Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын бохирдлын асуудлаар сүүлийн 10-20-иод жил бид ярьж байна. Ямар нэгэн тоймтой үр дүн гарсангүй. Хоёр жилийн өмнө ДЭМБ-аас хамгийн их бохирдсон голуудыг нэрлэхэд Туул тавдугаарт жагссан. Төв цэвэрлэх байгууламжаа саяхан засаж сэлбэсэн ч “амь тариа” төдий үйлдэл болохоос биш нөхцөл байдал сайжирсан гэсэн үг хараахан биш юм. Бид энэ удаа Туул голын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлүүд, тулгамдсан асуудлын талаар ярилцахаар “Редакцын уулзалт”-даа салбарын мэргэжилтнүүдийг урьсан юм.
Уулзалтад БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Хишигжаргал, тус яамны харьяа Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч С.Сүхбат, Нийслэлийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Х.Марат, ШУТИС-ийн багш, доктор, профессор Д.Басандорж, “Хөвсгөл нуурын эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Баярмаа нар оролцлоо.
-Туул голын бохирдлын талаар маш олон жил ярьж буй атал яагаад дорвитой үр дүнд хүрэхгүй байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
Х.Х: -Туул гол тойрсон олон асуудал бий. Үүнд нэгдүгээрт, хүн амын ундны усны хангамжийн найдвартай ажиллагаа, хоёрдугаарт, Туул голын бохирдлын талаар дурдаж болно. Усны тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталсан. Мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүнийг зохицуулдаг. Мөн “Ус” үндэсний хөтөлбөр боловсруулсан байдаг. Эдгээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудал нь санхүүжилт. Үүнийг шийдэхэд хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх вэ гэдэг дээр нэлээд олон талын арга хэмжээ авч, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөрийн орлогоор усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр БОНХАЖЯ-наас бодлогын олон баримт бичиг, журам боловсруулж ажиллаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос болоод Туул голын бохирдол хамгийн дээд зэрэгт хүрсэн.
Усны тухай хуулиар хүн амын унд ахуйн болон үйлдвэрийн усны шугам, түүний бохир усыг зайлуулж байгаа, ариутгах татуургын үйл ажиллагаа салангид байх ёстой. Гэтэл ахуйн бохир ус цэвэрлэх зориулалттай байгуулсан Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн бохир усыг их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ нь эргээд Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас давж, түүнийг нь бүрэн цэвэрлэж чадахгүйгээр Туул голд нийлүүлж байна. Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын хугацаа нэлээд хуучирсан, тоног төхөөрөмж, бетон хийц элэгдэлд орсноос болоод тухайн орчмын хөрс, газрын доорх ус нэлээд бохирдож болзошгүй байгаа. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх нь зөв. Ус ашиглаж байгаа байгууллага, хувь хүн болгон хэрэглэсэн бохир усаа ямар нэгэн хэмжээгээр цэвэрлэж, Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг болмоор байна. Гэр хорооллын иргэд, аж ахуйн нэгж шууд нүхэн жорлонд бохироо асгах биш, бохирын усыг татан зайлуулж цэвэрлэдэг хэсэгчилсэн байгууламжтай болох асуудлыг одооноос хот төлөвлөлтөд тусгаж, шийдвэрлэх шаардлагатай.
Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг шийдвэрлэх энэ хугацаанд усны урьдчилан цэвэрлэх байгууламжид аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө оруулах хэрэгтэй. Үүнд нь түлхэц өгөх үүднээс бид Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүд хэр их бохирдол гаргаж байна, тэр хэмжээнд нь төлбөр ногдуулна. Ус бохирдуулсны төлбөр төлснөөс бохир усаа цэвэрлэх нь илүү ашигтай байх энэ механизмыг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа.
Д.Б: -Өнгөрсөн хугацаанд бодлогын баахан баримт бичгүүд гарлаа. 2012 онд Ус бохирдуулсан бол төлбөр төлөх ёстой гэсэн хууль гарсан. Журмуудыг нь Засгийн газарт өргөн барьсан, хараахан батлагдаагүй байна. Хөрсөнд ийм бохирдолтой усыг хаяж болно, үүнээс илүүг болохгүй гээд стандарт гаргачихсан. Гэтэл улсын хэмжээнд бохир усыг стандартын түвшинд цэвэршүүлдэг ганц ч цэвэрлэх байгууламж байхгүй. Усны бохирдол агаарын бохирдол шиг бидний ам, хамар руу орж мэдэгддэггүй учраас бохирдол нь ямар түвшинд байгаа юм, үнэхээр айдас хүйдсийн хэмжээнд хүрсэн үү, үгүй юү гэдгийг дүгнээд хэлэхэд түвэгтэй. Гэхдээ усны бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хандлагатай болсныг манай эрүүл ахуйчид судалгааны үндсэн дээр тогтоосон. Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул зэрэг аймагт гарч байгаа халдварт шар өвчин устай холбоотой гэсэн дүгнэлт бас байдаг. Бид нэг газраас цэвэр ус аваад, ашиглаад нөгөө тийшээ хаядаг, ийм л тогтолцоотой яваад байгаа. Энэ тогтолцооноосоо дэлхийн улс орнууд бүгд татгалзчихсан. Хаяж байгаа бохир усаа эргүүлээд ашигладаг болсон. Гэтэл бид ууж байгаа цэвэр усаараа машинаа ч угааж, барилгын шавраа ч зуурч, ногоон байгууламж, цэцгээ ч усалж байна.
