... Тэгэхээр энэ удаад цахилгаан тасалсан “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь өвс байх тун магадлалтай. Өвс яагаад очиж очиж тэр станцын хашаан дотор ургадаг байна. Тэр нөхөр шатсанаас болж л Монголын гурвын гурван цахилгаан станцын үйл ажиллагаа зогслоо шүү дээ. Тиймээс буруутныг тогтоож, хохирлыг төлүүлэх асуудал сөхөгдвөл хамгийн түрүүнд өвсийг “байцаах” хэрэгтэй болж байгаа юм. Дэд станцын эдэлбэр газарт галын аюулгүй байдлыг хангахын тулд ойр орчмын өвсийг хадаж, цэвэрлэдэг дүрэм энэ тэр энд огт хамаагүй ...
Хүн хорвоод төрөх нь үнэн. Тэгээд үхэх нь үнэн. Бас татвар төлөх нь үнэн. Монголчуудын хэлцдэг энэ Ертөнцийн гурав дээр бас нэг зүйл нэммээр санагдаад байдаг юм. Улаанбаатарт тог (цахилгаан) тасрах нь үнэн гэж. Монголчууд хэддүгээр зуунд амьдарч, Монгол хэрхэн хөгжиж дэвшиж байгаагаас үл хамаарах хөдөлшгүй үнэн бол улсын маань нийслэлд тог тасрах. Энэ бол дэлхийн томоохон хотуудаас ялгарах Улаанбаатарын имиж. Бид ч энэ имижээ аль эртнээс “хүлээн зөвшөөрчихсөн”. Сая гаруй хүн амтай метрополис хот сав л хийвэл цахилгаангүй болдгийг, пад харанхуй орц, эсвэл гудамжаар дэлгүүр рүү хурдалж, асаагуур барин тэмтэчсэн худалдагчаас лаа худалдаж авдгаа байдаг л зүйл, монголчуудын амьдралын хэвшил мэтээр хүлээж авсаар бүр дадал болчихож.
Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд сүүлийн нэг сард бүртгэгдсэн тоо баримтыг харвал олон хүний нүд орой дээрээ гарах ч тэгсхийгээд мартчихна. Яам, агентлаг, харьяа газрынхан ч манайхны энэ сул талыг сайн мэдэх учраас овжин ашиглана. Сүүлийн ганц сарын дотор Улаанбаатарын өнцөг булан бүрт санаатай, санамсаргүй байдлаар нийтдээ 1500 гаруй удаа тог тасарсан байна. Төлөвлөгөөт хуваарийн дагуу 195 удаа цахилгаан хязгаарласан бол засвар хийх нэрийдлээр 1350-иад удаа, мөн төлөвлөгөөт бус буюу гэнэтийн осол, гэмтлээс болж 12 удаа тог тасарсан байх юм. Гайхалтай үзүүлэлт гэхээс өөрөөр үүнийг юу гэж тайлбарлах вэ.
Бас харанхуй хотод амьдарсныхаа төлөө гомдол нэхдэггүй, хэнээс, юунаас ч юм болоод тог тасарсны улмаас хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийн төлөө зарга хийдэггүй дэндүү уужуухан дотортой монголчуудад “баяр хүргэхэд” ч багадмаар. “Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл цахилгааны шугам сүлжээг засаж янзалдаг учраас энэ зэргийн тоо гаралгүй яах вэ” хэмээн албаныхантайгаа адилхан бүхнийг зөвтгөн бодож суудаг манайхан эвий хөөрхий. Беверли Хилссийнхэнтэй эн зэрэгцэх тансаг харшид амьдардаг Монголын толгой баячууд хүртэл “Юмыг яаж мэдэх вэ” гээд гэртээ лаа, шүдэнз нөөцөлдгийг мэдвэл Холливудын одуудын элэг хөших байх даа.
Урин дулаан болохоор л “Манай ойр орчмын халуун ус, цахилгааныг хэзээ хязгаарлах бол” хэмээн хэдэн арван хуудас “хар жагсаалт”-ыг нүдээ хөхөртөл ширтдэг манайхны но-г тэд мэдэхгүй нь аштай юу. Хэчнээн эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, нэр төртэй байлаа гээд манай томчуудын аргалж болдоггүй хэдхэн зүйлийн нэг нь цахилгааны хязгаарлалт. Цахилгааны шугам засахын тулд жилийн жилд төлөвлөгөөтэйгөөр тог тасалдаг “уламжлал” бүгдэд эрх тэгш үйлчилдэгт баярлаад, тиймхэн зүйлд сэтгэл нь ханачихдаг гэнэхэн улаанбаатарчууд ийм байдалтай аж төрж буйдаа тэгтлээ ач холбогдол өгдөггүй. Өгөөд ч нэмэргүй гээд хувь заяатайгаа эвлэрчихсэн.
Адаглаад хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болоод тог тасарсны уршгаар их ч бай, бага ч бай хохирол амссан л бол 72 цагийн дотор түүнийгээ тооцоод, холбогдох газарт хүргүүлэх ёстой байтал манайхан тэгдэггүй гэнэ. Ингээд бид өөрсдийнхөө хайнга байдлаас болж хариуцлагаас бултах арван гурван мэхтэй дарга даамлуудын өгөөш болдог аж. Тавдугаар сарын 24-ний өглөө “Улаанбаатар” дэд станцад гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдож, Дулааны цахилгаан станцууд бүгд хүчдэлгүй болсноор Улаанбаатар хот тэр чигээрээ, дээрээс нь 11 аймаг, 114 сум суурин олон цаг тоггүй байцгаав. Үүнээс болж улсад 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан, тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэр тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэж албаныхан урьдчилсан дүнг мэдээлж байв.
