Хэлбэр хэвээр ч агуулга өөрчлөгдөнө
“Сонгуулийн хуулийг УИХ-д удахгүй өргөн барина”... Энэ өгүүлбэр Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагийн амнаас унах болсоор жил тойрлоо. Эхлээд “Төслийн техникийн хувилбар бэлэн болсон. Зарчмын ганц хоёр асуудлаа тохиролцоод болно” гэж байлаа. Одоо “Төсөл бараг бэлэн болсон” гэсэн атлаа өнөөх “ганц хоёр” асуудлаа шийдэж, тохиролцож завдаагүй явна. Засгийн газар солигдоход УИХ-аас байгуулсан гурван том хуулийн төслийн Ажлын хэсгээс хоёрынх нь ахлагчийг өөрчилсөн юм. Харин Р.Бурмааг “Эхлүүлснээ дуусга” гээд үлдээсэн. Тэгэхээр хамгийн тогтвортой ажиллаж буй Ажлын хэсэг нь энэ. Бүрэлдэхүүнд нь УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл орсон. Төсөл боловсруулахдаа бас УИХ-д суудалгүй намуудтай ч хэдэнтээ уулзаж, санал сонссон. Ажлын хэсгийнхний “удахгүй” гэдэг үг “өнөө, маргаашгүй” гэдгээр солигдсоныг эс тооцвол бүх зүйл байрандаа шахам байх шиг.
УИХ-ын сонгуулийн мажоритар, холимог тогтолцоог манай улс туршаад үзчихсэн. Мажоритар системд тойргийг томсгож, багасгаж хэдэнтээ өөрчлөөд 2012 онд холимог хувилбар сонгосон. Ингэхдээ 76 гишүүний 48-ыг тойргийн буюу мажоритар системээр, үлдсэнийг намын жагсаалтаар сонгосон. Тэр үедээ ярилцаж, зөвшилцөөд л хамгийн мэргэн сонголт нь болсон биз. Гэтэл УИХ-д холимог системээр ороод ирчихсэн гишүүд хоорондоо нэгнээ ялгаварлаж эхлэв. Үнэндээ намын саналаар хэний ч танихгүй, төрийн байгууллагад ажиллаж, шат дамжлагыг нь дамжаагүй хүмүүс УИХ-д ороод ирчихсэн нь үнэн. “Ард түмний мандат аваагүй байж чи дуугүй бай”, “Жагсаалтаар сонгогдсон гишүүн өөрийн үзэл бодолтой байж болохгүй” гэх мэт “гадуурхал” бий болсон билээ. Бас 2012 онд үнэ цэнэтэй гэж үзсэн энэ тогтолцоо нь одоо ашиггүй санагдсан ч байж болох.
МАН-ынхан нэг хэсэг “100 хувь мажоритар системээр сонгууль хийнэ” гэж зүтгэсэн. Гэтэл 2011 онд тус намын нэр бүхий гишүүд “100 хувь пропорциональ тогтолцоо л хамгийн төгс” гээд явж байлаа. Цаг хугацаа дагаж ашиг сонирхол өөрчлөгддөгийн нэг баталгаа энэ. АН-ын хувьд 50:50 хувь буюу 38:38 гэсэн сонголт дээр нэг хэсэг зогссон. Сонгуулийн хуулийн төсөл дээр зөвшилцөж чадахгүй байгаа өнөөх “ганц хоёр” зүйл нь энэ. Ер нь тогтолцооноос бусад зохицуулалт Ажлын хэсэг байгуулсан эхний жилд л тодорхой болчихсон гэхэд хилсдэхгүй. Гагцхүү энэ асуудлаар л бараг хоёр жил “зөвшилцөж” байна. Юутай ч хувьсан өөрчлөгдсөн үзэл бодлууд эцэстээ холимог дээрээ нийлж буй бололтой. Мажоритар, пропорциональ тогтолцооны аль давууг “хамаад” л өнөөдрийн Сонгуулийн тухай хуулийг боловсруулж баталсан учраас тэр. 100 хувь пропорциональ тогтолцоотой байх тухай намуудын аль нь ч ярихгүй байгааг та бүхэн анзаарсан байх. Үндсэн хуульд “Иргэд төлөөллөө шууд сонгоно” гэсэн заалт байдаг учраас 2012 онд холимог систем нэвтрүүлэх гэж багагүй зөрчилдсөн.