Цэвэр цэнгэг ус маш бага нөөцтэй. Энэ нөөцөө барах чиглэл рүү төрийн бодлого нь ч яваад байгаа. Одоо бид үүнд дүгнэлт хийх ёстой. Хаяж байгаа усаа 5-10 хувийг нь ч болов буцааж ашиглая гэж ярьж байна. Үүнд эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг, механизм дутмаг байгаа юм л даа. Би нэг жишээ дурдъя. Засгийн газрын 191 дүгээр тогтоол гэж бий. Бохир ус цэвэрлэдэг төхөөрөмжийг гаднаас авчрахад гааль, худалдааны татвараас чөлөөлөх тухай үүнд заасан. Гэтэл өнгөрсөн онд энэ тогтоолоо өөрчлөөд бохир ус цэвэрлэдэг саарал усны төхөөрөмж оруулж ирэхэд татвар авдаг болсон. Нэг талд бодлогоор дэмжиж байхад нөгөө талд нь хүмүүс өөр шийдвэр гаргаад үгүйсгээд хаячихдаг. БХБ-ын болон БОНХАЖ-ын сайдад бид нэгдүгээр сарын 27-нд энэ талаар албан тоот хүргүүлсэн. Одоо болтол хариу алга л байна. Усны үнэ цэнэ, үнэлэмж муутай л холбоотой асуудал гэж би бодоод байна. 50 төгрөгтэй явж байвал 50 литр ус авчихна. 50 төгрөгтэй явж байхад ганц ширхэг бохь ч авахгүй. Гэтэл 50 литр ус гэр хорооллын нэг нөхрийн бүтэн долоо хоногийн хэрэглээ байх жишээтэй.
Усныхаа үнэ цэнэ, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна, ялангуяа байгалиас бидэнд заяасан цэвэр усыг хайрлаж гамнах хэрэгтэй гэдэг ойлголтыг хүүхдэд эхийн хэвлийд байхаас нь авахуулаад бага наснаас нь суулгахгүй бол над шиг 50-60 дөхчихсөн нөхөд бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэр хорооллыг бүгдийг нь дахин төлөвлөлтөд оруулж, орон сууцны хороолол болгоно гэвэл Туул голын савд байгаа усны нөөц хүрэхгүй. Нөөцөө бид 230 мянга, зарим нь 260-280 мянган шоо метр гэхчлэн 1988 онд батлагдсанаас нь хойш янз бүрээр хэлсээр өнөөдрийг хүрч байна. Нөөцөөсөө хэрэглээ нь үндсэндээ давсан. Ус сувгийн удирдах газар 170 худагтай гээд яриад байдаг.
Түүнээс гадна айл өрх, үйлдвэр, аж ахуйн газрууд хашаандаа олон мянган худаг гаргачихсан л байгаа. Авч байгаа ус маань тэр нөөцөөс хэчнээн байгаа юм, үүнийгээ бид бодитой гаргачихаж чадахгүй л явна. Тийм учраас өнгөрсөн жилээс хотын усны нэгдсэн менежментийн судалгааг шведүүдтэй хамтарч хийгээд явж байна. Бид дандаа газрын дор байгаа гүний усаа ашигладаг. Гадаргын усны нөөц багасчихаар газар доорх усны нөөц бас хумигдаад, тэндээс авах хэмжээ нь ерөнхийдөө буурдаг. Гачууртад байдаг нөхөд өмнө нь хоёр метр жорлонгийн нүх ухаад л ус гардаг байсан бол одоо найман метр, арван метр ухаад ус гарахгүй байна гэж ярьж байна. Тэгэхээр усны түвшин доошилчихсон л байгаа хэрэг. Түүнийг сайн судлах хэрэгтэй.
-Туул голын бохирдын түвшин өнөөдөр яг ямархуу байна вэ. Туул голын сав газрын захиргааны зүгээс энэ талаар дорвитой ямар ажил хийж байна вэ?
С.С: - Одоогийн түвшинд иргэд ямар ойлголттой байна гэхээр Туул голыг бүрдүүлж байгаа эх үүсвэр нь юу юм, тэнд үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгжид хаанаас зөвшөөрөл өгөөд байдгийг ерөөсөө мэддэггүй. Туулын бохирдлын тухай ярихдаа нөгөө л муу нэртэй, луу данстай салбарын яамыг буруутгадаг. Дараа нь хаалтан дотор Туул голын сав газрын захиргаа. Энэ хоёр байгууллага юу хийгээд байгаа юм бэ гэдэг асуултыг иргэд тавьдаг. Туул голын сав газрын захиргаа болон бусад сав газарт хамгийн эхлээд хэн зөвшөөрөл өгч байна вэ гэдгийг ярих ёстой. Ашигт малтмалын газар, МХЕГ, нийслэлийн МХГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд өөрсдөө тэнд газар олгож, лиценз өгдөг. Барилга байгууламж барих зөвшөөрөл олгодог. Тэнд хүн амьдарна, үйлчилгээ явуулахын тулд ус хэрэгтэй болно. Тэгэнгүүт хамгийн сүүлд усны асуудлыг сөхөн тавьж, яаж ийгээд шийдүүлдэг. Усны зөвшөөрлийг өгдөг эрх бүхий газар нь Туул голын сав дагуу гэж яривал аймаг, нийслэлийн байгаль орчны алба, төрийн захиргааны байгууллагууд юм.
