МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт, “Алтан өд” наадмын шагналт зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяатай ярилаа.
-“Би гутарч байсан. Гэхдээ амьдралдаа гутарч байгаагүй. Хүмүүсийн өмнөөс л хүн гэдэг арчаагүй, өөдгүй хуурамч, хоосон амьтан байдаг юм байна даа гэдгийг мэдрэх бүртээ гутарч байсан. Энэ гутрал минь идэр залуу насны алдаа байсан. Учир нь хүмүүст байдаг л тэр адгийн чанарууд надад мөн л ялгаагүй байдаг юм байна гэдгийг өөрийнхөө дотоод ертөнцөөс мэдэнгүүтээ гутрахаа больчихсон” гэж “Цасан хүний нулимс” өгүүллэгтээ бичсэн нь би баатраар дамжуулсан таны үг үү?
-Зохиолчийн үзэл санаа би баатраар их дамждаг. Зарим баатраар өөрийнхөө хэлье гэснийг дамжуулж байж зохиол амьд болно. Боддогоосоо өөрөөр дүрсэлбэл холдчихно. Яруу найрагч, зохиолчдын нэг онцлог ялгаа бий. Яруу найрагчид байгаль, ертөнц, юмс үзэгдлийг мэдэрч, таньж бодож байгаагаа нэгдүгээр биеэс илэрхийлдэг. Харин үргэлжилсэн үгийн зохиолыг шууд өөрийн төлөөнөөс бичээд байвал яруу найраг тал руугаа хэлбийнэ. Жишээлбэл, Н.В.Гоголь “Амьгүй албат”-даа дотоод ертөнцөө их тусгасан. Өөрөө ч тэр зохиолоо найраглал гэдэг. Товчхондоо, “Цасан хүний нулимс” өгүүллэгт миний үзэл санаа, итгэл туссан гэж хэлэхэд буруудахгүй.
-Тэгвэл яагаад хүний мөн чанарыг жигшсэн хэрнээ өөрөө тэдэнтэй адилхан болохыг хүлээн зөвшөөрсөн юм бэ?
-Миний шүлгүүдэд иймэрхүү үзэл тодорхой туссан байдаг. Хүн хэн ч бай бусдаас ялгаагүй. Түүнийгээ ч мэдэх ёстой. Өөдгүй амьтан нь эцэстээ өөрөө л байдаг.

-Бичсэнийг тань уншигчид юу гэж бодох бол гэж боддог уу?
-Уран бүтээлч өөртөө зориулж бичих ёсгүй гэж би боддог. Өөртөө л зориулж бичиж байна, миний өөрийгөө илэрхийлж байгаа нь бусдад хамаагүй гэх хандлага сүүлийн үед нэлээд ихэссэн байна лээ. Үүнд шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл уран зохиол олон зуун жилийн түүхтэй, үгийн урлаг. Тиймээс эрэл хайгуул, бодол эргэцүүлэл дунд өөрийн гэсэн бүтээл туурвих ёстой. Эцсийн дүнд бүтээл нь бусдад л хүрэх ёстой. Хүмүүс хэрхэн хүлээж авах тухай айхтар бодох шаардлагагүй. Миний зохиолыг хүмүүс уншаасай, илэрхийлж байгаа санаа, дэвшүүлсэн зүйлүүдийг ойлгоосой гэж хүсдэг. Хэдийгээр дотоод ертөнцөд буй мэдрэмж, хүсэл тэмүүлэл, эргэцүүлэл, сэрэхүй бүхнээ гаргаж байгаа ч нөгөө талаасаа бусдад зориулж л бичдэг шүү дээ.
-Амьдрал бол урлагийн тайз. Яруу найрагч, багш, мөрдөн байцаагч, наймаачны дүрд тоглосны аль нь ч таалагдсангүй. Дүрээ хайж явна гэсэн санааг “Дүр” өгүүллэгтээ илэрхийлсэн байсан. Та уран бүтээлчээс гадна уран зохиол, монгол хэлний багш мэргэжилтэй, ТЕГ-т ажиллаж байсан, хувийн бизнес эрхэлдэг. Тэгэхээр энэ зохиолд өөрийнхөө тухай бичсэн юм шиг байна. Одоо та тохирох дүрээ олсон уу?
