Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.4 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа. Түүнээс хойш уг үзүүлэлт энэ он хүртэл тасралтгүй буурсаар. Тэгвэл Монгол Улс итгэлтэй түнш хэвээр гэдгээ хөрөнгө оруулагчдад батлах, хамтран ажиллах боломжийн талаар өнгөрсөн 19-ний өглөөнөөс орой хүртэл хэлэлцэв. Монголын бизнесийн дээд хэмжээний “Mongolia business summit 2015” уулзалт хоёр дахь удаагаа “Их тэнгэр” цогцолборт болсон нь энэ. Уг уулзалтад 20 гаруй орны төлөөлөл оролцсон гэх албан бус мэдээлэл байна.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бидний хуучин андууд эргэн ирж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Бүгд найрамдах Болгар улсын Ерөнхийлөгч, Бүгд найрамдах Унгар улсын Ерөнхийлөгч нар Монголд айлчиллаа. Бидний өмнө нь хамтарч ажиллаж байсан улсууд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн зүйл юм. Шинэ харилцааны хувьд ирэх (энэ) долоо хоногт Мьянмарын холбооны улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах гэж байна” гэв. Түүнчлэн “Бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахад үргэлжлүүлэн анхаарна. Сүүлийн нэг жилд Монголд шинээр бий болсон бизнесийн бараг 95 хувь нь уул уурхайн бус салбарынх байсан. Ихэвчлэн мэдээлэл, технологийн чиглэлийнх байна” хэмээн онцоллоо. Тэрбээр хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдад талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр хөрш төдийгүй бусад оронтой хамтран ажиллаж буйгаа тэмдэглэв.
Мөн “Бид хариуцлагатай, нээлттэй, оролцоотой уул уурхайг хүсэж байна. Уул уурхай зөвхөн авдаг биш, бас бий болгодог салбар байх ёстой. Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчийг худалдан авдаг, хамтран ажилладаг, бусад салбарын хөгжлийг дэмждэг уул уурхай хэрэгтэй. Цаашид гүн боловсруулалт хийдэг, нэмүү өртөг шингээдэг, өндөр технологи, ур чадвар, зөв соёл авчирдаг уул уурхай бидэнд хэрэгтэй” хэмээн өгүүлсэн. Бас “Хөгжлийг баялаг бүтээгчид бий болгодог. Баялаг хэрхэн бүтдэг вэ гэвэл бусадтай хуваалцсанаар, хамтран ажилласнаар, бусдад үнэлүүлснээр бий болдог. Шинэ бизнесээ, технологийн салбараа дэмжье” гэсэн юм.
“ШАРЫН ГОЛ”-ЫН БАЯЖУУЛСАН НҮҮРСИЙГ БНСУ-Д ХҮРГЭНЭ
“Mongolia business summit 2015”-ын үеэр “Шарын гол”, “Монгол саммок ложистикс” компани туршилтын тээвэр хийх санамж бичигт гарын үсэг зурлаа. Улмаар “Шарын гол” компанийн баяжуулах үйлдвэрт угаасан нүүрсийг тээвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар “Шарын гол”-ын гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Шарын голын уурхайн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Уурхайн түүхийн нэгэн хуудсыг нээж, энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа. Саяхан нээсэн баяжуулах үйлдвэрээс гарч байгаа угаасан нүүрсээ Өмнөд Солонгос руу экспортлоход хамтран ажиллах юм” гэв. Тэд жилд 600.000 тонн түүхий нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн долоо хоногт нээснийг бид мэдээлсэн. Тэгвэл эхний ээлжинд 30-45 мянган тонн нүүрсийг БНСУ руу туршилтаар экспортлохоор ажиллаж байгаа гэнэ. Цаашид урт хугацаат гэрээ байгуулах, 300-500 мянган тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөж буй аж. Борлуулалтын гэрээ, нүүрсийг хэзээ ачих вэ гэдгээ талууд тохиролцож эхэлж буй бөгөөд энэ жилд багтаан бүтээгдэхүүн нийлүүлэхээр зэхжээ.
