Монголын томоохон барилга, байгууламжийг барьсан ахмад дайчин Сангаагийн Гүнд хэмээх нэгэн буурайтай залуу насных нь дурсамж, хийж бүтээсэн ажлынх нь талаар ярилцсан юм. 78 насыг зооглож буй тэрбээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөгөөд 1959 онд цэргийн албанд татагдан хүндэт харуулын ангид гурван жил алба хаажээ. Хугацаат албаа дуусгаад “Алдар” нийгэмлэгийн хөнгөн атлетикийн тамирчин болсон байна. 022 дугаар ангид тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж байгаад, барилгын цэргийн 073 дугаар ангид хуваарилагдан их бүтээн байгуулалтын гарааг эхлүүлж байжээ.
-Таныг цэргийн алба хааж байх үеийн хүндэт харуул бусад алба хаагчаас юугаараа онцлогтой байв?
-Хүндэт харуулын анги бэлтгэл сургуулилалт их хийдэг, эмх цэгцтэй, мундаг хариуцлагатай байлаа. Дандаа төрийн тэргүүн, гадаадын төлөөлөгч, зочдыг хүлээн авдаг. Би хүндэт харуулын тугч хийдэг байсан юм. Тугч цэрэг нь гурвуулаа. Хажуугийн хоёр цэрэг нь сэлэм барьж, голынх нь тугаа барьж алхдаг байсан юм. Би тэр үүргийг гүйцэтгэдэг байлаа.
-Та их биерхүү юм. Ер нь хүндэт харуулын ангид өндөр залуусыг сонгодог юм уу?
-Хүндэт харуулуудын өндөр ер нь жигд байдаг юм. Би тэр үед 183 см байсан. Өндөр нуруутай байсан болохоор олон төрлийн тэмцээн уралдаанд орж байлаа. Хугацаат албаа дуусгаад “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж улирсан юм. 1966 онд гурван сарын курст сууж байж 022 дугаар ангид биеийн тамирын зааварлагчаар томилогдсон. Тэнд хоёр жил ажиллаад орон тооны цомхотголоор барилгын цэргийн 073 дугаар ангид туслах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Дараа нь 182 дугаар ангийн орон сууцны үйлдвэрийн даргаар дэвшиж байлаа.
-Саяхан хүндэт харуулын ой болсон. Энэ ойн арга хэмжээнд та оролцсон уу?
-Үгүй. Намайг амьд сэрүүн байдгийг мэддэггүй юм байлгүй, армийн аль ч анги, байгууллага намайг урьдаггүй юм. Барилгын цэргийн ангийн ой боллоо л гэж дуулддаг. Намайг урьж байгаагүй. Өнгөрсөн хавар цэргийн ангиудын тугийг хүлээн авсан гэсэн, би ч мэдээгүй өнгөрсөн байна лээ. Хэдэн жилийн өмнө барилгын цэргийн ангийг сэргээж Эрдэнэт хотын 110 дугаар ангийг нийслэлийн 017 дугаар ангитай нийлүүлсэн. Тэр нь хуучин тавдугаар баазын дэргэд байдаг гэх юм билээ. Тэгээд одоо анги байгууллагаа хаана байдгийг мэддэггүй, ижил нөхдөө ч хаа явааг мэдэхгүй явна даа.
-Та хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?
-Би томоотой хүүхэд байсан. Харин чулуу, шагай харваж шав онож тоглодог байсан. Энэ нь миний спортод дурлахад их нэмэр болсон байх гэж боддог. Би гранат шидэх, буудахдаа их сайн байсан. Намайг Армийн онц буудагч гэж 022, 073 дугаар ангийн хүндэт дэвтэрт олон жил дараалан бичсэн байдаг. Автомат буугаар 16 байг ононо гэдэг их ховор тохиолдол шүү. Би 16 онож дээд амжилт тогтоож байлаа.
-Барилгын цэргийн ангид хуваарилагдаж очоод тэр үеийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байсан гэсэн. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?
-Намайг анх хуваарилагдан очиход Мах комбинатын барилгыг барьж байсан. Түүнийг дуусгаад Ардын хянан шалгах хорооны барилгыг барьсан юм. Цэргийн ерөнхий дээд сургуулийн хичээлийн байр, цэргийн амралтын бүжгийн талбай, Эсгий, эсгий гутлын үйлдвэр, гутлын үйлдвэр, Ширний үйлдвэрийн барилгыг Чех улсын тусламжаар барьж хүлээлгэн өгч байлаа. Мөн 022 дугаар ангийн орон сууц, 073 дугаар ангийн туслах үйлдвэр, бетон зуурмагийн, мужааны, гар моторын цехийн барилгыг барьж байлаа. 1991 онд Гандантэгчэнлин хийдийн урд байрлах дөрвөн том хүрдийг сэргээн засварлаж явлаа. Тэгээд 1990 онд цэргийн албанд 30 жил, барилгын цэргийн ангид 22 жил ажиллаад хошууч цолтой тэтгэвэрт гарсан даа. Тэтгэвэрт гараад зүгээр байж чадалгүй Хотын намын хорооны Лантуу даргын удирдлага дор хот тохижуулах ажил хийж эхэлсэн.