Намын жагсаалтаар сонгох нь хууль зөрчсөн хэрэг гэж үздэг хүмүүс одоо ч бий. Гэвч эргэж, буцсаар холимог дээрээ, тэр дундаа одоо хүчинтэй байгаа 48:28 гэсэн харьцаан дээр нэгдэх төлөвтэй. Хэдий харьцаа нь адилхан ч 2012 оны Сонгуулийн хуулиас агуулгын хувьд ялгаатай. Өөрөөр хэлбэл, хэлбэр хэвээр ч агуулга өөрчлөгдөх нь. 48 гишүүнийг тойргоос сонгохдоо нэг аймгийг хоёр болгон хуваах гэнэ. Уг нь хэдхэн сарын өмнө “Улс нэг тойрог байна” энэ тэр гэж байсан юмсан. Тойрог жижигрэхийн хэрээр сонгогчийн саналыг худалдаж авах боломж бүрддэг. Нөгөө талаар сонгуулийн сурталчилгааны хугацааг улам бүр хумих саналыг архаг улстөрчид дэмжиж байна. Энэ нь “Танигдсан улстөрчид л тунаж үлдэнэ” хэмээн сонсогдож буй юм. Шинэ хүмүүст боломж олгохгүй шахах, яаж ийгээд дахин сонгогдох нүхээ ухахгүй юм бол УИХ-д сууж буйн хэрэг гарахгүй гэж манай түшээд бодож суугаа биз. УИХ-д суудалтай улс төрийн намууд Сонгуулийн хуулийн төслөөр тохиролцохоос өөр гарц үгүй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө уг хуулийг өөрчлөх ёсгүй. Тэгэхээр энэ УИХ-д хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад зургаан сарын хугацаа үлдсэн. Хаврын чуулганаар амжуулан төслөө өргөн барихаар Р.Бурмаа гишүүний баг зүтгэж байгаа ч улстөрчид тийм ч амархан зөвшилцөж чадахгүй алгуурлаж буй.
Энэ хаврын чуулганаар биш юм гэхэд, намрын чуулганаар төслийг өргөн барьж, ондоо багтаан батлах ёстой. Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдөг нь манай улс төрд тогтсон уламжлал хойно. 2007, 2011 онд арванхоёрдугаар сарын 20-д нэлээд гаргаад, шинэ жилийн баярын уур амьсгал орж, олон нийтийн анхаарал суларсан үеэр Сонгуулийн хуулийг өөрчлөн баталж байсан түүх бий. Энэ удаа ч УИХ “уламжлалаа” давтаж мэдэх нь. Төслийг тойрсон элдэв шүүмжлэл, гомдол, хардлага өрнөж байна. Гэвч хуулийг өөрчлөхдөө алхам алхмаар сайжруулж байгааг үгүйсгэж болохгүй. УИХ-д суудалтай гол намуудын гэхээсээ нийт нам, ард түмний эрх ашгийг хангасан, хуудуу булхайгүй сонгууль явуулах, төрд итгэх итгэлийг сэргээхээр төсөл оруулж ирээсэй хэмээх найдлага тасраагүй байна.
С.ТУУЛ
ИНФОГРАФИК

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Х.БОЛОРЧУЛУУН: Тойргийг жижиглэснээр хөрөнгө мөнгөөр нөлөөлөх хүчин зүйлийг ихэсгэх магадлалтай

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт багтаж буй УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын явц хэр байна вэ. Хэзээ УИХ-д өргөн барих вэ?