Замбараагүй олгосон 5000 гаруй худгийн зөвшөөрлийг нийслэл өөрөө олгочихсон байдаг юм. Тэгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяанд байдаг нөгөө Ус сувгийн удирдах газар дээр нь нэмэгдэнэ. УСУГ нийслэлийн орон сууцны барилга байгууламж барихад шаардлагатай техникийн нөхцөлийг өгдөг. Хоногт төдий хэмжээний шоо метр ус ашиглах зөвшөөрөл олгож байна гэсэн баримт бичиг л дээ. Гэтэл УСУГ нийслэлийн газрын доорх усны нөөц хомсдож байна, 2017-2020 онд усгүй болох гэж байна гэсэн мэдээллийг өөрсдөө гаргадаг байхгүй юу. Өөрсдөө зөвшөөрөл өгчихөөд дараа нь хомсдол үүсээд байна гэдэг юмыг ярьж болохгүй шүү дээ. Нэг үгээр хэлбэл, төрийн байгууллагад байгаа хүн ямар ч хариуцлагагүй ажилладаг. Зүгээр л ширээний ард суугаад зөвшөөрөл дүгнэлт өгдөг. Бодит байдал дээр ямар байгааг мэддэггүй. Ер нь бол төлөвлөлттэйг өө уялдуулах хэрэгтэй. Хотын төлөвлөлт устайгаа зайлшгүй холбогдох ёстой. Туулын бохирдлын түвшинг Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн засаг захиргааны газрууд л хариуцах ёстой байхгүй юу.
Туул голын асуудлаар нээлттэй хэлэлц үүлэг саяхан зохион байгуулсан. Тэр үеэр Туул голын бохирдлыг бууруулах, усны нөөцийг аврах хоёрхон л гарц байна. Нэгдүгээрт, Туул голын усан цогцолбор, хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх асуудал гэж ярьсан. Туул гол дагуу баахан хог, бохир ус хаяж байгааг яг нарийн яривал бид жижиг асуудал болгон авч үзэх ёстой. Том асуудал болгоод харвал юм хийж чадахгүй. Тухайлбал, Туул голын сав газрын захиргаанаас олон жил хуримтлагдаад байсан Туул голын онцгой бүс дэх хог хаягдлын асуудлыг өнгөрсөн жил шийдвэрлэсэн. Тэнд хог хаясан компаниудаар өөрсдөөр нь, төсвөөс нэг ч төгрөгийн татаас авалгүйгээр цэвэрлүүлж чадсан. Гэх мэтчлэн ажлаа сайн зохион байгуулж чадвал Туул голын бохирдлыг бууруулах байтугай өчнөөн олон ажил хийх бүрэн боломжтой.
-Сая Туул голын усан цогцолборын талаар цухас дурдлаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ. Нийслэлийн зүгээс Туул голын бохирдлыг бууруулах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
Х.М: -Туул голын бохирдлыг бууруулах нь зөвхөн Туул гол дээр ажиллах асуудал биш. Сав газрын түвшинд асуудлыг авч үзэх хэрэгтэй. Нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлээд байгаа. Нэг нь Туул голын усан цогцолборын ажил. Гэхдээ ТЭЗҮ боловсруулах шатандаа, дөнгөж л тендер зарлагдаад явж байна. Энэ ажлыг УСУГ хариуцаж байгаа. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 250 мянга болгоод, дахиад хажууд нь 250 мянган шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих ажлын зураг төсөл боловсруулах олон улсын зөвлөх тендер шалгаруулах ажил өнгөрсөн оны есдүгээр сараас явагдаж байгаа. Харамсалтай нь өмнөх тендер хоёр компанийн маргаантай асуудлаас болж, нэг удаа унаад дахиад зарлагдах шатандаа явж байгаа. Голын хамгаалалтын асуудал дээр томоохон цутгал голууд, Сэлбэ, Улиастайн голын эхийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Дээр нь голын эргийг тохижуулах, хог хаягдал хаяхгүй байх, зөв зохистой ашиглах чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Нэг ёсондоо ашиглаад, хамгаалах зарчмаар тодорхой аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад явж байгаа.
-Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж, “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Баярмаа ирсэн. Та бүхэн Туул голын бохирдлын талаар томоохон судалгаа хийсэн гэл үү?
Г.Б: -Өнгөрсөн жил төрийн бус таван байгууллага хамтраад Туул голын бохирдлоос болоод байгаль орчин, нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэдэг судалгаа хийлээ. Яагаад энэ асуудлыг жилийн жилд ярьдаг мөртлөө шийдэгдэхгүй байна вэ. Ялангуяа хавар гол гэсэж өмхий үнэртэхээр л сэтгүүлчид шуугиад, ордонд энэ талаар хуралдаад, ажлын хэсэг гаргаад л шалгадаг. Тэгээд л бахь байдгаараа, юу ч өөрчлөгддөггүй. Одоо амраад, зугаалаад, найрлаад мартчихна, удахгүй хөлдчихнө. Өмхий үнэр ч багасна. Энэ жил ч бас битгий тэгээд мартчихаасай гэж бодож байна. Төр ажлаа хийхгүй байна гэж бид үзэж байна. Бид Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл цуглууллаа. Холбогдох яам, Туул голын сав газрын захиргаа, Ашигт малтмалын газар, МХЕГ-ын хийсэн шалгалтын дүнгүүдтэй танилцлаа. Ингээд үзэхэд энэ асуудлыг хариуцах бүрэн эрх, үүрэгтэй албан тушаалтнууд нь ерөөсөө ажлаа хийдэггүй юм байна. Үүнийг Сав газрын захиргааны хүн ч сая хэлж байна. Ажлаа хийхгүй байгаа хүмүүстээ хариуцлага тооцъё гэсэн ч хуулийн механизм нь алга. Хуулийг нь харахаар боломж, бүрэн эрх нь байх шиг байна. Туул голын захиргаа гэхэд л хаягдал усаа зайлуулахгүй, гол бохирдуулаад байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож, шүүхэд хандаж яагаад болохгүй гэж.
