Арван таван жилийн өмнө л Монгол орныг хөгжиж буй буурай орон хэмээн тооцдог байлаа. Тэгвэл одоо Монгол орон эдийн засгийн хөгжлийн хурдцаар дэлхийд тэргүүлсэн улсын нэг болоод байна. “Баян улсууд яагаад баян болж, ядуу орнууд ядуу хэвээр үлдсэн бэ” номыг зохиогч Эрик Райнерт “2000 оны гуравдугаар сард Улаанбаатар хот үнэхээр хүн аймаар газар байсан. Берлиний ханыг буулгаад удаагүй байхад л Монгол Улс хэдийнэ Дэлхийн банкны дуулгавартай сайн шавь болчихсон байлаа. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас өгсөн зөвлөгөөний дагуу монголчууд эдийн засгаа нээж, төр засгийн үүргийг багасган, зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй шилжсэн юм.
Гэвч Монголын аж үйлдвэр ямар ч чадавхгүй болж, нүүдлийн мал аж ахуй нь хүн амаа тэжээж чадахгүй эдийн засаг, экологийн уналтад ороод байв” гэж бичиж байлаа. Энэ үед харин хоёр зүйл хөгжсөөр байсан нь архи согтууруулах ундаа, шувууны өд цуглуулах үйлдвэр л байлаа. Дэлхийн банк, ОУВС-гийн мэргэжилтнүүд Монголын эдийн засгийг жилд 3-5 хувь л өсөх боломжтой гэж үзэж байсан юм. Гэвч Монгол Улсын ДНБ 2001-2013 онд найм, 2014 онд 9.1 хувиар өсөж, эдийн засгийн хурдцаар дэлхийд тэргүүлж эхэлсэн. Дэлхийн банкны таамаглалаар энэ жил өсөлтийн хурд 8.4 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн хөгжлөө дагаад ирээдүйн талаарх төсөөлөл ч өөрчлөгдлөө.
“ДНБ нь 17 хувь өсөх магадлалтай Монгол орон дэлхий нийтийг солиоруулж байна. Уул уурхайн томчууд, банкны эзэд, хуульчид шинэ “Эльдорадо” хэмээн бөөн бөөнөөрөө Улаанбаатарт очиж байна” гэж “The financial times” сонин 2012 онд бичиж байлаа. Тэр үед Монголын “Голомт” банкны топ менежер Жон Финиган Монголыг Катартай зүйрлэн, “Катарын ДНБ 1995 онд найман тэрбум доллар байсан бол 2012 онд 200 тэрбум болж, нэг хүнд бараг 500 мянган доллар ногдохоор өссөн юм. Монгол юугаараа дутуу гэж? Монголын 10 том орд газар л 2.75 их наяд долларын баялагтай. Энэ нь Монголын иргэн бүрийг саятан болгох боломжтой” гэж ярьж байв. 2014 онд болсон Давосын эдийн засгийн форумд Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын гурван сая хүнд гурван их наяд долларын баялаг байна” гэж байсан билээ.
Монголын ирээдүйг гутрангиар харж байсан хүмүүс дуугаа хурааж, хөгжил цэцэглэлтийн зам дардан шулуун мэт санагдаж байгаа ч хээр талд Катарыг байгуулах мөрөөдөл, төлөвлөгөө тийм ч амар биш. Одоогийн Улаанбаатар хот шувууны өд түүдэг буурай орны нийслэлээс огт өөр. Гэхдээ дэлхийн бизнесийн төв болох хүртэл бас л хол байна. Улаанбаатарын ойролцоо өргөн уудам талд сүндэрлэсэн Чингис хааны асар том хөшөө энэ газар нутаг эрт дээр цагт дэлхийн төв байсан гэдгийг илтгэн харуулна. Чингис хаан түүний залгамжлагчдын байгуулсан XIII зууны үеийн Монгол гүрэн Крымээс Япон тэнгис, Новгородоос Өмнөд Хятад хүртэл асар уудам газар нутагтай байв. Орос улс олон зуун жилийн турш Алтан ордны улсад татвар төлдөг байлаа. Орд гэдэг үг орос хэлэнд эмх замбараагүй гэдэг үгтэй холбогддог. Гэвч Чингис хааны байгуулсан улс орчин үеийн бизнесийн сургуульд судалсан ч болохоор менежмент, ложистикийн оргил болсон улс байв.
