь тэтгэвэр авахаар төлөвлөж буй биднийг “тэжээх” боломжтой байвал шүүдээ.
Тэгэхээр залуус бид найдсаар, хүлээсээр сууж болохгүй нь ойлгомжтой. 2040 он нэг л мэдэхэд хаяанд ирсэн байх тул өнөөдрөөс хуримтлал үүсгэх түүнийгээ инфляцид “идүүлэхээс” хамгаалах нь чухал. Эцэг эхтэй маань харьцуулахад бидний өмнө өргөн боломжууд байна. Зөвхөн Засгийн Газарт ирээдүйгээ даатгаж болохгүй, мөн өндөр хүүтэй хэмээн сурталчилах зарим нэгэн хадгаламжийн бүтээгдэхүүнүүд ч гэсэн эрсдэл өндөртэй гойлгоорой, үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд бийг бас санаарай! Над шиг дундаж орлоготой залууст өнөөдөр зайлшгүй хэрэгтэй байгаа санхүүгийн бүтээгдэхүүн бол “Хувийн Тэтгэврийн Даатгал” мөн.
Өнөөдөр 30 настай би хувийн даатгалд даатгуулсан тохиолдолд сар бүр 31,000 төгрөг төлөөд тэтгэвэрт гарахдаа сарын 200,000 төгрөг авах боломжтой. Гагцхүү биднийг хүчээр төлүүлдэг нийгмийн даатгалаас ялгаатай нь хэрэв би энэхүү хуримтлагдсан мөнгөө авч чадалгүй хорвоог орхиход хүрвэл энэхүү даатгал маань миний гэр бүлд нөхөн төлбөр болж очихоор хуульчилсан байдаг. Энэ нь гэр бүл, үр хүүхдээ ч гэсэн гэнэтийн эрсдэлд өртүүлэхгүй байх чухал хуримтлалын бүтээгдэхүүн гэдгийг олон улсын туршлага харуулж байна. АНУ-д дээрхитэй ижил амьдралын даатгалын бүтээгдэхүүн 2013 онд 540 тэрбум ам.доллар борлуулагдсан байна, Харин өнгөрсөн жилийн байдлаар 5.4 сая иргэнтэй Сингапур улсад 65 тэрбум ам.долларын амьдралын даатгалын бүтээгдэхүүн борлуулагдсан нь энэхүү бүтээгдэхүүний практик ач холбогдлыг илэрхийлнэ.
Монголд дээрхи чиглэлийн санхүүгийн бүтээгдэхүүн 2010 оноос нэвтэрсэн бөгөөд СЗХ-ийн зохицуулалттай бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрээд даруй 5 жил болжээ. Хэрэв хүсвэл бүр гадаадын даатгалын компаниудаас ч энэхүү бүтээгдэхүүнийг авах боломж нь бидэнд бүрэн нээлттэй байна. Гагцхүү залуус бид цаг гаргаж судлах л шаардлагатай. Монголчууд бид хэзээнээс хадгалах, хуримтлуулахаа урьтал болголгүй явсаар ирсэн нь 70 жил төрийн дэмжлэгтэйгээр аж төрсөн социалист дэглэмийн нэгэн гажуудал. Харин 21-р зууны залуус төрөөс гуйж биш өөртөө итгэж амьдрахыг зах зээлийн систем аяндаа шаардах л болно. Гагцхүү энэ шаардлагыг эртнээс мэдэрч зохих санхүүгийн боломж шийдлүүдийг эрэлхийлээсэй гэж үзэн энэхүү нийтлэлийг бичлээ.
Эдийн засагч А.БИЛГҮҮН