Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VIII хороонд үйл ажиллагаа явуулдаг циркийн сургууль буюу хуучин цирк энэ сарын 23-ны орой шатсаныг “Өнөөдөр” сонин уншигчдадаа мэдээлсэн. Галын дуудлага 21.27 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ галыг хурдан унтраахын тулд ОБЕГ-ын мэргэжилтэн, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн, нийслэлийн Аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр, Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 19 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр, Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн есөн албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр, Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 10 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Т Хуучин циркийн барилга анх VIII Богд Жавзундамбын их хатан Дондогдуламын зуны сэрүүн лавиран байжээ.
Одоогоос 140-өөд жилийн өмнө буюу 1880-аад онд барьсан энэ лавриндаа Дондогдулам хатан бурхан тахил, ном судар хадгалдаг байж. Мөн түүний уран дархан, сийлбэрч, барималч, оёдолчин, бичгийн их мэргэд энд амьдарч, бүтээлээ туурвидаг байсан аж. Тиймээс энэ лавринг Эх дагины номын өргөө гэдэг болжээ. Ардын хувьсгалын үеэр энэ барилгыг түр агуулах болгон ашиглаж, цэргийн зэр зэвсэг хадгалж байсан бол 1940-өөд онд маршал Х.Чойбалсангийн тушаалаар цирк болгосон түүхтэй. Намхайцэрэн гэдэг хүн энэ барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, циркийн манеж бүтээжээ. 1971 онд Улсын цирк шинэ барилгатай болсноор хуучин циркийг Циркийн сургууль болгосон юм байна.
Түүнээс хойш нэг ч удаа их засвар хийгээгүй тул барилгын чанар муудан, таазны нэлээд хэдэн банз хугарч зарим өрөө, хонгилын шал цөмөрч, ханын шавар нь ховхорсон байжээ. Циркийн сургуулийн оюутнууд бусадтай адил ширээний ард томоотой сууж хичээллэдэггүй, дээрээс нь АСА циркийн төлбөрийг хүчирдэггүй мэргэжлийн циркчид энд дасгал бэлтгэлээ хийдэг байсан нь барилгын чанарт нөлөөлж байсан бололтой. 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд МХЕГ-ын барилга, газрын харилцаа, соёлын хяналтын улсын байцаагч нар Циркийн сургуулийн барилгыг шалгаад “Барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний төлөв байдал нь газар хөдлөлтөөс хамгаалах техникийн шийдэлгүй. Үндсэн даацын бүтээцүүд нь гажиж, цаашид тогтвортой ажиллах нөхцөл алдагдсан байна. Олон жилийн ашиглалтын явцад элэгдэл хорогдолд орсон. Доторх цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээ хэвийн, найдвартай ажиллах боломжгүй. Тиймээс цаашид засвар шинэчлэл хийхгүйгээр ашиглах нь Барилгын тухай хуулийн 9.1.1-д заасан “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна” хэмээн дүгнэжээ.
Циркийн сургуулийнхан барилгадаа засвар хийлгэхээр багагүй хөөцөлддөг байсан аж. 2013 оны нэгдүгээр сард тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд энэ сургуулийн барилга, үйл ажиллагаатай танилцаад “Ашиглалтын захиргаа байгуулан, барилгыг сэргээн засах хөрөнгийг шийдэж өгнө” гэж амласан гэнэ. Гэсэн ч ам, ажлын зөрүү алд дэлэм болж, Циркийн сургуулийнхан сэргээн засах мөнгөний оронд барилгаас хөөсөн бичиг хүлээж авсан байна. Энэ сургууль хотын төвд байрлалтай. Циркчдийг харж үзэх нь байтугай хайя гэх хүн Монголд нэг ч байдаггүй. Дээрээс нь сургуулийнх нь барилга хуучирч элэгдсэн. Энэ бүхнээр далимдуулан Циркийн сургуулийн барилгыг авахаар өнгөлзсөн хүн мэр сэр байжээ.
Хуучин цирктэй хаяа нийлэн оршдог “Дашчойлон” хийдийнхэн 2013 онд тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд “Циркийн сургуулийн барилгыг суллан, манайд өгнө үү. Манайх уг барилгыг сэргээн засаж, музей болгох хүсэлтэй байна” гэсэн албан бичиг илгээжээ. Үүний дараа ССАЖЯ-наас Циркийн сургуульд “Барилга суллаж өгнө үү” гэсэн шаардлага тавьсан байна. Үүний хариуд циркчид “Бидэнд бэлтгэл хийх, хичээл сургалтаа явуулах өөр газар байхгүй учраас барилгыг маань сэргээн засаад Циркийн сургуулийг буцааж оруулахгүй л юм бол суллаж өгөхгүй” гэсэн аж.
