Монголд том, жижиг 300 орчим уурхай үйл ажиллагаа явуулдаг гэсэн дүн бий. Тэдгээрийн тусгай зөвшөөрлийг эзэмшигчид бүгд экспортлогч биш ч бүтээгдэхүүнээ борлуулдаг хэд нь худалдан авагчаа (бараг бүгд урд хөршийн) “булаацалдахдаа” уралдаж очоод бүтээгдэхүүнээ хямд үнээр зарчихдаг. Манай улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа. Эдийн засагт жин дардаг тус салбараас орж ирэх орлого буурахад валютын нөөц дундрахаас авахуулаад зовлон мундахгүй. Тэгвэл эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх гарц нь Эрдэс баялгийн биржтэй болох юм. Ийм бирж байгуулахаар сүүлийн жилүүдэд салбарын яамны мэргэжилтнүүд судалж буй. Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг ирэх оны эхний улиралд эхлүүлнэ гэж хэвлэлээр мэдээлж буй ч энэ хугацаанд амжихгүй байх магадлалтай юм. Тодорхой хугацааг товлон хэлэх боломжгүй байгааг яамны мэргэжилтнүүд учирлаж байна.
Монгол Улс Эрдэс баялгийн бирж байгуулахтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан байдаг. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн оны нэгдүгээр сард баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, мөн Засгийн газраас өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 дүгээр тогтоолыг энд дурдаж болно. Тус биржийг хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан байгуулахыг дээрх тогтоолд тусгаад буй. Өөрөөр хэлбэл, төр хувьцаа эзэмшиж, үйл ажиллагаанд нь оролцохгүй, бирж байгуулахад зориулж улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй юм байна.
Мөн “Түлхүүр гардуулах нөхцөл өөр Эрдэс баялгийн бирж байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын төслийг хэлэлцүүлнэ” гэж тусгасан. Тэгэхээр тухайн сонирхлоо илэрхийлэгч түншлэл нь бирж байгуулах тооцоо судалгаа, шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бусад саналаа төсөл хэлбэрээр ирүүлэх учиртай гэнэ. Хөрөнгө оруулагч нь барилга байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчнээ бэлтгэх гээд бүхий л зүйлийг хариуцах ёстой аж. Түншлэлийн сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд явуулахаар төлөвлөж буйг Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр дуулгалаа. Ер нь бирж байгуулах ажлыг шуурхайлж буй гэнэ. Эрдэс баялгийн биржийг аж ахуйн нэгжийн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг нь хянах аж.
Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнхийг БНХАУ худалдан авдаг. Харин бүс нутгийн Япон, Солонгос, Тайвань болон бусад оронд бид “хүрч” чаддаггүй. Гэтэл урд хөршид манайхаас гадна Австрали, ОХУ, АНУ, Канад гээд нийлүүлэгч мундахгүй. Ази, Номхон далайн эрдэс баялгийн зах зээл том гэдэг нь мэдээж. Том зах зээлд бүтээгдэхүүнээ зарахын тулд биржийг байгуулахдаа анхнаас нь онцгойлон анхаарна гэдгийг салбарын яамныхан дуулгаж байна. Тиймээс ч энэ чиглэлээр мэргэшсэн, дагнасан, туршлага бүхий, үйл ажиллагааг нь аваад явчих түншлэлийг сонгох гэнэ.
ДУНДЫН ЗУУЧЛАГЧ ТАЛБАРТАЙ БОЛСНЫ ДАВУУ ТАЛУУД
Бирж нь бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй аж ахуйн нэгжийг худалдан авагчтай зуучилдаг дундын талбар билээ. Өнөөдрийн байдлаар олборлогч, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ дор бүрнээ экспортолж буйг дээр дурдсан. Үүнээс үүдэн худалдан авагчтайгаа шууд харилцаа тогтоож чаддаггүй, төлбөр тооцооны уян хатан нөхцөлийг импортлогч компаниуд санал болгож чаддаггүй гээд бэрхшээл бий. Экспортлогчдын хувьд худалдан авагч олохын тулд хугацаа алдана, бүтээгдэхүүний чанар нэгэн жигд байж чаддаггүй гээд асуудал цөөнгүй. Тэгвэл Эрдэс баялгийн биржтэй болчихвол худалдан авагч завсрын зуучлагчдад хандах шаардлагагүй болно. Түүхий эдүүдийн эцсийн худалдан авагч нь гангийн үйлдвэр, цахилгаан станц юм. Манайхан нэг бол уурхайн амнаас, эсвэл хил дээрээс, түүний дараа бас нэг “ченжид” зарж, тэр нь худалдан авагчдад хүргэж буй.