Шүүхээр нэхэмжлэл гаргуулаад, учирсан хохирлоо нөхүүлэхээр ажиллаач ээ гэж хүсмээр байна. Хохирол учруулаад байгаа аж ахуйн нэгжүүдэд нөхөн төлбөр тавиад эхлэхээр сэрэмж, дохио авна. Хоёрт нь, хамгаалах арга зам байна. Тусгай хамгаалалтад авч болмоор санагддаг. Нийслэлээс Улиастай, Сэлбэ голын эхийг 2013, 2014 онд тусгай хэрэгцээнд авсан гэж байна. Сайн хэрэг. Тусгай хэрэгцээнд авчихлаа гээд хаяхгүйгээр хамгаалалтын дэглэмийг нь сахиулах тал дээр сайн ажиллах ёстой. Туул голоо улсын тусгай хамгаалалтад авах цаг болжээ гэдэг саналыг нийслэлд, ч УИХ-д ч бид тавья гэж бодож байгаа. Төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын хийсэн ажлын хяналт, шалгалтын дүнгүүдийг нь бид энэ жил авч үзлээ. Хамтарсан Ажлын хэсэг гараад хяналт шалгалт хийгээд, зарим компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр 2012 оны Ажлын хэсгийн дүгнэлтээр гаргачихсан байгаа юм. Ялангуяа энгийн хамгаалалттай бүс дотор түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, алт угаагаад голын голдирлыг өөрчлөөд байгаа олон компаниуд хохирлын үнэлгээ хийгээд тогтоочихсон.
Гэтэл яагаад одоо болтол энэ шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Нөгөө л эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг хүмүүс нь өөрсдөө хуулиа зөрчөөд байна. Энэ хүмүүсийг яам нь дийлдэггүй. Мэргэжлийн хяналтын газар нь хүчрэхгүй байна, эрх мэдэл нь хүрэхгүй байна уу, ашиг сонирхлын зөрчил байна уу. Тийм учраас Их хурлын түвшинд энэ асуудлыг тавиад үзье гэж шийдсэн. Хуулийн хэрэгжилтийг хянадаг функц нь Их хуралд бас байна. Тэгээд төрийн бус байгууллагууд орон нутгийн иргэдтэй хамтраад УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл бичих кампанит ажил өрнүүлж байна. Нутгийн иргэд болон төрийн бус байгууллагуудын 400 гаруй өргөдөл одоо Их хуралд оччихсон байгаа. Удахгүй байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байх.
-Цэвэрлэх байгууламжийг шинэчилчихвэл л болох юм шиг яриад байгаа. Гэтэл шинийг нь ашиглалтад орох хүртэл хуучнаар нь торгоож дөнгөх болов уу?
Д.Б: -Төв цэвэрлэх байгууламжийг оросууд барьсан. Би тэнд 1983 оноос ажиллаж байсан хүн. Одоогийн энэ байгууламж алзахгүй, дахиад ч хэдэн жил ажиллана. Бүр яахаа алдчихсан хэрэгцээгүй болсон юм яриад, тэрбум доллар байвал үүнийг шинэчилнэ гэж яриад байгаа. Засаад ямар ч засвар авахгүй. Цоорхой ханыг л бөглөж байгаа юм. Тэгснээр цэвэрлэгээний түвшин сайжирна гэж огт байхгүй. Оросууд ийм байгууламжаа орчин үеийн болгож, шинэчлээд маш сайн болгосон юм билээ. Москва, Ленинградын эрдэмтэдтэй хамтраад бид хоёр хувилбартай төсөл боловсруулаад байна. Эхнийх нь 96 мянган долларын өртөгтэй. Бид оношийг нь тавих гэж байгаа юм. Яагаад усаа цэвэрлэж чадахгүй байна, юу нь болохгүй байна, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг судлаад, байгууламжийн дагуу зураг төслийг нь хийгээд санал боловсруулах юм. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэгчээр оросууд өөрсдийн барьсан байгууламжаа өөрсдөө засаад, 180 мянган шоо метр ус цэвэрлэх байгууламжийг 230 мянгын хүчин чадалтай болгож сайжруулаад өгье гэж байгаа юм.
Бидний яриад байгаа хоёр дахь хувилбар нь 245 мянган доллар шаардсан нэг ажил байгаа. Үүн дээр Оросын 10 эрдэмтний баг, Монголын эрдэмтний багтай хамтраад сэтгэл гаргаад, эх оронч санаачилга гаргаад янзалъя гэж байгаа. Өчигдөр би энэ тухай албан бичгээ БХБ-ын сайдад өргөн барьсан. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргад мөн танилцуулсан байгаа. Г.Б: -Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж ярьдаг. Маш олон барилга байгууламж, үйлдвэр, бүтээн байгуулалт хийнэ гэж яриад байгаа. Гэтэл эндээс гарах хаягдлыг цэвэрлэх байгууламж алга. Бодлого, хөтөлбөр, төслүүдийн хоорондын уялдаа байна уу. Үүнийг хийхэд боломжит усны нөөц байгаа юм уу, Улаанбаатарт. Усны нөөцийг өнөөдрийг хүртэл шинэчилж тодорхойлоогүй явна. БОНХАЖЯ-ны статусыг нь өндөрсгөж, чиг үүргийг нь нэмэгдүүлээд бодлогын яам болгочихсон шүү дээ.
