Ардын төрийн минь их баяр цэнгэл наадам айсуй. Ийм нэгэн цаг дор бид “Уншигч-сурвалжлагч” булангийн зочинтойгоо уулзахаар шөнө хугаслан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумыг зорилоо. Манай уншигч-сурвалжлагчаар МҮОНТ-ийн сэтгүүлч Л.Цагаандалай томилогдсон тул түүний ажил, амьдралын хэмнэлийг дагахаас өөр зам үгүй. “Адуучин” нэвтрүүлэг, “Морьтой Монгол” аянаа хийх гээд байнга хөдөө явдаг тэрбээр наадам дөхөхөөр гэрийнхэндээ ч ховорхон харагддаг нэгэн. Харин энэ удаа олон жил уулзалдаагүй уяач андтайгаа болзоо тогтоосон учраас бидэнд “баригдсан” юм.
Үүр хаяарч байхад бид Дэлгэрцогт сумын II баг буюу дуунд мөнхөрсөн алдарт Цахирын уулсын ар хавиар нутагладаг, улсын сайн малчин, аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаярынд хүрлээ. Биднийг угтсан Эрдэнэбаяр гуай удалгүй адуундаа мордов.
Өнөө жил тэднийх нас болгонд дөрөв дөрвөн морь сойж байгаа аж. Говьд бороо хур орохгүй, газрын өнгө гандуухан, өвс ногооны шим тааруу байгаа учраас Луус сумын харьяат, манлай уяач Д.Эрдэнэчулуун найзынх нь отроор ирж, тэднийхтэй айлсан буужээ. Манлай уяачийн хэцэн дээр дөч гаруй морь бариатай харагдав. Амны билгээс ашдын билэг гэдэг болохоор тэнгэр царайчилсан говийнхон “Зуншлага дажгүй ээ. Одоо ганц удаа ч гэсэн бороо орчихвол болох гээд байна” л гэх. Дундговийнхны айраг дэмбээний цаг хараахан болоогүй ч адууны үнэртэй нутагт нь түр үдэлж, хориод жилийн өмнө улсын наадам дээр анх танилцсан хоёр найзыг уулзуулах хэн хэнд маань сайхан байв. Тэр үед нэг нь МОНЦАМЭ агентлагийн шинэхэн сурвалжлагч, нөгөө нь төрийн их баяр наадамдаа анх удаа хурдан хүлгээ уралдуулах гэж буй “шинэковууд” байжээ.

-1996 онд хул соёолон тань улсын наадамд гуравт хурдалж асан тэр цаг үеэс хойш олон жил өнгөрчээ. Бид ч уулзалдаагүй удсан байна. Өдгөө Ээеэ маань зөвхөн Дэлгэрцогт ч гэлтгүй Дундговийн урд талаар нэрээ дуурсгасан сайн уяач, нутгийн нуруу түшсэн сайхан буурал болжээ. Лувсандагва гуай морь уядаг байв уу. Өвөг дээдсийнхээ тухай ярина уу?
-Миний өвөө Түмэн гэж тайж хүн байсан юм билээ. Ах Халтар нь мөн л тайж. Хоёулаа Дэлгэрцогтоос зүүн урагш нутагладаг, жин тээдэг, их олон малтай, аймгийн сайн малчин байсан гэдэг. Сумын эмнэлгийг бариулахын тулд ах, дүү хоёр адуун сүргээсээ тасалж, тавь бил үү, жаран морь өгсөн юм билээ. Гэхдээ морь уядаггүй байсан шиг байгаа юм. Аав л сүүлд нэгдлийн адуу маллаж байгаад нэг хүрэн үрээ уяж үзсэн гэдэг. Тэгээд хурдан моринд хорхойсож, олон жил уясан даа. Ер нь хаанахын ч наадамд очсон аав маань нэгээс хоёр бага насны адуу заавал айрагдуулдаг байсан. Дүү бид хоёр хурдан морь их унасан даа.
-Дэлгэрцогтынх ямар нэгдэл байсан бэ?
-“Хөдөлмөр” нэгдэл.
-Ээеэ ингэхэд хэддүгээр анги төгссөн билээ?