Одоо хохирлын дүн эцэслэн гарсан байлгүй гээд Эрчим хүчний яамныхнаас тодруулах гэтэл өнөөх тоо чинь харин худлаа болж таарав. Тэр бүү хэл, зөвхөн Улаанбаатарт цахилгаан хязгаарласан юм байх. Төрийн өмчийн хорооны дэд дарга, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн ерөнхий инженер хоёрын ард түмэнд хандаж мэдэгдэл хийхдээ ийнхүү будилаан хутгасан болох шинжтэй дэг ээ. Тэгээд бас буруутай этгээдээр хохирлыг нь барагдуулаад өгөх гэтэл манай аж ахуйн нэгж үүд хэн нь, хэрхэн хохирсноо хуульд заасан гурав хоногийн дотор тооцоолон гаргаж өгөөгүй гэнэ дээ. “Өдөржин тоггүй байснаас болж манай үйлдвэр төчнөөн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан нормоо биелүүлж чадсангүй” гээд хохирлоо эртхэн бодоод ирүүлчихсэн бол барагдуулах байсан бололтой юм. Өнгөрсөн хойно ийм л зүйл ярьцгааж байна, манай эрчим хүчний бодлогыг тодорхойлогч яамныхан.
Ингээд л Монголд хариуцлага хүлээх буруутан олддоггүй байхгүй юү. “Энэ удаагийн галын тухайд “Улаанбаатар” дэд станцын нэгдүгээр системд богино холболт үүсэж, доор нь ургасан өвс шатсан. Түүнээс биш гал гарсан юм байхгүй. Ер нь цахилгаан дамжуулах шугам сүлжээнд маш олон жижиг гэмтэл гардаг. Гаднын нөлөөллөөр, жишээ нь дуу бичлэгийн хуурцагны хальс ч салхинд хийсэж ирээд, өндөр хүчдэлд орооцолдон богино холбоос үүсгэдэг” хэмээн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн ерөнхий инженер Ц.Жаргалсайхан хээв нэг мэдэгдсэн. Тэгэхээр энэ удаад цахилгаан тасалсан “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь өвс байх тун магадлалтай. Өвс яагаад очиж очиж тэр станцын хашаан дотор ургадаг байна. Тэр нөхөр шатсанаас болж л Монголын гурвын гурван цахилгаан станцын үйл ажиллагаа зогслоо шүү дээ.
Тиймээс буруутныг тогтоож, хохирлыг төлүүлэх асуудал сөхөгдвөл хамгийн түрүүнд өвсийг “байцаах” хэрэгтэй болж байгаа юм. Дэд станцын эдэлбэр газарт галын аюулгүй байдлыг хангахын тулд ойр орчмын өвсийг хадаж, цэвэрлэдэг дүрэм энэ тэр энд огт хамаагүй. Гэмтэл гарсан шугамын хамгаалалт ажиллаагүйгээс болж, үүссэн богино холболт өвсийг шатаасан гэдэг тайлбар ч энд үнэмшилгүй сонсогдоно. Зүгээр л ургадаг газраа ургасан өвс, салхинд тэнүүчлэн хийсэж яваа гялгар уут, хуурцагны хальснаас эхлээд улаанбаатарчуудыг байнгын гэрэл цахилгаантай, хүн шиг амьдрах амар заяа үзүүлдэггүй олон хүчин зүйл байдаг аж. 2010 онд яалаа даа. Нэг муу муурнаас болж баянголчууд бүхэл бүтэн 14 цаг цахилгаангүй болсон түүх бий. Тэр үед мөн л “Ямар нэгэн осол, гэмтэл гэдэг хэлж ирэх биш дээ.
Манай Баруун дэд станцын хашаа руу муур ороод, нэг схемийн шийтэнд хүрснээс энэ гэмтэл гарсан. Уг нь манай хашаанд ямар ч зай завсар байдаггүй юм. Энэ муур чухам хаагуур орсныг нь тогтоох болно” хэмээн холбогдох мэргэжилтэн мэдэгдэж байв. Тэгээд хөөрхий муурны “хэрэг” хэрхэн шийдэгдсэнийг хэн ч сонирхоогүй өнгөрсөн. Байнга алдагдалтай байдаг эрчим хүчээ хэмнэнэ гэж цахилгаан нэг хязгаарлах, шугамаа засна гэж бас нэг хязгаарлах, засах гэж байгаад өөрийг гэмтээж, дахиад хязгаарлах. Арай гэж хязгаарлалт дуусахаар өнөөх зассан шугамыг нь өөр бусад этгээд санаатай, санамсаргүй байдлаар гэмтээж, бас дахин тог таслах. Эцэст нь муу эрд халдага дараа гэгчээр станцын хашаа руу нь юу ч хамаагүй ороод, тог тасалчихна. Ийнхүү урагшгүй ноёнтой ухаангүй албатын үлгэр эцэс, төгсгөлгүй үргэлжилж, улаанбаатарчууд ч харанхуйдаа бүдэчсээр. Энэ бол V цахилгаан станцын үлгэрээс илүү бодитой зүйл бөгөөд түүнээс ч илүү хурдтайгаар амьдралд хэрэгжиж буй үнэн.
Л.ГАНЧИМЭГ