“Шөнө дунд хурд хэтрүүлэн яваа машиныг зогсоотол бичиг баримтаа эрэн тэмтчих жолооч бүсгүй дүн өвлийн хүйтэнд нимгэн цамцтай байв. Амаржих хугацаа нь өнөө маргаашгүй болсон гэлтэй тулгар биетэй атал бүр хөл нүцгэн явж байх юм. Бичиг баримтаа нэлээд удаан хайсны эцэст арайхийн олж надад шалгуулахаар чичирсэн гараа сунгахдаа харц буруулан нүд дальдчив. Нүд нь хөхөрч, нүүр нь хавдсан эмэгтэй бичиг баримтаа өгмөгцөө жолооны хүрдээ түшин цурхиртал уйлах нь тэр”. Нэгэн замын цагдаагийн бичсэн энэ пост саяхан фэйсбүүк хуудаснаа тарж, олныг цочирдуулж байсан. Өнгөрөгч онд гэхэд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 360 гаруй хүн хандсан байх юм. Гэхдээ далд хэлбэрээр явагдаж, даамжирдаг, дахин давтагддаг гэр бүлийн хүчирхийллийн бодит тоо үүгээр хязгаарлагдахгүй нь харамсалтай. Хохирогчийн биед ноцтой гэмтэл учруулж, цагдаагийн байгууллагад хандсан нь л энэ. Үүний цаана мянга мянган хүн гэр бүлийн хүчирхийллийн золиос болж бие болоод сэтгэлийн хохирол амсаж байгаа. Тиймээс ч гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний газрыг 2009 онд Эрүүл мэндийн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Хууль зүй, дотоод хэргийн гэсэн гурван яам хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн гурав, орон нутгийн хоёр ч эмнэлгийн дэргэд байгуулсан аж.
Хүчирхийллийн хохирогчдын тоо ихсэх хандлагатай байгаагийн дээр өдгөө үйл ажиллагаа явуулж буй, хохирогчдод тусламж үзүүлдэг хамгаалах байрнуудын багтаамж хүрэлцээ муу тул энэ төрлийн нэг цэгийн үйлчилгээний газрын тоог нэмэх асуудал ч сөхөгдөөд байгаа гэнэ. Энэ удаа Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд байрладаг Гэр бүл, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн, тэр дундаа тус байгууллагын нийгмийн ажилтан Д.Базарсадын нэг өдрийн ажилтай танилцъя. Манай улсын хувьд нийгмийн ажилтан гэдэг харьцангуй залуу мэргэжил. Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн бий болсон ажлын байр гэнэ. Тиймдээ ч хүнсний технологич мэргэжил эзэмшсэн хэдий ч багаасаа олон нийттэй харилцах ажил хийхийг мөрөөдөж явсан Д.Базарсад хожим нь нийгмийн ажилтан мэргэжил эзэмшиж, 2012 оноос энд ажиллах болжээ. Анх байгуулагдахдаа хоёр ч нийгмийн ажилтантай байсан тус газрыг өдгөө Д.Базарсад ганцаараа хариуцан ажиллаж буй юм билээ. Түүний өгүүлснээр тус газраар үйлчлүүлэхээр ирж буй хохирогчдын 95 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд бөгөөд дийлэнх нь хүүхдээ дагуулан ирдэг гэнэ. Тиймдээ ч хоёрхон ортой хамгаалах байрны ганц өрөөг эмэгтэйчүүдэд зориулан тохижуулжээ. Эрэгтэй хохирогчид цөөн ханддаг ч хамгаалах байраар үйлчлүүлэх боломжгүй аж. Эрүүл мэнд, сэтгэл зүй, хуулийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ч давхар хамгаалах байрыг хариуцан ажилладаг тул Базарсад хохирогчдын хоол унд, тав тух, аюулгүй байдал гээд бүхий л асуудалд анхаарал хандуулна.
Яг л хайр халамжаа харамгүй өгч, хариу нэхдэггүй ээж, эмээ нар шиг. Бидний халаглаад л өнгөрөхөөс харж хандаж, гар сунган тусалдаггүй тэр олон зуун хохирогч охид, бүсгүйчүүдэд зовлон бэрхшээлээ туулах урам зориг, хүч тэнхээ өгдөг тэрбээр яах аргагүй шинэ цагийн “Өндөр ээж” юм.
