Шийдлийн Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдахдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан энэхүү санаачилгын гол зорилго нь төрийн албан хаагчид, ялангуяа яам, агентлагийн дарга нар төрийн өмчит компаниудын ТУЗ-д багтдаг бичигдээгүй хуулийг өөрчлөх байв. Учир нь төрийн захиргааны удирдах ажилтнууд ТУЗ-ийн дарга, гишүүн болчихоод өөрийн харьяаллын компанид давуу эрх олгохоос эхлээд хоёр ажлынхаа аль нэгийг орхигдуулдаг талтай гэдгийг олон жил шүүмжилсээр ирсэн. Тиймээс Засгийн газрын тэргүүн яам, агентлагийн дарга нарыг ТУЗ-д байхыг хориглож, оронд нь салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг төрийн өмчийн компаниудад төрийн төлөөлөл болгож оруулах үүрэг өгсөн юм.
Харин энэхүү шийдвэр бодит амьдралд хэрхэн хэрэгжиж, төрийн өмчит компаниудын ТУЗ өмнөхөөсөө яаж өөрчлөгдөж байгааг, хэнийг хэнээр сольсон талаар “Өнөөдөр” сонин уншигчдадаа цувралаар хүргэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлдэг ганц байгууллага нь Төрийн өмчийн хороо. Тиймээс төрийн өмчийн оролцоотой болон хамтарсан 57 компанийн ТУЗ-ийг тэд томилох учиртай. Харамсалтай нь, дөрвөн жил тутам төрийн механизмыг үймүүлэн “самардаг” УИХ-ын сонгууль, байсхийгээд л “төрөл арилждаг” Засгийн газрын бүтэц, сайд, дарга нараас болоод энэ бодлого үндсэндээ алдагдсаныг Төрийн өмчийн хорооныхон ч хэлдэг. Тухайлбал, эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн дарга нарын суудлыг ЭХЯ, замын компаниудынхыг Зам, тээврийн яам нь авах гэж улайран зүтгэсээр дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргынхаа толгойг тэр “нүх” рүү чихээд авна.
Саяхныг хүртэл эрчим хүний 20 орчим компанийн ТУЗ-ийн даргыг Эрчим хүчний яамны удирдах албан тушаалтнуудаас томилдог байсан нь үүний нотолгоо. Харин одоо энэ байдлыг цэгцлээд дуусаж буй гэнэ. Ямартай ч төрийн өмчийн 57 компанийн ТУЗ-д одоо яамдаас нэг ч Төрийн нарийн бичгийн дарга байхгүй гэсэн. Гэхдээ энэ салбарын онцлогоос шалтгаалж, ЭХЯ-ны газрын дарга нараас нэлээд төлөөлөл оруулсан юм байх. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ТӨХ-ны мэдлийн 50 гаруй компанийн ТУЗийн 40-80 хувийг нь шинэчилсэн байна. Харин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК, “Гермон газ” ХХК, “Сэлэнгэ АЗЗА”, “Дархан АЗЗА” компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулаагүй, хуучин бүрэлдэх үүнээрээ ажиллаж байгаа гэнэ.
Эхний удаад бид төрийн 100 хувийн эзэмшилд байдаг дорх хоёр компанийн ТУЗ-ийн дарга, гишүүдийг хэрхэн өөрчилснийг танилцуулж байна. Олон жилийн турш үйл ажиллагаа нь тушаатай юм шиг “гэлдэрсэн” “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын ТУЗ-ийн гишүүдийн бараг 80 хувь нь өөрчлөгджээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эрх мэдэлд байсан хүнд үйлдвэрийн бодлого сүүлд Аж үйлдвэрийн яам байгуулагдахад тийш “шидэгдсэн” учраас ТУЗ-ийн дарга, гишүүдийн дийлэнх солигдсон байх юм. Хөдөө аж ахуйн бирж ч мөн ялгаагүй.