-Би ердөө дөрөвдүгээр анги л төгссөн хүн.
-Өөрөө дургүйдээ сургуулиас гарсан юм уу?
-Хэ хэ. Одоо тэгсэн л байх даа. Тавдугаар ангид уг нь орсон юм аа. Гэр ойрхон учраас дотуур байрандаа тогтохгүй, байнга “оргочихно”. Тэгтэл аав, ээж “Энэ золиг аягүй бол явган нүцгэн гүйж байгаад осгож эндэж мэдэх нь” гээд сургуулиас гаргасан. Гарангуутаа өртөөний морьд малладаг юм. Сум нэгдлийн дарга нар мал тоолохоос эхлээд янз бүрийн ажилд явахдаа мориор хөл залгуулдаг байлаа шүү дээ. 13 настай би өртөөний 20 гаруй агт маллаж, дарга нарыг ирэхээр эмээллэж, зэхэж өгдөг байв. Тэр үед надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгөх гэтэл насанд хүрээгүй гээд өгөөгүй юм. Тэгээд 16 настайдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байлаа.
-Тэр чинь хэдэн оны хавьцаа вэ?
-Би жаран оны “төл” юм. Тэгэхээр өртөөний морьд малласан нь далаад оны эхэн үе байх нь.
-Тухайн үед Дэлгэрцогтынхон өртөөний мориор холбоо залгуулдаг байжээ дээ?
-Тийм ээ. Жар, далаад онд хөдөө суманд машин тэрэг нүдний гэм шүү дээ. Би цэрэгт явтлаа өртөөний морьд малласан. Цэргээс халагдаад иртэл Ядамжав дарга намайг шууд дууддаг юм байна. Тэгээд “Энд нэг хүн шоронд явах болчихоод байна. Чи адууг нь авах хэрэгтэй” гэснээр би 200 адууг нь авсан даа. Хэсэг байж байтал ишиг, хурга маллуулах гээд шахаад болдоггүй. Тэгэхээр нь адууныхаа тоог нэмье гээд 600-гаад адуу болгосон доо. Нэгдэл тартал адуугаа л малласан.

-Есдүгээр Бүгд хурлын тогтоол гэж айхтар даалгавар байсан даа. 100 эхээс төдөн төл авах ёстой гэдэг тэр даалгаврыг хэр биелүүлдэг байв. Хонь, ямаа бол учиртай. Гэтэл адуу малладаг хүмүүсийн хувьд хамгийн хүнд даалгавар тэр байсан. Ямар гүү, хэзээ хээл хаяхыг бүү мэд шүү дээ?
-100 гүүнээс 75 унага авах ёстой гэдэг байлаа. Азаар ч гэх юм уу, үйлдвэрийн даалгаврыг дандаа давуулан биелүүлж байсан шүү. Биелүүлж байж л хэдэн төгрөг авна. Тэр үед шаг диплом, сонингийн хайчилбаруудыг манай авгай хавтаслаад хадгалчихсан байна лээ.
-Бидний багад манай суманд бас улаан дээлт Наваан гуай гэдэг хүн хонгор морьтойгоо пөг пөг шогшоод, айлуудаар “Үнэн”, “Ялалт” сонин, “Ухуулагч” сэтгүүл тараадаг байсансан. Манай Өргөний нутаг их уудам даа. Гэтэл Наваан гуай өдөртөө тойрчихоод л буцаад ирнэ. Тэгээд бодохоор морь одоогийн энэ машин, мотоциклиос дутахгүй газар товчилж, зам хороодог байх шүү.
-Тэгэлгүй яах вэ. Машин, мотоциклийг бодоход моринд туулахгүй газар гэж үгүй. Дэрийтэл сайхан ергөөд байхад бүх ажил бүтээдэг шүү дээ. Одоо ер нь сум ороод ирдэг морь байна уу, үгүй юү мэдэхээ байлаа.
-Морь эдлэх гэж нэг юм байдаг даа. Адуу маллаж байсан хүн тэрийг их сайн мэднэ. Хүний хурдан адууг өндөр үнээр худалдаж авчихаад ганц, хоёр жилийн дараагаас нэг л давхихгүй байна гэж сонсогдох юм. Эдэлгээ дутсанаас болоод тэгдэг юм уу?