09.00 Асууж сурагласаар өрөөнийх нь хаалгыг татвал тэрбээр хэдийнэ ажилдаа ирчихэж. Хүчирхийлэлд өртсөн хохирогчид ихэвчлэн шөнийн цагаар ирдэг гэнэ. Тиймээс өнгөрөгч шөнө хүн ирсэн байж магадгүй хэмээн 08.00 цагт ажилдаа ирсэн аж. Түүний таамаглаж байсанчлан урьд шөнө нь төрсөн дүү нартаа зодуулсан хохирогч бүсгүй охиноо дагуулан ирж, хамгаалах байранд байрласан байв. Нийгмийн ажилтны эзгүйд ирсэн хохирогчдыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн түргэн тусламжийн газрын жижүүр эмч нар хүлээн авдаг аж. Хэдийнэ гуч дөхсөн ч сэтгэцийн эмгэгтэй учир гэр бүлийнхэнтэй үл ойлголцон, муудалцаж улмаар дүү нар нь цохиж, зодох тохиолдол байнга гардаг тул эл өвчтөн хамгаалах байрны байнгын үйлчлүүлэгч. Бусдад болон өөртөө аюул учруулж болзошгүй сэтгэцийн хүнд эмгэг биш учир эмнэлгүүд хүлээн авдаггүй, ар гэрийнхэн нь тээршаадаг тул хаа газар хавчигдаж, ад үзэгдсэн эмэгтэй хамгаалах байрны ажилтанд ханддаг болсоор хэдэн жилийн нүүр үзжээ.
09.20 Хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн газруудыг тохижуулж, хариуцсан ажилтны цалинг төсөвт тусгадаг ч хамгаалах байранд байрлаж буй хохирогчдод өгөх хоол хүнсний төсөв байдаггүйгээс Базарсад гэрээсээ жаал жуул хүнс авчирснаа байнгын үйлчлүүлэгчдээ өгч, цайлсны дараа эрүүл мэндийн шинжилгээ өгүүлэхээр дагуулан гарлаа. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд өглөөдөө уртаас урт дараалал үүсч, шинжилгээ өгч үзлэгт хамрагдахын тулд хагас өдрийн ажил алддаг нь нууц биш. Харин гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод яаралтай тусламж, эмчилгээ шаардлагатай байдаг тул дараалалгүй үзүүлэх дүрэмтэй. Гэсэн ч өмнөх өвчтөний үзлэг, эмчилгээг дуустал хүлээсээр цаг шахам болсон.
10.00 Хамгаалах байранд урсгал засвар хийгээд удаагүй байгаа тул биднийг эргэж ирэхэд үзлэгийн өрөөг ариутгадаг кварц гэрлийг байрлуулах ажил өрнөж байлаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг энэ өрөөнд үзлэгт хамруулдаг гэнэ. Тиймээс өрөөг байнга кварц гэрлээр ариутгадаг аж. Цахилгааны инженер бүсгүйн өгүүлснээр залгуур хошуу бэлдчихвэл гэрлийг хэрэглэхэд бэлэн болох аж. Өвчтөнүүд хэдийд ч ирж мэдэх тул цаг алдахгүйн тулд Базарсад залгуур хошууг үдийн цайны үеэр өөрөө авахаар боллоо.
Асуудлыг шийдсэний дараа тэрбээр ажлынхаа талаар товчхон ярилаа. “Манайд бэлгийн хүчирхийллийн хохирогчид цөөнгүй ирдэг. Хохирогч 16 нас хүрээгүй тохиолдолд бид цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Харамсалтай нь насанд хүрээгүй охид дийлэнх тохиолдолд ураг төрлийнхөө хүнд хүчиндүүлсэн байдаг. Манайд өвөөдөө хүчиндүүлсний улмаас жирэмсэн болсон охин ирж байсан удаатай. Тэр ч байтугай зургаан настай зээгээ өвөө нь хүчирхийлдэг байсныг нагац эгч нь мэдээд манайд хандаж байсан. Аав ээж нь гадаадад ажиллахаар явахдаа аавдаа охиноо даатгасан нь ийм байдалд хүргэсэн байсан. Өвөө нь охиныг бүр жил гаруйн хугацаанд хүчирхийлсэн нь тогтоогдсон.