-Уран зохиолд ийм тийм сайхан залуу, бүсгүй, энд, тэнд ажилладаг гэж гадаад байдал дүрсэлж бичихээс илүүтэй дотоод ертөнц, ухамсар, оюун санаан доторх урсгалыг илэрхийлэхэд дэлхий даяар анхаарал хандуулдаг болжээ. “Дүр” өгүүллэгийг өнгөц харахад өөрийнхөө тухай бичсэн юм шиг хэрнээ үгүй юм. Хүн бүр өөрийн гэсэн байр сууриа олж автлаа эрэл хайгуул хийдэг. Тухайлбал, маш олон залуучууд багш болно гэж байснаа, дэмий ажил бололтой, эрх зүйч болно гэдэг. Зохиолчид шинэ бүтээлийн санаа хайдаг шиг залуу хүн бүр бусдын дундах оршихуйгаа олохын тулд эрэлд гардаг. Тиймээс “Дүрд”-д би баатраар хүний ухамсар доторхыг өгүүлсэн. Харин би идэр залуудаа нэг л дүр сонгосон. Гайгүй зохиолч болохсон гэж бодож, энэ дүртэйгээ тасралтгүй 20 жил болж байна. Цаашдаа ч энэ дүрдээ сайн тоглохсон, өөрийнхөө бүтээх хамгийн шилдэг дүр болгохсон гэж хүсэж байна.
-Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн даргын дүрд тоглох ямар вэ?
-Энэ хэцүүхэн дүр байна шүү. Олон жилийн түүхтэй байгууллагыг хэрхэн орчин үеийнх болгох вэ, өнөөдрийнхөөс нь илүү сайн түвшинд яаж хүргэх вэ гэж зорьж, хөтөлбөр боловсруулж, хүсэл тэмүүллээрээ энэ дүрийг сонгосон. Оюун санааны ертөнцийг эрхэм болгодог гишүүдтэй байгууллага гэдэг дарга, цэрэггүй. Би хэдийгээр дарга нэртэй боловч намайг дарга аа гэдэг нэг ч зохиолч байхгүй. Адилхан уран бүтээлч хүний үүднээс надтай задгай харилцдаг нь амар санагддаг. Энэ албан тушаал амьдралд ахицгүй хэрнээ олон зуун хүний шаардлага дунд оруулсан.
-Монголын зохиолчдын эвлэлээс зохиолчид юу хүсдэг вэ?
-Би ийм зохиол биччихлээ, утга зохиолын зах зээлд ийм үнэ цэнэтэй боллоо гээд үнэлэхийг шаарддаг. Тэгж итгэж үнэмших нь зөв л дөө. Монголын уран зохиолын түүхийг эртнээс эдүгээ хүртэл уншсан хүний хувьд хатуухан хэлэхэд, Монголын уран зохиолын орон зайд өөрийн гэсэн туурвилаараа оршин тогтнож үлдэх магадлал зохиолчдын эвлэлийн одоогийн гишүүдийн дийлэнхэд байхгүй. Сод гайхамшигт бүтээлийг тусгай хувь заяанд төрсөн цөөхөн хүн туурвидаг. Гэтэл бусад нь тэр орон зайг олны өмнө нэр алдар олж нөхөхийг хүсдэг. Тиймээс ч зохиолчдын олонх нь өөрсдийгөө үнэлүүлэхийн тулд, намайг шагнаач гэж шаарддаг. Хоёрдугаарт, энэ байгууллагынхаа онцлогийг зохиолчид, олон нийт мэддэггүй юм билээ. МЗЭ төсөвгүй байгууллага. Хэдэн өрөөнийхөө түрээсийн мөнгөөр жилийн турш ажилтнуудаа цалинжуулж, дулаан цахилгааны мөнгө төлж, уламжлалт арга хэмжээнүүдээ зохион байгуулдаг. Гэтэл гаднаас их мөнгөөр санхүүждэг, буяны сан, хүмүүнлэгийн байгууллага юм шиг ойлгон ийм, тийм юм хийсэнгүй, ингэсэнгүй тэгсэнгүй гэж гомдоллон, манай төсвийн хүчин чадалд хэзээ ч багтахгүйг шаарддаг.