Харин одоо энэ барилга шатчихлаа. Циркийн сургуулийн 26 сурагч, 15 багш, энд бэлтгэл хийдэг жүжигчид үнсэнд хаягдсан шалз шиг л хоцров. Тэд хаачих вэ. Дэлхийн циркчдийн “их тулааны талбар”-уудаас олон шагнал түүж явсан, түүж ч байгаа циркчдээ хаана бэлтгэл хийлгэж, залгамж халааг нь хаана бэлтгэх вэ. Байргүй гээд циркийн жүжигчин бэлтгэх чухал үүргээ умартаж, залгамж халаагаа тасалж болохгүй байлтай.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Ю.ГЭРЭЛБААТАР: Хийдийнхэн албаар галдчихлаа гэж бодохгүй байна
Хөгжим бүжгийн коллежийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.
-Танай сургуулийн барилгыг “Дашчойлон” хийд авахаар тухайн үеийн ССАЖЯ-нд хандаж байсан юм билээ. Тэр нь ямар учиртай юм бол?
-Газраа сулла гэсэн шаардлага ССАЖЯ-наас манайд хоёр удаа өгсөн. “Энэ барилга соёлын өв учраас хамгаалах ёстой. Тиймээс барилга суллаж өг” гэсэн юм. Тэр үед нь би “Нэг өвийг нь хамгаалах гээд нөгөөг нь устгадаг нь ямар учиртай юм бэ. Цирк бол Монголд 70 жил хөгжсөн урлаг. Цирк бол дэлхийн хэмжээнд том урлаг болсон гэдгийг ойлгож байна уу, үгүй юү” гэж хэлсэн. Манай сургууль болон “Дашчойлон” хийдийн газар нь ССАЖЯ-ны харьяанд байсан, одоо БСШУЯ-ны харьяанд бий.
-Барилга, газрын маргаанаа тэр үед шийдсэн юм уу?
-“Дашчойлон” хийдтэй тохиролцоод, гэрээ байгуулснаар тэр асуудлыг шийдсэн. Хийдийнхэн “Майдар бурхан босгох 0.7 га газар хэрэгтэй байна. Өгөөч. Таван жилийн турш танай сургуулийн гэрэл цахилгааны мөнгийг төлье. Цахилгааны монтажийг шинэчилж, дулаан, цэвэр, бохир зэрэг сангийн шугамыг чинь сольж өгье” гэсэн юм.
-Өчигдөр орой (энэ сарын 23) гал гарах үед танай сургууль дотор гагнуур хийж байжээ. Хэн, ямар зорилгоор, юу гагнаж байсан юм бэ?
-“Дашчойлон” хийдийнхэн тохиролцсон ёсоороо манай сургуулийн сангийн шугамыг сольж байсан юм. Том том трубануудыг гагнуураар тайрч байсан. Тэндээс гал авалцсан. Тэд хөрөнгөө гаргаж байгаа учраас ажил гүйцэтгэх хүмүүсээ тэднийх авчирсан юм. Хийдийнхэн албаар галдчихлаа гэж бодохгүй байна. Санамсаргүй л юм болох шиг боллоо. “Олон жил болсон хуучин барилга шүү. Моднуудын зай завсраар үртэс чигжиж дулаалсан байдаг” гэж би тэдэнд сануулж байсан. Гэтэл ийм юм болчихлоо. Дэндүү хариуцлагагүйнх.
-Танай сургууль хэдэн сурагч, багштай вэ?
-Гурван анги, 64 сурагч, 10 багштай.
-Сургалт явуулахаас гадна циркчид танайд бэлтгэлээ хийдэг байсан биз дээ?
-Тийм. 200 гаруй уран бүтээлч бэлтгэл хийдэг.
-Одоо та бүхэн хаачих вэ?
-Сая яаманд дуудагдаад яг энэ асуудлаар ярилцлаа. “Цирк бол мэргэжлийн урлаг” гээд хуульд заачихсан учраас төр энэ асуудалд анхаарах ёстой. Байргүй болчихсон бид одоо хаачих вэ. Циркийн сургуулийн барилга шинээр барих асуудлыг хурдавчлах, яаралтай байр түрээслэх шаардлагатай. Манайд орон зай хэрэгтэй учраас түрээслэх барилга олоход амаргүй. 1971 онд ашиглалтад орсон, зориулалтын ганц барилгыг нь та бүхэн дээрэмдээд авчихсан. Монгол циркийн урлагаараа 150 гаруй орноос тавд ордог, том урлаг. Энэ урлаг өмнө нь хүчтэй мотороор ажилладаг байсан. Түүнийг нь унтраачихсан учраас одоо эрчээрээ явж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол намар сургууль хичээллэх ёстой гэдгийг яамныханд хэллээ. Бид дуртай газартаа хичээллэх боломжгүй учраас улсыг харахаас өөр аргагүй. Нэг жүжигчин өдөрт 5-6 цаг хичээллэх ёстой байдаг.
-Танайх төрөөс урсгал зардал гэж хэчнээн төгрөг жилд авдаг байсан бэ?
-Би 2010 онд тэнхимийн эрхлэгчээр томилогдож очсон. Түүнээс хойш яамнаас дулааны төлбөр хоёр удаа, ХБК-оос хоёр удаа цахилгааны мөнгө өгсөн. Манайх өөрсдөө бусдыг нь зохицуулдаг байсан.
Х.ЭРХЭМ