Энэ мэтчлэн олон сарын турш санаанаас гарахгүй бодогдож, сэтгэл шаналгадаг хэргүүд зөндөө гардаг” хэмээн өгүүлсэн. Бидний төсөөлж ч байгаагүй хүнд хэргүүд дээр ажиллаж, хохирогчдын нулимсаа урсган ярьдаг эмгэнэлт түүхийг сонсдог учир энэ төрлийн нийгмийн ажилтнуудад сэтгэл заслын эмчилгээг тухай бүрт нь үзүүлэх шаардлагатай гэж үздэг. Хөгжингүй орнуудад нийгмийн ажилтанд үйлчилдэг сэтгэл заслын тусгай эмч нар ажилладаг бол Базарсадын хувьд өөрөө өөрийгөө л эмчлэхээс өөр аргагүй гэнэ. Учир нь сэтгэлзүйч, сэтгэл заслын эмч нарын мэргэжлийн ёс зүйд таньдаг хүндээ эмчилгээ, үйлчилгээ үзүүлж болохгүй хэмээн тусгасан байдаг аж. Харин түүнд танихгүй сэтгэлзүйч бараг үгүй. Сэтгэл санааны цочролд орсон хохирогчдод сэтгэл заслын эмчилгээг хэдэн сараар хийх нь бий. Тиймээс мэргэжлийн, чадварлаг цөөн тооны сэтгэлзүйчидтэй байнга хамтран ажиллахын зэрэгцээ зөвлөгөө авч, мэдлэг туршлага солилцдог юм байна.
11.00 Ажлынхаа онцлогийн талаар түүнийг надад сонирхуулж байх зуур бас нэгэн хохирогч хаалга тогшлоо. Бага насны хүүхдээ тэвэрсэн бүсгүй хэд хоногийн өмнө хамгаалах байранд ирсэн аж. Гэвч халаалт зогсож, бага насны хүүхэд байтугай томчуулд ч байрлахад хүндрэлтэй, өрөөнд хүйт даах тул эгчийндээ түр очоод буй гэнэ. Хүчирхийллийн хохирогчийг ч буруутгах хандлага их байдгаас хохирогчид асуудлаа өөрийн чадах хэрээр нууцалдаг. Тиймдээ ч хүүгээ тэвэрсэн бүсгүй удтал биеэ барьж, нийгмийн ажилтны асуултад товчхон хариулж суусан. Хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний газрын баримтлах хамгийн чухал зүйл бол үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах. Тэдний талаарх тэмдэглэл бүхий материалуудыг цоожтой шүүгээнд хадгалж, дарга нарыг ч ярилцлагын тэмдэглэлтэй танилцахыг хориглодог юм билээ. Тиймээс хохирогчтой хийх энэ удаагийн ярилцлагын үеэр хамт байх зөвшөөрлийг үйлчлүүлэгчээс авсны эцэст тэдний яриаг сонсож, цөөн асуултад хариулт авах боломж олдлоо.
Бүсгүйн нөхөр аав, ээжтэйгээ хамт архи ууж, хөлчүүрхэн агсам тавих болсны улмаас тэрбээр хамгаалах байранд ханджээ. Харамсалтай нь эхнэр хүүхдээ айлгасан хүүгээ зэмлэж суух ёстой хадмууд нь бэрдээ агсам тавьж, элдвээр доромжлон гэрээс нь хөөсөн аж. Хохирогч бүсгүй “Хүмүүс баяр дөхөхөөр догдолж, баярын гоёл, идээ будаагаа бэлддэг байхад би түгшиж эхэлдэг. Баяр болохоор л далимдуулан архидаж, агсам тавьдаг учраас тэр. Би баярт үнэхээр дургүй” хэмээн нулимс дуслуулан ярьсан. Үнэндээ баярт дургүй бүсгүй ганц тэр биш гэнэ. Баярын өдрүүдэд хамгаалах байр руу гэрийн шаахайтайгаа зугтан ирдэг хохирогчдын тоо эрс ихэсдэг байна. Ярилцлагын дараа бүсгүйг болон хүүг нь эмчийн үзлэгт хамрууллаа. Хохирогчдод шаардлагатай бүхий л үзлэг, оношлогоог хийдэг тул энэ удаа хүүг нь чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, шарлага хийлгэлээ.