Яагаад ном хэвлүүлж өгөхгүй байгаа юм бэ, түүний амьдрал тиймхэн байхад харж үзсэнгүй, ийм том зохиолчийн насны ой тохиож байхад тэмдэглэсэнгүй гэдэг. 85 жилийн түүхтэй зохиолчдын эвлэлийн өнгөрсөн зууны бүх зохиолч алдартай. Тэр бүгдийн ойд зориулж төрөөс ямар ч мөнгө авдаггүй. Манайхан яасан ч их ой тэмдэглэдэг болсон юм бэ. Социализмын үед зохиолчдын насны ой болоход “Утга зохиол” сонины алга дарам зайд мэндчилгээ нийтлүүлж өгдөг байсан нь тэмдэглэж өгч байгаа хамгийн том арга хэмжээ байсан. Тэр үед МЗЭ улсаас санхүүждэг байлаа. Тэгтэл одоо төсөвгүй байгууллагаас яагаад тухайн зохиолчийн уран бүтээлийн эрдэм шинжилгээний хурал, нэрэмжит яруу найргийн наадам зохион байгуулж, амьтан ах дүүд нь хоол өгч, хүлээн авалт хийхгүй байгаа юм бэ гэдэг. Сүүлийн үед хүн бүр номын баяр хийдэг болжээ. Өглөө утсаа асаагаад цаг болоогүй байхад л ийм тийм зохиолч номын хуримаа хийнэ гэж залгаад л, өдөрт 3-4 номын баярт оролцохоор болдог. Надад оролцох зав ч, хүсэл ч алга. Урьд нь ном хэвлэгдвэл, дэлгүүрээр тараагдаж уншигчдад очдог байсан бол одоо маркетингийн нэг хэлбэр юм байлгүй олон хүн цуглуулж, заримаар нь хэзээ ч уншаагүй номынх нь тухай магтаал хэлүүлдэг.
Уг нь би номыг нь уншиж байгаад сэтгэгдлээ хэлмээр байхад “Та миний номын тухай яриач, миний тухай яриач” гэх юм. Номоо сурталчилж, нийгэмд таниулах гэдэг нь зохиолчийн зөв байх л даа. Гэхдээ энэ ажил үүргийг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн хүний хувьд тэр олон шаардлагыг биелүүлэх боломжгүй. Энэ бүхний төлөө тэд дахиад л уурлаж эхэлнэ. Зохиолчийнх нь ном хэвлэгдэж байхад яагаад хүндлэхгүй байгаа юм бэ гэнэ. Удирдах зөвлөлийн дарга бол энэ байгууллагын жилд хийх ажлын чиг шугамыг гаргаж, найман удаа хуралдуулж, бодлогын шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Оюуны өмчтэй холбоотой асуудал шийдэж, хуучны бугшмал байдлаас салгаж, орчин үеийн байгууллага болгох шинэтгэл хийе гэж энэ албанд томилогдсон. Гэвч сонгосон дүрдээ өөрийнхөөрөө тоглох гэхээр чи ингэ тэг гэж хэдэн зуун найруулагч зааварлаад, би тайзан дээр яахаа мэдэхгүй шахам зогсоод байна.

-Энэ албанд томилогдсоноосоо хойш юу хийсэн бэ?
-Сонгогдсон дөрвөн жилдээ зохиолчдын эвлэлийн цахим хуудсыг орчин үеийн шаардлагад нийцүүлж, уран бүтээлчдийн намтар, зохиолын танилцуулга багтаасан мэдээллийн архив бүрдүүлнэ гэж амласан. Энэ ажлаа хийж, Mongolianlitera¬ture.mn байсныг writers union.mn болгосон. Яагаад гэвэл дэлхий дахинд хайлтын системд writers union гэчихээд тухайн улсынх нь өргөтгөл болох com, jp, uk зэргийг бичиж дэлхийн утга зохиолын байгууллагыг хайдаг жишигтэй юм билээ. Өдгөө 1000 гаруй зохиолчийн намтар, бүтээлийн товчоон нийтэлсэн. Одоо англи хэлнээ хөрвүүлж байгаа. Нацагдоржийн музейн эд зүйлсийг олон нийтэд дэлгэх тухай энэ хөтөлбөрт багтсан. 1996 онд уг музей хаалгаа барьсан. Тухайн үеийн удирдлагын шийдвэрийн алдаа оноог энд яримааргүй байна. Өдгөө байшинг хоёр давхар болгож, өртгөхгөх, тохижуулах болон ашиглах зардал бидэнд байхгүй. Эвлэлийн байрны хоёр өрөөнд 20 шахам жил хадгалсан, Нацагдоржийн эд зүйлсийг дөрвөн өрөөнд байрлуулж, өнгөрсөн долдугаар сард дэлгэснээс хойш дунд сургуулийн сурагчид, албан байгууллагынхан үзэж байна.
