Манайд Люксембургийн буцалтгүй тусламжаар “Зүрх, судас, эх, нялхсын тусламж, үйлчилгээнд зайн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх” төсөл 2001 оноос хэрэгжиж буй. ЭМС-ын дэд сайд Д.Атармаа тус улсад ажлын айлчлал хийнгээ 2016 онд дуусгавар болох уг төслийг нэг жилээр сунгуулж, 800 мянган еврогийн буцалтгүй тусламж авахаар болсон таатай мэдээ дуулгав. Өнгөрсөн лхагва гаригт Эх, нярайн эндэгдлийг бууруулах баруун бүсийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор явахынх нь өмнө түүнтэй ярилцлаа.
Тэрбээр хүний их эмч, эх баригч мэргэжилтэй. 1992-1998 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш, 2005-2009 онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга, 2009-2013 онд Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн дарга гээд эрүүл мэндийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж буй юм байна. Дэд сайд болсноосоо хойш эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах чиглэлээр голлон ажиллаж байгаа аж.
-Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны эмгэг ордог. Мөн улсын хэмжээнд эх, 0-5 насны хүүхэд эндэх нь цөөрч байгаа ч орон нутагт байсаар л байна. Люксембург улсын 800 мянган еврогийн буцалтгүй тусламж бидэнд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Манайх тус улсын Засгийн газартай 2001 онд ойлголцлын санамж бичиг байгуулан, Улсын гуравдугаар төв эмнэлэгт түшиглэн гурван үе шаттай төсөл хэрэгжүүлсний дүнд зүрх, судасны өвчний тусламж, үйлчилгээ эрс сайжирсныг цохон хэлмээр байна. Манайд хэрэгжсэн олон улсын төсөл, хөтөлбөрүүдээс хамгийн бодитой, үр дүнгээ өгсөн нь гэж хэлж болно. Уг төслийн Удирдах зөвлөлийн хурал саяхан Люксембургт болж, манайхан оролцоод ирлээ. Монголд хэрэгжүүлсэн төсөл нь хэрхэн үр дүн авчирсныг тэдэнд танилцуулан эх, нярайн тусламж, үйлчилгээ, оношилгоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмж авах, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг сургах чиглэлээр 800 мянган еврогийн санхүүжилт авахаар болсон. Тодруулбал, эх, нярайн ЭХО аппаратгүй зарим аймагт нийлүүлэх, дутуу төрсөн хүүхдүүдэд дутагдалтай байгаа амьсгалын аппарат, инкубаторууд оруулж ирэх юм.
Тус улсын “Зүрх судасны төв” төсөл манайд хэрэгжсэнээр зүрхний хүнд мэс заслуудыг Монголдоо хийдэг боллоо. Мөн судсан дотуурх оношилгоо хийж байна. Удирдах зөвлөлийн хурлын үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, тусад нь биеэ даасан барилга байшинтай болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн саналд нааштай хариу өгсөн. Зүрх, судасны төв байгуулах бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулж, хөрөнгө мөнгийг нь шийдсэн. Мөн телемедицинээр зөвлөгөө авах бүхий сardio программыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны төвд холбохоор бэлэн болгоод байна. Ингэснээр нийслэл, 21 аймгийн эмч нар өвчтөнийхөө онош, биеийн байдал, эмчилгээний аргаа Гуравдугаар эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас асууж, зөвлөгөө авах боломж бүрдэж байна. Хугацаа, хөрөнгө хэмнэхээс гадна салбар хоорондын уялдаа ч сайжирна.
-Тэгэхээр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний ангиографийг Гуравдугаар эмнэлэгтэй цахимаар холбох уу. Энэ хоёр байгууллага хоорондоо ажлын уялдаагүй харагддаг.