Тээвэрлэлтийг хариуцах “Монгол саммок ложистикс” нь Монгол Улсын Засгийн газар болон Өмнөд Солонгосын “Саммок Шиппинг”-ийн хамтран байгуулсан компани юм байна. Зам тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Р.Мэргэний хэлснээр, ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замыг ашиглан Хойд Солонгосын Ражин боомт руу тээвэрлэх бөгөөд дараа нь усан онгоцонд ачаад Өмнөд Солонгост хүргэхээр ажиллаж буй юм байна. Баяжуулсан нүүрсийг авах зах зээл Өмнөд Солонгост бий аж. Тухайлбал, эрчим хүчний цахилгаан станцууд, гангийн үйлдвэрүүд худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ. Гагцхүү тэд зах зээлийн өрсөлдөхүйц үнээр авчирч өгөөч гэж хүссэн байна. Ийнхүү дөрвөн жил хэлэлцсэний дүнд “Шарын гол”-ын нүүрс Өмнөд Солонгосын хэрэглэгчдэд хүрэх нь.
“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭНЭ ГЭЖ ӨӨДРӨГӨӨР ХАРЖ БАЙГАА”
Нэгдсэн хуралдаан “Макро эдийн засаг ба хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөж, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс илтгэл тавилаа. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтийн төлөвийг сөрөг хандлагатай тодорхойлсон талаар тэрбээр дурдав. Энэ онд манай улсын ДНБ 3-5 хувиар өсөх төлөвтэйг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС мэдэгдээд буй. Б.Түвшинтөгс “Төлбөрийн тэнцэл, төсвийн тэнцэл болон институцийн чанар гэсэн гурван хүчин зүйлд анхаарах хэрэгтэй” хэмээн сануулж байлаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч, гадаад өр нэмэгдсэнийг хэлж байв. Манай улсын эдийн засаг ирээдүйд уул уурхайгаас хамаарсан хэвээр байх гэнэ. 1990-2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувь нь уул уурхайн салбарт “шингэсэн” дүн бий. Гадаад валютын нөөц багассанаар импорт буурсан нь энэ онд үргэлжлэхээр байгаа аж. Түүнчлэн манай улс төсвөө батлахдаа хэт өөдрөг ханддагийг Б.Түвшинтөгс дурдаад, Засгийн газар бонд гаргасан эрсдэлийг тооцож үзэх ёстой гэв. Мөн банкуудын хугацаа хэтэрсэн зээл 5-6 хувь байгаа нь хянаж болох үзүүлэлт ч өмнө нь богино хугацаанд их өсөж байсан тул болгоомжлох хэрэгтэйг анхаарууллаа.
Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл “Ирэх ес, аравдугаар сард төсвөө тодотгож магадгүй” гэсэн юм. Манай улсад уул уурхайн бус салбарт хэд хэдэн компани хөрөнгө оруулж буйг Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Д.Ирмүүн дуулгалаа. Тухайлбал, Вьетнамын компани нохойн хошуу ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлэх ургамлын цайны үйлдвэр байгуулжээ. Тэд төсөлдөө таван сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд бүтээгдэхүүнээ хараахан үйлдвэрлэж эхлээгүй гэнэ. Мөн Испанийн компани хиам, зайдас үйлдвэрлэн Монголын төдийгүй ОХУ, БНХАУ-ын зах зээлд гаргахаар зорьж буй аж. Бас Италийн компани мебель үйлдвэрлэх гэнэ. Уул уурхайтай өрсөлдөх бусад салбарт хөрөнгө оруулахыг дэмжих хэрэгтэйг Д.Ирмүүн өгүүлээд, “Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн өөдрөгөөр харж байгаа” гэлээ.
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛЖ ДУУСАЖ БАЙНА
Уул уурхайн салбар хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу тус үйлдвэрийг 2015-2025 онд хөгжүүлэх шинэ концепц боловсруулж буй талаар ярилаа. Үүний хүрээнд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хятадын металлургийн үйлдвэрийн зураг төслийн хоёр байгууллагаар дээрх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулаад дуусаж байгаа аж. Жилд 120.000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар ТЭЗҮ-д тусгажээ.