Нацагдоржийн музейд олон жил ажилласан тайлбарлагч Намжилмаа эгч долоо хоногийн гурван өдөр тайлбарлаж байгаа. Цаашдаа хоёр давхар байшинг нь тохижуулж, дотроосоо санхүүжих менежмэнт хэрэгжүүлэх хэрэгтэй. Музейнхээ тасалбарыг 500 төгрөгөөр тогтооход байшингийн урсгал зардал, ажилтнуудын цалинг гаргах үндэслэлгүй. Тиймээс кафе нээж, хурал, номын баярт зориулсан жижиг театр байгуулах зэргээр бусад үйлчилгээнээс санхүүждэг менежмэнт бий болгож байж, Нацагдоржийн эд зүйлсийг МЗЭ-ийн байрнаас шилжүүлэх, цаашлаад Монголын орчин үеийн зохиолчдын музей болгох төсөл төлөвлөгөө хэрэгжинэ. Мөн энэ ондоо багтааж эвлэлийнхээ байранд уран зохиолын төрөлжсөн номын дэлгүүр нээнэ. Дэлгүүрүүд нэг номоос 25-30 хувийн татвар авдаг бол бид дэлгүүрийн тасалгааны түрээсийн мөнгөө л олох хэмжээний буюу 10 хувийг нь авч, илүүд шунахгүй. Энэ мэтээр хөтөлбөрт тусгасан ажлууд эхнээсээ хэрэгжиж байна. Энэ онд гадаад харилцаанд их ахиц гарсан. Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гишүүн боллоо. Манай гишүүд дэлхийн томоохон есөн хурал, чуулганд оролцох үүд хаалга нээгдсэн.
-Манайд утга зохиолын төрлүүд жигд хөгжиж чадаж байна уу?
-Уран зохиолын нэг байгууллага хөгжүүлдэг эд биш шүү дээ. Зохиолчдын эвлэл Монголын уран зохиолыг шулуухан хөгжүүлж, романаа ч, шүлгээ ч тэр дэлхийн түвшинд гаргаж ир гэж нийгэм биднээс хүсдэг. Үнэндээ, уран зохиолын нэг суутан төрвөл байгууллагатай, байгууллагагүй хөгжлийг нь зуу зуун жилээр урагшлуулдаг. Байгууллага төрлүүдийг тэгш хөгжүүлэх хатуу бодлого барих боломжгүй ч хөгжихөд нь тэгш дэмжлэг үзүүлдэг. Утга зохиолын найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан өд” наадам зохион байгуулдаг болсноос хойш олон зохиол орчуулагдаж, шүүмж судлал эрчимжих боллоо. Харин төрөл зүйл хэр хөгжиж байна вэ гэдэгт хувь хүний зүгээс “Хангалтгүй” гэж хариулна. Шүүмж судлалын хувьд ярихад л зохиол бүтээлийнх нь туурвилзүйн ур чадварыг нээж өгүүлэхээс илүүтэй найз нөхөд, нутаг усны шинжтэй магтаал бичих хандлага түгээмэл байна. Яруу найраг сонирхогчдын тоо эрчимтэй олширсон ч үнэхээр сайн гэж үнэлэхээр яруу найргийн ном сүүлийн жилүүдэд би уншсангүй. Өнөө цагийн түүхэн романууд өнгөрсөн зууны дунд үед гарсан бүтээлүүдийг давахгүй байна. С.Эрдэнэ, Ж.Лхагва, П.Лувсанцэрэнгийн бичсэн шиг гайхамшигтай хүүрнэл зохиол харагдахгүй байна.
-Дэлхий даяаршиж, монголчууд хотжоод л байна. Ирээдүйн зохиолчид монгол ахуйгаа харуулсан зохиол бичиж чадах болов уу?