Барилга хот байгуулалтын юм уу, Уул уурхайн яамыг дагаад, амыг нь хараад суух яам биш. Стратегийн үнэлгээгээгээ хийгээд “Энэ төсөл, хөтөлбөр үүд чинь байгаль орчинд хор хөнөөлтэй юм байна, нөхөн сэргээж дийлэхгүй бол хэрэгжүүлэхгүй ээ” гээд зогсоох хэмжээнд статусыг нь авааччихсан. Тэгэхээр яам маань байгаль орчин, Туул голынхоо төлөө сөрөөд зогсох боломжтой.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн зарим заалтыг амьдралаас хол хөндий гэж шүүмжлэх хүн байдаг?
Д.Б: -Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар яривал та нар тэдэн тэрбум төгрөг төлөх ёстой гээд буруутай үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгчих ёстой байхгүй юу. Амьдралаас хол тасархай заалт бий гэдэгтэй санал нийлнэ. Оросын жишээг дурдъя л даа. Эдний цэвэрлэх байгууламж 27 сая долларын ашигтай ажилладаг. Өмнө нь Балтийн тэнгисийг будаа болгож байсан газар ш дээ. Энэ хуулийг хэрэгжүүлээд яасан бэ гэхээр бохирын шугамыг нь хөөгөөд, хаанаас бохир орж ирж байна вэ гэдгийг нь барьж авсан. Ус сувгийн удирдах газар энэ мөнгийг нь авдаг, Байгаль орчны яам биш. Тэгээд бохирдолтойгоо тэмцээд, олсон мөнгөөрөө цэвэрлэх байгууламжаа сайжруулж засаад явдаг. Бохирдуулагчид мөнгө төлдөг ийм менежментийг манайхан татварын байцаагч ус бохирдуулсны мөнгийг хурааж авна гэж хуульд заасан. Долоон буудлын Должин авгай гадаа угаадас асгавал хөрс бохирдуулсны татвар авна гэж байгаа. Цахилгааныхаа мөнгийг авч чадахгүй байж юун бохирдуулсны төлбөр хураах. Хоёрдугаарт, тэр байцаагч ус бохирдуулагч хортой бодисын талаар ямар ч ойлголтгүй.
Х.Х: -Хууль хэдийгээр татварын алба хураана гэж байгаа боловч боломж нь бидэнд байгаа шүү дээ. УСУГ Төв цэвэрлэх байгууламжид бохироо хаяж байгаа үйлдвэрүүдэд хяналт тавьдаг. Түүнийхээ хүрээнд бохирын хэмжээг лабораториор шинжлүүлээд, “Ийм бодис зохих хэмжээнээс хэтэрсэн байна, ийм хэмжээний бохирдол гаргаж байна, ийм төлбөр ногдуулна” гэж тооцох бүрэн боломжтой.
С.С: -Туул голын сав газрын захиргаанаас нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж болно гэсэн заалт Усны тухай хуульд байдаг юм. Үүгээр эрх бүхий субъект буюу Монгол Улсад байгуулагдсан 26 сав газрын захиргаа нөхөн төлбөр гаргах, нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Гол нь санаачилга байгаад байна аа даа. Үүнийг хийх гэж бид оролдсон. 2012 оны арваннэгдүгээр сард Туул голын сав газрын захиргаа байгуулагдсан. Усны тухай хуулиараа сав газрын нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавих үндсэн үүрэгтэй. 2013 оны гуравдугаар сараас бид Туул голын сав газарт эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй компанид холбогдох шатны байгууллага, мөрдөн байцаах газар, Хан-Уул дүүрэгтэй хамтран шалгалт хийхэд 30-аад компани нь Туул голын усны шүүрэлтээс гарсан усаар элс хайрга угаан зайлуулдаг нь тогтоогдсон.
Ингээд тэдгээр компанитай хариуцлага тооцож, торгууль ногдуулж, байрыг нь лацдаж, ажлыг нь зогсоож үзсэн. Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Шувуун фабрикийн иргэдтэй очиж уулзаад, “Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил зогслоо, элс хайрга, бетон зуурмаг бидэнд хэрэгтэй байна. Бүтээн байгуулалтын ажилд битгий саад хийгээч” гэж гуйсаар иргэдээс зөвшөөрөл авсан. Тэгэнгүүт Хан-Уул дүүргийн МХГ-ынхан өнөөх тавьсан лацаа буцаагаад авчихаж байгаа юм. Бид Туул голын усны сав газар, хамгаалалт, хориглолтын бүсэд байгаа тэр хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, цаашид ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготой байлаа. Гэтэл ингээд нийслэлийн удирдлагатай зөрчилдөөд байгаа юм. Туул голын сав газарт өгсөн 12 төрлийн 400 гаруй ашигт малтмалын лиценз бий.
