2015 оны зургадугаар сарын 15.
Төр, засгийн тэргүүнүүдийн байрлах хаус хотхоны бүтээн байгуулалт
Одоо өнгөрсөн, буцах замгүй. АСЕМ-ийн зочдыг алмайруулдаггүй юм гэхэд айлгаж, ичээлгүй буцаах нь бидний үүрэг гэдгийг монгол хүн бүр хүлээн зөвшөөрье. Нохойн дуу ойртож буйг саная. Ер нь алмайруулж ч чадна шүү дээ гэсэн чин сэтгэлийн итгэл үнэмшил, дэврүүн хүсэл эрмэлзлээ нэгтгэе. Монгол Улс Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд эх орондоо зохион байгуулах эрх авсан нь нэр төрийн хэрэг.
Азийн 21, Европын 30 улс, Европын холбооны комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн эл үйл явц Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсны 20 жилийн ой тохиож буй. Энэ хугацаанд АСЕМ-ийн уулзалтууд хоёр тивийг хамарсан бүхий л нийтлэг асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх индэр болж хувирсан гэхэд болно. Гадаад хэргийн болон санхүү, эдийн засаг, байгаль орчин, соёл, боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн гээд бүхий л салбарын сайд нар тогтмол уулздаг нь ч сайн үр дүн дагуулдаг биз.
БОЛОМЖ
Долоон сая хүрэхгүй хүн амынх нь бараг 80 орчим хувь нь өдөрт хоёр ам.доллар ч хүрэхгүй орлогоор амь зуудаг нь 2012 онд Лаосын Вьентьянд ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах шалтгаан болсон юм билээ. Тус уулзалтыг Их Британи, БНСУ, Дани, Финланд, БНХАУ, Итали зэрэг өндөр хөгжилтэй, томоохон орнуудад зохион байгуулсан нь ч бий. Харин манай улс цаг хугацааны хувьд АСЕМ-ийн түүхийн тэхий дундаас хойш буюу 2008 оноос уулзалтад оролцож эхэлсэн ч ийм хариуцлагатай үүрэг хүлээсэн нь бидний ардчилал, зах зээл, гадаад харилцаа, дипломат үйл ажиллагааг олон улсад өндрөөр үнэлж буй хэрэг. Тиймээс бидэнд тус уулзалтыг сайтар зохион байгуулахаас өөр сонголт үгүй.
Мэдээж үүнийг амжилттай зохион байгуулснаар манай улсын нэр хүнд өсөн бэхжиж, цаашид олон улсын хэмжээний хурал, уулзалтыг эх орондоо хийх боломж нэмэгдэнэ. Үүнээс гадна энэ мэт арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд зохион байгуулагч улс багагүй хөрөнгө оруулж, томоохон бүтээн байгуулалт хийдэг жишиг бий. Энэ дагуу манай улс зочид буудлуудаа өөд нь татаж, олон улсын стандарт нэвтрүүлэх, тээврийн дамжин өнгөрүүлэх чадлаа нэмэгдүүлэх үүднээс зам, гүүр шинээр барих, өргөжүүлэх, засаж сайжруулах, хил, гааль, аюулгүй байдлыг нь дээшлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл хийж, тэр нь бидэнд үлдэх юм. Уулзалттай холбоотойгоор ирэх зун Монголыг зорих албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, сэтгүүлчид, жуулчдын хөл тасрахгүй. Тэгэхээр Улаанбаатарын худалдаа, үйлчилгээний орлого нэмэгдэж, цаашдын бизнес, хөрөнгө оруулалтаа төлөвлөх боломж бүрдэнэ. Мөн энэ нь түүх, зан заншил, соёл урлагаа сурталчлах том боломж юм. Түүнчлэн дээд түвшний уулзалтыг дагалдуулан зохион байгуулах төрөл бүрийн чуулган, дугуй ширээний уулзалт, форум нь манай нийгмийн олон давхаргын төлөөлөл, байгууллага, хувь хүмүүст шинэ түнш, найз нөхөдтэй болох, харилцан суралцах, туршлага хуваалцах боломж, ирээдүйн харилцааны суурь болохыг үгүйсгэхгүй.
БЭЛТГЭЛ
50 гаруй орны төр, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч тус уулзалтад оролцохоор байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын эхээр Люксембургт Гадаад хэргийн сайд нар нь чуулж, Монголд болох бидний бэлтгэлийн талаар ярилцах нь. Дээд түвшний уулзалтуудын тов үндсэндээ тодорчихож. Бид хэрхэн бэлтгэж байна вэ. “АСЕМ-ийн бүтцэд бусад олон байгууллага шиг байнгын ажиллагаатай нарийн бичгийн дарга нарын газар үгүй тул зохион байгуулагч орны зүгээс идэвхтэй дипломат үйл ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байдаг. Гишүүн, түнш орон бүртэй хамтарч ажиллах хэрэгтэй” гээд цөөнгүй орны холбогдох яам, газрынхантай уулзаж, хамтын ажиллагааны хүрээг тохиролцож, туршлага судалж, заримынх нь төлөөлөгчдийг урьж ярилцаж буйгаа АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Мөн уулзалтын төгсгөлийн баримт бичгүүдийн төсөлд гишүүн орнуудын саналыг тусган боловсруулах ажлыг ч эхлүүлжээ.