Уул уурхайн туршлагатай ажилчид, хатуу болон зөөлөн дэд бүтэцтэй, усан хангамжтай, бүтээгдэхүүн тээвэрлэх боломж зэргийг харгалзан, тэнд үйлдвэрийн цогцолбор хөгжих бололцоотой гэж үзсэн юм билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтнүүдийн сонгосон SKS технологийн хайлуулах зуух нь хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын хувьд харьцангуй бага давуу талтай гэнэ. Уг үйлдвэрийг баривал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр, экспорт нэмэгдэх зэрэг давуу тал бий болох учиртай. Энэ үеэр “Шарын гол” компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Монголын дотоодын нүүрсний эрэлт өсөж, 15 сая тоннд хүрнэ гэж тооцсон. Иймээс олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байгаа” гэлээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ХУРДЫГ НЭМЬЕ
Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг импортолж буй дүн бий. 1990 оноос хойш зах зээлийн системд шилжиж чадаагүй (бараг 100 хувь төрийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулдаг) салбарын нэг нь эрчим хүч гэдгийг салбар хуралдааны үеэр хэд хэдэн оролцогч онцлов. “Клин Энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг “Олон улсын туршлагаас харахад эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, стратегиас хамаараад эрчим хүчний салбар нь багаар бодоход 10 жил түрүүлж хөгжих ёстой.
Манайд бол дандаа араас нь хөөдөг, гүйцэхгүй байгаа. “Оюутолгой” компани гэхэд урд хөршөөс эрчим хүч импортолж байх жишээтэй” гэв. Оюутолгой ашиглалтад орсноос хэдэн жилийн дараа (магадгүй 10 жил) дотоодоосоо хангах тухай ярьж байгааг оролцогчид хэлж байсан юм. Орос ах нар нийлүүлэх эрчим хүчнийхээ үнийг нэмэхэд бид хэлснээр нь худалдан авч байгаа билээ. Гэтэл том төслүүд, уурхайнууд ашиглалтад орвол манай улсын хэрэглээ ойрын 15 жилд 4-5 дахин нэмэгдэж магадгүй гэх тооцоо гарчээ. Ямартай ч Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ирэх оны хавраас эхлүүлэх боломжтой гэсэн таатай мэдээ байна.
ДАРААГИЙН МЕГА ТӨСӨЛ ЮУ ВЭ
Өнгөрсөн хаврын чухал сэдвүүдийн нэг байж, олныг талцуулсан, Тавантолгойн гэрээг өөрчлөх нь. “Мега төсөл ба хөгжлийн явц” нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ талаар мэдээлэв. Тэрбээр “Тавантолгойн гэрээний одоогийн хэлэлцэж буй төсөл бүхэлд нь бус, Цанхи, Ухаахудаг хоёрыг л хөгжүүлэх төсөл. Тиймээс ирэх (энэ) долоо хоногт өмнөх тогтоолыг татан авч, тавууланг нь хөгжүүлэх иж бүрэн төсөл өргөн барихаар бэлдэж байна. Тавантолгойн нийт баялгийн 60 хувь байгаа нөгөө “толгойнуудыг” ч зэрэг хөгжүүлж, түүнийгээ Тавантолгой, Сайншанд, Хөөт, Чойбалсан, Эрээнцав чиглэлийн 1300 км төмөр замын төсөлтэй уялдуулна. Үүнд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах, цаашид эрчим хүчний салбартай холбох талаар Японы түншүүдтэй санамж бичигт гарын үсэг зурна. Мөн ирэх (энэ) долоо хоногт шийдэхээр төлөвлөж байгаа. Энэ нь маш том хэмжээний, дэд бүтцийн болон эрчим хүчний зэрэг олон салбар хамарсан бүтээн байгуулалт хийх боломж бүрдүүлж буй хэрэг” гэсэн юм.
“Богдхан төмөр зам”, Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон хурдны зам, Хөшигийн хөндийгөөс Улаанбаатар хүрэх дөрвөн урсгалт, 33 км хурдны замын төслүүдийг урагшлуулах боломжтойг С.Баярцогт гишүүн дуулгав. Дараагийн мега төслүүдэд эдгээрээс гадна нийслэлд анх удаа байгуулах төмөр зам, агаар, газрын тээврийг нэгтгэсэн Ложистикийн төв, Эдийн засгийн чөлөөт бүс гэсэн 30-50 жил хэрэгжүүлэх томоохон төсөл багтаж байгаа аж. Монголын гол түүхий эд болох нүүрсийг Японы технологиор шингэрүүлж, дэлхийн эрчим хүчний томоохон эх үүсвэр болно гэсэн урт хугацааны төлөвлөлт ч бий гэнэ. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бизнесийнхэнд дараа болдоггүй, тогтвортой орчин бий болгох юм байна.