-Үндэстний уран зохиол хамаг охь шимээ уламжлалдаа хадгалдаг. Монгол уран зохиолын хамгийн шилдэг бүтээл уламжлалд суурилсан. Түүнээс биш, Нобелийн шагнал хүртсэн зохиолчийнх ийм, модернист, пост модернист уран бүтээлчдийнх тийм хандлагатай гээд дагавал буруу тийш явна гэж боддог. Хархорины хэдэн туурь, балгас, болон археологийн олдвор дээл хувцасны тасархай, гөлөм жирэм, эмээл хазаарын хэлтэрхийг эс тооцвол XIII зууны монголчууд ингэж амьдарч байжээ гэдгийг яг харуулахаар томоохон зүйл бидэнд үлдээгүй. Гэвч монгол уран зохиол эртний ухамсраасаа салаагүй. Тэр ахуй нь байхгүй ч гэсэн оюун санаагаар дамжиж, “Монголын нууц товчоо”-ноос эхлээд “Алтан товч”, “Шар тууж”, “Хөх судар” гэж явсаар өнөөг хүрчээ. Тиймээс Монголын уран зохиолын уламжлал хэдэн 100 жилийн дараа ч гэсэн ямар нэгэн байдлаар шинэчлэгдэн, сайжирч, оршин тогтноно гэж боддог.
-2012 онд ИЗНН-аас УИХ-д нэр дэвшсэн нь ямар шалтгаантай вэ?
-Би аль нэг улс төрийн намын гишүүн биш. ИЗНН-ын мөрийн хөтөлбөр таалагдаж, санал нийлж байвал намын гишүүн бус хувь хүн нэр дэвшиж болно гэсэн. Хууль биднээс хол юм шиг хэрнээ хамгийн ойр байдаг. Хүний хувь заяа хуулийн хүрээнд шийдэгддэг. УИХ иргэдийнхээ амьдралыг эрх зүйн үүднээс зохицуулах, амьдралд ойрхон хууль батлах үүрэгтэй. Тиймээс ч “Амьдрал” мөрийн хөтөлбөрийнх нь агуулга давгүй санагдсан. Гол мөрөн ширгэж, цөлжилт, хулгайн ан, мод, алт олборлолт гээд л байгаль эх рүү дайрсан харанхуй он жил нөмөрчээ. Үүнээс гарах ногоон хөгжлийн бодлого хэрэгтэй. Энэ бүгдээс үүдэж дуу хоолойгоо илэрхийлэхээр Булган аймагтаа нэр дэвшсэн. Тэр олон тоног төхөөрөмж, мөнгө санхүү, хүн хүчний төвлөрлийн эсрэг ИЗНН-ын эмэгтэйчүүд голдуу 100 гаруй гишүүний хамт хүч тэнцвэргүй тулаан хийхэд надад үндсэн хоёр зорилго байсан.
Хэн нь идсэн нь мэдэгдэхгүй амархан дуусдаг, дундаа тавьдаг хятад хоол шиг засаглал энэ улсыг сүйрүүлж байна гэсэн санаатай нийтлэлүүд 2004 оноос бичиж, “Зууны мэдээ”-д цувралаар гаргасан юм. 100 гаруй нийтлэлээсээ шилж 2008 онд “Хүр хорхойн засаглал” ном хэвлүүлсэн. Хүр хорхой залуу сайхан модон дээр суучихаад нисэхэд мод өмхийрөөд үлддэг. Олон асуудлын талаар бичин ном гаргаж, цахим хэвлэлд хүртэл тавиад байхад нийгэм дүлий юм шиг л байсан. Тиймээс иргэнийхээ дотоод итгэл үнэмшлээр, үзэл санаагаа нийгэмд илэрхийлэх ёстой гэж бодож нэр дэвшсэн. Ялах, эсэх нь хамаагүй, ядаж төрсөн нутгийнхаа иргэдэд үнэн мэдээлэл сонгуулиар далимдуулж өгье гэж шийдэж, бүх сумаар явж уулзалт хийсэн. Намын гишүүний эрх иргэнийхээс давсан энэ нийгэмд жижиг намаас, эсвэл бие дааж сонгуульд өрсөлдөх нь маш том эрсдэл гэдгийг ойлгосон. Иргэний хувьд дуу хоолойгоо илэрхийлж бичих нь нэр дэвшсэнээс дээр юм билээ.