Монгол цэргийн аравт, зуут, түмтийн зохион байгуулалтыг ХХ зууны дунд үе хүртэл дэлхий дахинд хэрэглэж байлаа. Монголын арми тэр үедээ хамгийн орчин үеийнх байв. Хана эвдлэх багаж төхөөрөмжийг зөөж авч явдаггүй, газар дээр нь угсарчихдаг инженерүүд Монголд байсан. Морин цэргүүдийн ашигладаг хөнгөхөн нум, сум нь орчин үеийн iPhone-оос дутахгүй инноваци шинэчлэл байсан юм. Монголчууд сэтгэл зүйн инновацийг их ашигладаг байлаа. Сумандаа шүгэл хийж харвахад, гарч буй дуу чимээ нь дайсны цэргийн үнхэлцгийг хагалах шахдаг байв. Монголчууд харь оронд дайрахаасаа өмнө “Бид бол жирийн нэг булаан эзлэгчид биш, тамын элч” гэсэн цуурхал тараадаг байсан нь бас нэгэн шинэчлэл байлаа.
Олзлогдогсдыг амьд бамбай болгон ашиглах аргыг монголчууд анх гаргасан. Монголчууд анх эзлэн булаасан хотоо дээрэмдээд эвдлэн сүйтгээд л орхидог байлаа. Гэвч дараа нь татвар авч байвал дээр гэдгийг ойлгосон юм. Монголын Их гүрэн задран бутарч, XVI зуунд Манжид эзлэгдсэн. 1911 онд тусгаар тогтнолоо олсон Монгол дараа нь олон жилийн турш ЗХУ-ын нөлөөнд байж, бараг 16 дахь БНУ нь болоод байв. Гэхдээ Монголын эдийн засгийг солонгоруулахад ЗХУ гол үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч Улаанбаатарын төв хэсэгт Зөвлөлтийн үеийн байшин барилга олон.
ЗХУ бутарсны дараа 2000 оны үед байгалийн баялаг, ашигт малтмалын үнэ огцом өслөө. 2000-2010 онд хувцас, цахилгаан бараа зэрэг экспортын бүх барааны үнэ хямдарч, харин нүүрс, нефть, зэс гэсэн импортын барааны үнэ өссөн. “Монголия сейчас” цахим хуудасны эзэн Юрий Кручкин “Монголчууд хятадуудаас ялгаатай нь түүхэндээ хэзээ ч өлсөж үзээгүй. Мал аж ахуй нь тэднийг үргэлж цатгалан баян байлгаж чаддаг байсан. Ноолуурын үнэ нэмэгдсэнээр зарим малчин маш баян болсон. Тэд гэрт амьдардаг ч, тэр нь бараг ордон л гэсэн үг” хэмээн ярьж байна. Мал аж ахуй ашигтай ч уул уурхайн салбар бүр ашигтай. 1995 онд ДНБ-ий 33 хувийг хөдөө аж ахуй, 10 хувийг уул уурхай эзэлж байсан бол одоо ижилхэн болоод байна. Монгол ашигт малтмалаар үнэхээр баялаг орон. Энд зэсийн Оюутолгой, Эрдэнэт, нүүрсний Тавантолгой, ураны Дорнод гэсэн том орд бий. Монголын хамгийн том баялаг бол Оюутолгой. Дэлхийд хамгийн томд тооцогдох зэсийн эл орд газар Хятадын хилийн ойролцоо, говьд байдаг. Тэнд Чингис хааны үед л зэс хайлуулж байжээ.