Төв аймгийн Заамар суманд эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй алтны 30 гаруй шороон орд бий. Эргээс 200 метрийн зай дотор ажилладаг компани олон. Гэтэл хэн нэг дарга зөвшөөрөл өгсөн байдаг. Ус ашиглалт маш замбараагүй. Манайх Туул голын сав газар, усны нөөцийн ашиглалтын талаар жилийн эцэст тайлан гаргадаг. Тэр тооцоон дээр үндэслээд 2016, 2017 оны нөөцөөсөө давсан ашиглалт байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог. Энэ ажил хийгдэж байна. Туул голын сав газарт байгаа лицензтэй ашигт малтмалын ордыг бүгдийнх нь усны эх үүсвэрийг тооцож эхэлсэн. Ус ашигласныхаа төлөө орон нутагт төлөх мөнгө багасаж байгаа. Орон нутгийн төсөвт орсон мөнгөнөөс тодорхой хэсгийг эргүүлээд Туул голыг нөхөн сэргээхэд зарцуулах талаар Засгийн газрын тогтоол бий.
Г.Б: -Онцгой, энгийн хамгаалалтын бүс доторх алтны шороон орд, олборлолт хийж байгаа газар нь гол уу, голын голдирол уу, уурхайн далан уу гэдэг нь ялгагдахаа больсон. Саяхан “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Өөрөөр хэлбэл, устай, голтой газар олборлолт явуулахыг түр зогсоосон байсан чинь дахиад үйл ажиллагаа явуулах гэж байна. Үүнд олон нийтийн хяналт, оролцоо огт алга. Цэвэрлэх байгууламжийн дараа яригдах бас нэг аюул бол өнөөх шороон ордны олборлолт. Энгийн хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын бараг 80 лиценз хууль зөрчиж олгосон байгаа. Энэ зунаас эхлээд Туул голын голдирол, энгийн болоод онцгой хамгаалалтын бүс дотор энэ компаниуд олборлолтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Үүнд БОНХАЖЯ, Туул голын сав газрын захиргаа, иргэний нийгмийнхэн нутгийн иргэдтэй хамтраад хамгаалж зогсохгүй бол болохгүй нь.
Д.Б: -Урьд нь Туул голын сав газрын захиргаа байхгүй байхад энд тэнд дураараа худаг ухчихсан байдаг байсан. Харин одоо захиргаа байгуулагдаад эзэнтэй болсон нь сайшаалтай. Гэхдээ Туул голын сав газрын захиргаа адилхан төрийн байгууллагаа шүүхэд өгч чадахгүй байна. Тэгвэл улстөрж өөд маргааш нь л даргыг нь халаад хаячихна. Улс төр ороод ирэхээр дордоод явчихаж байгаа юм. Удирдлагын хоёр янзын хэлбэрээс манайх захиргааны хэлбэрийг сонгосон. Бусад оронд бол Сав газрын захиргаа олон нийт, тэнд байгаа иргэдийн оролцоотой байгуулагддаг. Нийслэлийн Засаг даргыг дуудаад үүрэг өгдөг газар юм. Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүл дарга ийм захиргаа байдаг гэдгийг ч мэддэггүй. Хуулийг нь ч мэдэхгүй. Ер нь бол байгаль орчны салбарын хүмүүстэйгээ хамтарч ажиллаж байж цааш явах ёстой. Ямар ч хөрөнгө мөнгөгүй газар гэхэд Туул голын сав газрын захиргаа ганц хоёр жилийн дотор их зүйл хийсэн. Гэхдээ ихэнх эрхийг нь бусад байгууллага булаагаад авсан. Эрх мэдэл, санхүүгийн чадвартай байж ажиллана уу гэхээс хэн нэг мэргэжилтэнтэй биш тэднийг зүгээр нэг мэргэжилтэн байна, хуулийн хүрээнд улсын байцаагчтай ярина аа гэх юм бол дуусна шүү дээ. Одоо бид усны асуудал руу өнгөцхөн биш, гүнзгий орох шаардлагатай. Усны харилцаа маш нарийн.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ сүүлийн үед анхаарал тавьж байгаад баяртай байна. Туулын усыг бид 45 хоног нанотехнологиор цэвэрлэж үзүүлсэн. Төв цэвэрлэх байгууламжийнхан очиж хараад “Ийм цэвэр болдог юм уу” гэж байсан. Яг ийм таван нуур байгуулж, Туул гол руу орох усыг цэвэрлэхээр ТББ-ууд нийлэн, Ерөнхийлөгч, хотын даргыг дуудаад газар дээр нь хэвлэлийн бага хурал хийлгэх гэж байлаа. Гэтэл УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны хэлэлцүүлэг давхацсан тул “За хүлээе, намар болтол үр дүнг нь харъя” гэж бодсон. Уг нь бид гадаадын мэргэжилтнүүдтэй хамтраад ийм баг авчирч ажиллавал болох юм байна гээд Э.Бат-Үүл даргад танилцуулгаа орхисон байгаа. Одоо хамгийн халуун цэг бол цэвэрлэх байгууламж болоод байна. Энэ бохир ус тэр чигээрээ Туул голд орвол маш аюултай. Эбола вирусээс ч аюултай үндэсний хэмжээний гамшиг нүүрлэнэ. Үнэндээ 40-60 хувь цэвэрлэж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Хамт явсан гадаадын судлаач бүр гайхаж байлаа. Уг нь бид эх оронч санаачилга гаргаад хөрөнгө мөнгийг нь шийдэх боломж бий. Гэхдээ тийм их, тэрбум долларын үнэтэй биш. Гэтэл Францын нэг компани тендерт шалгараад, дараа нь цуцлаад л, тэд зөвхөн зураг төсөл хийхдээ л 5-6 тэрбум төгрөг авч байна. Харин бид газар дээр нь очоод оношийг нь тогтоох гэж байна.