АСЕМ БА УЛААНБААТАР
Ирэх онд манай улсад болох Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ эдийн засагт хэрхэн нөлөөлөх болон бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар “Mongolia business summit 2015”-ын үеэр ярилцав. Эдийн засгийн өгөөжтэй, зохион байгуулсны дараа дарамт болохгүй байх талаас бэлдэх ёстойг илтгэгчид хөндөж байв. 2030 он гэхэд Улаанбаатар хот 1.7 сая хүн амтай болно гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ тооны хүн амын нийгэм, инженерийн дэд бүтцийн хэрэгцээг хангахын тулд 16.8 тэрбум ам.доллар хэрэгтэй аж. Энэ хөрөнгийг манай улс дангаар гаргах боломжгүй тул гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаас гадна орлогоо нэмэгдүүлдэг бусад эх үүсвэр бий болгох хэрэгцээ тулгарах нь гарцаагүй. Хотын захиргаанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр баталж, хэрэгжүүлж буй нь энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэг чухал бодлогод тооцогдож байна. Үүнийгээ хэрэгжүүлэхэд бидэнд АСЕМ томоохон дэмжлэг болно” гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэв. Өөрөөр хэлбэл, улсаа дэлхий дахинд сурталчлах боломж төдийгүй төлөвлөсөн цөөнгүй ажлаа гүйцэтгэж, хэрэгжүүлэх үндэс гэж тэрбээр үзэж байна.
Эдийн засагч Д.Жаргалсайхан “Зочид буудлуудыг засна гэж ярьж байгаа. Гэхдээ Монгол Улс төлөвлөснөөрөө ажилласан бол өдийд огт өөр болох ёстой байсан. Энэ ажил том төсөв, зардалтай. Тэр нь хэдэн даргын компанийнх болчихгүй гэсэн баталгаа шаардлагатай тул мэдээлэл, төлөвлөгөөг олон нийтэд ил тод байлгах хэрэгтэй. Хуралд ирэх олон мянган хүн алхаж ирэхгүй. Онгоцоор л ирнэ. Үндэсний авиа компаниуд алдагдалтай ажилладаг. Төв цэвэрлэх байгууламжаа саяхан түр аргацааж, зассан болсон. Шинээр барих асуудлыг нь АСЕМ эхлэхээс өмнө ядаж шийдсэн байх болов уу” гэсэн юм. Уг үйл ажиллагаанд 4500 орчим зочин ирэх аж. Судалгааны дүнд хувийн хэвшлийн 45 зочид буудлыг сонгож, хөрөнгө оруулахаас гадна үйл ажиллагааг нь сайжруулах эрчимжүүлсэн сургалт явуулах гэнэ. Үр дүнд нь АСЕМ-ийн дараа аялал жуулчлалын салбарын материаллаг бааз, үйлчилгээ эрс дээшилсэн байна гэж уг үйл ажиллагааг зохион байгуулах үндэсний хорооныхон амлаж байв. Цэвэрлэх байгууламжийн тухайд уулзалтаас өмнө ажлыг нь эхлүүлэх боломжтой төдийгүй шинэ цэвэрлэх байгууламж нь одоогийнхоос хоёр дахин илүү хүчин чадалтай байна гэж хотын мээр хэлэв. “Бусад авиа компанийн үйлчилгээ МИАТ-аас болж хаагдаад байна. Жишээ нь, Иргэний нисэхийн ерөнхий газар “Turkish airlines”-д квот өгчихсөн байна лээ. Нэг компаниас болж бид жуулчдаа алдаж чадахгүй. Тиймээс энэ асуудлаар МИАТ-ын удирдлагатай ярьж байгаа. Цаашид яриа хэлэлцээр хийнэ” гэсэн юм.
ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ УРАГШИЛНА
Хоёр “толгой”-гоос гадна ойрын хугацаанд эргэлтэд оруулж болох мега төслийн нэгд Тавантолгойн цахилгаан станц багтаж байгаа. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих 450 мВт хүчин чадалтай уг станцыг барих нь говийн бүсийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх мега бүтээн байгуулалт болно гэж үзэж буй. Урд хөршөөс эрчим хүч импортолж буй “Оюутолгой”-н эрчим хүчийг дотоодоос хангах нь тус төслийн үндсэн үүрэг болж байгаа. Мөн өмнөд бүсэд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын эрчим хүчний хэрэглээг хангахаар төлөвлөж буй. Шинэ технологи нэвтрүүлж, үндэсний боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх уг төслийг хэрэгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хөрөнгө оруулагчид саналаа өгөхдөө хөрөнгө оруулах хэмжээгээ эцсийн байдлаар тогтоох юм байна. Анх 25 хөрөнгө оруулагч шалгаруулснаас өдгөө дөрөв нь өрсөлдөж буй. Ирэх аравдугаар сар гэхэд тэдний саналыг хүлээн авч, дараагийн сард нь шалгаруулахаар төлөвлөж буй бөгөөд төслийн нэгжийнхэн өдгөө энэ талын яриа хэлэлцээ хийж буй юм байна.
Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг зассан ч ачааллаа дийлэхээ больсон тул шинэчлэхээс өөр аргагүй байгаа юм. Тэгвэл “Монгол органик ус” компанийн захирал Ө.Батболд бохир усыг цэвэршүүлээд дахин ашиглах төдийгүй гарсан лаг, хог хаягдлыг нь дахин боловсруулж, эко түлш, эрчим хүч, хий, бордоо зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёр шаттай технологи танилцуулав. Европоос нутагшуулж буй уг технологи нь цахилгаан зарцуулалт бага, зай бага эзэлнэ, бүрэн автомат системтэй, үнэр гарахгүй гээд байгаль орчинд ээлтэйгээс гадна эдийн засгийн өгөөж өндөртэй аж. Өнгөрсөн гурван жилд олон газарт хандсан ч мэргэжлийн байгууллагууд л “Сайн технологи байна” гэж хүлээн зөвшөөрөхөөс биш шийдвэр гаргах түвшний хүмүүс албан бичгийнх нь хариуг өгч байгаагүй аж. Төр, засаг усны асуудалд төдийлэн анхаарал хандуулахгүй байгаа нь гол асуудал болж буй гэнэ.
“Тавантолгой”, “Оюутолгой” гэсэн ганц, хоёр томыг бус, нэлээд олон төслөө урагшуулж, эдийн засгаа солонгоруулахын ирмэг дээрх “Mongolia business summit 2015” уулзалт өндөрлөлөө. Уул уурхайгаас бүрэн “уяатай” Монгол Улсын жижиг эдийн засаг дэлхийн зах зээл дэх түүхийн эдийн үнэ ханшаас хэт хамаарч, хүчтэй савладаг байдлыг халахыг эрмэлзсэн нь энэ. Үүний тулд хөрөнгө оруулалтыг хойш татаж буй гол хүчин зүйл болох хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа төр, засгийн удирдлагууд энэ үеэр дайлаа. Тиймээс энэ удаа эрх зүйн орчны таатай байдал, түүхий эдийн нөөц зэргийг ашиглан шинэ түншүүдтэй болохыг урьж, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээсээ танилцуулав.
Чуулганы хаалтын үеэр “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг үргэлжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад маш чухал, таатай мэдээ байсан. Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto” компани нэг завинд сууж буйгаа ойлгосон явдал нь хамгийн чухал гэж УИХ-ын дарга З.Энхболд онцлоод, “Оюутолгойн хөрөнгө оруулалт 2010-2012 онд нийт хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувийг эзэлж байсан. Тэр үед нийт хөрөнгө оруулалтын хэмжээ долоон тэрбум байсны дөрвөн тэрбум нь “Оюутолгой”-нх байх жишээтэй. Уг хөрөнгө оруулалт 2012 оны сонгуулийн дүнд байгуулсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд зогсож, валютын ханш болон төлбөрийн тэнцэлд шууд нөлөөлж эхэлсэн. Харин “Оюутолгой”-н хоёр дахь шатны гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрхэн өөрчлөгдөж буйг та бүхэн харж байгаа байх” гээд Монгол Улстай харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.
Ц.БОЛОРМАА, Ч.МӨНХЗУЛ