Ардын хувьсгалын анхны буун дуу тачигнасан тэртээх 1921 оны хавар. Гал утаа хөшилдсөн Хиагт хотын гудамжнаа хир даг болсон үс гэзэг нь даахирч ширэлдсэн, түмэн нөхөөстэй цамцных нь энгэр задгай нэгэн зайран шүдгүй амнаасаа хөөс сахруулан цамнах аж. Тэрбээр баахан элдэвлэж дүвчигнэсний эцэст ядраад навсайтал унав. Аахилж уухилах тэрбээр,
-Энэ улсын чинь үйл лай барагдаж гүйцээгүй юү? гэх тэр агшинд жанжин Сүхбаатар хэсэг цэргийн хамт давхин хүрч ирэв.
Сүхбаатар: -Хөөе зайран, хөөе Дуйнхар гуай!
Дуйнхар: -Аан, Сүхбаатар.
Сүхбаатар: -Та яаж байгаа чинь энэ вэ. Юу болоов?
Дуйнхар: -Чи хойшоо гарахдаа юу юу гэж хэллээ дээ. Алив, чиний олж ирсэн буян чинь энэ үү?
Сүхбаатар: -Битгий бачимд. Удахгүй ойлгох цаг ирнэ.
Дуйнхар: -Би Манжийн төлөө, гамингийн төлөө, бароны ч төлөө, Богдын ч төлөө буулаа. Энэ Монголын хувь заяаны төлөө, энэ зовсон түмнийхээ төлөө тал хэнгэргээ цоортол, тахлай биеэ туртал буулаа.
Сүхбаатар: -Та тэгээд бидний төлөө хэнгэргээ ганц хоёр ч гэсэн цохив уу даа.
Дуйнхар: -Балбахаараа л болсон. Даанч буянгүй юмнууд та нар бурхан тахиад ч нэмэргүй. Хар чи, энэ гал түймэр, дайн дажиныг. Би сохроо юу, эсвэл миний шүтээн 69 догшин тэнгэр, 120 наст Даян дээрх аав минь сохроо юу гэхэд,
Тогмид: -Дуу, муу хар хэрээ. Буудчих уу, жанжаан гэв.
Сүхбаатар: -Хэрэггүй, ингэж л байг. Баярласан хэрээ бархирна гэдгийг үзэг.
Тогмид: -Аа, үхэж хэвт. Энэ муу баярлалаа ч, бархирлаа ч Ардын намд яалаа гээд журамт цэргүүд давхин одов.
Дуйнхар: -Чи дуулав уу? Ардын намын жанжин намайг амьд яваг. Төрд хэрэгтэй зайран гэх юм гээд ихэд додигор маасайн баясахад хажуудах хүн нь,
-Зайран минь дээ. Амьд үлдсэндээ л баярла. Сумны гарз гэж бодоо биз гэв.
Дуйнхар: -За яалаа гэж. Намайг хүндэлсэн байхгүй юу. Эдний үйлс бүтнээ бүтнэ гэх ажээ.
Энэ бол зохиолч Л.Ванган, Ч.Чимид нарын зохиолоор найруулагч Д.Жигжидийн бүтээсэн “Өглөө” (1968) киноны эхлэл хэсэг. Миний аав “Өглөө” киноны Дуйнхар зайрангийн дүрд тоглосноороо өөрийнхөө уран бүтээлийн сан хөмрөгийг баяжуулсны зэрэгцээ Монголын кино урлагт өвөрмөц сонин нэгэн дүрийг бүтээсэн түүхтэй. Хэдийгээр аав минь хожим нь “Эх бүрдийн домог” (1975) кинонд хөх зайран, “Мандухай цэцэн хатан” (1988) кинонд хурц зайрангийн дүрд тоглосон боловч “Өглөө” киноны Дуйнхар зайрангийн дүрээс нь илүү болоогүй мэт санагддаг юм.
Гал утаа маналзаж, тоос шороо боссон Хиагтын гудамжнаа “Бароны ч төлөө, Богдын ч төлөө тал хэнгэргээ цоортол, тахлай биеэ туртал” бөөлж цамнах зайрангийн дүр нь хэдийгээр зурвасхан үзэгдээд өнгөрөх боловч хүмүүний сэтгэлд хоногштол бүтээж чадсан тул ард түмнийхээ дунд “Төрд хэрэгтэй зайран” гэж алдаршсан болов уу. Гучаад жилийн тэртээ буюу 1986 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр аавын ярьсан нэгэн яриа тэмдэглэлийн дэвтрийн минь хуудаснаа үлджээ. Тэнд ийнхүү бичсэн байх юм.
-1942 онд театрын тайзнаа тавьсан “Мандухай цэцэн хатан” жүжигт нэг зайран гардаг. Уг дүрд Цагаан Цэгмид, Чүлтэмжамц, Содном гурав ээлжлэн тоглодог байсан. Театрынхан Чүлтэмжамцын зайранг “дэвхрээ” зайран, Содномынхыг “ишүү” зайран, Цэгмидийнхийг “үсрээ” зайран гэж нэрлэдэг байсан. Мөн “Сүхбаатар” кинонд тэргэн дээр нэг зайран байдаг. Түүнийг харж байсан. Намайг бага байхад ягаан зайран гэж алдартай зайран нутагт байсныг бүдэг бадаг санаж байна. “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд Дүвчинмижидбалбийгомбын (Доржсүрэн тоглосон) суугаа зайран бий.