-Үнэн. Адууг сайн эдлэх ёстой юм. Тэгж байж л хөндүүр нь гардаг. Ялангуяа өвөл сайн унаад, бөмбийтөл хөлөргөөд тавих хэрэгтэй. Одоо манай хоёр хүү хүртэл морио бараг унахгүй юм.
-Морь, хүн хоёрын хоёулангийнх нь хөндүүр гарахгүй байна уу?
-Ёстой л тийм байна (инээв). Энүүхэн ойрхон газарт хүртэл мотоцикль унах гээд байх юм.

-“Морьтой Монгол” аянаар намайг энд тэнд явж байхад хөгшчүүл “Монгол эрчүүд мориноосоо улам холдож байна” гэдэг. Өглөө эрт босоод морин дэл дээр давхиж явах монгол эр хүний хийморь гэж боддог юм.
-Хамгийн сайхан юм чинь тэр шүү дээ. Үүрийн гэгээнээс эхлээд нар тунарч байхад адууныхаа захад морио юүлээд зогсож байх мөн ч сайхан шүү. Одооны залуус даанч эрт босохгүй юм. Би хүүхдүүдтэйгээ нойрноос болж л маргах гээд байдаг. Тэгээд ихэвчлэн өөрөө адуундаа эрт явчихдаг юм. Энэ зун хоёр хүүгийнхээсээ жаахан зайдуу зусаж байна.
-Техник хурдан шуурхай ч гэлээ малын эрлийг хурдан унаагаар олох боломж мориор явснаас хамаагүй бага болов уу. Бартаа тойроод явах хооронд мал нь адаглаад л нэг эрэг хавцал, гуу жалганд харагдахгүй үлдчих гэмтэй. Үүнээс болоод малын сураг гаргадаг малчин ч тун ховордож байна гэдэг.
-Яалт ч үгүй үнэн. Мотоцикльтой шурхийтэл давхиж байгаа хүмүүс хүний малыг байтугай өөрийнхийгөө ч олж үзэхгүй шүү дээ. Морьтой явбал наад зах нь хяр дээр гараад ийш тийшээ дуран тавьж, хүний, өөрийн малын сураг гаргана аа даа.
-Урт хөлийн мал маллах хэцүү. Дээрээс нь үйлдвэрийн даалгавар биелүүлэх ёстой. Хажуугаар нь морь уях боломж байв уу. Ер нь хэдэн оноос морины сүүл боов?
-Бараг гучаад жил болчихлоо. Анх өөрийн адуунаасаа нэг бор үрээ уясан юм. Их догшин бор морь барьж уяад, сумандаа түрүүлүүлсэн. Сүүлд адуу оторлож явахдаа Баянцагааны Арслан гуайн сүргээс хул азаргаа хоёр адуугаар сольж авсан юм.
-Арслан гуай гэж Боржгоны нэрт уяачдын нэг Маарамбын Баярын хүүг хэлж байна уу?
-Ай тэгэлгүй яах вэ.
-Маарамбын Баяр гуай бол Баянцагаан угшлын сайн адууны нэг өвгийг бүрдүүлсэн хүн. Тод манлай уяач Даваахүү гуайн адууны дээд тал, ер нь энэ хавийн хурдан буянуудын цөөнгүй нь тэр хүний адуун сүргээс угшилтай. Түүний хүү Арслан гуай саяхныг болтол мэнд сэрүүн байсан даа.