Тэр үед Халх голын ойг тохиолдуулан танктай хөшөөг засварлах даалгавар аваад очтол танкан дээрх одон медалиуд нь ховхроод уначихсан байдаг юм. Түүнийг засахын тулд манай ангийн хурандаа Жамсран гэж орос хэлтэй хүн бидэнд орос сэтгүүл олж өгөөд, түүн дээр гарсан одон медалийн зургийн дагуу модыг сийлж, будаж янзлаад тавьж байлаа. Мөн Зайсан толгойг ч сэргээн засварлах ажилд оролцсон. Энэ бүгд одоо тэр хэвээрээ л байгаа шүү дээ. Дараа нь Лантуу дарга намайг “Хот тохижуулах газарт оч” гээд тэндээс хэдэн залуустай нийлж хувийн үйлдвэр байгуулан гудамж талбайг тохижуулах ажил эхэлсэн юм. Тэр үед хүмүүс “Хуучин дуган сүмийн барилгыг хятадууд л барьсан, монголчууд чадахгүй” гэхээр нь хор шарандаа чадна гэдгээ харуулж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд асарт хаалганууд, Энхтайвны хонх, Зурхайн дацангийн олон буяны хүрд зэргийг 90-ээд оны үед хийж байлаа.
-Та барилга дээр ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ?
-Би барилгын даамал байсан юм. Цэргүүдийг удирдан ажилладаг байсан. Барилгын ажилд арай илүү гарын дүйтэй учраас цэргүүддээ өрлөг, шавардлага гээд бүгдийг нь зааж хийлгүүлдэг байсан.
-Тэр үед нэг барилгыг хэдий хугацаанд барьдаг байсан бэ?
-Янз бүр байдаг юм. Заримдаа их хурдан барина. Гэвч тэр үед юм ховор байсан үе. Зарим барилгын материал тасраад хүлээгддэг. Дарханаас цагаан тоосго татдаг, хотоос улаан тоосго авч доторлогоонд ашигладаг байсан юм. Түүнийгээ хурдан авах гэж олон хүний урдуур, хойгуур гүйж, гуйж гувшиж байж авдаг байлаа. 022 дугаар ангийн ажилчдын орон сууцыг барьж, нэлээн олон ахлагчийг орон байртай болгож байсан юм. Гэхдээ би өөртөө байр авч байгаагүй шүү. Тэр үед “дарга нь өөрөө байр авчихсан байна” гэж хүмүүс ярина гэж бодож, нэрэлхээд авч байгаагүй юм.
-Та “Алдар” нийгэмлэгийн тамирчин байхдаа ямар спортоор хичээллэдэг байсан юм бэ?
-Хөнгөн атлетикийн тамирчин байлаа. 400, 800 м, 110 метрийн халхалттай гүйлтээр хичээллэдэг байсан юм. Тэр үед миний дээд амжилт 10.1 секунд байлаа. Энэ төрлөөрөө Монгол Улсын хэмжээнд эхний гуравт багтдаг байсан. Мөн цэргийн гурван төрөлтийн тамирчин байсан. Буудлага, гүйлт, гранат шидэлтийн энэ спортоор Орос, Чехсловак, Польш, Герман зэрэг социалист оронд зохиодог ах дүү армийн аварга шалгаруулах тэмцээнд жил болгон оролцож алт, мөнгөн медаль авч байлаа. Мөн бүх цэргийн ангийн хооронд биеийн тамирын тэмцээн болдог байсан юм. Тэнд аль ч төрөлд нь манай 022 дугаар анги л түрүүлдэг байлаа. Армийн сагсан бөмбөгийн таван удаагийн аварга, жил болгон зохиодог цанын тэмцээнд олон жил түрүүлж цомыг нь авсан. Манай дарга хурандаа Бямбаа гэж хүн тэр үед биднийг их дэмждэг, тамирчдын бэлтгэл сургуулилалтад зориулан Хандгайтад тусгай байр бариулсан юм.
-Та 022 дугаар ангид дасгалжуулагч, биеийн тамирын багшаар ажиллаж байхдаа олон сайхан шавьтай болсон биз дээ. Хамгийн өндөр амжилт гаргасан шавь чинь хэн бэ?
-Би олон шавьтай хүн. Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Т.Артаг агсан миний шавь, цанын спортын мастер Архангай аймгийн харьяат Л.Дашдорж, сагсан бөмбөгийн тамирчин, спортын мастер н.Өлзийхутаг тэргүүтэй олон сайхан шавь бий. Энэ хоёртой уулзах юмсан гэж их л бодох юм.
Х.АЗЖАРГАЛ