Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Манай улсын эдийн засгийн өсөлт хэлбэлзэлтэй, цөөн тулгууртай, экспортын дийлэнх хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Цаашид эдийн засгийг олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжлийн хэлбэрт шилжүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрөөс санхүүгийн интервенц хийх зэрэг бодит алхмуудыг төлөвлөн цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн сайд Д.Эрдэнэбат хэллээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 ондДНБ-ний 30.3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгаа бол аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байгаа аж.
ЭЗХАБ /OECD/-ын аргачлалаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний технологийн агууламжийг тодорхойлохдоо судалгаа хөгжлийн ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гол шалгуур үзүүлэлт болгон авч үздэг. Судалгаа хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж нь дунджаар 30 хувь байдаг тул өндөр технологи бүхий өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд судалгаа хөгжилд хөрөнгө оруулах шаардлагатайг харуулж буй аж. Иймд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй байна гэж сайд онцлоод дэлхийн зах зээлд өрсөлдөх Монгол Улсын харьцангуй давуу тал болох хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулан эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үзэл баримтлалд тулгуурлан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсрууллаа хэмээсэн юм.
“Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцааг зохицуулах бөгөөд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийг дэмжих харилцаанд хамаарахгүй юм байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай 1 удаа олгох, өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс 1 удаа үйлдвэрт буцааж олгохоор тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, хуулийн төсөл нь Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой уялдсан байна гээд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.