-Нийслэлийн зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Хариуцлага тооцдог, үр дүнг нь ярьдаг систем нь дутагдаад байна уу?
Х.М: -Хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон гэж яриад байна. Энэ нь нэг талаас буруу. Яагаад гэхээр “Урт нэртэй” хууль гарахаас өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хуулийн дагуу зөвшөөрөл аваад, төлбөрөө төлөөд хотын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгжүүд байгаа. Харин ашиглалт явуулахдаа төлөвлөлт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө байхгүй, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй явагдсаны улмаас өнөөдрийн байдал бий болсон. Түүнээс биш гэнэт нэг өдөр л Туул голыг бохирдуулчихаад байгаа юм биш. Хотын захиргаа юу ч хийхгүй байна гэдэг нь өрөөсгөл. Үе үеийн Засаг дарга нар өөр өөрийн хэмжээнд ажил хийж ирсэн. Бүх зүйл мөнгө санхүүтэй холбоотой. Улсын төсвөөс орж байгаа хөрөнгийн ихэнхийг нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтад зарцуулж байсан. Тэр бол тухайн үеийн УИХ ч юм уу, төр засгийн байгууллагын алдаатай бодлого байсан байж магадгүй. Нийслэлийн ЗДТГ бүгдийг бохирдуулаад, бүгдийг авч ашиглачихаад, даац нь хүрэхгүй газар баахан барилга бариад, ус ашиглаад хаях гэж байгаа юм бол байхгүй. Одоо Налайхын Городокт ус цэвэрлэх шинэ байгууламжийн ажил явагдаж байгаа. Нисэхийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Буянт-Ухаа хорооллын шинэ орон сууцны хотхонд хоногт 20 мянган шоо метр ус цэвэрлэх байгууламж бас барьж байгаа. Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэн шилжүүлж, зөвхөн үйлдвэрийн зориулалттай ус цэвэрлэх байгууламж барьж байна. Мөн гэр хорооллын хэсэг нэгж талбарыг нийлүүлээд тусад нь цэвэрлэх байгууламж барих төсөл яригдаж байгаа. Мөн ашигласан газрынхаа 75-аас доошгүй хувийг нөхөн сэргээлт хийж байж үйл ажиллагаа явуул гэж нийслэлийн Засаг дарга шаардлага тавиад үр дүнд хүрсэн. Ямар ч байсан аж ахуйн нэгжүүдийг нөхөн сэргээлт хийлгээд хотын бүтээн байгуулалтыг зогсоохгүй явуулъя гэсэн чиглэлийг барьж байна. Гэхдээ нийслэл хотын зүгээс тэдгээр газруудыг дуртайдаа ажиллуулаад байгаа юм биш. Яалт ч үгүй нийгмийн эрэлт хэрэгцээ бий. Хотод амьдарч буй 1.2 сая иргэний нийгмийн асуудал байгаа болохоор явуулж байна. Гэхдээ нөхөн сэргээлтээ хий л гэнэ.
-Туул гол таван аймгийн нутгаар урсдаг. Туулын хамгийн их бохирдсон хэсгээс доош орших Алтанбулаг сумын иргэд гомдол тавьдаг. Үнэхээр хүн, малынх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна уу. Тэнд бодитоор аюул тулгарч буй талаар судалгаа хийж байв уу.
Г.Б: -Нийт таван судалгаа хийсэн. Үүнд байгаль орчны ардчиллын индексийг байгаль орчны мэдээллийг өгч буй байдал, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо, эрх зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах эрх хэр нээлттэй зэрэг гурван үзүүлэлтээр дүгнэдэг. Хоёрт, усны чанарын мэдээллийн индикаторыг олон улсын аргачлалаар тодорхойлсон. Аль аль нь хангалтгүй гарсан. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлж буй нөлөө, Байгаль орчны мэдээллийн төвийн иргэдэд өгч буй мэдээллийн хүртээмж, чанар ямар байгааг дүгнэсэн. Эцэст нь иргэдийн авч байгаа байгаль орчны мэдээллийн чанар, хуулийн хэрэгжилтийг судалсан юм. Судалгаанаас үзэхэд иргэд маш их айдастай амьдарч байна. Сонгино, Заамарынхан Туул голоос ундандаа хэрэглэдэггүй ч малаа тэндээс усалдаг. Гэтэл малынхаа махыг идэж, сүүг нь уудаг шүү дээ. Манай эрүүл мэндийн салбар усны бохирдол, уул уурхайн үйл ажиллагаа хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоож чадахгүй байна. Яг бохирдлын мэдээллийг авах гээд хүсэлт гаргахаар бидний амьдарч буй сум, дүүргийн талаар мэдээлэл байдаггүй.
