Жил бүрийн зун хот даяар, улиасны хөвөн хийсч, хамар ам загатнуулан харшилтай хүмүүст жинхэнэ там болдог байсан бол энэ гайтай унгирлаас ангижирч болдгийг харуулсан хүн нь доктор, профессор Б.Сангидорж юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийнхэн энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэнтэй хамтран ажиллаж, улиасны унгирал гаргадаг молцгуудыг тайрч эхэлсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн жил огт үзэгдээгүй унгирал дахин хотоор зугаалах болсон нь ямар шалтгаантайг тодруулахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Сангидоржтой уулзаж ярилцлаа.
-Улиасны унгирал энэ жил дахиад гарсан нь юунаас болов оо?
-Өнгөрсөн жил бол манай төрийн бус байгууллагын залуучууд арван метрээс хэтрэхгүй өндөртэй залуу моднуудын үрлэж байгаа молцгийг нэгд нэггүй тайрч чадсан. Энэ жил 1970-аад оны үед тарьсан, 7-8 жилийн өмнө залуужуулах огтлол хийсэн хөгшин улиаснууд дахин үрлэж байна. Модны хамгийн дээд хэсэгт нь оройн нахианууд байдаг. Модыг доод буюу дунд хэсгээс нь энд тэндгүй хяргаад байгаа болохоор оройн нахианууд нь энэ жил үрлэчихсэн хэрэг. Оройн нахианууд 15-20 метр, түүнээс ч дээш өндөрт ургачихсан болохоор авахад хүндрэлтэй болсон. Бид нийтийн эзэмшлийн талбай, төв гудамж, албан байгууллагуудын ойролцоох улиаснуудын унгирал гаргадаг үрлэсэн молцгуудыг энэ жил ч бас тайрсан. Ганцхан оройн нахианы тодорхой цөөхөн хэсэг л үлдээд байсан. Гал командын шаттай машин юм уу, зориулалтын шат хэрэгсэл байхгүй учраас хүн унах эрсдэлтэй шүү дээ.
Энэ жилийн хувьд хөгшин голдуу мод их үрлэлээ. 20 метр өндөр модонд хэчнээн үр унгирал бий болохыг бид судалж байна. Энэ жил нийт улиасны 80-аас дээш хувийг нь тайрсан. Бид үндсэн ажлаа тавдугаар сараас хийгээд дууссан. Үлдэж байгаа, өндөр моднуудаа яаж ч чадахгүй хараад сууж байна. Орон сууцны хороолол дундах өндөр модыг айлын тагтан дээрээс ойрхон байгааг нь тайрч багасгаж байна. Одоо хоёр баг ажиллаж байгаа. Манайх дөрвөн багтай. Нийт 18-19 хүн ажилласан. Түүний 6-8 нь байнгын дуудлагаар ажиллаж байна. Энэ жил мод их үрлэж байгаа учраас тайраагүй үлдсэн зарим модны унгирал тархаж эхлээд байна. Нийслэлийн Прокурорын газрын дэргэдэх 13 мод үрлэж, их хэмжээний унгирал гарч байсныг оройн хэсгийг нь үлдээгээд бусдыг нь багасгаж чадлаа. АШУҮИС, Эрүүл мэндийн үндэсний хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхчлэн олон байгууллагын модыг очиж тайрлаа. Шуурхай арга хэмжээ авч, наадам хүртэл энэ ажлыг үргэлжлүүлнэ.

-Унгирал хийсдэг хугацаа нь хэдийд дуусдаг вэ?
-Зургадугаар сарын сүүлчээс долдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гардаг юм. Энэ жил 70-80 хувьд нь тайралт хийж, хэмжээг нь багасгасан, одоо үлдсэнийг нь авах учраас тархалт нь харьцангуй багасах байх. Учиргүй их бужигнадаг нь ч багасаж байна. Ер нь бид Улаанбаатар хотын төв, дүүргүүдэд байгаа улиасны нас, байршил, унгирал тархах хэмжээ, эр эм улиасны тоо, бүтцийг судалж байгаа. Өнгөрсөн жил бид дүүргүүдэд даалгавар хүргүүлснээр залуужуулах огтлол нэлээд сайн хийсэн. Гэхдээ зарим байгууллага хийх ёстой ажлаа хийгээгүй учраас хүндрэл үүсгэсэн. Энэ жил бид залуужуулах огтлол хийх ёстой улиасны тоог гаргаж өгч байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан энэ ажлыг дууссаны дараа есөн сая төгрөгийн санхүүжилт олгох байх. “Ази, Европын мон экологийн төв” төрийн бус байгууллагыг би тэргүүлдэг юм. Энэ байгууллагаас маань 7-8 сая төгрөгийн зардал гарсан. Унгирлын асуудал ерөнхийдөө нааштай байгаа.