-Сонгуулийн хуулийн ажлын явц 90 хувьтай явж байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр (өчигдөр) сонгуулийн ажлын хэсэг хуралдана. Тэгээд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэх шатанд шилжүүлэх байх. Нэг сайн хууль гаргаад түүнийгээ тогтвортой хэрэглэх нь чухал. Гэтэл сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилж байна. Энэ нь хардлага сэрдлэг дагуулж байгаа. Мөн эрх баригч намууд өөрийн талд ашигтай байх бүх нүх сүвийг эрэлхийлж байна. Ер нь 2012 онд мөрдсөн сонгуулийн хууль сайн болсон. Элдэв шоу цэнгээн зохион байгуулах зэрэг ард түмнийг мөнгө төгрөгөөр урвуулах байдлыг хязгаарласан хууль болсон. Мөн аймгийг нэг тойрог гэж үзэн, томсгосон тойргоор сонгууль явуулсан. 28 гишүүн намын нэрээр УИХ-д сууж, Үндсэн хууль зөрчсөн дутагдалтай тал бий л дээ. Гэхдээ л сайн хууль. Одоогийн боловсруулж буй хууль 2012 оныхоос нэлээд өөр болох шинжтэй байгаа. 28 нэр дэвшигч нь намын нэрээр, 48 нь тойргоос нэр дэвшинэ гэж байгаа. Гэхдээ нэг аймгийг хувааж, хоёр тойрог болгох гэж байна. Хувааж байгаа үндэслэлээ нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөөд байна гэж тайлбарладаг. Энэ бол жижиг асуудал. Нэг намын нэр дэвшигчид эв найртай, хөтлөлцөөд явах л ёстой. Тойргийг жижиглэснээр мөнгө хөрөнгөөр нөлөөлөх хүчин зүйлийг ихэсгэх магадлалтай. Жижиг тойрогт цөөн сонгогчтой тулж ажиллана. УИХ-д мөнгө, хөрөнгийнхөө тоог мэдэхгүй, авлига хээл хахуулиар баяжсан хүн олон байна. Тэд мөнгийг хайр найргүй зарна шүү дээ.
-Тойргийг бүр томсгож сонгууль явуулах хувилбар ярьж байгаа гэсэн.
-Монгол Улсыг таван бүс болгоод явах хувилбар ярьж байгаа. Энэ хувилбараар Улаанбаатар нэг бүс, хойд, урд, зүүн, баруун бүс гэж хуваах юм байх. Нэг бүсэд таван аймаг багтана. Ингэхдээ нэр дэвшигчийн нэрийн ард намын нэрийг зүүнэ. Нэр дэвшигчид өгсөн санал намд нь бас тоологдоно гэсэн үг. Энэ хувилбараар явуулахаар хоёр нам тохиролцсон гэж яриад байгаа. Энэ бол оновчтой хувилбар биш. Таван аймгийн сонгогчид сонгуулийн 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчийг таньж чадахгүй. Ялангуяа шинэ нэр дэвшигчийг танихгүй. Тэгэхээр УИХ-д олон жил суусан хүмүүсийнхээ нэрийг сонгогчид дугуйлчихна. Энэ хувилбар парламентад “шинэ салхи сэвэлзэх” боломжийг хаана. Нэг намаас таван хүн нэр дэвшинэ. 10 нам сонгуульд оролцвол 50 нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөх нь. Хүмүүс таамгаар дугуйлна, итгэл үнэмшилтэй сонголт хийж чадахгүй. Уг нь Монголын төрд шинэ хүмүүс оруулж ирэх хэрэгтэй байна. Шинэ хүн олноор орж ирэх тусам Монголын төр цэвэршинэ. МАНАН-г бүрдүүлж буй хүмүүс үнэхээр бохирдсон, авлигад баригдсан. Дунд нь орж ирээд л үүнийг мэдэрлээ. Шинэ хүн парламентад орж ирэх боломжийг нээх хэрэгтэй.
-Ажлын хэсгийнхэн тойрог жижиглэх хувилбарыг дэмжихээр болчихсон юм уу?