“Оюутолгой” жилд 450 мянган тонн зэс гаргах хүчин чадалтай нь дэлхийн зэсийн гурван хувийг эзэлж байгаа юм. Үүнээс гадна алт, мөнгөний их хэмжээний нөөц нь 60 жил хэрэглээд ч дуусахгүй. МУИС, “BAEconomics” судалгааны байгууллагын хамтарсан судалгаанаас үзэхэд Оюутолгойн ачаар 2020 он гэхэд Монголын ДНБ 36.4 хувиар өсөх гэнэ. Оюутолгой, Тавантолгой гэсэн том орд газруудыг ашиглахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Харин Монголд хөрөнгө мөнгө, технологи байхгүй. 2010 онд Оюутолгойг эзэмших төсөл 4.6 тэрбум доллар гэж үнэлэгдэж байсан бол 2013 онд 10 тэрбум доллар болон нэмэгдээд байна. 2013 оноос Оюутолгойн ордод олборлолт эхэлсэн ч Засгийн газар, хөрөнгө оруулагчын хооронд гарсан санал зөрөлдөөний улмаас далд уурхайн бүтээн байгуулалт зогсоод байгаа. Бусад төсөл ч бас өөрийн гэсэн асуудалтай. Жишээ нь, Австралийн уул уурхайн “Hancock Prospecting” компани Монгол дахь активаа зарсан. Учир нь Монголд ямар ч орд газрыг стратегийн хэмээн зарлаж, лиценз эзэмшигчийн эрхийг цуцалж болдог шинэ хууль батлагдсан юм. Мөн Монголд үндсэрхэг үзэл газар авч байгаа нь ч хөрөнгө оруулагчдад таатай бус байна.
Монголын өөр нэгэн асуудал бол Хятад. Монгол орон Орос, Хятадын хооронд оршдог, далайд гарцгүй.
Хятад улс Монголын түүхий эдийн бараг цорын ганц худалдан авагч. Монголын экспортын 80 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 49 хувийг Хятад дангаараа эзэлж байна. Түүхий эдийн хэрэгцээ их байснаас Хятад Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч Хятадын зэсийн зах зээлд Бразил, Перу, Чили, Замби улсаас түүхий эд оруулж эхэлсэн. Ингэснээр түүхий эдийн илүүдэл үүсэн, үнэ хямдарна гэсэн үг. Хятадын эдийн засгийн хөгжил удааширч байгаа болохоор ийм магадал тун өндөр байгаа юм. “Barclays”-ийн шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт гурван хувиар буурвал зэсийн үнэ тонн нь 2.5 мянган доллар болж хямдарна гэсэн тооцоо гаргажээ. Хэрэв зэсийн үнэ ингэж унавал Оюутолгой бараг ашиггүй болон хувирах юм.
Тавантолгойн нүүрсний орд газар ч бас адилхан. Хятадын эдийн засгийн өсөлт саарах юм бол 2009 оны хямралын үеийн хэмжээнд хүрээд байгаа нүүрс, төмрийн хүдрийн үнэ улам буурах нь гарцаагүй. Жижиг дунд бизнес эрхлэх нөхцөлийн “Doing business 2015” индекст Монгол Улс 72 дугаар байрт, гадаад худалдаанд 189 орноос 172-т оржээ. Дэлхийн эдийн засгийн форумын “Global competitiveness report 2014-2015” индекст Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар сул, 144 орноос 98 дугаарт багтжээ (дэд бүтэц сул, төсвийн алдагдал өндөр, дотоодын зах зээл жижигхэн). Бизнес эрхлэхэд тулгарч байгаа бэрхшээлийн талаар бизнес эрхлэгчид хүнд суртал (13,8%), ажиллах хүчний ур чадвар (9,6%), авлига (8,5%) хэмээн нэрлэж байна.
М.СУГАР-ЭРДЭНЭ
“Коммерсантъ” сэтгүүл