Сургалтын төлбөртэй дүйцэхүйц үнэтэй гар утсаар чамирхаж, сурах хугацааныхаа дийлэнхийг бааранд өнгөрөөдөг гээд л өнөө цагийн оюутнуудыг өстэй юм шиг муулах хүн олон. Эхчүүдэд олгох тэтгэмжийг хасах сургаар өнөөх л хэдэн оюутны чихийг хангинуулж, сар бүр олгодог тэтгэлгийг нь золигт гаргах асуудал ч хурцаар тавигдаж эхэлсэн. Сурагчдыг зөөх сургуулийн автобусыг гаргах талаар хэлэлцэхэд 20 гарсан оюутнууд үнэгүй зорчдог атал хоёрдугаар ангийн сурагч мөнгө төлдөг хэмээн бас л тэднийг хэмлэсэн. Товчхондоо “Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэгчээр олныг бужигнуулсан асуудал хөндөгдөх бүрт оюутнуудын ёс зүйгүй, үрэлгэн цамаан, бодлогогүй болчимгүйг гайхан шагших болсон нь өнөөгийн нийгмийн бас нэгэн гажуудал.
Улс төрийн тоглоом болгож, урдаа барьсан оюутны тэтгэлэг даарин дээр давс үрж, оюутнууд руу хяламхийх олны байдлыг бүр ч дэвэргэсэн. Угтаа тэд албан хаагчдын татвараас алба гувчуур мэт авч байхаар гуйж мөргөөгүй, тэмцэж өлсөөгүйг бид мэднэ. Оюутнуудыг онилж тэтгэлэг өгсний бурууг олны сэтгэлийг эргүүлэх зэвсэг болгон ашиглагчид нь бус гэмгүй явсан залуус үүрэхийн учир юу вэ. Нэгэн цагт оюунтан хэмээн хүндлэгдэж, нэр хүндтэй явсан нийгмийн эл бүлэг өнөө цагт өргөс мэт адлагдах болоо юу даа.
Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино хэмээн буруутгах хүн цөөнгүй л байх. Гэхдээ нийтийн дунд нэр хөөдсөн нөхөр нэг бус байдаг нь нийгмийн аль ч бүлэгт байж л байдаг үзэгдэл. Угтаа нийгмийн бүлэг, давхарга бүхэнд л байдаг муу нэрт хэсгээр бүхий л залуусыг төлөөлүүлэн харах хандлага нийтийн дунд хэдийнэ бий болжээ. Олонтаа гаргасан амжилтыг нь анзааралгүй өнгөрөх атал ганцхан удаа гаргасан алдааг нь тодотгон шүүүмжилдэг эл байдал залуусын хийсэн сайн үйлс, үлгэр жишээ үйлдэл бүхнийг нь хараар хучиж, урмыг нь хугалж, зоригийг нь мохоож буйг хэн ч анзаарахгүй байгаа нь харамсалтай.
Өнөөгийн залуусын хандлага, сэтгэлгээ өөрчлөгдсөнийг батлах жишээг олныг өгүүлж чадна, би. Зөвхөн өнөөдөр (зургадугаар сарын 10) гэхэд л манай “Өнөөдөр” сонины нүүр хуудаснаа “Оюутнууд эмнэлгийн хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулав” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдээд буй. Өнгөрөгч тавдугаар сарын 22-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Хамтдаа инээмсэглэе” өдөрлөг хоёр дахь удаагаа болсон билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, тэдэнд урам хайрлах зорилготой тус өдөрлөгийг зохион байгуулахад залуус хэрхэн оролцсон талаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал саяхан дурдсан нь бий. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнгөрсөн жил 180 хүүхэд хамарсан өдөрлөгөө зохион байгуулахаар бэлтгэл ажлуудын нэг болох хоол хүнсний зардлыг бүрдүүлэх гээд чамгүй олон байгууллагаар орж, уулзсан. Гэтэл томчууд нь хөөцөлдөөд олоогүй байхад Б.Ариунзаяа гэдэг хөөрхөн охин залгаад "Эгч ээ, бидний хэдэн оюутнууд хуримтлуулсан мөнгөө танай өдөрлөгийн хүүхдийн хоолны зардалд өгье" гэж билээ” хэмээн постолсон.
Эргэн тойрноо гярхайгаар ажиглавал шинэ цагийн залуусыг магтах жишээ энэ мэтчилэн олон гарна. Дугаарын хязгаарлалтад өртөж, нийтийн тээврээр зорчих үедээ нийтлэг ажиглагдах ухаалаг утасны дэлгэц ширтсэн залуусын чухам юу хийж буйг нэг анзаараарай. Чи цаашаа, би ийшээ хэмээн чихцэлдэх олны дунд утсан дээрээ багшийнхаа хэлсэн лекцийг хуулж авчихаад унаанд сууж явангаа хичээлээ давтаж буй оюутантай ч цөөнгүй таарах вий.
Зургадугаар сарын эхний хагас зохиогдсон “Tedx” цуврал арга хэмжээний үеэр ч орчин цагийн залуус мэдлэг боловсролоо нэмж, өөрийгөө хөгжүүлэхийг зорилгоо болгосон нь илт анзаарагдана. Урин цагт төв цэнгэлдэх хүрээлэнд ээлж дараалан болдог рок попын хамтлаг дуучдын тоглолтын тасалбарыг үнэтэй хэмээн шүүмжлэх залуус оюунд нь хөрөнгө оруулалт хийх “Tedx” цувралын тасалбарын үнийг өндөр гэх үг огт цухуйлгасангүй. Тэр ч байтугай амралтын өдрийн эрт 08.00 цагт цуглаж, унаандаа суух “Tedx Ulaanbaatar” илтгэлийн өдөрлөгт оролцохоор цагаасаа эртлэн ирээд автобусны хаалган тушаа дугаарлан зогсож байлаа. Үе үе бороо шивэрч, хүйтэн салхи хайрсан жиндүү өдрийг ч үл хайхран залуус салбар салбартаа манлайлж буй илтгэгчдийн үгийг чих тавих сонсож, өдрийн турш бороонд норж, салхинд цохиулж гадаа суусан. Сайхан биш гэж үү. Залуус оюуны хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ухаарч, хүйтэн салхинд даарахыг юман чинээ саналгүй өөрийгөө эерэг мэдээлэл, сэтгэлгээгээр цэнэглэн суусан.
Түүнчлэн залууст өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, бэлэн хоол амаа тосон идэх гэж биш, гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулсны эцэст олсон мөнгөө өөртөө сэтгэл бахдам зарцуулах жаргалын амтыг ч ойлгодог болж. Залуучуудын хөдөлмөрийн төв биржид өдөрт 50-70 залуу ажил хайж ханддагаас 70 хувь нь цагийн ажил хайж буй оюутан залуус байдаг гэсэн тоон баримт үүнийг батална.
О.УНДАРМАА