Ийнхүү дундын шат дамжлагаас болж хугацаа алдан, орлого багасаж буй нь мэдээж. Харин биржтэй болчихвол ханш, нийлүүлэлтийн тогтвортой байдал, бүтээгдэхүүний чанартай холбоотой бизнесийн гэрээ хэлэлцээрийг олон улсын жишгийн дагуу, зах зээлийн зарчмаар явуулах давуу талтай. Ингэснээр түүхий эдээ олон улсын зах зээлийн жишиг үнээс хямд борлуулж байгаа нь өөрчлөгдөж, бодит ханшид дөхөж очих чухал ач холбогдолтой. Монгол Улсын нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспорт жилд 2-3 тэрбум ам.долларт хэлбэлздэг. Тэгвэл дэлхийн зах зээлийн ханшаас хямд үнээр борлуулж буй дээрх тавааруудын экспортын орлого хоёр, бүр гурав дахин өсөх боломжтой гэсэн урьдчилсан таамаг бий. Биржээр дамжуулж арилжаа хийхэд худалдан авагчид олон байна. Тэдгээр нь хоорондоо өрсөлдөж, үнэ хаялцсанаар тавааруудын ханш өсөх юм. Түүнчлэн компаниудын бүтээгдэхүүний борлуулалтын үнэ ил тод, нээлттэй байснаар тухайн аж ахуйн нэгжийн улсад төлөх татварын хэмжээ тодорхой байна. Улмаар татварын, гаалийн байгууллагын зүгээс тавих хяналтын шат дамжлага цөөрч, зардал хэмнэх аж. Үүнээс гадна зах зээл дэх арилжааны дийлэнх хэсэг биржид төвлөрдөг учраас тэнд цугласан мэдээлэл нь судалгааны маш том суурь болдог байна.
Иймээс зах зээлийн одоогийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, худалдан авагч талуудын эрэлт, шаардлага, хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээлэл биржид төвлөрнө гэсэн үг. Улмаар экспортлогч аж ахуйн нэгжүүд ирээдүйн үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөх, түүнд нийцүүлж зохицуулах боломж бүрдэх юм. Гагцхүү Эрдэс баялгийн бирж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг тул нарийн зохион байгуулалттай бүтэц шаардлагатай аж. Биржийн үйл ажиллагааг амжилттай явуулахад зайлшгүй шаардлагатай бусад функц болох банк санхүүгийн үйлчилгээ, тээвэр ложистик нь бүрдсэн байх учиртай гэнэ. Дотоодын экспортлогчид төлбөрөө 100 хувь урьдчилан авах сонирхолтой байдаг. (Энэ нь манай өрсөлдөх чадварыг бууруулахад хүргэдэг) Харин худалдан авагч тал нийлүүлснийх нь дараа төлье гэдэг. Тэгвэл биржтэй болсноор төлбөр тооцооны уян хатан нөхцөлийг санал болгож чадсан нь бүтээгдэхүүн авах боломжтой. Энэ нь бидэнд бас нэг давуу тал бүрдүүлэх юм. Австрали, АНУ, Канад зэрэг улсад банк, санх үүгийн тогтолцоо хөгжсөн, санхүүгийн үүсмэл хэрэгслүүд олон байдаг.
Тэдгээрт гадаад худалдааны төлбөр тооцоо хариуцсан даатгалын компаниуд бий учраас төлбөрийг уян хатан зохицуулж чаддаг. Гэрээ хийхдээ гааль дээр төд, худалдан авагчид хүргэсний дараа төдөн хувийг төлнө гэх мэтээр зохицуулдаг байна. Биржид олон улсын худалдаа эрх зүйн дагуу гэрээ хэлэлцээр байгуулж буй тохиолдолд бирж төлбөр тооцооны үүрэг хариуцлагыг нь баталгаажуулаад өгчих учир аль аль талдаа илүү уян хатан нөхцөл бүрдэх гэнэ. Манайд банк санх үүгийн байгууллагууд, даатгалын компаниуд бий. Тэгвэл тээвэр ложистикийн тухайд хийх тодорхой ажлууд бий аж.
