Монгол Улс зүүн, баруун, төвийн бүсэд эрчим хүчний системтэй. Гэтэл баялгийн үүцээ задалж, хөгжил цэцэглэлтээ бүтээх гэж буй өмнөд буюу говийн бүсэд ийм систем байхгүй. Манай эдийн засагт жин дарах, бас хямралыг даван туулах тулгуур болох учиртай “хоёр толгой”-н нэг нь урд хөршөөс эрчим хүчээ худалдаж авдаг. Тавантолгойн ордын хувьд 18 мегаваттын станцаар “амиа аргалж” буй. Цахилгаангүйгээр хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын тухай ярих боломжгүй.
Эл “алдаа”-г засахын тулд Тавантолгойн эрчим хүчний нүүрсний нөөцөд тулгуурлан 450 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих шийдвэрийг 2013 оны гуравдугаар сард шинэчлэлийн Засгийн газар гаргаж байлаа. Энэ хүрээнд Тавантолгойгоос Оюутолгойн хооронд 150 км цахилгаан түгээх шугам барих юм. Түүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. 2017 он гэхэд “гозойж” байх учиртай Тавантолгойн цахилгаан станц барих ажил юу болов.
ОЙРЫН 14 ХОНОГТ САНХҮҮЖИЛТ БОСГОХ АЖИЛ ДУУСНА
Шинэчлэлийн Засгийн газар уг станцыг барихтай холбогдуулан 80, 129 дүгээр тогтоолыг тус тус баталсан. Төслийг хэрэгжүүлэхэд тэрбум орчим доллар хэрэгтэй. Үүний эхний шатны санхүүжилт болох 50 сая долларыг “Чингис” бондын хөрөнгөөс гаргахаар дээрх тогтоолд заасан. Уг мөнгийг Хөгжлийн банк тодорхой хуваарийн дагуу хуваан олгож буй аж. Одоогоор станц барих төсөлд 14.8 сая доллар олгоод буй юм билээ. Бондоос санхүүжүүлэхээс бусад хөрөнгийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар босгоно. Станц барих шийдвэр гарсан даруйд төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан, М.Энхсайхан ахалж ажилласан. Төсөлд Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зэрэг байгууллага оролцож байсан юм.
Одоо ЭЗХЯ татан буугдсан билээ. Юутай ч төслийн нэгж өнгөрсөн хугацаанд холбогдох бичиг цаасны ажлаа бүрэн дуусгажээ. ТЭЗҮ болон байгаль, цаг уурын нөхцөлийн, усны болон түлшний нөөцийн, геологийн тогтоц, ерөнхий топографийн, геодези, археологи, палеонтологийн судалгаа, нүүрсний шинжилгээгээ хийсэн байна. Тавантолгойн цахилгаан станцад хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудаас сонгон шалгаруулалт хийсэн. Эдүгээ Японы “Kansai еlectric рower”, “Marubeni сorporation”, БНСУ, Францын хамтарсан “GDF Suez & Posco energy”, БНСУ-ын “Daewoo” гэсэн дөрвөн компани тунаж үлдээд буй.

Төслийн нэгжээс техникийн болон арилжааны даалгаврыг боловсруулж тэдэнд хүргүүлжээ. Одоо энэ сардаа багтаан хөрөнгөө босгох учиртай. Бидний авсан мэдээллээр төслийн нэгж ойрын хоёр долоо хоногийн дотор сайн мэдээ дуулгах нь. Өөрөөр хэлбэл, санхүүжилтээ тодорхой болгох аж. Үүний дараа барилгын ажил эхлэх юм байна.
ОЮУТОЛГОЙГООС БНХАУ-Д ӨГЧ БАЙГАА 100 САЯ ДОЛЛАР МОНГОЛД ҮЛДЭНЭ
Тавантолгойн цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний 70 гаруй хувийг “Оюутолгой” компани худалдаж авна. Үүнийг баталгаажуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд талууд өнгөрсөн оны наймдугаар сард гарын үсэг зурсан билээ. Уг компани жилд 100 орчим сая доллараар БНХАУ-аас эрчим хүч худалдаж авдаг гэсэн мэдээ бий. Тэгвэл дээрх станц ашиглалтад орсноор тэд БНХАУ-аас биш, дотоодоосоо эрчим хүч авч, дээрх хэмжээний доллар Монголд үлдэнэ гэсэн үг. Мөн орон нутаг, уул уурхайн бусад компани, бүтээн байгуулалтын төсөлд дотоодоосоо эрчим хүч авах боломж нээгдэнэ.
Олон том ажлын эхлэл болно хэмээн үзэж буй юм. Түүнчлэн ДНБ 3-5 хувиар өснө гэсэн тооцоо хийжээ. Яваандаа Монгол Улс эрчим хүч экспортолно гэсэн өөдрөг төлөвлөгөө ч бий. Бизнесийн бусад салбарт гадаадын хөрөнгө оруулагч татах, ажлын байр нэмэхээс эхлээд олон эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байна.
СТАНЦ ХЭЗЭЭ БОСОХ ВЭ
Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахад тухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сономпил “Ирэх хавраас барилгын ажил эхэлнэ” хэмээн хэлж байв. Гэвч хавар өнгөрөөд зун болчихсон байдаг. Барилгын ажил хараахан эхлээгүй байна. Төлөвлөгөө ёсоор төсөл 2017 онд дуусах ёстой. Хугацаа давчуу болоод байдаг. Гэрээ хэлцэл байгуулах, судалгаа хийх, бичиг цаасны ажлаа цэгцлэхэд багагүй хугацаа шаардагдсан нь мэдээж. Гэхдээ том хэрэглэгч болох “Оюутолгой” компанийн далд уурхайн үйл ажиллагаа гацаанаас гарахгүй удсан нь хугацаа алдахад нөлөөлжээ.
Тэгвэл өнгөрсөн сарын дундуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд айлчлах үеэр талууд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар станцын ажил ч бас урагштай болсон байна. Уг гэрээнд Тавантолгойн цахилгаан станцын төсөлд баталгаа гаргах асуудлыг тусгасан юм. Гэрээ зурснаас хойш сарын дотор “Оюутолгой” төслийн хэрэгжүүлэгч “Туркойз Хилл Ресурсес” компани “Төлбөрийн чадамж сайжруулах механизмын төсөөлөл”-ийг төслийн нэгжид бэлтгэн өгөх юм билээ.
Тавантолгойн станцад хөрөнгө оруулах хүсэлтэй дөрвөн компаниас хамгийн хямд үнээр цахилгаан санал болгосныг нь манай улс сонгоно. Мөн төлөвлөгөө ёсоор энэ сардаа багтаан санхүүжилтээ шийднэ. Тиймээс ажил хугацаандаа дуусна гэдэгт төслийн нэгжийнхэн итгэлтэй байгаа гэсэн. Тус станц төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол үр шимийг нь ард түмэн хүртэнэ.
Эрчим хүчний системийнхээ хүчин чадлаас давсан хэрэглэгчтэй, хэрэгцээтэй болчихсон учраас нийслэлд үе үе цахилгааны хязгаарлалт хийж, иргэдээ бухимдуулдаг. Тэгвэл дээрх станц сүлжээнд холбогдсоноор төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг хөнгөлж, дэмжлэг үзүүлэх юм билээ. Өмнийн говьд сүндэрлэх бүтээн байгуулалтын түүчээ нь энэ төсөл болох учиртай.
С.ТУУЛ