-Намууд ингэж хэлбийгээд байна. Түрүүний миний ярьсан, нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг гэсэн тайлбар л үүн рүү хөтлөөд байгаа. Энэ тийм ч оновчтой биш. Жишээ нь, Дорнод аймгийг Хэрлэн голын хойд, урд гэж хуваагаад сонгууль явуулах нь байна шүү дээ. Дорнод аймагт 2012 онд 50 мянган хүн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Үүнээс 30 мянга нь саналаа өгсөн. Хоёр тойрогт хуваавал нэгд нь 15 мянган хүн санал өгнө гэсэн үг. Мөнгөөр шийдэх сонирхолтой хүмүүс 8000 сонгогчид нөлөөлөхөд ялах нь байна. Нэг аймгийг хоёр хуваах нь сөрөг үр дагавартай.
-Хоёр том нам хувилбар дээрээ тохиролцчихвол хуулийн төсөл бэлэн болчих гээд байна уу?
-Засгийн газарт хамтарч байгаа хоёр том нам парламентын олонхийг бүрдүүлдэг. Ер нь хамтарсан үедээ л олон муу муухай юмыг хийдэг шүү дээ.
-Ажлын хэсгийнхэн хөндлөнгийн эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн сонгуулийн системийн хувилбарыг хэлэлцсэн болов уу?
-Яам, Тамгын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэд олон улсын жишгийг судалсан. Ер нь Монголд сонгуулийн хуулиар мэргэшсэн эрдэмтэн байхгүй. Хуулийн төслийг Байнгын хороо, УИХ хэлэлцэнэ. Ямар хууль батлагдахыг өнөөдөр таашгүй.
-Бие даагчид нэр дэвших боломжгүй хувилбар батлахаар ярилцаад та нарыг намдаа элсэхийг урьсан гэсэн. Энэ үнэн үү?
-Бие даагчдыг шахсан хууль болох гэж байгаа. Бидэнд манай намд орж, нэр дэвшээч, тойрог өгье гэсэн санал ирсэн. Намынх нь нэрийг хэлээд юу хийх вэ. Бие даагчдын рейтинг намуудын дээр гарч айлгалаа. Нам гэж аалзны торонд хүлэгдэж, өөрсдийнх нь эсрэг үйлчлэх хууль баталдаг, гэрээ хийдэг байдлаас ард түмэн залхаж байна. Тиймээс хараат бус гишүүдийг хүсэж байгаа хэрэг. Найман бие даагч ялалт байгуулаад ч бүлэг болж чадахгүй. Тийм эрх зүйн орчин байхгүй. Ер нь бие даагч баг болж, улс төр хийх субъект биш гэж боддог. Харин болж бүтэхгүй байгаа зүйлийг гарган ирж, шүүмжлэл өрнүүлж болно.
Т.ЭНХБАТ
БАЙР СУУРЬ

Хуучин хуулиараа сонгууль явуулах хэрэгтэй
Ш.ТӨМӨРСҮХ (Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга):
-Манай нам хоёр сарын өмнө сонгуулийг 2012 оны хуулиар явуулах шаардлага хүргүүлсэн. Бид хуучин хуулиар нь явуулахыг дэмжиж байгаа. Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр сонгогчид будилчихдаг. Том намууд 2008, 2012 онд сонгуулийн хуулийг өөрчилж будилуулсан. Харин бид намын нэрийг саналын хуудас дээр Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь биш, нэг хуудаст багтаан нарны цацраг хэлбэрээр дугуйлж бичээч гэсэн санал гаргасан. Цувуулаад бичихээр сонгогчид дараагийн хуудсыг нь эргүүлж харахгүй саналаа өгчихдөг юм. Монгол Улсыг таван бүсэд хувааж, томсгосон тойргоор сонгууль явуулна. Нэр дэвшигчийн ард намын нэрийг нь зооно гэх мэт хувилбар ярьж л байна лээ. Бас л сонгогчдын булилуулах зүйл шүү дээ. Том намууд өөрсдөө ашигтай хувилбарыг л гаргаж тавина. Ерөөсөө өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж ирэхээр сонгуулийн хуулийг өөрчилсөөр ирсэн шүү дээ. Үүнийг би оюун санааны терроризм гэж нэрлэдэг. Санал авахын тулд сонгогчдын оюун санааг будилуулж байгаа учраас ингэж нэрлэдэг юм. Сонгуулийн хуулийг бүү өөрчлөөсэй гэж бодож байна.
