Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт холбогдсон Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэй боллоо. Шүүгдэгч Г.Маралмаагийн бие муудсан гэх шалтгаанаар шүүх хурал өмнө нь хоёр ч удаа хойшлогдсон. Энэ удаа мөн л бие нь муудаж, дусал залгуулсан ч шүүх бүрэлдэхүүн хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч Г.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т заасан онц хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгасан. Харин Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т заасан бусдын амь насанд аюул учирсан үед тусламж үзүүлээгүй, асран хамгаалах үүргээ биелүүлэлгүй, хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг үл мэдээлсэн гэх үндэслэлээр буруутган шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хурлын үеэр талийгаач охины эцэг, шүүгдэгч Т.Цогт “Маралмаа бөө байсан. Бөөгийнхөө зан үйлийг хийж байхдаа миний охиныг “Эхийнх нь бузар шингэсэн амьтан” гээд манжига хэмээх ташуураар ороолгож, бөөгийн зан үйлд хэрэглэдэг модоор толгойд нь хоёр удаа, нуруунд нь хэд хэдэн удаа цохиж байсан. Нүүр, нүд рүү нь сүү, архи цацдаг байсан. Миний охиныг арай ч алчихна гэж бодоогүй. Намайг ажилдаа явсан хойгуур Маралмаа охиныг минь зодож, дарамталдаг байсан юм билээ. Тэгээд надад шатнаас унасан гэж хэлж байсан. Охин маань нэг удаа “Аав аа та ажилдаа битгий яваач, Маралмаа эгч намайг зодох гээд байна” гэж байсан” гэв. Талийгаачийн ээж Б.Өнөржаргал “Миний охин хэд хэдэн удаа биедээ хөхрөлттэй, шалбархайтай ирж байсан тухайн үед нь Т.Цогтоос асуухад шатнаас унасан гэж хэлж байсан. Надад охиноос минь өөр хэн ч байхгүй. Би маш их гомдолтой байна” гэж ярьж байв. Харин Г.Маралмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би охиныг үхэлд хүргэх хэмжээний гэмтэл учиртал зодож байгаагүй, гар хүрч байсан нь үнэн” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хавтаст хэрэгт цуглуулсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүнд уншиж сонсгосон юм. тэнд дурдсанаар Г.Маралмаа нь талийгаач охиныг удаа дараа зодож тарчлааж байсан. Үргэлж загнаж, зандран харьцдаг байсан тухай хэд хэдэн гэрч ярьжээ. Тэр ч байтугай хэрцгий авир гарган тамлаж, нүүр рүү энгэсэг шингээдэг шингэнийг шүршихэд нүд нь хорссон охин уйлаад нүдээ анихад нь “Битгий маяглаад бай, наад нүдээ нээ” гэж тарчлааж байхыг нь нүдээрээ харснаа хөрш нь мэдүүлсэн байна. Мөн өвлийн хүйтэнд охиныг ямар ч хувцасгүйгээр онгорхой цонхны дэргэд зогсоогоод хөдөлж болохгүй хэмээн сүрдүүлж байсан гэнэ. Г.Маралмаа нь өмнө нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-оор хоёр жил хорих ял авсныг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ. Энэ мэт харислалыг хойт эх нь амсуулж байсан бол төрсөн эх нь ч үнэндээ “энхийн цагаан тагтаа” байгаагүй талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч ярьсан юм. Тухайлбал 2012 онд нөхрөөсөө салж байгаа юм чинь гэх шалтгаанаар Архангай аймгийн иргэн Болормаа гэгчид охиныг үрчлүүлэхээр гэрээ хийж байсан талаарх баримтыг Т.Цогтын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөв.
Мөн Т.Цогттой хамт амьдарч байхдаа хонон өнжин алга болдог, заримдаа долоо хоногоор ч явчихдаг тохиолдол байсан гэж гэрчүүд мэдүүлжээ. Тэр үед ой ч хүрээгүй хүүхдээ Т.Цогт ганцаараа хардаг байсан гэнэ. Салсныхаа дараа ч охиноо дандаа айлд үлдээдэг, шөнийн цагаар аавд нь “Чи охиноо ав, би өсгөж чадахгүй” гээд хүргэж өгдөг байсныг шүүх хурлын үеэр ярьж байсан юм. Шүүх хурлын хэлэлцүүлэг өндөрлөж, улсын яллагч Д.Цолмон Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод таван жил хорих ял шийтгэх саналаа танилцуулахад хөл хүндтэй шүүгдэгч цочирдсоноосоо болоод ухаан алдсан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I дүгээр шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, Б.Мөнх-Эрдэнэ нарын шүүх бүрэлдэхүүн нэг цаг орчим зөвлөлдсөний эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ. Учир нь хэрэг гарахаас өмнө буюу 2015 оны хоёрдугаар сарын 14-нөөс өмнө охинд учирч байсан гэмтлийн шалтгааныг шалгаж тогтоогоогүй, шүүгдэгчид уг хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал бий эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Хайхрамжгүй эцэг, хатуу сэтгэлтэй ээж, харгис хойт эхийн гарыг даалгүй бяцхан охин хорвоог орхисон энэ хэргийн үнэн мөнийг олж, зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэдэгт найдъя.