Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлж, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлан, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар марафон 2015” тэмцээнийг арав гаруй хоногийн өмнө зохион байгуулсныг уншигч та бүхэн санаж буй биз ээ. Өсвөр залуу үеийнхнийг дотоод нөөц боломжоо нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгодог нь гүйлтийн спортын давуу тал юм. Тиймдээ ч олон улсын хэмжээний тэмцээнийг хоёр дахь жилдээ зохиох тухай зар шуурхай түгж, гадаад, дотоодын 19 мянган гүйгч оролцсон. Мэргэжлийн тамирчид бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчид 10 км, таван км, 1500 метр гэсэн гурван ангилалд өрсөлдсөн билээ. Улмаар мэргэжлийн тамирчдын бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайн гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар тэргүүлсэн юм.
Тэгвэл “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хоёр дахь жилдээ түрүүлсэн, гавьяат тамирчин Б.Сэр-Од эл марафоны талаарх нэгэн итгэмээргүй мэдээллийг саяхан дэлгэлээ. Түүний ярьснаар бол, энэ марафоны 42 км 195 метрийн зам дутуу байснаас шалтгаалж, мэргэжлийн тамирчид амжилтаа бүртг үүлж чадахгүй байж магадгүй бөгөөд олон улсын тэмцээн зохион байгуулж байж ийм алдаа гаргасан нь маш хариуцлагагүй үйлдэл гэжээ. 42 км зам туулахын тулд тухайн тамирчин багадаа хоёр сар бэлтгэл хийдэг. Түүнчлэн жилдээ ийм хол зайд 4-5 удаа л гүйх боломжтой гэж үзвэл “Улаанбаатар марафон” тамирчдынхаа амжилт, үзүүлэлт, бэлтгэлийг замын дутуугаар үгүй хийсэн байж мэдэх нь.
Түүнчлэн гүйлтийн бүх төрөлд оролцсон хүмүүсийг нэг замаар уралдуулснаар таван километр зайд гүйсэн тамирчид барианд орж байхтай зэрэгцэн холын зайн гүйгч хоёр дахь тойргоо туулж, барианд ороод баяр хөөр болон зам хааж зогссон олны дундуур эвээ олж гарах гэж багагүй хугацаа алдсан тохиолдол ч бий гэнэ. Олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулж байсан туршлага монголчуудад хомс учраас энэ мэт алдаа нэлээд гарсан бололтой. Зургадугаар сарын 6-нд болсон “Улаанбаатар марафон 2015”-ыг олон улсын түвшинд, өндөр хэмжээнд зохион байгуулна хэмээн Нийслэлийн удирдлагууд амлаж байсан. Шүүгч болон хамгаалалт, хяналтын багийнхан идэвх зүтгэлтэй ажилласан ч мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө дутагдсан нь илэрхий байв. Гавьяат тамирчин Б.Сэр-Од гүйлтийн 10 км-ийн замыг өндөр нарийвчлалтай багажаар хэмжиж өгсөн бол 42 км-ийг зохион байгуулагчид өөрсдөө тогтоосон аж.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрынхан “Зам дутуу байгаагүй” гэж мэдэгдэж байгаа ч олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, тогтмол амжилт гаргадаг, Марафоны азийн аварга тамирчин маань “600 метр зам дутуу байсан” хэмээн баталж буй. Маргаан үүгээр дууссангүй. Эл марафоны 10 км-ийн 55 наснаас дээших ангилалд гүйсэн Т.Энхбаатар манай сонинд хаяглан доорх захидлыг илгээсэн юм. “Би “Улаанбаатар марафон 2015”-д гүйсэн өөрийнхөө үзүүлэлтийн талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Өлзийжаргалаас тодруулахад “Уучлаарай. Таны мэдээлэл программын алдаанаас болж гээгдсэн тул гүйлтийн амжилтыг тань хэлэх боломжгүй байна” гэсэн юм. Барианы ойр орчмын хяналтын камерыг шүүгээд ч болтугай хэлж өгөх боломж байхгүй гэж үү.
Тэмцээнд оролцчихоод үзүүлэлтийг нь мэдэхгүй өнгөрөх нь тун харамсалтай юм. Мөн Монгол Улс, Улаанбаатар хотын нэр хүндэд нөлөөлөх, биеийн тамирын өндөр ач холбогдолтой арга хэмжээг ийм муу зохион явуулснаас ичиж байна. Гадаад, дотоодын сонирхон гүйгчид амжилтынхаа талаар мэдээлэл авахыг хүсвэл ямар хариулт өгөх вэ. Бас тэмцээний өмнө гүйлтийн талбайд цугларсан хүмүүс нэгнээсээ замын зураг асууж байсан. Индэр болон тамирчид бүртгэх самбар дээр замын зургийг байрлуулсан байсан ч бүртгүүлсэн хүмүүстээ нэг хуудас хар зураг хэвлээд өгөхөд тийм хэцүү байсан уу” хэмээн бичжээ. “Улаанбаатар марафон 2015” олон улсын гүйлтийн 10 км, 21 км, 42 км-т гүйх тамирчдын амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч буюу чипээр тодорхойлно хэмээн урьдчилан зарлаж онлайнаар бүртгэснийг санаж байна. Гэсэн ч энэ оролдлого нь бүтэлгүйтсэн бололтой.
