Хөхөрсөн царай, түрдэг орон дээрх хөшсөн хүйтэн бие. Хамгийн сүүлд ийм л дүр төрх харсан. Хэзээ ч дахиж уулзахгүй, харахгүй болсон тэр минь хэлэхгүй, сануулахгүй явчихаж. Амьсгал хураасан гэдгийг нь сонссон ч, эргээд амилчих юм шиг санаж, найман давхар руу хар гүйхээрээ гарахад хаалга нь онгорхой. Хүйтэн, хөндий, чив чимээгүй өрөөнд “хэлгүй, дүлий” хүмүүс байна. Өдөр бүр энэ хаалгаар орж байгаагүйдээ харамслаа. Үнэн байж, тэр нэг ч үг хэлэлгүй, баяртай ч гэлгүй энэ хорвоогоос буцаж.
Үүрд амьдрах юм шиг санан, өглөө, үдэшгүй борви бохисхийлгүй, амралтын өдрөө ч өөрөөсөө, үр хүүхдээсээ хумслан ажиллаж, зүтгэсээр, гэр бүлийнхээ сайн сайхан, ирээдүйн төлөө гэж өөрийгөө зөвтгөсөөр байна уу, та бүхэн. Би ч бас тэгдэг. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд ганц л зүйлийг ойлголоо, юунд ч адгаж, юунд ч тэмүүлэн, юуны ч төлөө шунаж, шаналах хэрэггүйг ойлголоо.
Байгаа бүхэндээ баярлах хэрэгтэйг. Өглөө сэрээд амьд байгаадаа, түг түг цохилох зүрхэндээ, алтан нар ээж, агаар салхины сэвшээг мэдрэн, нэг өдөр ч гэсэн ус уух хувьтайдаа, хамгаас хайртай хүмүүсээ чанга тэврэн үнсэх боломжтойдоо баярлан, ханахыг ойлгов. Бас тэдэндээ хайртай гэдгээ харамгүй хэлэх хэрэгтэйг ухаарсан.
Өнхрөөд өгөхийн цагт үр хүүхэд, гэр бүлийнхэн минь үхтлээ ажиллаж цуглуулсан мөнгөөр биш, хамтдаа өнгөрүүлсэн дурсамжаар л “хооллож”, амь зогооно. Хэдэн төгрөг, хэчнээн үнэтэй эд зүйл хэзээ ч таныг орлохгүй.
утасныхаа дэлгэцийг хагалах, мөнгөө алдах, өнөөдрийн бүтээгүй ажил, ер нь тэгээд өөр бусад зүйлийг хайртай хүнээ алдахтай харьцуулахад юу ч биш. Энэ орчлонгийн хамгийн хатуу нь үхэл. Үхэл хэнийг ч тойрохгүй. Гэхдээ үхэл амьдралыг үнэтэй болгодог биз.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