Иргэд өөрийн амьдарч буй газрын агаар, ус ямар байна вэ гэдгийг мэдэхийг хүсдэг. Гэтэл та ийм ус ууж байна, аюулгүй гээд тодорхойлох албан газар байхгүй. Тэгэхээр тухайн иргэний амьдарч байгаа газрын байгаль орчны талаарх мэдээллийг цуглуулдаг, ашигладаг, тараадаг тийм тогтолцоо хэрэгтэй болоод байна. Уг нь мэдээлэл дээр тулгуурлаж, бодлого зохицуулалт, төлөвлөлт явах ёстой шүү дээ. Нийслэлийг хүнсээр хангадаг тариалангийн газрууд тэнд зөндөө бий. Талбайд нь бохирын ус халиад орчихсон байх жишээтэй. Түүнийг нь бид хүнсэндээ хэрэглэж байна. Ингэхээр дотоодынхоо хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн авсан ч айдастай болж байна. Бүтээж болно, барьж болно. Гэхдээ хэчнээн өндөр барилга босгож, урт зам барилаа ч хамгийн чухал зүйл болох хүнийхээ эрүүл мэндийг хохироож байгааг хөгжил гэх үү. Хөгжлийг хүний эрүүл мэнд, боловсрол, орлогын хэмжээгээр дүгнэдэг. Утаанаас салах гэж барилга бариад уснаасаа салж болох уу. Бодлого төлөвлөлт хоорондоо уялдаатай, тооцоотой, алсын хараатай байгаасай гэж бодож байна.
-Ямар гарц байна гэж харж байна вэ?
Х.Х: -Усны бохирдлын асуудлыг шийдэхэд байгалийн нөөц хязгаарлагдмал гэдгийг хүмүүст ойлгуулах, мэдээлэл хүргэх, боловсролыг дээшлүүлэх явдал чухал. Байгалийн нөөц байхгүй бол бид оршин тогтнох боломжгүй гэдгийг ойлгуулж, байгаль орчны мэдээллийг сайжруулах шаардлагатай. Орон нутгийн засаг захиргаа усны асуудалд ихээхэн анхаарал тавихаас гадна үйлдвэр, аж ахуйн байгууллагууд байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байна гэдгээ ухамсарлах ёстой. Долоо хоногт нэг удаа машин угаалгын газрыг хаах зэргээр гадаад орнуудад байдаг шиг санал санаачилга гаргаж болон шүү дээ.
С.С: -Байгаль орчны мэдээллийн ил тод байдал чухал гэдэгтэй би санал нийлнэ. Нэг жишээ хэлэхэд Байгаль орчны яамны харьяанд Ус цаг уурын хүрээлэн гэж бий. Адилхан төсвийн байгууллага мөртлөө мэдээлэл авах гэхээр мөнгө нэхдэг. Ийм байж болохгүй. Бас нэг зүйл бол төрийн байгууллагын албан хаагч нар Туул голын бохирдлыг бууруулах талаар би юу хийж чадах вэ гээд санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй. Төрийн албаны шалгалт өгөөд орж ирсэн хүмүүс шүү дээ.
Х.М: -Бид төлөвлөлтөн дээр их алдаж байна. Үүнийгээ л засах ёстой. Бидэнд дагаж мөрдөх стандарт, журам алга. Шинэ баригдаж буй хороололд цэвэршүүлсэн усыг бохирын хоолойд ашиглах систем байхгүй. Нийслэлээс “Эко хотхон” барихаар төлөвлөж байгаа. Байгаль хамгаалах асуудалд төрөөс хөрөнгө гаргахдаа их хойрго ханддаг, ач холбогдлыг нь ойлгохгүй байна. Өнгөрсөн хугацаанд Хүний хөгжлийн сангаар тараасан мөнгөөр бид шинээр цэвэрлэх байгууламж барьчих байлаа. Уг нь санхүүг нь шийдээд өгчихвөл нэг их өндөр аваад, цаашид сунжраад байхаар асуудал биш гэж бодож байна.
Г.Б: -Иргэний нийгмийн талаас хэлэхэд Усны засаглалыг сайжруулах хэрэгтэй. Усыг алт, хайрга шорооноос дор тавьсан бодлого байж болохгүй. Хүн усаа дагаж амьдарч, бүтээн байгуулалт бий болдог учраас усны асуудал нийтийн эрх ашгийг хөндөж байдаг. Усыг юунд, яаж ашиглах вэ гэдгээ иргэдээс асууж, оролцуулж байх хэрэгтэй. Ингэж байж усны засаглал сайжирна. Хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийн оролцоо чухал. Одоогийн байгаа бүтцээр хяналт тогтоож чадахгүй. Иргэний нийгмийн нөөц бололцоог хяналт тавихад ашиглах нь зохистой. Энэ талаар тодорхой механизмыг хууль тогтоомждоо оруулах хэрэгтэй. Усны засаглалыг сайжруулснаар байгалийн баялгийг зүй зохистой ашиглах систем бий болно.
БОНХАЖЯ усыг хамгаалах тал дээр баттай зогсох ёстой. Олон хөтөлбөр, төсөл гарч байгаа ч усны нөөцийг ашиглах гэдгийг түлхүү оруулаад усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах гэдэг нь тун бага тусгагддаг. Сонгуулийн том амлалт, шоугаа болиод стратеги, төлөвлөлтөө бодитоор хийх нь чухал. Энэ ажлыг уснаасаа эхэлье. Усгүй бол Тавантолгой, Оюутолгой ч явахгүй. Усны засаглалыг сайжруулаасай, үүнийг Туул голоос эхлээсэй гэж хүсэж байна.
Тэмдэглэсэн Г.ОЮУНГЭРЭЛ, М.СУГАР-ЭРДЭНЭ