Засгийн газар солигдох бүрт ТӨХ-ны дарга нар тухайн намын хүмүүсээр “шинэчлэгдэж”, өнөөдүүл нь фракцынхаа нөхдийг хороонд авч ажиллуулдаг, тэд мөн л өөрийн талынхныг төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд томилдог жишиг манайд хэдийнэ тогтсон. “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалтыг бизнесийн зарчмаар явуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн тулд одоо мөрдөж буй хууль эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй” гэж судлаач Ё.Энхбаяр хэлсэн нь тун ортой. Хууль эрх зүйн орчныг нь шууд шинэчилж чаддаггүй юм гэхэд төрийн албан хаагчид, ялангуяа яам, агентлагийн дарга нар төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж, намын болон бүлэг, фракцынхаа бизнесийг тэр суудлаас ил, далд хийдгийг болиулах зорилгоор Ч.Сайханбилэг сайд тэднийг дахиад л “шинэчлэх” үүрэг өгсөн.
Тэгвэл энэ шинэчлэл манай улсын нэн чухал салбар буюу эрчим хүчний төрийн өмчит компаниудад хэрхэн хийгдэж буйг та бүхэнд хүргэе. Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг шинэчлэхдээ тухайн салбарын ТББ-ын төлөөлөл хийгээд их сургуулийн багш, эрдэмтэн мэргэдийг оруулах зарчим баримталж буйгаа ТӨХ-ны газрын дарга хэлэв. Гэсэн хэдий боловч эрчим хүчний компаниудын ТУЗ-д төдийлэн өөрчлөлт орсонгүй. Лав л хэлээд байсан шиг нь салбарын яамны гурван төлөөллийн нэгийг, ТӨХ-ны хоёр хүний нэгийг өөр байгууллагын төлөөллөөр солиогүй юм байна. “Эрчим хүчний салбар өөрөө их онцлогтой учраас энэ удаад газрын дарга нараас ТУЗ-д оруулсан” гэсэн нь ийм учиртай байж.

Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй “босс”-уудын оронд ажлаа сайн мэддэг мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга нарыг тавих нь зөв л байх. Гэхдээ бас байнга алдагдалтай ажилладаг эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулах, үйл ажиллагааг нь илүү бүтээмжтэй, сайн явуулахад анхаарах үүрэг ТУЗ-д ч ногддогийг мартаж болохгүй. Тэгэхийн тулд оготны нүхээр ч ороод гарчих сүйхээтэй, гүйлгээ ухаантай ганц хоёр хүнээр ТУЗ-ийг цус сэлбэх хэрэгтэй болохоос нэг компанийн Төлөөлөн удир дах зөвлөлийн гишүүнээс болиулаад, нөгөө рүү нь шилжүүлснээр чанар өөрчлөгдөхгүй билээ. Доорх дөрвөн компанийн ТУЗ хэрхэн өөрчлөгдсөнийг хараад уншигч та дүгнэлтээ хийнэ биз. ТӨХ-ны мэдэлд байдаг төрийн өмчит 57 компанийн нэр бүхий гурав, дөрвөн газраас бусдынх нь ТУЗ бүгд өөрчлөгдсөн гэдгийг холбогдох албан тушаалтан хэлсэн. Гэтэл “ДЦС-4” ТӨХК-ийн ТУЗ лав өдгөө бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буйг тус компанийн томоохон дарга ярилаа.
Харин Төрийн өмчийн хорооныхноос өөрчилсөн нэрсийн жагсаалтыг нь авъя гэхээр “Үгүй” гэх. Ямар учиртай болоод нээлттэй байх ёстой ТУЗ-ийн гишүүдийн нэрийг ийнхүү нууж хаагаад байгааг өөрсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Ямартай ч эрчим хүчний салбарын бодлогыг тодорхойлогч яам, Төрийн өмчийн хороо хоёрын дунд олон жил “яс хаяж” буй Засгийн газрын 164 дүгээр тогтоолыг хүчингүй болгох санал одоо л нааштай шийдэгдэж мэдэх сурагтай. Энэ тогтоолын I, II, III зүйлд төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааны дийлэнхийг Эрчим хүчний яам, төдөн хувийг Төрийн өмчийн хороо, төдийг нь Сангийн яам эзэмшинэ гэж заасныг хүчингүй болговол олон зүйл өөрчлөгдөх юм байх.
100 хувь төрийн мэдэлд байдаг хэрнээ ийнхүү зааг ялгаатай ханддагийн уршгаар төрийг төлөөлөх учиртай ТӨХ яамныхантай чи, би дээрээ тулдаг гэнэ. Энэ байдал ТУЗ-ийн гишүүдэд хүртэл нөлөөлж, тэд зургаан хүний орон тоон дээрээ талцан, Сангийн яамны төлөөлөл Эрчим хүчний яамныхны талд санал өгчихөөр Төрийн өмчийн хорооныхон ганцаарддаг аж. Хэрвээ Засгийн газар 164 дүгээр тогтоолоо хүчингүй болгочихвол энэ бүх зөрчил, талцал дуусах нь ч нигууртай юм байна.
Л.ГАНЧИМЭГ