ТҮҮХИЙ ЭДИЙН СТАНДАРТТАЙ БОЛНО
Монгол Улс одоогоор нүүрсээ л ангилж буй. Тэгвэл Эрдэс баялгийн биржтэй болчихвол түүхий эд болон тодорхой хэмжээнд боловсруулсан бүтээгдэх үүнд стандарт тавих зайлшгүй шаардлагатай. Биржид зөвхөн нэг удаагийн арилжаа хийгээд зогсохгүй, ирээдүйд 3-6 сар, магадгүй зарим тохиолдолд бүтэн жилийн дараа худалдах гэрээг урьдчилан байгуулах учраас тэр. Ийнхүү санхүүгийн үүсмэл хэрэгсэлд тулгуурласан ирээдүйн худалдан авалтаар баталгаажуулсан арилжаа хийх тул дээрх хугацааны дараа “хүрэх” захисан бүтээгдэхүүн нь чанар, стандарт хангасан байх ёстой. Худалдан авагч талаас ийм шаардлага тавих нь зүйн хэрэг тул тавааруудын стандарт бий болгох нь. Эрдэс баялгийн биржид форвард, фьючерс, опшион төрлийн арилжаа нь нийт арилжааны 70-80 хувийг бүрдүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Олон улсын биржүүдэд ч ийм харьцаатай байдаг жишигтэй гэнэ. Энэ нь манайд бас нэг давуу талыг бий болгох юм. Гурван сараас нэг жилээр урьдчилаад бүтээгдэхүүний үнээ тохирох тул таваарын ханшийн гэнэтийн хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх “хамгаалалт”-тай болно гэсэн үг.
Азийн уул уурхайн зарим биржийн үйл ажиллагааг сонирхвол:
Тяньжиний Эрдэс баялгийн бирж (TMRE) нь 2013 онд 150 тэрбум ам.долларын арилжаа хийжээ. 200 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн арилждагаас дийлэнх худалдаа нь газрын тос, цайр, алт, мөнгө, нүүрснийх аж. Металлуудыг Нью-Йоркийн болон Лондоны металлын биржийн үнээр, төмрийн хүдрийг “Xstrata” компанийн худалдааны гэрээний үнээр борлуулдаг. Компанийн хэлбэрээр ажилладаг, Удирдах зөвлөлд нь төрийн байгууллагын төлөөлөл заавал оролцдог аж. Биржээр борлуулсан бараа бүтээгдэхүүний мөнгөн дүнгээс авах шимтгэл нь бүтээгдэхүүн бүр дээр харилцан адилгүй байдаг. Зэсийн баяжмалын арилжааны 10.000 юань тутмаас найман юанийн шимтгэл авдаг гэнэ.
Энэтхэг улсын Мумбайн уул уурхайн бүтээгдэхүүний бирж (“Multi Commodity Exchange of India” компани) нь алт, газрын тос, мөнгө, зэс, байгалийн хий, цайр, никель зэрэг бүтээгдэхүүн арилждаг гэнэ. Уг бирж нь Энэтхэгийн Сангийн яамны Эдийн засгийн харилцааны газарт харьяалагддаг фьючерс арилжаа хийдэг хамгийн том байгууллага бөгөөд дороо 1900 хот сууринд орших 446.000 орчим оператор бүхий 2100 гишүүн компанитай. Хятадын Шанхай (TAIFEX), Нью-Йоркийн металлын бирж (CME Group), Лондоны металлын бирж (LME)-тэй хамтран ажилладаг. Тэнд худалдаа хийх гэрээ хэлцлийн хамгийн бага болон их хэмжээг тогтоосон байдаг аж.
Жишээлбэл, алтны нэг удаагийн худалдааны хэлцлийн хамгийн бага хэмжээ 10 грамм, хамгийн ихдээ 2.5 тонн гэнэ. Тяньжиний уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын бирж (TIME)-ийг Хятадын Газар, эрдэс баялгийн яам болон Тяньжиний Засгийн газар хамтран 2010 онд байгуулсан нь улсынхаа санхүүгийн тэргүүлэгч байгууллага болж чаджээ. Төрийн өмчийн тус биржээр урд хөршийн нутагт болон хилийн чанадад уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл арилжих, шинэ бүтээгдэхүүн, геологийн хайгуул, уул уурхайн шинэ төслийг санхүүжүүлэх, бүтээгдэхүүн худалдах зэрэг дөрвөн чиглэлээр ажилладаг. Мөн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэнд жилд дунджаар 10 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг бөгөөд шинэ төслийг ихэвчлэн Хятадын дотоодын сангууд санхүүжүүлдэг нь жилд 150 орчим сая ам.долларт хүрдэг байна.
НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШ БОРЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Эрдэс баялгийн биржээр дамжуулан борлуулах боломжтой түүхий эдийн сонголт манайд олон бий. Ашигт малтмалын нэр төрөл харьцангуй олон, тус бүрийнх нь нөөц баялаг арвин учраас тэр. Тэгвэл Эрдэс баялгийн биржид эхний ээлжинд нүүрс, төмрийн хүдэр, жонш борлуулахаар төлөвлөжээ. “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компани борлуулалтаа хийхдээ олон улсын буюу Лондоны металлын биржийн үнийг суурь индекс болгож тооцож байгаа учраас зэсийн баяжмалыг багтаагаагүй байна. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмалын хувьд дэлхийн зах зээлийн үнээс хямд зарж байгаа “хүндрэл” ашигт малтмалын бусад төрөлтэй харьцуулахад үгүй гэхэд болно. Хүсвэл аж ахуйн нэгжүүд биржээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой юм билээ. Гаднын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний борлуулалтыг зөвхөн биржээр дамжуулж хий гэж аж ахуйн нэгжүүдэд тулгахгүй гэнэ. Худалдан авагчтайгаа шууд харилцаа тогтоогоод, боломжийн үнээр борлуулж байгаа бол заавал Эрдэс баялгийн биржээр дамжуулах албагүй гэсэн үг. Ер нь бусад оронд ч ийм жишиг байдаг аж.
МОНГОЛЫН БОЛОМЖ
Монголын ашигт малтмалын баялаг чанарын шаардлага хангадаг. Нөгөөтэйгүүр, олборлолтын зардал бага. Бас нэг давуу тал бий нь газар зүйн байрлал юм. Манай хамгийн том худалдан авагч БНХАУ далайн эрэг дагуух зүүн өмнөд хэсгээрээ бүтээн байгуулах бодлого баримталж байсан бол одоо баруун хойд бүс нутгуудаа, төвийн хэсгийн районуудаа хөгжүүлэх хандлагатай болжээ. Ингэснээр олборлож буй бүтээгдэхүүнээ заавал Тяньжин, Хонконг, Гуанжоу хүргэх гэж “зүдрэх” шаардлагагүй болох хэрэг. Урд хөршид манайхаас түүхий эд худалдаж авах хэрэгцээ шаардлага байдаг, түүнийгээ ч илэрхийлдэг. Гагцхүү нийлүүлэлт тогтвортой байх хэрэгтэйг тэд хэлдэг гэнэ. Өнөөдөр урт хугацааны гэрээ байгууллаа гэхэд тохиролцсоны дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй. Тэгвэл нийлүүлэлтийн тогтвортой байлгах нэг гол хүчин зүйл нь Эрдэс баялгийн бирж гэхэд болно.
Олборлогч А компани чадахгүй бол Б компани нийлүүлнэ гэхээр хэн чадаж байгаа нь зах зээлд оролцоно гэсэн үг. Гагцхүү тээвэрлэлтийн зардлаа багасгаж чадвал өрсөлдөх чадвар дээшлээд явчихна. Чанартай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлээд эхэлбэл, ерөнхий утгаар нь авч үзвэл эрдэс баялгийн салбарын зах зээл дэх Монгол Улсын нэр хүнд өсөх учиртай. Монголын бүтээгдэхүүн чанартай, цаг хугацаандаа “очдог”, боловсруулах үйлдвэрүүдийн найдвартай ханган нийлүүлэгч байж чадахаа харуулна. Одоо бол ийм брэнд имиж бий болгож чадахгүй байгаа нь үнэн. Ямар сайндаа нэг компанитай гэрээ байгуулснаа маргааш нь арай илүү үнэ хэлсэнд нь бүтээгдэхүүн нийлүүлэх болсон тохиолдол гарч байх вэ дээ!
Ц.БОЛОРМАА