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
В.ДАРХАНБААТАР: ТУЗ-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО ГЭЭД
ХУВЬ ХҮНД ЯМАР Ч АШИГГҮЙ, ХАРИУЦЛАГА Л НЭМЭГДДЭГ
ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, төлөөллийн газрын дарга В.Дарханбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Төрийн өмчит компаниудын ТУЗ-д нийтдээ 470 орчим хүн харьяалагддаг гэсэн. Зарим гишүүн энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаа өгч байгаа гэж дуулдах юм?
-Төрийн өмчийн 57 компанийн ТУЗ-д давхардсан тоогоор 469 гишүүн ажиллаж байна. Есөн гишүүнтэй ТУЗ-д төрийн өмчийн төлөөлөл нь зургаан хүн байдаг. Үлдсэн гурав нь хараат бус гишүүн. Хараат бус гишүүдийг Компанийн хуулийн дагуу нийтэд зарлаад, сонгон шалгаруулдаг учраас бид өөрчлөөгүй. Өөр ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн, хуралдаа суудаггүй гэсэн шалтгаанаар өөрчлөгдөж байгаа хараат бус гишүүд бол байгаа. Төрийн өмчийн төлөөллийн тухайд гэвэл, эрчим хүчний компани байлаа гэхэд ЭХЯ-наас гурав, ТӨХ-ноос хоёр, Сангийн яамнаас нэг төлөөлөл байдаг байсан. Үүнийг өөрчилж, ЭХЯ-ны гурван хүний нэгийг, ТӨХ-ны хоёр төлөөллийн нэгийг нь харьяа төрийн бус байгууллагаас, эсвэл эрдэмтдээс оруулах зарчим баримталж байна.
Өмнө нь нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга 3-4 компанийн ТУЗ-ийг удирддаг байсан. Харин одоо яамдаас яг тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийг төлөөллөөр орууллаа. Цаг үеийн шалтгаанаар ТУЗ-ийг нь өөрчлөөгүй гурав, дөрөвхөн компани үлдсэн. Гэхдээ бас нэг түвэгтэй зүйл байна. Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлийн гишүүдээс төрийн өмчийн компаниудын ТУЗ-д түлхүү оруулъя гэтэл зарим нь ашиг сонирхлын зөрчилтэй гээд, зарим нь “Ийм жижиг компанийн ТУЗ-д орохгүй” гэсэн шалтгаанаар өргөдлөө өгцгөөж байгаа.
-Төрийн өмчит компаниудын ТУЗын дарга, гишүүдийн цалинг бүгдийг нь тэгшитгэснээс болж, тэд авдаг хэдийгээ голоод ажлаа өгч байгаа гэдэг үнэн болов уу. Хэдэн хүн гарах өргөдлөө өгсөн бэ?
-ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод, шууд татгалзаж өргөдлөө өгсөн 4-5 хүн бий. Их сургуулийн багш, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын захирал, Автозамчдын холбооны тэргүүн, “Шарын гол” зэрэг хувийн компанийн төлөөлөл гээд хэд хэдэн хүн байгаа. Гэхдээ тэднийг цалингаа голоод гарч байна гэж хэлж болохгүй. Учир нь цалингийн дээд хязгаарыг сая тогтоосон юм биш шүү дээ. Харин үйл ажиллагааны цар хүрээг нь голсон байж болох. Ер нь ТУЗ-ийн гишүүн цалин хараад эхэлбэл тэр компанийн үйл ажиллагааг өөд татаж чадахгүй. Энэ бол сэтгэлтэй хүний л хийх ажил. 2012 он хүртэл ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалин өөр байсан. Тэр үед хамгийн дээд тал нь сард 800 мянган төгрөгийн цалин авдаг байв. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗийн гишүүн тийм цалинтай байсан бол Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд сард 450 мянган төгрөг авдаг байсан.
Энэ бол манай төрийн өмчийн компаниудаас ТУЗ-ийн гишүүддээ хамгийн өндөр цалин өгдөг байсан нь. Бусад нь үүнээс бага цалинтай. 2012 оноос үүнийг тэгшитгэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцүүлэн, дээд хязгаарыг нь тогтоосон. Өөрөөр хэлбэл, 400 мянган төгрөгөөс дээш цалин авдаг ТУЗийн гишүүн, дарга өнөөдөр манайд байхгүй. Монголд төрийн өмчит 3-4 компани дундаа нэг ТУЗ-тэй байдаг тохиолдол цөөнгүй.