-Хүн амын дунд зүрх, судасны эмгэг сүүлийн жилүүдэд ихсэж байгаа. Тиймээс тусламж, үйлчилгээнийх нь хүртээмжийг сайжруулах нь чухал. Ингэхийн тулд бид гадаадаас дэмжлэг авахаас өөр аргагүй. Эм тариа, багаж хэрэгсэл нь өндөр өртөгтэй. Гэхдээ Монголын зүрх, судасны эмчилгээ, оношилгоо, тусламж, үйлчилгээний чанар нэг алхам дээшилсэн гэдэгт олон хүн санал нийлэх байх. Гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрхний төв байгуулсны дараа энэ хоёр байгууллагыг хооронд “уяна”. Тэд хамтраад хүүхдийн зүрхний хүнд мэс заслуудыг эх орондоо хийх боломжийг нь олгож өгөх юм. Одоохондоо ажил, үүргийнхээ хувьд уялдаагүй ажиллаад байгаа нь үнэн. Гэхдээ хоёр өөр статустай байгууллагууд арга ч үгүй биз. Тиймээс бодлогоор зохицуулах шаардлагатай. Өдгөө Люксембургт Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын хоёр эмч, Францад нэг эмч IT инженерээр сурч байна. Энэ сарын сүүлчээр Люксембургийн эмч нар манайд ирж, зүрхний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн ирэх сарын 5, 6-нд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
-Эх, нярайн эндэгдлийг бууруулах баруун бүсийнхний зөвлөлдөх уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Улсын хэмжээнд эх, нярайн эндэгдлийн түвшин Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч, буурсан. Гэхдээ сүүлийн хоёр жилд баруун бүсийн аймгуудад 0-5 насны хүүхэд эндэх явдал бусад аймгаасаа илүү байна. Тиймээс энэ удаагийн уулзалтаар баруун бүсэд эх, хүүхэд эндэх нь яагаад буурахгүй байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийнэ. ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, нас барсан хүүхдүүдийн өвчний түүхтэй танилцан, учир шалтгааныг хамтдаа олж, гарах арга замыг нь эрэлхийлэх юм.
-Улаанбурхны дэгдэлт намжихгүй, шинж тэмдэг нь илэрсэн хүний тоо 15 мянгад хүрээд байна. “Оюутнууд сургууль нь амраад хөдөө явчихсан. Өвчний дэгдэлтийг тогтоон барих аргагүй боллоо. Хүн амыг тэр чигт өвчлүүлж, дархлаа тогтооно гэсэн далд бодлого барьж байгаа” гэж нэгэн эмчээс сонслоо. Үнэн юм уу?
-Монголчуудыг тэр чигт нь өвчлүүлж, дархлаа тогтооно гэж байхгүй. Худлаа. Улаанбурхны дэгдэлт нэмэгдэж байгаа нь үнэн. Халдварт өвчин нэгэнт голомтлоод гарсан л бол өвчлөлийн давалгаа гэж бий. Тиймээс тодорхой тооны хүн тусах магадлалтай гэсэн үг. Бид халдвар зонхилон аваад байсан 0-5 насны хүүхдүүдээ улсын хэмжээнд 95 хувь дархлаажуулсан. Энэ насныхны дундах дэгдэлт зогссон. Одоо эрсдэлтэй бүлэг нь оюутнууд болоод байгаа. Гэхдээ ангиараа, эсвэл оюутны байраараа өвчилсөн юм байхгүй, алаг цоог гэсэн үг. Эрүүл мэндийн байгууллага талаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авсан. Орон нутгийн эмч нарт ч энэ чиглэлийн заавар, зөвлөмж хүргүүлсэн. Яаж эмчлэхээ тэд мэдэж байгаа. Өвчин газар аваад байгаа нь хувь хүний зохион байгуулалттай холбоотой. Улаанбурхан хүн амын дунд тархах магадлал нь өндөр байна гэсэн болохоос тархчихсан, бүгд өвдөнө гэсэн үг биш шүү дээ.
-Насанд хүрсэн хүмүүсийг нийтээр вакцинжуулах боломжтой юу?
-0-5 насны хүүхдүүдээс гадна 18-40 хүртэлх насны олон хүн өвдсөн. Харин 6-17 насныхан харьцангуй цөөн. Үүнээс дээрх насны хүмүүс дархлаажуулалтад хэрхэн хамрагдсаныг харж болохоор байна. ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөхүүд манайд ирж, уг өвчний талаар судалгаа хийхэд 1978-1995 оныхны дархлаа суларсан байна гэсэн дүгнэлт гарсан. Дархлаажуулалтад хамрагдсан ч вакциных нь чанар муу, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор вакцинд бүрэн хамрагдаагүй, орхигдсон, янз бүрийн өвчний улмаас тариагаа хийлгээгүй хүмүүс өдгөө халдвар авч байгаа нь батлагдсан. Тэр дундаа 1988 оноос хойш төрсөн хүмүүс. Тиймээс ирэх намраас оюутнуудыг нийтээр нь дархлаажуулахаар төлөвлөөд байна. Хүн бүрийг хамруулна гэхээр хөрөнгө, хүч дутагдалтай. 0-5 насны хүүхдүүдийн дархлаажуулалтад шаардлагатай зүү, тариур, вакцин, А витаминыг нь хүртэл НҮБ-ын Хүүхдийн сан өгсөн. ДЭМБ оношлуурууд өгсөн. Харин Засгийн газар аймаг, орон нутагт вакцин хүргэж өгөх зардал гаргасан. Тиймээс богино хугацаанд дэмжлэг орж ирэх нь эргэлзээтэй. Гэхдээ намар гэхэд асуудал шийдэгдэх байх. Хүсэлтээ тавьчихаад байгаа.