Уншигчийн илгээсэн захидлын мөрөөр БТСГ-ын мэргэжилтэн Н.Өлзийжаргалтай өчигдөр холбогдож энэ талаар тодруулсан юм.
-“Улаанбаатар марафон 2015”- ын 10 км-ийн зайд гүйсэн нэгэн тамирчны хүсэлтээр бид танаас хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Программын алдаанаас болж амжилт нь бүртгэгдээгүй байна гэжээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Тийм ээ. Чипний программ нь алдаатай байсан юм.
-Бүх тамирчны амжилтын талаарх мэдээлэл байхгүй юм уу?
-Зарим хүнийх бүрэн бус байгаа юм.
-Ямар төрөлд гүйсэн хэдэн тамирчны мэдээлэл чипний алдааны улмаас үгүй болсон бэ?
-10 км-ийн зайд гүйсэн 10 гаруй эрэгтэй тамирчных байхгүй. Бусад төрөлд гүйсэн хүмүүсийнхээс ч амжилтын мэдээлэл дутуу тохиолдол бий.
-Өнгөрсөн жил чип ашиглаж байгаагүй юу?
-Тийм ээ. Энэ жил анх удаа ашигласан юм.
-Гадаадын гүйгчид энэ тухай мэдээлэл авах хүсэлт илгээж байна уу?
-Асууж байгаа хүмүүс бий.
-Бас холын зайн гүйлтийн зам дутуу байсан тухай нэг тамирчин ярьсан. Та бүхэн нягталж хэмжиж үзсэн үү?
-Анх нарийн хэмжсэн дээ. Гэхдээ марафоны дараа дахин нягтлан шалгаж амжаагүй байна гэв. Тэрбээр ийнхүү хариулаад БТСГ-ын дарга Ж.Ганболдоос илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөсөн юм. Харин Ж.Ганболд дарга гавьяат тамирчин Б.Сэр-Одын ярьсан зүйлсийг үгүйсгэснээс гадна 20-иод мянган хүн оролцсон марафоныг зохион байгуулж, хянахын тулд хангалттай сайн ажилласан гэв. Мөн чипний тэмдэглэгээтэй зам дээрээ гүйлгүй, хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийн амжилт бүртгэгдээгүй хэмээн учирласан. Замын зургийг бүгдэд нь харагдахаар байрлуулснаас гадна бүртгэлийн цахим хуудастаа нийтэлсэн тул тусгайлан хэвлэж тараах шаардлагагүй байсан гэв.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрынхан чиптэй холбоотой алдаа гарсныг хүлээн зөвшөөрч буй бөгөөд хойшид “Их талын марафон” болон бусад гүйлтийн уралдаан зохион байгуулахдаа илүү хариуцлагатай ажиллана гэсэн юм. Зам дутуу байсан эсэхийг одоо ч хэмжиж, мэдээлэх боломжтой учраас албаны хүмүүс эргэн хариу өгөх биз ээ. Гүйлтийн спортыг хөгжүүлж, эх орноо дэлхийн улс орнуудад сурталчлахыг зорьсон ч хайнгадуухан хийсэн хэмжилт болон хэмжилтийн багаж төхөөрөмжөөс шалтгаалан олон улсын марафоныхоо нэрийг сэвтээхийн оронд тамирчид болон гүйгчдийнхээ санал зөвлөмжийг сонсож, илүү чанартай тэмцээн хийвэл сайнсан.
Алдаагаа үүгээр хазаарлаж, хэн нэгний хэлсэн үгийг өөнтөгч өнцгөөс харалгүй, шударга шийдвэр гаргаж, хойшид хийх ажилдаа санамж болгон анхаарах болов уу хэмээн энэ нийтлэлийг бичлээ. Энгийн үзэгчийн нүдэнд энэ бүхэн тод харагдаагүй ч хөлс, хүч, хөдөлмөрөө зориулсан тамирчид маань сэтгэл гонсгор үлдсэн бол гүйлтийн спортыг хөгжүүлэх талаар чанга, тод, уран яруу яриад ч нэмэргүй биз ээ.
Ж.СОЛОНГО