Дэлхийн тавцанд гарахын өмнө эхлээд өөрсдийгөө таниулах ёстой гэсэн зарчим бий. Тэгэхээр таниулахын тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тухайн зүйлээ оновчтой сурталчлах ёстой. Сүүлийн үед монгол хүмүүс эх орноо олон улсад таниулан сурталчлахад илүү идэвх, зүтгэлтэй ханддаг болсон.
Дуурийн дуучид, циркийн жүжигчид, тамирчид гээд манайхан амжилтаараа дэлхийн тавцанд түрэн гарч байгаа жишээ олон. Тэгвэл хийж бүтээх хүсэл, зорилгоорооо нэгдсэн жирийн монгол залуус монгол морины шандас хүч, өвөг дээдсийнхээ уламжлалт ёс заншил, ахуй соёлыг Европын орнуудад бага боловч мэдрүүлж, мэдүүлэхээр морьтой аялалд гарахад бэлэн болжээ. Э.Хишигбаяр, Л.Батнасан, А.Очирхуяг нарыг аргамаг хүлгүүд нь дэлхийн соёлын төв Франц оронд хүргэх юм байна. Наадмын дараа хөдлөхөөр төлөвлөсөн тэдний аялал юугаар онцлогтой болон ямар зохион байгуулалттай явах талаар нь багийн ахлагч, Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн тэргүүлэгч Э.Хишигбаяраас тодрууллаа.
-Яагаад заавал Франц хүртэл мориор явах болов. Та бүхнээс гадна өмнө нь тэгж ялсан түүх байна уу?
-Мэдээж том аялал, том зорилго тавихынхаа өмнө зөндөө судалж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, түүхийн ном судар сөхсөн. Миний хувьд 2010 онд “Хөх Монголын орноор 10 хоног” гэсэн аялал зохион байгуулж байсан. Олон жилийн өмнөөс төлөвлөж, өдгөө биеллээ олоход бараг бэлэн болсон энэ удаагийн аяллын минь гол онцлог нь монгол мориор Франц хүрэх явдал юм. Яагаад энэ орныг сонгосон нь учиртай. Түүхчид, судлаачидтай ярьж зөвлөлдсөн. Түүхийн хуудсанд бичсэнээр Аттила хаан Францад морьтойгоо хүрсэн байдаг. Мөн бага хаадын түүх бий. Жишээ нь, Бат хааны үед Монголын морьтон баатрууд Европт хүрчээ. Үүнээс гадна дэлхийн II дайны үед Зөвлөлтийн армид монголчуудын бэлэглэсэн агт хүлгүүд ялалтын өдөр хүртэл үүргээ биелүүлж, Германд очсон гэх мэтээр олон түүх бий. Түүхийн энэ замд орчин цагийн монгол залуус бид өөрийн гэсэн бас нэгэн мөр гарган, эх орноо сурталчлах зорилготой юм. Өмнө нь 2006 онд австрали аялагч Тим Копе Чингис хааны байлдан дагууллын замаар аялахдаа Монголын нутгийг л мориор туулсан байдаг Олон улс дамнан морьтой аялсан тохиолдол одоогоор алга.
-Та гурвыг дагах эмч, зурагчин зэрэг мэргэжлийнхэн ямар унаагаар явах вэ. Мөн Орос, Беларусь, Польш, Герман, Франц гэсэн таван улсын хил давах морьдод эмнэлгийн шинжилгээ хийлгэх, аялагчдын амь даатгал гээд зөндөө ажил байгаа. Бэлтгэл ер нь хэр хангагдсан бол?
-Хөтөлгөө морьтой багийн үндсэн гурван гишүүнээс гадна малын эмч, зураглаач нарын таван хүн машинаар явна. Мөн малын тэжээл, хоол хүнс, ус, хувцас хэрэгсэл гээд нэлээд ачаа бий. Бид очсон газар бүртээ монгол түүх, өв соёл, ахуй амьдралыг харуулсан тоглолт хийж, тэндхийн монголчуудтай соёлын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс мэргэжлийн урлагийн байгууллага, багш нартай хамтран ажиллаж, морин хуураа татаж, хөөмийлж, бийлгээ хийж, бас монгол уран бичлэгийн татлага сурч байгаа. Аяллаараа сурталчлах гол зүйл маань монгол морь. Тэгэхээр бид зургаан морио зохих ёсны шинжилгээнд нь хамруулаад, эрүүл гэдгийг нь баталгаажуулсан баримт бичгийг нь бүрдүүлсэн. Олон улсын хилээр хөлөөрөө гарах учраас заавал гэрчилгээ шаарддаг гэсэн. Тэр гэрчилгээг нь ч гаргуулсан.
-Морьдоо аль нутгаас сонгов?
-Аль нутгаас морио сонгохоо мөн л эрдэмтэн, мэргэжилтнүүд, мал эмнэлэг, Хорио цээрийн газрынхнаас зөвлөгөө авсны эцэст Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Алтайдаас авсан. Хад асгатай уулархаг нутгийн морьд илүү тэсвэртэй, бартаат зам туулах чадвартай байдаг.
-Хэчнээн км явахаа ямар мэдээлэлд түшиглэн тооцоолсон бэ?
-Зорьсон газартаа хүртэл мориор багцаагаар 10.056 км зам туулна. Буцахдаа морио Монгол хүртэл ачуулаад, өөрсдөө Зүүн Европ, Дундад Азийн 22 орноор аялах юм. Тэгэхээр зорьсон газартаа хүрээд, буцаж ирэх хүртлээ нэг жилийн хугацаанд ойролцоогоор 30.400 км зам туулна гэж тооцсон. Энэ бүхнийг “Гүүгл”-ийн газрын зураг болон дайран өнгөрөх улсуудын газар зүйн мэдээлэлд тулгуурлан гаргасан. Энэ аялал зөвхөн бид хэдэн хүнд хамаатай биш. Эх орноо сурталчлах өргөн агуулгатай ажил гэж ойлгож байгаа учраас бидэнтэй сэтгэлээр холбогдон нэгдэх, дэмжих хүмүүс байвал холбогдоорой гэж уриалж, хүсэж байна. Аяллынхаа талаар Ерөнхийлөгч болон ГХЯ, очих газрынхаа ЭСЯ-дад, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд гэхчлэн албаныханд бид хүсэлтээ хүргүүлсэн. Захаасаа нааштай сайхан хариу сонсож байна.
-Замаасаа нэг орос хүнтэй нийлнэ гэж сонссон. Ямар учиртай юм бол?
-ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн гишүүн, олон удаа морь, тэмээтэй аялал зохион байгуулсан туршлагатай хамтрагч Юра маань бидэнтэй нийлнэ. Халимаг хүн л дээ. Тэрбээр 2007 онд Монголоос морьтой гараад Элстэйд хүрч байсан юм. Эндээс манай Ерөнхийлөгч гаргаж өгөөд, Элстэйд очиход нь Орос болон Халимагийн Ерөнхийлөгч тосож авсан юм билээ. Уг нь тэр аяллаа үргэлжлүүлээд Франц хүрэх зорилготой байжээ. Гэхдээ тодорхой шалтгаанаас болж өдий хүрсэн бөгөөд бидний саналыг хүлээн авч, зам нийлэх болсон нь энэ. Мөн Оросын нутгаар явахад аюулгүй байдал энэ тэр гэсэн асуудалд ч тэр хүний үүрэг их байх нь мэдээж.