-Жирэмсэн ээжүүд ч өвчилж байгаа юм билээ. Фэйсбүүк дэх ээжүүдийн группт “Улаанбурхантсан бол жирэмслэлтийг нь тасалж байна” гэж бичсэн байсан. Ийм заалт байдаг юм уу?
-Байхгүй. Бие давхар эмэгтэйчүүд улаанбурхнаар өвчилж байгаа. Гэхдээ тийм олон биш. Тухайн ээжийн өвчин даах чадвар, хүнд, хөнгөнөөсөө хамаараад эмчилгээнийх нь үе шатууд янз бүр. Өвчин нь хүндэрсэн тохиолдолд тухайн эхийн амийг аврахын тулд жирэмслэлтийг таслах тухай ярина л даа. Тэрнээс биш улаанбурхан туссан жирэмсэн ээж бүрийн хүүхдийг “авна” гэж байхгүй. Вирусийн халдвар учраас урагт муугаар нөлөөлнө. Эмч үүнийг нь тайлбарлатал хэтэрхий хүндээр тусгасан байж мэдэх юм.
-Зуслангуудын үйл ажиллагааг хэзээнээс эхлүүлэх вэ?
-Агаар дуслын замаар халдварлаж буй өвчний үед аль болох олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх нь түүнээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга. Тиймээс зуслангуудын үйл ажиллагааг энэ сарын 20 хүртэл хойшлуулсан. Байдлыг харзнаж байж, нээх, үгүйгээ шийднэ.
-Коронавирус өмнөд хөрш, монголчуудын олноор ажиллаж амьдардаг БНСУ-д дэгдээд сандаргаж байна. БНХАУ-д ороод ирсэн гэхээр олон хүн айж байгаа байх. Манайхны урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэр явагдаж байна вэ?
-Энэ өвчин саяхан дэгдсэн юм биш. Жил гаруйн өмнөөс дэлхийн зарим улсад халдвар нь тархаад байсан бол өдгөө хаяанд ирчихсэн учраас урьд нь авч байсан арга хэмжээнээсээ илүүтэйгээр сонор сэрэмжтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тулгарсан. ЭМСЯ мэдээ, мэдээлэл, зөвлөмж заавруудаа өгчихсөн, эмнэлгийн байгууллагууд ч урьдчилан сэргийлэх ажлаа эхлүүлээд байна. Хамгийн гол нь иргэд өвчин гарсан улс руу зорчихгүй байх, амь насанд эрсдэлтэй тул бусдыг өвчлүүлэхгүй, хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэрвээ өвчин гарсан орноор амарч, аялаад ирсэн бол хил гаалийн ажилтнуудад үнэн зөвөөр мэдээлэхийг анхааруулъя. Халдварт өвчин дэгдсэн үед ганц эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмч нарт найдах бус бусад салбар хамтарч ажиллаж байж сэргийлж чадна. Одоогоор Засгийн газар коронагоос урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө шийдэж өгөөгүй. Эмнэлэг, хил, гааль, нисэхийнхэн өөрсдийн нөөц бололцооныхоо хэрээр ажиллаж байна.
-БНСУ коронагийн онош батлагдсан эмнэлгүүдийнхээ жагсаалтыг олон нийтэд зарласан. Нэр бүхий эмнэлгүүдээр монгол чууд хэр олон үйлчлүүлдэг юм бол?
-Бид мэдээллээ шүүж байна. Яамнаас эмчилгээний төлбөр гаргуулаад эмчлүүлэхээр албан ёсоор явсан хүмүүсийн тоо гарна. Эмнэлгүүдийнх нь жагсаалт ч байдаг. Одоогоор өвчний онош батлагдсан эмнэлгүүдээр үйлчлүүлсэн хэчнээн хүн байгааг мэдэхгүй байна. Харин эмчлүүлэхээр хувиараа явсан хүний тоог гаргах боломжгүй. Эмчлүүлэхээр явсан хүний тоо гарсны дараа ийм ийм эмнэлгүүдэд манай монгол хүмүүс эмчлүүлж байгаа юм байна гэсэн мэдээлэл хүргүүлнэ.
О.БАТ-УНДРАХ