Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг бэлчээр аж. Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт болон малын тоо өссөнтэй холбоотойгоор зарим бүс нутагт бэлчээр доройтоод байгаа. Одоогоор бэлчээрийн газрын 20 хувь буюу Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бэлчээр 2-3 дахин доройтож, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай болсон аж. Үүнийг хэрхэн шийдэхийг хэлэлцэх зорилготой “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хурал өчигдөр болов. 2002 оны судалгаагаар Монгол орны бэлчээрийн даац хонин толгойд шилжүүлснээр 70 сая орчим гэж тогтоосон гэнэ. Түүнээс хойш өдий хүртэл ийм судалгаа хийгээгүй байгаа аж. Бэлчээр доройтсон шалтгааныг бүс нутгийн түвшинд зөв тодорхойлж, даамжрахаас өмнө арга хэмжээ авах нь энэ удаагийн зөвлөлгөөнөөр шийдэх гол асуудал байв. “Монголын Засгийн газар сүүлийн 20 жилд олон улсын байгууллагуудын дэмжлэгээр энэ чиглэлийн 20 гаруй төсөл хэрэгжүүлсэн. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн өмнө Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулаад байна. Тус тасгийнхан бэлчээрийн газрын зохион байгуулалтыг хариуцдаг. Орон нутгийн удирдлага төдийгүй Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулахаар ажиллаж буй. Цаашид зөвхөн гадаадын зээл, тусламжийн хүрээнд бус, орон нутгийнхан, малчид өөрсдөө санаачилгатай ажиллаж, бэлчээрийн газрыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулах шаардлагатай. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Сэлэнгэ аймгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох төслийг Засгийн газарт өргөн бариад байна” гэж тус яамны газрын дарга Н.Ганибал хэллээ.
Уг хуралд манай орны бэлчээрийн өөрчлөлтийг судалсан дотоод, гадаадын 180 эрдэмтэн оролцов. Тэдний нэг Колорадо мужийн их сургуулийн профессор Мария Фернандез Химинез манай улсад хэрэгжүүлсэн “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” төслийн багийн ахлагчаар ажиллажээ. Тэрбээр “Энэ төслийн хүрээнд бид нийт 10 аймгийн 36 сумын 142 малчны хүрээнд судалгаа хийлээ. Тэдний тал нь нөхөрлөл бий болгосон, үлдсэн нь хараахан амжаагүй. Зохион байгуулалттай бүлгийнхнийг нөгөө хэсэгтэй нь харьцуулахад нэлээд сайн ажиллаж байна. Малчид бүлэг, нөхөрлөл болох нь бэлчээрийн доройтлыг нааштай шийдвэрлэх хөдөлгөгч хүч болно. Тэдэнд санхүүгийн, бодлогын дэмжлэг хэрэгтэй” гэв.