-Тийм ээ. Манай авгайн ихрийн өрөөсөн Цэгмид гэж байдаг юм. Мань хүн адуу маллаж яваад Арслан гуайн охинтой танилцаж, хүргэн нь болчихов оо. Тэгээд л бид нэгнээ муугүй мэддэг болсон үе. Гэтэл нэг өдөр Арслан гуай намайг дуудаад “Чи манай хул азаргатай адууг мэднэ дээ. Тэндээс дуртай шүдлэн үрээгээ сонгож аваад, ахдаа идэшний хоёр сайн адуу өгчих. Ах нь олон хүүхэдтэй учраас идэш ууш нь хүрэхгүй юм” гэлээ. Би ч уухайн тас “тэгье” гэсэн. Тэгээд л хул азаргатай адуунаас нь хаашаа ч хамаагүй хулжиж давхиад байдаг нэг шүдлэн үрээг газрын уруу уургалж бариад үлдсэн дээ. Тэр үед би уурганд гайгүй ч байлаа. Хариуд нь Арслан гуайдаа хоёр сайн адуу барьж өгөөд, урьд нь 300 төгрөг зээлдүүлсэн байснаа аваагүй юм. Хойтон жил нь хул үрээгээ хязааланд нь уях гэтэл баригдаагүй. Тэгээд соёолонд нь барьж, улсын наадамд уяад, айрагдуулсан хэрэг. Дараа жил нь хавчиг азарга уях гээд хойшоо явж байгаад тушаатай нь алдаад, нутаг руугаа гүйлгэчихсэн. Тэгэхэд Даш гуай намайг их загнаж билээ. Тийнхүү азаргандаа огт уягдаагүй хүлэг дээ.

-Баярын саарлуудын ёстой л “өрөм”-нөөс нь та хамж авч дээ. Тэгээд улсын наадамд явах бодол хэдийд, яагаад төрөв?-Улсын наадамд анх удаа очоод, соёолонгоо айрагдуулсан шүү дээ. Гэхдээ тэр жил Даш гуай намайг өөртөө хань болоод улсын наадамд яваадахаач гэсэн юм. Би яахаа мэдэхгүй Хартолгойд очиж, Хүүхэнбаатар гуайтай уулзлаа.
-Цэрэндагва гуай байж байгаа даа?-Намайг очиход Цэрэндагва гуай байгаагүй юм. Хүүхэнбаатар гуай, Цэрэнбал хоёр л байна. Гэтэл Цэрэнбал миний хажууд суучихаад “Би энэ жил улсын наадамд заавал явна гээд том ахад шууд хэлээрэй” гэж хатгаад болдоггүй. Тэгсэн Хүүхэнбаатар гуай надаас “Чи морьддоо хэр зэрэг ажил хийв. Энэ жил Цагаандэлгэрийн наадамд явбал яасан юм” гэж асууж байна. “Би цагаан морь, хул үрээ хоёртоо гайгүй ажил хийсэн. Тиймээс энэ жил хойшоо явж улсад үзмээр байна” гэчихлээ. Тэгсэн мань хүн “Чи үнэхээр ингэж шийдэж байгаа бол аавтай очиж уулз” гэхээр нь Цэрэндагва гуай руу явлаа.
Л.Эрдэнэбаяр: Юу юугүй л гурвуулаа барианы зурхай руу ороод ирдэг юм даа
-Монгол Улсын алдарт уяач Цэрэндагва гуайгаа энд дурсах хэрэгтэй байх. Хүүхэнбаатар, Цэрэнбал гэж хоёр хүү нь хоёулаа улсын алдарт уяач. Хүүхэнбаатар гуай маань өнгөрсөн өвөл бурхны морийг уяхаар одлоо. Цэрэндагва гуайг манай наадамчин олон сайн мэдэх болов уу. 1990 онд алдарт Сүрэнхорын хээр азаргыг амьтны хэл амнаас зугтаалгаад хязаалангийн эргүүлгэн дээр нь уяж, түүний оронд өөр азарга уясныг харчихаад “Сүрэнхорын хээр ч хурдан юм чинь хурдан л байлгүй” гээд тоогоогүй гэдэг. Тэгснээ “Харин тэр доор уяатай байгаа хээр үрээ нөгөөдөр юм дуулгана шүү” гэсэн нь хашир уяач хэдийгээр хээр азаргыг үзээгүй ч гэлээ үнэхээр хурдан хүлэг таних зөн совингоороо тэр мөн гэдгийг мэдэрсэн тухай сайхан дурсамж байдаг. Тэгээд Цэрэндагва гуайдаа хэлээд улсад явахаар болсон уу?