Жишээ нь, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хархорин АЗЗА” гэсэн гурван компани дундаа нэг ТУЗ-тэй. Тэр компанийн ТУЗ-ийн гишүүд 380 мянган төгрөгөө л авдаг. Үүнийг хүмүүс мэдэхгүй учраас гурван компаниас тус бүрд нь цалин авдаг гэж ойлгодог. Түүнчлэн яам, агентлагаас орж ирэх нэг хүн хоёроос дээш ТУЗ-д, Төрийн өмчийн хорооны төлөөлөл дөрвөөс дээш ТУЗ-д байж болохгүй гэдэг хязгаарлалт хийж өгсөн.
-ТУЗ-ийн гишүүн ийм бага цалинтай юм бол яагаад хүмүүс тийшээ орох гэж зүтгээд байна вэ. Тэнд ямар нэг ашиг байгаа гэж л хүмүүс харддаг шүү дээ. Оюутолгойн ТУЗийн гишүүн сард 40 мянган ам.доллар авдаг гээд л шагшраад байдаг?
-Төрийн өмчийн хорооноос төлөөлөл хэрэгжүүлдэг компаниудын тухайд бол хувь хүнд ямар ч ашиг байхгүй. Ажлын хариуцлага л нэмэгддэг. ТУЗ-ийн гишүүн худалдан авах ажиллагаанд оролцох, тендерт нөлөөлөх эрхг үй. Харин ч ТУЗ-ийн гишүүний ах дүү, хамаатан садан тендерт оролцох болбол тэр хүн уг асуудлыг шийдэхэд саналаа хэлэхгүй, өргөдлөө өгөөд татгалзах ёстой. ТУЗ-ийн гишүүдийнхээ цалинг хугацаанд нь тавьж чаддаггүй замын компани манайд олон. Тийм газраас ашиг хонжоо олно гэж байх уу. Ийм учраас хүмүүс ТУЗ-ийг нэг их гоё зүйл гэж харж орчихоод, бодсон шиг нь биш болохоор янз бүрийн шалтаг хэлээд гардаг. Эсвэл томоохон компани руу орох гэж зүтгэнэ. Гэхдээ манайд харьяалагддаг компаниудын ТУЗ хүмүүсийн боддог шиг өндөр цалин авдаггүй. “Шивээ-Овоо”, “Багануур” ХК, “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, Хөрөнгийн бирж, Хөгжлийн банк, Төрийн банк, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг томоохон компаниудын төлөөллийг ЗГХЭГ, Сангийн яам хэрэгжүүлдэг учраас бидэнд хамаардаггүй.
-Компаниудын төрийн төлөөлөл нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар бус, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болчихоор дээдүүлийнхээ “амыг хараад” асуудал шийдэгдэхгүй удаашрах вий гэсэн болгоомжлол байна. Энэ хэр үндэслэлтэй бол?
-Тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр “Энэ асуудлыг ингэж судлаад шийдвэр гарга” гэсэн удирдамжийг нь ТӨХ өгчихнө. Өөрөөр хэлбэл, компанийн засаглалыг жинхэнэ утгаар нь сайжруулахын тулд ТУЗ-д бүрэн эрхийг нь өгч байгаа юм. Ингэснээр хувь, хувьсгалын бүх компанид төрийн үйлчилгээг эрх тэгш хүргэх боломж нээгдэж буй. Урьд нь салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргаараа удирдуулсан ТУЗ-тэй замын компаниуд бусдаасаа давуу эрх эдэлж, техник хуваарилсан ч арай ахиуг авдаг байсан нь өөрчлөгдсөн. Одоо харин ТУЗийн гишүүдийг чадавхжуулах талаар нэлээд ажил төлөвлөж, эхнээс нь хийж байна. ТУЗийн хуралд ирэхгүй, 1-2 удаа таслах юм бол гишүүнээс нь чөлөөлдөг болсон.
Л.ГАНЧИМЭГ