-Та ТЕГ-т ажиллаж байсан тухайгаа ярина уу. Тэнд ажилласан нь таны уран бүтээлд нөлөөлсөн үү?
-МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш, утга зохиол судлаач мэргэжлээр төгсөх үед ТЕГ-т бичиг хэрэг, мэдээлэл судалгааны чиглэлээр ажиллах хуваарь сургуульд ирсэний дагуу би орсон. Түүнээс биш, тусгай үүрэг гүйцэтгэдэг ажил надад хамааралгүй. ТЕГ-т сэхээтнүүдийн дунд, маш том мэдээллийн орон зайд ажиллаж байсан тул сэтгэлгээний цар хүрээ тэлсэн гэж боддог. Хэрвээ сургуулиа төгсөөд багш болсон бол хожим нийтлэл бичих, анализ хийх чадвар суухгүй байсан болов уу.
-Хэзээ анхныхаа номыг хэвлүүлсэн бэ?
-1997 онд “Залуугийн бадгууд” номоо хэвлүүлсэн. Биеэ тоосон, эсэргүү, ааштай амьтан гээд намайг нэг хэсэг цааш нь түлхэх хандлага байлаа. МЗЭ-д элсүүлдэггүй, номыг минь хэвлэнэ гэдэг бүр ч саналтгүй байсан. Хоёр жилийн өмнө л “Цог” сэтгүүлд, амьдралдаа анх удаа бүтээлээ хэвлүүлж үзсэн.
-Хэн таныг гадуурхаж байсан юм бэ?
-Ааш авираасаа болж өөрийгөө чадаж явжээ гэж бодоход надад амар байдаг. Өдийг хүртэл номоо хэн нэгнээр ивээн тэтгүүлж байсангүй. Өөрөө амьдрал ахуйтай болж, хамгийн анх өөртөө илүүчлэх мөнгөтэй болоод гаргасан ном нь тэр. Миний залуу насны бүх л ааш араншин, алдаа дутагдал “Залуугийн бадгууд”-д шингэсэн байдаг. Одоо харахаар ямар ч омголон, шазруун, өөртэйгөө зөрчилдсөн залуу байгаа вэ гэж инээд хүрдэг.
-Одоо өөртэйгөө зөрчилддөг үү?
-Шулуухан “авчих” гээд байдаг төрөлх зантайгаа одоо хүртэл зөрчилддөг. Зарим зүйлийг дуугүй өнгөрөөсөн нь хэлэхээс дээр гэдгийг амьдралын туршлагаараа ойлгож байна.
-Одоо ямар ном гаргах вэ?
-Хамгийн сүүлд “Монголын уран зохиолын түүхэн товч” хэвлүүлсэн. Өдгөө хоёрдугаар дэвтрээ гаргахаар ажиллаж байна. Олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн. Бичихээс илүүтэй маш ихийг уншлаа. Хүн төрөлхтний уран зохиолд өөрийн гэсэн байр сууриа Монгол хэрхэн эзэлж байсан, эртнээс ямар хөгжил туулж ирсэн тухай уг номд бий. Мөн уран зохиолын түүхэн үечлэлийг шинэ түвшинд авч үзлээ. Тухайлбал, Өвөрмонголчуудын, Монголын эзэнт гүрний, буддист гэх зэргээр хуваасан. Монголын эзэнт гүрний уран зохиол дотроо мандан бадрал, задралын үе, буддист нь эхэн үе, хөгжингүй, төгсгөл үе гэх зэргээр хуваагдсан. Бас нэг анхаарах зүйл нь үндэстэн оюун санаагаараа хямраад дахин сэргэхдээ ганцхан зам туулдаг. Нөгөө л аман зохиол, үндэсний сонгодог өвөөсөө дахин суралцаж байж сэргэдэг. Жишээлбэл, Ядамсүрэн, Буяннэмэх, Нацагдоржийг үгүй болгочихоод, дараа нь театр байгуулахад “Шарай голын гурван хаан”-ыг тавьсан. Тэгэхээр Монголын уран зохиол цаашдаа ч үндэсний өвдөө суурилан хөгжинө. Би ч хөгжүүлэхийн төлөө энэ бүхнийг хойч үедээ бичиж үлдээж байгаа.
Б.ДӨЛГӨӨН