-Тэгсэн. Цэрэндагва гуай өөрөө бас хүрэн, хар хоёр азаргаа улсад уралдуулсан юм. Хар азаргыг нь тэр жил миний хүү унаж, 40-д хурдлуулсан. Наадамд явахын өмнө Даваахүү гуай уяагаар нь ирж үзээд, “Өвгөн энэ жил хар азаргаа арай л таргадуулчихаж дээ” гэсэн. Мундаг хүмүүс үнэхээр өөр шүү. Би соёолонгоо охиноороо унуулсан юм. Анх удаа улсад очиж байгаа миний толгойд морио айрагдуулах тухай бодол огт багтаагүй. Эхний аравт орвол их юм гэж бодож байсан.
-Улсын наадмын хурдан морины уралдааныг ер нь үзэж байсан уу?
-Үгүй ээ. Тэр үед чинь хөдөө ямар зурагт энэ тэр байх биш. Үнэндээ очоод баахан балмагдсан. 1996 оны наадамд 700 гаруй азарга, 900-гаад их нас уралдсан юм. Тэр тоог сонсоод л соёолонгоо аравт хурдлуулах тухай нөгөө бодол ч алга болсон (инээв). Охин минь л сайн яваад ирээсэй гэж залбирсан.
7-ны өдрийн их сунгааны дараа Жамбага (улсын алдарт уяач Цэрэндашийн Жамбалсүрэн) бид хоёр айлд буучихаад иртэл манай уяагаар Даваахүү гуай, Онон хоёр ирээд явсан байв. Тэгэхэд Онон хул соёолонгийн маань шүдийг үзээд “Ямар ч байсан гурваас л урагш давхих юм байна” гэсэн гэдэг. Би ч ямар тиймэрхүү зүйлд итгэх биш.
-Онон тэгэхэд цэл залуухан уяач шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Нөгөө мундаг хээрийгээ дараа жил нь авчирсан шүү дээ. Харин Даваахүү гуай “Эрдэнэбаяр хаачсан юм бол. Энэ үрээний хувьд би нэг л ажил хийлгэмээр байна” гэсэн гэдэг. Бас л говиос улсын наадамд дөнгөж ирж байгаа шахуу уяач шүү дээ.
-Даваахүү гуай, Онон хоёр Эрдэнэбаяр гэдэг уяачийг муухан таних байх. Харин хул үрээг бол сайн танина даа. Маарамбын Баярын алдарт саарлуудын удам өөрт тань байгааг мэдэх учраас сайн удамтай адууг дэмжих гэсэн монгол уяачийн бас нэг сайхан чанар юм даа.
-Тэгсэн байх аа. “Эрдэнэбаяр хоёр өвгөнтэй хамт яваа гэнэ лээ” гэж Баянцагааны Хуягбаатараас сонсоод тэр хоёр “Аан тэгвэл нөгөөдүүл нь юм хэлж өгөх байлгүй дээ” гээд явсан гэдэг. Тэгээд л 12-нд 512 соёолон гарсан даа. Жамбага бид хоёр авгайгаа хуушууранд явуулчихаад өөрсдөө чимээ чагнаад хүлээж байлаа. “Эхний 11 соёолон тасарлаа. Дөрөв дээр нэг жижгэвтэр хул үрээ давхиж байна” гээд л.
-Хүүхдийнх нь дугаарыг хэлдэггүй ээ?
-Хэлсэн л байх. Би бас сандарч байгаад охиныхоо дугаарыг олигтой хараагүй явуулчихаж. Айдсын даваан дээр түрүүлж гарч ирсэн дөрвөн үрээний нэг нь хадуурчихдаг юм байна. Тэгээд Хэнмэдэх гуайн хар, Мөнхөөгийн хонгор, манай хул гурав үлдсэн юм билээ. Гэтэл Жамбага “Танай хүүхдийн дугаарыг зарлаад байна ш дээ. Ямар ч байсан айрагдах юм биш үү” гээд байдаг. Би ч “Өө, тэр жил манай сумын нэг уяачийн морь их хурдтай явж байгаад Алдартолгой ороонгуут суучихсан юм гэсэн. Аягүй бол тэгэх байлгүй” гэсхийгээд л. Тэгсэн хэрнээ тугтай машиныг өндийгөөд л харуулдаад байдаг. Гэтэл юу юугүй л гурвуулаа барианы зурхай руу ороод ирдэг юм даа. Өөрийн эрхгүй нулимс асгарчихдаг юм билээ. Тэгтэл манай охин тэнд бас бархираад унасан. Яав ийв гэтэл бариач морийг нь барьж авах гэтэл “Би аав дээрээ очно. Танаар морио бариулахгүй” гэж (инээв). Түүнээс хойш морьтой, явган баахан хүн шаваад, юу болсныг ч сайн ойлгоогүй. Хөлсийг нь долоох гээд сүйд болдог юм билээ. Нэг мэдэх нь ээ, манай зуух, янданг онхолдуулаад, талаар нэг тараачихсан байсан.