12.00 Үдийн цайны цаг хэдийнэ болжээ. Энэ үеэр ихэнх ажилтнууд хаана үнэ боломжийн хэрнээ чанар сайтай хоол идэж болох вэ хэмээн бодолхийлдэг бол Базарсад хамгаалах байранд байрлаж буй хохирогчоо хэрхэн хоолзтой залгуулах вэ хэмээн толгой өвтгөдөг. Хэдийгээр хамгаалах байрыг хөргөгч, плитка, сав суулгатай, хүссэн үедээ хоолоо өөрөө хийгээд идэж болохуйцаар боломжийн тохижуулсан байдаг ч өмсөх хувцасгүй шахам гэрээсээ зугтаж гарч ирсэн хохирогчдод хүнсний зүйлс авч, хоол хийж идэх боломж байдаггүй. Тиймдээ ч тэрбээр гэрээс авчирсан хоолоо урьд шөнө тэнд ирсэн хохирогчид өгөөд өөрөө гадагш гарч хооллохоор болов.
12.30 Цайны цаг дуусаагүй ч үзлэгийн өрөөнд кварц гэрлийн залгуур хошуу яаралтай авах шаардлагатай тул Базарсад хажуугийн барилгын материалын төв рүү яарлаа.
13.00 Амин хувийнхаа цагаас хумсалж, ажлаа амжуулаад ирэхэд цайны цаг ч дуусаж, үдээс өмнө утсаар ярьж тохирсончлон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд байгаа үйлчлүүлэгчид эмчийн үзлэгт орохоор ирлээ. 20 хүний ортой Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн байранд одоогоор 10 гаруй хохирогч байрлаж буй гэнэ. Тэднээс гурав нь өнөөдөр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр ирсэн юм. Хохирогчдын хувийн нууцыг олон нийтэд дэлгэх хориотой тул бүртгэл хийх үеэр бид өрөөг түр орхилоо.
14.00 Тус эрүүл мэндийн төв өглөө 08.30 цагт шинжилгээгээ авдаг учраас энэ удаа бүсгүйчүүдийг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, хоол зөвлөгөө өгсөн. Хэдийнэ үд өнгөрсөн ч эмэгтэйчүүдийн эмчийн өрөөний гадаа дугаарласан тав зургаан бүсгүй харагдана. Тиймээс тэд эмэгтэйчүүдийн эмчийн өрөөнд цаг шахам болсон юм.
15.00 Нийгмийн ажилтан бүсгүйчүүдийн хамт өрөөндөө ирсний дараа дахиад л зөвлөгөө, бичиг цаасны ажил ундрах нь тэр. Хийлгэх шаардлагатай шинжилгээний талаар болон ач холбогдлыг нь танилцуулж, эмчийн зөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарласны эцэст бүсгүйчүүд маргааш нь шинжилгээ өгч, физик эмчилгээ хийлгэхээр эргэж ирэх цаг товлосноор уулзалт өндөрлөлөө. Харин Базарсад ирсэн үйлчлүүлэгчдийн мэдээллийг дэлгэрэнгүй тэмдэглэх ажилдаа оров. “Үйлчлүүлэгчид ирсэн үед тэмдэглэж авахаар цаг их алддаг юм. Тиймээс товчхон тэмдэглэчихээд зав гарсан үедээ дэлгэрэнгүй бүртгэлээ хийчихдэг” хэмээн ажлынхаа арга барилыг тэрбээр сонирхуулсан. Бичиж тэмдэглэх ажлаа хийхийн зэрэгцээ мэргэжлийнхээ онцлогийг ч тайлбарлаад амжив. Тэрбээр “Манай хамгаалах байр хохирогчдыг 72 цаг байрлуулдаг.