Г.БАЯРСАЙХАН (УИХ-ын гишүүн):
ХАМТАРЧ, НЭГДСЭН НӨХДӨӨС ХАМАГ ЗҮЙЛ ШАЛТГААЛАХ ГЭЭД БАЙНА
-2012 оны сонгууль явуулсан хуулийг боловсруулах үед парламентад олонхийг бүрдүүлж байсан хоёр намын хүчний харьцаа нэлээд тэнцвэртэй байсан учраас тус хуулийг боломжийн гэж би л лав хувьдаа үнэлдэг. Ард түмэн улс төрийн намын ард хэсэг, бүлэг хүн нуугдан төрд шургалж, бодлогод нөлөөлж байгааг шүүмжилдэг. Одоо хүчин төгөлдөр буй Сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын нийт гишүүний 48-ыг нь ард түмнээс шууд сонгож байгаа нь Үндсэн хуультай нийцэж байгаа. Сүүлийн үед эдгээрийг жижигсгэж, задлах талаар ярьж байгааг би дэмждэггүй. Ингэвэл мөнгөтэй хүмүүс нь хороо хороогоор нь санал худалдаад авчихна шүү дээ. Тойргийг томоор нь үлдээх ёстой. Нөгөө талаас үлдсэн 28-аас жагсаалтын дээгүүр бичигдсэн хүмүүст илүү боломж бий болдог. Тиймээс ч үүний төлөө нам дотроо өрсөлдөж, тэмцэлддэг. Энэ мөн л ард түмний шүүмжлэлийн бай болж буй асуудал. Жагсаалтад бичсэн дарааллаар бус, тэндээс ч бас хүнийг нь харж сонгох боломжтойгоор ирэх сонгуулийг зохион байгуулбал зүйтэй. Үүнээс гадна сонгуулийн хугацааг багасгах, нэг дор зохион байгуулахыг дэмжиж байна. Дөрвөн жилд ганц зун л сонгуулиар амьсгалъя л даа. Эцэст нь хэлэхэд Ардын нам Засгийн газарт ажил хэрэгчээр хамтарч чадвал Сонгуулийн болон бусад хүлээлт үүсгэсэн хуулийг баталчих байх. Хамтарч, нэгдсэн нөхдөөс хамаг зүйл шалтгаалах гээд байна.
Л.БОЛД (УИХ-ын гишүүн):
НАМЫГ НЬ Ч, ХҮНИЙГ НЬ Ч ХАРЖ СОНГОХ УЧИРТАЙ
-Сонгуулийн хуульд томоохон реформ хийхийн тулд одоогийн хуулиа шинэчлэх ёстой гэдэгтэй санал нийлдэг. 48:28 гэсэн хувилбар сонгуулийн шинэчлэл рүү хийсэн алхмуудын зөвхөн нэг нь. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент орж ирэх нь ч зөв. Одоогийн тогтолцооны пропорциональ элемент болох нэрийн жагсаалтын дагуу гишүүн болдог нь төлөөллөө шууд сонгох Үндсэн хуулийн зарчимтай зөрчилддөг. Намыг нь харж сонгож болно. Гэхдээ давхар хүнийг нь харж сонгох учиртай. Ардчилсан Үндсэн хууль баталж байхад Монгол Улс хоёр сая хүнтэй байсан. Одоо гурван сая хүнтэй. Энэ нь ард түмний төлөөлөл, харьцаа холдож байгаа хэрэг. Эсвэл парламентаа хоёр танхимтай болгох ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүний хувьд хэлэхэд, бид хоёр танхимтай парламенттай болох талаар тэгтлээ ярихгүй байгаа. Магадгүй ирээдүйд ингэж өөрчлөхийг үгүйсгэхгүй. Харин хүн амынхаа тоонд нийцүүлж парламентын гишүүний тоог нэмье гэж нэлээд ярьж байгаа. Үүнийг ч би дэмжиж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тоо нэмэгдэх нь тийм буруу зүйл биш.