-Тэр үед хашаа хороо байгаагүй учраас соёолонгийн тоосонд хүрэх гэсэн хүмүүс бужигначихдаг байсан л даа?
-Харин тийм. Айхтар юм билээ. Түүнээс хойш улсад очилгүй байж байгаад өнгөрсөн жил эрлийз дунд насанд хул үрээ аман хүзүүдүүлсэн. Тэгэхэд бас л нүдний нулимс гоожоод байсан. Мөн 1997 онд Завадамдины 130 ойд зориулсан их даншиг наадамд сартай хонгор азаргаа айрагдуулсан. Хонгор азарга маань дараа нь “Их хурд”-д явж байгаад үхсэн шүү дээ.
-Нээрээ тэгсэн л дээ. Төрийн наадамд морио айрагдуулахад гардаг нулимс их үнэ цэнэтэй. Энэ жил очих уу. Танай морьд сайхан цайрчихсан, өнгө зүстэй байна?
-Уг нь санаа байна. Гэхдээ тэнгэр хангайн байдлыг харах хэрэгтэй. Бас унах хүүхдүүдээ харж байж болно.
-Эрдэнэчулуун манлай гэж тулхтай сайхан хүн саахалт буужээ. Манлайгаасаа заавар зөвлөгөө авдаг уу?
-Миний найз чинь их сайхан хүн шүү дээ. Би хааяа юм асууна аа. Тэгэхээр “Чи ямар хүний үг хүлээж авах биш. Би чамд хэлэхгүй гэдэг юм” (инээв).
-Хурдан хул азарганы уяа сойлгыг хэрхэн тааруулдаг байв. Ямар онцлогтой хүлэг байсан бэ?
-Хул азарга баригдах дургүй. Баригдаад, уяа сойлго нь таараад ирвэл гүү, байдаснуудаа хазаж хөөдөг. Өөрөө ч хаа хамаагүй явах гээд байдаг болчихдог. Тийм л содон араншинтай адуу байсан даа. Хул азарганаас минь нэг их хурдан саарал амьтан гарсныг нь би хүнд өгсөн. Олон жил сайн ч давхисан. Тэр саарал азарганы төлийг бас Баянхонгорын харьяат, улсын начин Сүхбатад өгсөн юм. Тэр азарга маань Равдангийн саарал нэртэйгээр олон жил сайн хурдалж, гарсан төл болгон нь хурдтай байгаа хэмээн Сүхбат их баярладаг. Энэ жил намайг улсын сайн малчин болоход саарал азарганы маань зургийг хивсэн дээр буулгаад авчирч өгсөн.
-Өөрт давхих нэг хэрэг. Өрөөлд очсон адуу давхих бүр сайхан гэж манай говийнхон ярьдаг. Энэ сайхан хурдан буянуудын ачаар Баянхонгорт Эрдэнэбаярын, өвөг дээдсийнх нь нэр гарч яваа юм байна. Танай хул азарганы төл өөр хаана хурдалж байгаа вэ?
-Хүмүүст 60 гаруй адуу өгсөн байх юм. Тэднээс арван тав, зургаа нь илүү их хурдтай байгаа. Өндөрширээт, Дэрэн, Дэлгэр гээд олон газар бий шүү. Хамгийн хол нь Баянхонгорт байна.
