Манай улсын гадаад валютын цэвэр албан нөөц 2012 оны эцэст 4.1 тэрбум ам.доллар байсан бол одоо 1.3 хүрч хоёр жил хагасын хугацаанд гурав дахин буурчихаад байна. Гурван жилийн өмнөөс эхэлсэн төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх гэж Төвбанк нөөцийнхөө гуравны хоёрыг барсан. Энэ нь валютын ханшийн өсөлтөөр илэрч, ужгирвал санхүү, эдийн засгийн хямрал болоход ойрхон байгаа. Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд “Эдийн засагт дөрвөн тэрбум ам.доллар дутсан учраас байдал ингэж дордлоо” гэж ярьж байсан. Тиймээс төлбөрийн тэнцлийн хямралыг системийн шинжтэй болгочихгүйн тулд хөрөнгө оруулалтын сувгаа яаралтай нээх шаардлагатай байгаа. 2011 оны эцэст ДНБ-ий 50 хувьд хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ одоо тэг рүү тэмүүлж байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл ирэх оны дунд үе гэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-тэй харьцуулбал хасах 5 хувь болж буурна гэсэн тооцоо бий.
Гэхдээ “Оюутолгой” төслийн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан нь бараг хаалттай байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын сувгийг эргүүлээд нээх дохио болж байна гэж шинжээчид үзэж байгаа. Мөн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын үр дүн нааштай байгаа гэсэн мэдээлэл бий. “Хоёр толгой”-н ажил урагштай байвал хөрөнгө оруулагчид манай улсыг зүглэнэ гэж эдийн засагчид үзэж буй. Өнгөрсөн хугацаанд манай улсад болсон олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон гадаадынхан ч Оюутолгой, Тавантолгойн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг л ажиглаж байна гэцгээдэг байв. Тиймээс энэ хоёр төслийн хөрөнгө оруулалт нааштайгаар эргэж байгаа нь сайн мэдээ юм. “Мандал женерал даатгал” компанийнхны хийсэн судалгаагаар ойрын үед гадаадын шууд хөрөнгө оруулалт 2-4 тэрбум ам.доллараар нэмэгдвэл валютын ханш 24-48 хувиар буурч 1567-1231 төгрөгт хүрэх тооцоо гарсан байна.
Үүнээс гадна аж үйлдвэрийн салбар одоогийн түвшнээс 4.9-9.8 хувиар, үйлчилгээний салбар 5.3-10.6 хувиар өсөж үр дүнд нь эдийн засаг одоогийнх дээр нэмж 3.9-7.8 хувиар өсөхөөр байгаа гэнэ. Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгаснаар долоон жилийн хугацаанд есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд эхний жилд 1.1 тэрбум ам.доллар манай эдийн засагт орох юм байна. Харин “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурвал эхний таван жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэх боломжтой гэж байгаа. Ингээд хоёр том төслийн санхүүжилтийн эхний ээлж ойрын хугацаанд орж ирнэ гэвэл энэ оны эхний улиралд 4.4 хувь байсан эдийн засгийн өсөлт удахгүй хоёр оронтой тоонд хүрэх боломжтой аж. Харин энэ нь Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалт шийдэгдэх гэсэн ганцхан нөхцөлд л биелэгдэх боломжтой гэж байгаа.
Гэхдээ хэдийгээр Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдсэн гэдэг сайн мэдээ байгаа боловч үүнийг дагаж жижиг хөрөнгө оруулалт ч одоогоор нэмэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэж байсан 2011 онд манай улсад 930 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар шинээр бүртгүүлж байжээ. Үүнээс хойш тасралтгүй буурсаар өнгөрсөн онд 335-д хүрч цөөрчээ. Харин энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 144 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн аж. Гадаадын хөрөнгө оруулалттай ахуйн нэгжийн тоо өнгөрсөн оныход хүрэхгүй мэдээ байна. Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээгүй гэдгийг Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ. Гэхдээ салхи нэгэнт эргэсэн учраас цаашид хөрөнгө оруулалт өсөх төлөвтэй байгаа гэнэ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Х.Онон: Том төслүүд хэрэгжвэл ойрын 5-10 жилд 18 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэх боломжтой
Хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Х.Ононгоос дараах зүйлийг тодрууллаа.
-Гадаадын хөрөнгө оруулалт эргээд сэргэх болов уу гэсэн хүлээлт байна. Шинээр ямар орноос хөрөнгө оруулж байна вэ?
-Энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 114 компани манай улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгүүллээ. Ашигт малтмалын лиценз олгохыг зогсоосноос сүүлийн жил үүдэд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах компани шинээр бүртгэгдээгүй. Ихэвчлэн худалдаа, нийтийн хоолны салбарынх байгаа. Үүнээс гадна барилга болон аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулах компанийн тоо нэмэгдлээ. Хятадын хөрөнгө оруулалттай компани хамгийн олон нь. Үүний араас Өмнөд Солонгос, Орос, Японы хөрөнгө оруулалттай компаниуд жагсаж байгаа. Харин сүүлийн үед Австри, Унгар, Турк, Итали, Тайланд зэрэг орны хөрөнгө оруулалттай компаниуд шинээр бүртгүүлсэн.
-Оны эхний улиралд гадаадын хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй гарсан. Одоо яаж өөрчлөгдсөн бэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй гарна гэж байхгүй. Монголбанк хөрөнгө оруулалт болон гарч буй урсгалыг харьцуулан тооцож байгаа бол хэр хэмжээний хөрөнгө ороод хэд гарч байна гэдгийг тодорхой хэлэх ёстой. Манай газрын хувьд орж буй гадаадын хөрөнгө оруулалтыг тооцдог. Тухайлбал, энэ оны эхний таван сард шинээр бүртгүүлсэн 114 компани байна. Нэг компани хамгийн багадаа нэг хөрөнгө оруулагчтай гэж бодвол нийт 11.4 сая ам.доллар манай улсад үлдэж байна гэсэн үг. Ер нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг тооцох аргачлалаа дахин ярих ёстой.
-Шинээр бүртгүүлсэн компаниудын 90 гаруй хувь нь худалдаа, нийтийн хоолын салбарт байна. Энэ салбар гадаадын хөрөнгө оруулагчдад яагаад ийм эрэлттэй байна вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг тусгай зөвшөөрлөө авахаас нь өмнө худалдааны салбарт бүртгэдэг. Жишээлбэл, тухайн компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа бол тусгай зөвшөөрөл авахаас нь өмнө худалдааны салбарт хамааруулан тооцно. Үүний дараа барилгын салбарын бүртгэлд оруулдаг юм. Тийм учраас худалдааны салбарт үйл ажиллагаа явуулах компанийн үзүүлэлт өндөр гардаг. Гэхдээ одоо Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор УБЕГ-ын бүртгэлийн системийг ч өөрчилсөн. Ингэснээр тухайн компани тусгай зөвшөөрөл авах үгүйгээс үл хамааран үйл ажиллагаа явуулах гэж буй салбарт нь бүртгэдэг болж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд бүртгүүлсэн компанийн хэчнээн нь татан буугдсан бэ?
-Манай улсад 1990 оноос хойш 13 мянга орчим компани бүртгүүлсэн байгаа. Эдгээрээс 6000 гаруй компани нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ цаашид хэрхэн өөрчлөгдөхөөр байгаа бол?
-“Оюутолгой” төслийн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэлэлцээр хийж байна. Мөн Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-V, Багануурын цахилгаан станц зэрэг томоохон төслүүд бий. Үүнээс гадна нэлээд олон төслийн ажлыг концессийн гэрээгээр хийхээр байгаа. Эдгээр төсөл амжилттай хэрэгжиж, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн тохиолдолд ойрын 5-10 жилийн хугацаанд 18 орчим тэрбум ам.доллар манай улсад орж ирэх боломжтой. Мөн томоохон төслүүд амжилттай хэрэгжсэнээр бусад салбарын хөрөнгө оруулалт ч даган өсөх болно.
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд танайхаас ямар ажил хийж байна вэ?
-Манайхаас шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сурталчлах чиглэлээр өнгөрсөн жил гаруйн хугацаанд ажиллалаа. Энэ хүрээнд 62 бизнес форум зохион байгуулсан. Харин энэ оны хувьд төрийн болон хувийн компаниудын хэрэгжүүлж буй, гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийг дэмжиж, хамтран ажиллаж байна. Бид гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж “Монголд зөвхөн уул уурхайгаас гадна хөрөнгө оруулах олон салбар байна. Танд хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт ийм төслүүдэд хөрөнгө оруулах боломж бий” гэх мэтээр сурталчилж байгаа. Одоогийн байдлаар бид 50 орчим төслөөс бүрдсэн нэгдсэн сантай болсон.
-Энэ төслүүдэд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа вэ?
-10 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт шаардлагатай 30 орчим төсөл байгаа бол үлдсэн төслүүдэд нь 1-10 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй.
Н.САНЖААСҮРЭН