Гадаад бэлтгэл ажлаа ийн хангаж байгаа бол дотоодод чухам ямар ажил, хэрэг өрнөж байна вэ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-нд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, тус уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулсан. Зөвлөл зургаан Ажлын хэсэг, Ажлын албатай. Ажлын хэсгүүд, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудыг сонгон шаардлагатай хөрөнгө оруулалт хийн, хамтран ажиллах, “Чингис хаан” нисэх буудлыг өргөжүүлэх, Улаанбаатар хотын замын сүлжээг сайжруулах, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах, үйлчилгээ, соёлын чанараа дээшлүүлэх гэсэн чиглэлтэйгээр ажиллаж буй. Эдгээрийг дотоод нөөц бололцоо хийгээд гишүүн орнуудын тусламж, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх учиртай. Юутай ч өнгөрөгч сарын сүүлчээр Монгол Улсын Гадаад хэргийн яам Ази-Европын сангийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ази-Европын сангийн гүйцэтгэх захирал Жан Ян нар гарын үсэг зурсан. Тус сан нь АСЕМ-ийн байнгын ажиллагаатай ганц байгууллага бөгөөд гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхний хандиваар санхүүждэг.
Харин энэ оны улсын төсөвт бэлтгэл ажилд шаардлагатай 50 орчим тэрбум төгрөгөөс дөнгөж тавыг нь л тусгасан. Хэдийгээр төсөв, мөнгө хязгаарлагдмал байгаа ч ажлын хэсгүүд дор бүрнээ ажиллаж байна. Тэдний юу хийж буйг тоймлон хүргэе. Ажлын хэсгийнхэн зочдыг хүлээн авах байр, хурлын танхимд юуны түрүүнд анхаарал хандуулж буй гэнэ. Аюулгүй байдал болон тогтоосон хязгаар, бүсийг харгалзан АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдийг 43 зочид буудалд хүлээн авна. Тэдгээрийн тоног төхөөрөмж, багаж, тавилга хэрэгслийн шинэчлэл, үйлчилгээний барилга байгууламжийн засвар, тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн хангалт зэрэгт бараг 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж буй ч Засгийн газрын хуралдаанаас 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг даалгасан билээ. Мөн төрөөс зочид буудлын ажилтнуудыг мэргэшүүлэх, үйлчилгээний сургагч менежер бэлтгэхэд чиглэсэн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулаад эхэлсэн.
Сургалтыг вакуумжуулсан байдлаар хийх бөгөөд дэлхийн шилдэг буудлын менежер, үйлчилгээний мэргэжилтэн, мэргэжлийн тогооч нараар хичээл заалгахаар төлөвлөжээ. Сургалтын явцад стандарт тогтоон, шалгалт авах юм байна. Түүнчлэн зочид буудлын ойр орчмын зам, тохижилтыг ч холбогдох Ажлын хэсэг хариуцан ажиллаж байгаа аж. Зочид буудал хүрэлцэхгүй бол зочдын аюулгүй байдлыг хангасан байрыг түр хугацаагаар түрээслэн байрлуулах талаар ч ярилцаж байгаа гэнэ. Харин төр, засгийн тэргүүн нарыг хауст байрлуулахаар Богд уулын орчимд хотхон барьж байгаа. Зочид байрласан хэсэгт аюулгүй байдлыг өндөржүүлэх бөгөөд үүнд дээрх чиглэлээр ажилладаг төрийн бүх байгууллага ажиллана. Мөн Японы “Тоёото” корпорацаас зочдод үйлчлэх хамгийн сүүлийн үеийн машинууд авахаар ярьж байгаа юм. Дээд түвшний уулзалтаас өмнө Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулж амжихгүй тул “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ихэнх ачааллыг үүрүүлнэ.
Өнгөрсөн зун В.Путинийг гурван онгоцтой ирэхэд сандарч байсан манайхан 50 орчим орны төр, засгийн тэргүүнийг авчрах онцгой нислэгүүдийг хэрхэн зохицуулах вэ гэдэг том асуудал. Энэ дагуу нислэгийн талбайг өргөтгөх, аюулгүй байдал, хяналтыг сайжруулах, зарим танхимыг томруулж, өөрчлөх юм. Эхний ээлжинд онгоц хөөрч, буух хучилттай зурвас болон зогсоол, транзит нислэгт шаардлагатай 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн. Эдгээрийг энэ зундаа багтаагаад хийчихвэл АСЕМ-ын уулзалтын бэлтгэлийн голыг нугалчихна гэж үзэж буй. Үүнээс гадна шаардлагатай тохиолдолд онгоцуудыг хөрш орнууд руу буцаан нисгэх байдлаар зохицуулахаар ч ярьж буй юм байна.
Б.НОМИН