Бөөгийн дуудлага янз янз байдаг. Хараал жатга, уул ус, газар дэлхийд хур бороо хүсэх, ган гачгийн үед өвчин зовлонгоо арилгаж хөөх зэрэг байдаг. Бөө болгон тус тусдаа онгодтой. Бөө бууна гэдгийг жүжиглэхэд их хэцүү. Ядахдаа хэнгэргийн цохилт, дуудлага хоёр нь таарч өгөхгүй, тэгээд тэр нь дүрэмгүй гэжээ.
Мөн хожим 1987 онд “Тавин хаврын дурсамж” хэмээх баримтат кинонд энэ дүрийг хэрхэн бүтээсэн тухайгаа дурсан ярихдаа:
-Намайг “Зэрэг нэмэхийн өмнө” киногоо хийж дууссаны дараа найруулагч Жигжид “Өглөө” киноныхоо Дуйнхар зайрангийн дүрд тоглоно уу гэж урьсан юм. Тэр үед би бөө удган гэдгийг ч тодорхой үзээгүй, мэдэхгүй байсан үе. Ганцхан “Мандухай цэцэн хатан” гэдэг жүжиг дээр бөө гарч байхыг нэлээд хэдэн удаа харсан. Гэхдээ би дараа нь өөрөө бөөд тоглоно гэж ерөөсөө бодоогүй болохоор нэлээд ажиллагаатай дүр байлаа л даа. Тэгээд Жигжид гуайгаас асуусан. “Энэ чинь харын бөө юү, шар зүгийн бөө юү” гэсэн чинь “Дугариг хэнгэрэгтэй” гэсэн. Дугариг хэнгэрэгтэй бөө гэдэг чинь хар зүгийн бөө юм. Цохилго нь одоо ямар байх юм байгаа юм. Тэгээд бодлоо. Цэгмид гуайн “Мандухай цэцэн хатан” дээрх хэнгэргийн цохилтыг би саналаа л даа гэжээ...
“Өглөө” кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдорж бас сонирхолтой дурсамж хүүрнэдэг юм. Тэрбээр ийнхүү өгүүлж билээ.
-“Өглөө” киноны Дуйнхар зайрантай хэсгийн зургийг Амгалангийн сүмийн хашаанд авсан. Уг хэсгийн зургийг ямар ч дахилтгүйгээр ганцхан хувь авсан юм шүү дээ. Жийгээ багш “Сайхан боллоо” гээд тоглолтын хөлс гэж Дуйнхар зайранд 300 төгрөг өг гэсэн. Уг мөнгийг газар дээр нь шууд өгсөн. Харин Шукарь тоглолтын дараа дэлгүүр рүү хүн гүйлгэж хоёр авдар архи, баахан идэж уух юм авахуулаад орой нь бараг л найр хийсэн дээ. Хэдийгээр давтлага сургуулилалт энэ тэр хийгээгүй, олон дубль аваагүй боловч Монголын кино урлагт дахин давтагдашгүй нэгэн содон дүр болон үлдсэн нь бахархмаар, бахадмаар гэж билээ.
Энэ дүрийн тухай жирийн үзэгч олны нэг, ардын уран зохиолч Б.Бааст бичихдээ “Жүжигчин хүний дүр бүтээх чадварыг би заримдаа ид шид гэж хэлмээр санагддаг. Харахад ганц Чимэд-Осор гуай л байдаг. Гэтэл энэ хүн, энэ урт хугацаанд тайз дэлгэцнээ хэчнээн янзын дүр бүтээсэн бэ. Тэр бүхэнд Чимэд-Осор гуай хэзээ ч бидний мэддэг Чимэд-Осор байгаагүй. Дандаа л тэр зохиолынхоо дүрд хувилсан төрд хэрэгтэй зайран бөө, Чогдон хувилгаан, Щукарь өвгөн гээд хачин өвөрмөц дүрүүд буюу нэг л олон Чимэд-Осор байсан. Энэ олон дүрийг жинхэнэ жүжигчин буюу тайз дэлгэцийн оюун билигт мастерууд уран чадвар хэмээгдсэн их ид шидээрээ бүтээдгийг Чимэд-Осор ийнхүү нотлон илэрхийлсэн” гэсэн байдаг юм.
Монгол Улсад үндэсний кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулан аавынхаа дэлгэцнээ бүтээн амьдруулсан 50 шахам дүрийнх нь нэг болох “Өглөө” киноны Дуйнхар зайрангийн тухай өөрийн мэдэх, сонссон дуулсан зүйлээ бичлээ. Миний аав Монголын их урлагийн “Төрд хэрэгтэй зайран” нь гэж бодох бүрийд омогшиж бардах сэтгэлээр цээж минь дүүрч тэлээд ирэх шиг болдог юм. “Төрд хэрэгтэй зайран”-гийн хүү нь болон төрсөндөө би баярлаж бахархахгүй юм бол өөр юугаараа бахархах юм бэ? “Энэ Монгол Улсын хувь заяаны төлөө тал хэнгэргээ балбахаараа л нэг балбасан, идтэй шидтэй эрдэмтэй номтой зайран” эцгээ эс шүтвэл би өөр хэнийгээ шүтэх билээ.
Дээр хөхрөгчид залрах “зайран” аав минь
Доор хөрстөд залбирах үр намайгаа
Үргэлжид өршөөн соёрхох болтугай!
Ч.БОЛД