-Унгирлаас ангижруулах энэ ажлыг танай байгууллага хариуцдаг гэсэн үг үү. Хот тохижилтынхон хамтардаг биз дээ?
-Хамтарч ажиллалгүй яах вэ. Хот тохижилтынхонд бид мэргэжлийн зөвлөгөө өгнө. “Ази, Европын мон экологийн төв” төрийн бус байгууллагаас дөрвөн баг гарч ажилладаг. Улиасны молцог тайрах ажилд мэргэжлийн хүмүүс, оюутнууд, магистрантууд, дагалдах ажилчид явуулдаг юм. Энэ чиглэлээр ирээдүйн дендрологич мэргэжилтнийг бэлтгэх, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж хариуцсан шинэ бүтэц бүрэлдэхүүн бий болгох асуудалд алсын бодлоготой ажиллаж байгаа.

-Улиасны хөвөн үнэхээр харшил үүсгэдэг үү. Хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Улиас бол аюултай мод биш. Гэхдээ сайн мод бас биш. Манайд зохицсон, байгалийн эрс тэс, хуурай орчинд ургадаг ургамал. Гэхдээ гадаадынхан улиасыг муулдаг. Мэргэжлийн хүмүүс ч хэлж л байдаг. Их сургуулийн гудамжинд зарим багш нар манайхны залуусыг саатуулаад “Үүнийг тайрах хэрэггүй, байж байг” гэсэн байна лээ. Зарим хүмүүс “Бужигнаж байгаад л дуусчихдаг ш дээ, тайрч хэрэггүй” гэдэг. Дийлэнх хүмүүс унгиралд дургүйцдэг. Харшил үүсгэх үндсэн шалтгаан болдоггүй гэж зарим судлаач үздэг. Гэхдээ нэг хэсэг нь харшил үүсгэдэг гэдэг. Тавдугаар сараас улаан хүрэн өнгийн цэцэг улиасанд гардаг шүү дээ. Бидний судалгаагаар тэндээс тоос гарч, тэр нь харшил үүсгэх үндсэн шалтгаан болдог. Манай орны хувьд мод сөөгөөс үүдэлтэй харшлын зонхилох хэсгийг улиасны тоосных эзэлдэг. Гэхдээ шарилж зэрэг өвсний тоосны харшлаас харьцангуй бага л даа. Улиасны доторх химийн бүтэц бүрэлдэхүүнийг судалж байгаа. Ингээд үзэхээр унгирал харшил төрүүлдэггүй гэж үзэх нь өрөөсгөл талтай. Харшил төрүүлэгч нэгдлүүд унгирлын үрэнд ч байх бололцоотой. Мөн их хэмжээгээр унгирал тараад эхлэхээр хүний амьдрах таатай нөхцөлийг алдагдуулдаг, сэтгэл зүйн хувьд тайван бус болгодог, хөдөлмөрийн бүтээмжийг багасгадаг. Их хэмжээгээр хунгарласан цас шиг гэр орон, хашаа байшинд чигжиж хог болдог. Чүдэнз зураад тавьчихвал гал гарах аюултай. Үүнээс үзэхэд унгирал хотын төв хэсэгт байх шаардлагагүй.
-Заавал улиас тарих хэрэг байна уу?
-Манай орны, Улаанбаатар хотын ногоон байгууламжид улиас хамгийн тохиромжтой ургамал. Үүнийг дагаад бусад мод сөөг ургах бололцоо бүрддэг. Олон жил, үе дамжсан, нийслэлчүүдийн сэтгэл шингэсэн энэ модыг тайрч устгахад хэчнээн хөрөнгө орох вэ, тийм учраас энэ бол боломжгүй. Бидний ажиглалтаар залуужуулах огтлол хийсэн мод 4-5 жилийн дараа дахиад үрлэдэг юм байна. Шинэ нахиа ургаад ирэхээр үрлэдэг. Дөнгөж тарьсан улиас 4-6 насандаа үрлэдэг. Залуу моднуудыг бид хөгшрүүлчихгүй тайраад байх юм бол унгирал, тоос гарахгүй байх боломж бий. Хөгшин модоо залуужуулах огтлолд оруулаад байхад хотын төв маань өнгөрсөн жилийнхээс дутахгүй байх бололцоотой.
Г.ОЮУН