Гэхдээ зөвхөн зөвлөгөө авахаар ирдэг хохирогчид ч бий. Зарим нь бүр олон хонох тохиолдол ч гарна. Хамгаалах байраар үйлчлүүлж буй хохирогчид ихэвчлэн эмзэг бүлгийн хэмээн тодотгодог хүмүүс байдаг. Гэхдээ энэ нь гэр бүлийн хүчирхийлэл бол ядуу, эмзэг бүлгийнхэнд л тохиолддог гэсэн үг биш. Эдийн засгийн чадамжтай хүмүүс хамгаалах байр биш, зочид буудалд байрлаж, хувиараа сэтгэл зүйчид ханддаг. Манайд олны танил хүмүүс ирж, зөвлөгөө авах тохиолдол ч бий. Тэгэхээр энэ бол бүхий л насны, нийгмийн бүх давхаргынханд тохиолддог зүйл” гэв. Хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний газар байгуулагдсан цагаасаа хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчидтай хамтран ажилласаар ирсэн байна. Тиймээс хохирогчид ихэвчлэн хорооны хэсгийн ахлагч нараас мэдээлэл авч хамгаалах байрыг зорьдог аж. “Нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлийн асуудал надад их сонирхолтой санагддаг учир би энэ мэргэжлийг сонгосон. Социализмын үед нийгмийн ажилтан гэх мэргэжил байдаггүй байлаа. Тиймээс би их хожим энэ мэргэжлээр хувийн сургуульд суралцаж, төгсөөд энд ажиллаж эхэлсэн. Хүмүүс бусдад муу муухай үг барагтай хэлдэггүй хэрнээ хамгийн ойр дотнын хүмүүстээ л хатуу ширүүн ханддаг.
Үдээс өмнө ирсэн хохирогчийн хадам ээж гэхэд л нялх ач хүүгээ хайрлаж, өхөөрдөн суух байтал агсам тавьж, чанга хашгичин айлгасан байх жишээтэй. Нялх хүүхэд хүн хашгичихад байтугай хаалга савж чангахан хаагдахад л айж, цочдог шүү дээ. Өнгөцхөн харахад ээж нь л гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм шиг боловч хүүхдүүд нь хамгийн их хохирдог. Хадмуудтай нь уулзаад, өөрийн дүү байсан бол салгаж аваад харимаар л санагдаж байсан. Гэхдээ нийгмийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ гэж бий. Бид үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгч, сэтгэл санааг нь дэмжихээс биш шийдвэрт нь нөлөөлөх ёсгүй. Тэр ч байтугай үйлчлүүлэгчтэйгээ ээж, эгч шиг нь дотносож болохгүй. Хөндий хүйтэн хандвал үйлчлүүлэгчийн сэтгэлийн хямрал улам даамжирч, амиа хорлоход ч хүргэж мэднэ. Тэгэхээр нийгмийн ажилтан гэдэг ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ ханддаг хүмүүсийн хийх ажил. Чин сэтгэлээсээ сонсож байж зовлонг нь ойлгож, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлнэ шүү дээ. Гэхдээ зовлонг нь сонсохдоо хэт автаж, сэтгэл хөдлөлөө ил гаргаж болохгүй. Бас л мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ. Мэдээж би эмэгтэй хүн юм чинь сэтгэл эмтлэм түүх сонсоод шимширдэг. Гэхдээ өөрөө хямарч уйлж болдоггүй” хэмээн тэрбээр хуучилсан.
16.00 Үдийн цайны үеэр залгуурын хошууг авч бэлдсэн кварц гэрлийг залгахаар цахилгааны инженер, хананд тогтоох ажилчид ирлээ. Бичиг цаасны ажлаа дуусгаад кварц гэрлээ өлгөсөн Базарсад сая л нэг санаа нь амрав бололтой. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид бэлгийн замын халдвар авсан тохиолдол цөөнгүй байдаг тул тухай бүрт ариутгал хийх нь хамгийн чухал. Хохирогч хэзээ ч ирж мэдэх учраас үзлэгийн өрөөгөө байнга бэлэн байлгах гэж санаа нь зовж байсан нь илт байв.
17.00 Ажлын цаг хэдийнэ дуусчээ. Албаны ажлаа гүйцээж, ар гэртээ яарсан тэрбээр ихэвчлэн өдийд гэртээ харьдаг. Гэхдээ ажлын шаардлагаар шөнийн цагаар дуудагдаж, хонох тохиолдол ч бий гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Гэр бүлийн төдийгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид ирэх тохиолдол ч цөөнгүй байдаг тул охидыг асарч, харж хандах шаардлага гардаг тул шөнийн цагаар дуудагдан ирж, хонох тохиолдол бий” хэмээн тайлбарласан.