Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хөдөө тийш зүглэх цаг ирлээ. Хотын мээр ч биднийгээ зуны амралтаа нийслэлээс гарч хөдөө өнгөрөө хэмээн боловсон гэгч нь хөөгөөд болдоггүй ээ. Алхъя гэхээр явган хүнд зориулсан замгүй, дугуй жийе гэхээр тийм зам бүр ч байхгүй, машинаа уная гэхээр дугаарын хязгаарлалт энэ тэр гээд хорио цээр ихтэй, тавих зогсоол байхгүй, яаж ийгээд булан тохой олоод зогсчихоор журмын хашаа руу ачаад явчихдаг, жил бүр байсхийгээд ус, цахилгаан хязгаарладаг хориотой хотоос холдохын түүс болж байна, тэртэй тэргүй. Ээлжийн амралтын хуваариа гаргаж, майхан саваа зэхэж байгаа ч орон нутгийн замд осол их гарч байна гэсэн Замын цагдаагийн газрын сэрэмжлүүлэг, хот хоорондын зам авах юмгүй нүх болжээ гэсэн жолооч нарын яриа шар үс босгож, хөдөө тийш хүргэх авто зам дардан байж чадах болов уу, зорьсон газартаа эсэн мэнд хүрээд эргэж ирэх баталгаа бий юү гэсэн түгшүүр төрүүлнэ.
Гурван жилийн өмнө Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв гэсэн найман аймаг л улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон байлаа. Дараа жил нь Баянхонгор, Дундговь, Дорноговь ноднин Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийнхан Улаанбаатар луу машинаар торох юмгүй сүнгэдэг болсон нь монголчуудын хувьд урьд хожид тавиагүй урт зам, асар том бүтээн байгуулалт. 2013 онд 1824 км авто зам шинээр тавьсан, үүнийг ганцхан жилд хийсэн гээд тооцвол чанга атгах ёстой дэвшил. Өнгөрсөн жил манайх улсын төсвийн 76.8 тэрбум төгрөг өөр 11 чиглэлд 327 км зам, найман хэсэг газарт нийт 2040.8 метр урт гүүр тавьжээ. Үүний 1019 км-т нь “Чингис” бондын 354.2 тэрбум төгрөг, 539.7 км-т нь гадаадаас зээл тусламжаар авсан 168.6 тэрбум төгрөгөө зарцуулсан байна.
Гадаадын орнууд ДНБ-ийхээ 1.5-2.0 хувьтай тэнцэх мөнгөөр зам тавьдаг байхад өнгөрсөн жил манай улс энэ ажилд 600 тэрбум төгрөг буюу ДНБ-ий гурван хувиа зарцуулжээ. Тэгвэл зам засахад 40.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.2 хувийг зарцуулсан нь олон улсын түвшнээс 2-5 дахин бага мөнгө юм. Бүх аймгаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэсэн амлалтандаа баригдаад тухайн үеийн засаг халаасаа хоослон байж шинэ зам тавиад, засах мөнгөндөө гар татсан байгаа биз. Үүний балгаар ноднин зун Дархан, Зуунмод, Арвайхээр, Хэнтий, Дундговь чиглэлийн авто зам жолооч, зорчигчдын хувьд там болж хувирсан. Зунжин хэл ам таталж, Эдийн засгийн хөгжлийн яамаар дамжуулан Хөгжлийн банкнаас мөнгө бадарчилж байж намар оройтож зассан замууд төд удалгүй тараа таниулсан даа. Үүний нэг нь Дарханы зам.
Энэ чиглэлд нийтдээ 18.6 км зам эвдэрснийг хяруу хэдийнэ унасан аравдугаар сарын дундаас цойлдож эхэлсэн ч нүглийн нүдийг хуурсан нөхөөс нь өвөл ховхорч онгойгоод авто зам эргээд бартаат зам болов. Татвар төлөгчдийн мөнгөөр тавьсан, зассан замууд таван сарын ч насгүй байгааг иргэд шүүмжилсээр. Ийм муу зам эдүгээ Орхон, Өвөрхангай аймагт иргэдийн үйлийг үзэж, үгийг нь барах болжээ. Өвөрхангайн Засаг дарга гэхэд иргэдийн гомдлын мөр өөр чанаргүй замуудад үнэлэлт дүгнэлт хийж, онгорхой цоорхойг нь Наадмаас өмнө нөхөхийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Арвайхээр хотын Захирагчийн ажлын албанд даалгаад байна. Тавхан см хучилттай зам дээгүүр хүнд ачаатай машин өдөр шөнөг үй цувахаар эвдрэхгүй гээд ч яах билээ. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар монголчууд 739.589 тээврийн хэрэгсэлтэй болсны 161.467 нь ачааных.
Аймгуудыг авто замаар холбох тусам онгоцоор нисдэг хүн цөөрч, машинтайгаа замд гарах эсвэл автобусаар хөл дүүжлэх хүн олширч байна. Галт тэрэг 3306 хүн буюу зорчигчдынхоо 12.1 хувийг, онгоц 1019 зорчигч буюу 7.9 хувийг алдсан бол автобусанд суух хүн 12.4 хувиар нэмэгдэж, 342.000 болжээ. Мөрөн рүү нисдэг онгоцны суудал хоосорч, авиа компаниуд нислэгээ цуцлан, зөвхөн жуулчид ирдэг зуны улиралд буцаагаад сэргээж байна. Энэ бол онгоцны зорчигчид автобус, машин руу дайжсаны илхэн баримт юм. Дээрээс нь ОХУ руу иргэд визгүй зорчдог болсноор Улаан-Үдийг чиглэх машины цуваа тасрахаа байж, Баян-Өлгий-Астанагийн хооронд автобус явдаг боллоо.
Энэ хэрээр замаар хурдлах дугуйны тоо, зам дээр дарах ачааны жин нэмэгдсээр хүүхдийн зулай шиг нимгэн замыг дор нь эвдэж байна. Дахиад өнгөрсөн жилийн статистик сөхье. Зам, тээврийн яамны тайлангаас үзвэл энэ хугацаанд манай улс 58.6 сая тонн ачаа тээсэн нь өмнөх оныхоос 17.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 37.6 сая тонныг авто замаар зөөсөн, түүний 22.3 сая тонн нь улс хоорондын ачаа гээд бодохоор Замын-Үүд, Алтанбулагаар машинд ачиж ирсэн ачааны жин энэ чиглэлийн замыг там болгоход хувь нэмрээ оруулсан гэдэг нь эргэлзээгүй.
Улаанбаатар-Дархан, Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замыг 1971 онд ашиглалтад оруулснаас хойш Азийн хөгжлийн банкны зээлээр 1997-1999 онд хэсэгчлэн их болон дунд засвар хийжээ. Үүнээс хойш хүний гар хүрээгүй энэ замаар Монголын тээврийн хэрэгслийн дийлэнх нь явж байгаа юм. Үүл баатрын уриалгыг дэмжин, хөдөө явах хүмүүсийн олонх нь бас л энэ замаар зорчих нь дамжиггүй. 61-ийн гарам хүрэлгүй зовлонт зам эхэлж байна лээ. Яана даа.
Х.БОЛОРМАА