-Дундговийнхон, тэр дундаа дэлгэрцогтынхон бол яалт ч үгүй адуутай, айрагтай нутгийнхан. Танайх айргаа ямар хөрөнгөөр, яаж исгэдэг вэ. Орхоны хөндий, Хархорины сав газарт жинхэнэ монгол айрагны хөрөнгө байдаг гэдэг. Тэр тусмаа Архангайн Хотонтод хөрөнгөний эх үүсвэр байна гээд ойр хавийнхан нь тэндээс залдаг юм билээ. Тэр уламжлал одоо байна уу?
-Тэндээс хөрөнгө залдаг хүмүүсээс асуухаар намар оройхон айрагнаасаа самбайнд шингээгээд хадгалдаг гэх юм билээ. Би тэгж үзээгүй. Хотоос сайн хөрөнгө авчирч исгэдэг. Энэ жил хөхүүрэнд айргаа исгэнэ. Хүүгийндээ бас хөхүүр хийж өгсөн. Ямар ч үед айргаа л монгол уламжлалаараа исгэнэ гэж боддог. Зарим айл бүлүүрийн оронд айрган дотроо эргэлдэж тонгочдог, жижигхэн нэг юм хийчих юм. Манай эндхийн нэг залуу хийж үзээд “Ёстой дэмий юм байна” гэсэн шүү (инээв).
-Хөхүүрийн айраг ч шал өөр биз. Сүүлийн үед Ерөнхийлөгч маань “Цэнхэр савнаас татгалзаж, хөхүүрийн айргаа цэлэлзүүлэн ууя” гэж уриалж байгаа.
-Хөхүүрийн айраг үнэхээр өөр. Намар тийшээ бол оргиод л байна шүү дээ. Гэтэл цэнхэр саванд хийсэн айраг намар болохоор исдэггүй юм билээ. Одооноос харин хөдөөгийнхөн эргээд хөхүүрээ хэрэглэх тухай ярьдаг, зарим нь хийж эхлээд байгаа юм уу даа.
-Зэл зэлээр гүү барьсан, сайхан айрагтай айл олон түмнийг татах үүд юм гэдэг. Энэ олон жилийн турш Эрдэнэбаярынх гэдэг айл зун, намар олны хөлд ёстой л дарагддаг байх. Олон хүн цуглаж, үймж шуугиж байхын сайхан нь юунд байдаг вэ?
-Айраг гарахаар хол, ойрын амьтан хүн манайд шавчихна шүү дээ. Нөгөө айхтар хатуу нэртийг чинь бариад цувчихна (инээв). Авах нь аваад, уух нь уугаад явцгаана. Олны хөлд дарагдлаа гээд уурлаж, уцаарлалгүй, юу байгаагаараа дайлаад гаргадгийн ачаар бид өнөөдөр олонтойгоо явна гэж боддог шүү. “Айраг байвал бүгдийг нь хийж авна” гээд ирэх хүмүүс ч цөөнгүй шүү дээ. Зарим газарт айлын гаднаас юм асуучихаад, гэрт нь орохгүй явчихдаг юм билээ. Бид анхнаасаа тэгж сураагүй болохоор их эвгүй санагддаг.
-Ээеэ, “Цахирын уул” дууг аялсан тухайгаа яриач хө. Танай хадам ах Адъяа гуай шүлгийг нь зохиосон байх аа?
-Хэ хэ. Тэрийг юуг нь ярих вэ.
-Цахирын уулыг нутгийнхан нь нэрээр нь хэлдэггүй юм байна. Унага татах гэж зогссон манай хүн амандаа нэг юм гунганаад байхаар эхнэр нь “Юу гэж бувтнаад байгаа юм бэ. Наад унагаа татаач ээ” гэж. Гэтэл “Энэ урдахыг дуулж байна” гэсэн гэдэг. Дахилтыг нь дуулах гэтэл нэр нь хэлэгдэх гээд байхаар нь аман дотроо гунганасан хэрэг. Ийм л нэг хээгүй сайхан, олон түмнээрээ хүрээлүүлсэн, төв халхын боржгончууд дундаа нэр хүндтэй Эрдэнэбаярыгаа наадмын өмнө уншигч түмэнтэй уулзуулсандаа баяртай байна.
-Найзыгаа ингээд хүрээд ирсэнд баярлалаа. Айраг цагаа гарахаар та нар заавал ирээрэй.
Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