Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогтоос дараах зүйлсийг тодрууллаа.
-Зарим нутгаар их халж, ургамал ногоо гандан, хатаж эхэллээ. Яг хаагуур гандуу байна вэ?
-Зуншлага энэ сарын 10-ны байдлаар тийм ч сайн биш байна. Өвс, ногооны ургалт ч тааруухан. Нийт нутгийн 40-өөд хувьд нь зуншлага арай гайгүй, бусад нь гандуу байна. Тавдугаар сар үндсэндээ сэрүүн байсан учир өвс ногоо сайн ургасангүй. Харин 10-наас өнөөдрийн хооронд айхтар дулаарлаа. Тавдугаар сард зуншлага сайжирч байсан Булган, Сэлэнгэд эргээд гандчихаад байна. Харин Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгорт арай дээрдлээ. Өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдрөөс ялангуяа газар тариалангийн бүс нутгуудаар их халж эхэллээ. Энэ нь одоог хүртэл үргэлжилж, Сэлэнгийн нутгаар өдөртөө 36 хэм болон түүнээс их халж байгаа. Баруун болон зүүн аймгуудын нутгаар 3-4 өдөр тасралтгүй бороо орсон тохиолдол ч байна. Үүний улмаас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн голуудын усны түвшин 10-40 см-ээр нэмэгдэн, үерлэх янзтай боллоо. Гэтэл нэг хэсэг газарт нь өвс, ногоо хатаад, хув хуурай байгаа тул хүмүүс бороо орохыг л хүлээж байна.
-Харин тийм ээ. Бороо хэзээ орох вэ?
-Энэ сарын 24-28-нд эргээд хална. Чийг багатай байсан, өмнө нь их халчихсан, гантай газрууд улам л хуурайших төлөвтэй. Харин 26, 27-ноос баруун, 28-наас бусад нутгаар бороо орж эхлэх төлөвтэй. Тэр үед агаарын хэм 10 градусаар буурна.
-Гантай газрууд улам хэцүүдэх юм байна. Тэгэхээр танайх үүл буудахгүй юм уу?
-Хуурайшилт ихсэхээр Сэлэнгэ аймагт гал түймэр гарч, сүүлдээ унтрааж ч чадахаа байлаа. Иймд бид цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас оруулахын тулд тодорхой нөхцөл бүрдсэн, тохиромжтой үүл гарахыг хүлээж байгаа ч ийм үүл гарч ирэхгүй байгаа юм. Жаахан бороо орохоор бэлчээрийн ургамал эргээд сэргэчихдэг. Харин улаан буудай, хүнсний ногоо нэг л хатаад, шарлачих юм бол дахин сэргэхгүй. Хэрэв ургац авахгүй бол талх, гурилгүй болно. Тиймээс удахгүй бороо орж, тариа, ногоо сэргэчихнэ гээд найдаж суулгүй, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, тариаланчид өөрсдөө буудайгаа услах бүх арга хэмжээг авах хэрэгтэй.
-Бэлчээр сүйтгэгч царцаа энэ жил хэр ихсэх бол?
-Царцаа гарах цаг арай болоогүй ч цаг агаарын одоогийн байдал тэдний үржих нөхцөлийг бүрдүүлээд байна. Халах тусам царцаа олширдог.
-Долдугаар сард тэнгэр ямар байх бол?
-Урьдчилсан төлөвөөр бол олон жилийн дунджаас 1-1.5 градусаар хална. Монгол оронд хамгийн их халуун байдаг долдугаар сар нь урьдынхаасаа улам хална гэдэг бол мэдээж сайн мэдээ биш. Бид үүнд байнга санаа зовж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурын хэлтсийн цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн ерөнхий зохицуулагч Д.Бат-Өлзийгөөс үүл буудахтай холбоотой зүйлсийг тодрууллаа.
-Үүлэнд зориуд нөлөөлөх пуужингийн нөөц хэр байгаа вэ?
-Одоогоор ямар ч нөөц алга. Учир нь бид 2013 оноос хойш пуужин худалдаж аваагүй. Тэр үед үлдсэн пуужингаа одоо хэрэглэж байна. Тухайлбал, Архангайд зургаа, Баян-Өлгийд хоёр, Булганд тав, Говьсүмбэрт нэг гэх мэт улсын хэмжээнд 200 ширхэг пуужин байна. Нэг удаа үүлэнд ашиглахдаа доод тал нь гурав болон түүнээс олныг хэрэглэж байж үр дүнгээ өгдөг. Гэхдээ хэдийг зарцуулах вэ гэдэг нь үүлний өндөр, масс, ус, тухайн үеийн нөхцөлөөс л хамаарна. Монголын нутаг дэвсгэрт үүлэнд зориуд нөлөөлөх 35 экспедиц байгаа. 200 пуужингаа хуваахад нэг экспедицэд долоо орчим пуужин л ногдоно. Тэгэхээр нэг юм уу, хоёр удаа ажиллаад л бүгд дуусна гэсэн үг.
-Гандуу газруудаар хэзээ үүлэнд нөлөөлөх вэ?
-Одоо бороо орох чухал шаардлагатай байгаа, ялангуяа газар тариалангийн бүс нутгуудад хур тунадас оруулах бүх л боломжийг хайж байна. Тэнд нөхцөл байдал маш хүнд болоод байгаа учир газар тариалангийн бус аймгуудад байгаа пуужингуудыг газар тариалангийн бүс нутгууд руу хуваарилж байна. Тухайлбал, Дарханд байсан 13 пуужинг Хөвсгөлийн 10 пуужинтай Сэлэнгэ аймагт, Дундговийн 16, Говьсүмбэрийн 10 пуужинг Төв аймагт гэх мэт... Мөн манай экспедицүүд ажилдаа гараад эхэлсэн. Сэлэнгэ аймгийн гурван экспедицийн нэг нь Түшиг, Цагааннуурын чиглэлд, хоёр дахь нь Хүдэр, Ерөөгийн чиглэлд, гурав дахь нь Баруунхараа, Зүүнхараа чиглэлд гарч байна. Төв аймгийн хоёр экспедицийн нэг нь баруун хойд талдаа, нөгөө нь баруун урд талдаа тус тус ажлаа эхлээд байна.
-Өнөө жилийн пуужингаа өдий болтол аваагүй байгаа нь ямар учиртай юм бэ. Төсөв, санхүүгийн байдал хэр байна вэ?
-Манайх бол төрийн үйлчилгээний байгууллага. Тиймээс төрөөс хэдий хэмжээний төсөв гаргана, түүгээр л ажлаа явуулдаг. Янз бүрийн шалтгаан нөлөөлөөд, 2014 онд пуужин авч чадаагүй. Саяхан Засгийн газрын хуралдаанаар үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцээд, пуужин авахад 300 сая төгрөг олгохоор шийдвэрлээд байна. Үүний үр дүнд бид 1000 орчим пуужин авах боломжтой боллоо. Энэ пуужинг оруулаад ирвэл бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэсэн үг. 2013 онд нэг пуужингийн үнэ 110 орчим мянган төгрөг байсан бол одоо долларын ханшийг дагаад үнэ нь нэмэгдсэн. Ямартай ч пуужин авах гэрээнд гарын үсэг зурах шатандаа яваа. Тиймээс ойрын хугацаанд шийдвэрлэгдчих байх.
Э.ТҮМЭНЦЭЦЭГ