“Тавантолгой” гэх том төслийн үр өгөөжийг хүртэхийг тулд монголчууд бид хоёр ч парламент дамжин өнөөдрийг хүртэл хүлээж байна. Талцсаар байгаад таван жил өнгөрсөн ч харин одоо бүүр хөрөнгө оруулалт хэрэггүй хэмээн УИХ-ын ажлын хэсгийн ахлагч мэдээлэв. Энэ гэнэтийн мэдээлэл хөрөнгө оруулагчдыг шоконд оруулаад байна. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Ийм хуулийн хамгаалалттай. Харин олон нийтэд хандсан мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай. УИХ-ын Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Ажлын хэсгийн ахлагч албан ёсны дүгнэлт гаргахаасаа өмнө хэд хэдэн ч удаа нэг талыг барьсан мэдээлэл хийв. Энэ нь Тавантолгойн гэрээг УИХ дэмжихгүй юм байна гэсэн мессежийг нийгэмд өгчихөөд байгаа.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Тавантолгойн гэрээг албан ёсоор татаж авч буйгаа мэдэгдсэн нь үүнтэй холбоотой байх. Тэрбээр “Тавантолгойн гэрээг таван бүлэг ордоор, багцаар нь дахин оруулж ирэхийн тулд татан авлаа” хэмээн тайлбарласан ч УИХ-ын хаврын чуулганаар амжихгүй нь нэгэнт тодорхой. Тавантолгойн энэ төслийг хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах боломжгүй хэмээн үе үеийн УИХ, Засгийн газар үзэж 2011 оноос хойш олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Олон улсын 15 хөрөнгө оруулагчаас зургаа нь шөвгөрч, үүнээсээ одоо гурван улсын хамтарсан консорциум шалгарч үлдсэн. Тендерт шалгарсан хөрөнгө оруулагчид төдийгүй Монгол Улс бүхлээрээ УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна.
Гэтэл Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд Тавантолгойн энэ том төслийг хэсэг бүлгийнхний эрх ашгаар үнэлж дүгнэн, улстөржүүлэн шоудсаар байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авах биш харин ч дургүйцлийг төрүүлж гүйцлээ. Ялангуяа хамгийн сүүлд буюу энэ сарын 22-ны өдөр хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан, мэдээлэл хийхдээ “Тавантолгойд томоохон хөрөнгө оруулалт хэрэггүй. Энэ ниймессежгэрээг цааш явуулах боломжгүй” хэмээн мэдэгдсэн нь ажлын хэсгийн албан ёсны байр суурь уу, гишүүний хувийн үзэл бодол уу гэж ялгах аргагүй.Уг нь УИХ-аас байгуулагдсан энэ ажлын хэсэгт УИХ-ын есөн гиажлын хэсгийн санал, дүгнэлт баталгаажсанаар албан ёсны байр суурь болох ёстой. Гэтэл ийм дүгнэлт гараагүй байхад ийнхүү мэдэгдээд байх нь хувийн байр сууриа тулгаж буйгаас ялгаа алга. Ялангуяа “Тавантолгой шиг энэ том төсөлд том хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Хөрсөө хууллаа, хуулсан хөрсөн доороос шууд гарч ирэх нүүрсийг ачлаа, зөөлөө. Үүнд машин тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос томоохон хөрөнгө оруулалт шаардлагагүй” гэж ярьсан нь 90 жилийн түүхтэй Монголын уул уурхайн салбарыг “хүрзэддэг” үе рүү нь буцаая гэсэнтэй утга нэг ойлгогдож байна.
Эрхэм гишүүний мэдээллийг өнөөдөр Монголын нийгмийн сүлжээнийхэн “элэгний эм” болгон тохуурхан шоолцгоож байгаа бол харин олон улсад “Зүрх муутай, эсвэл мэдээлэлгүй хүн Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй. Ядаж л 2016 онд болох УИХ-ын сонгуулийг дуустал хүлээ” хэмээн уриалсан Монгол дахь АНУ-ын Элчин сайд, хатагтай Пайпер Кэмбэллийн сэрэмжлүүлгийг баталлаа. Хөрөнгө оруулалт хэрэггүй улс орон гэж хаана ч байхгүй. Дэлхий дээр хөрөнгө оруулалтад зориулагдсан хоёр их наяд орчим доллар эргэлддэг гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байдаг. Үүнийг татахын тулд хөгжилтэй, хөгжилгүй улс орон бүр өрсөлдөж байна. Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд бүх арга, боломжоо ашиглаж байна. Гэтэл манай төрийн түшээ Монголд, тэр тусмаа Тавантолгойд хөрөнгө оруулалтгүйгээр дэлхийн зах зээлд өрсөлдөх талаар ярих нь улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд хүртлээ дэлхийн “хөрөнгө оруулалт”-аас багахан хувийг эх орондоо татчих санаатай уулзалт, хэлэлцээрт оролцож яваа төрийн бодлоготойгоо огт авцалдахгүй байна. Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уга Чавес хэдэн жилийн өмнө хамаг хөрөнгө оруулагч нараа эх орноосоо хөөсөн.
Өөрийнхөө ганц сайн мэддэг газар тариалангаа эрхлээд улс орноо хөгжүүлж, ард түмнээ жаргаана гэсэн. Гэтэл хэдхэн сарын дараа юу болсон билээ. Улс орон нь дампуурлаа зарлахын даваан дээр эргээд хөрөнгө оруулагч нараа гуйж байсан гашуун түүх бий. Үүн шиг манай эрхэм гишүүний энэ болчимгүй, бодлогогүй үг Уга Чавесынхаас юугаараа ялгаатай гэж?Нүүрсний үнэ олон улсын зах зээлд унасаар байгаа. Ийм үед зардлаа бууруулахын тулд тээвэрлэлтийн зардлыг хэмнэх талаар эрхэм гишүүн “шинэ” санал дэвшүүлсэн. Одоо 70 тонноор тээвэрлэж байгаа машинуудын даацыг нэмэгдүүлж 100-130 тонн болговол нэг рейсээр зөөх нүүрсний хэмжээ дунджаар 0.5-1 дахин нэмэгдэх, энэ хэрээр тээвэрлэлтийн зардал хэмнэгдэнэ гэж үзэж байгаа. Жирийн нэг оюутан ийм санал гаргасан бол “хөөрхөн” л санагдана. Гэтэл хууль тогтоох дээд байгууллага УИХ-д гурав дахь жилдээ сууж байгаа хууль тогтоогчоос ийм санал гарсан нь хуулиа мэддэггүй юм байна гэсэн ойлголт төрүүлэв. Монгол Улс зам, тээврийн салбарт мөрддөг хууль дүрэм, стандарттай. Үүгээр бол Гашуунсухайтын замаар 70 тонноос дээш ачаатай хүнд даацын машин явахыг хориглодог.
Яг энэ стандартын дагуу Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг хувь, хувьсгалын компаниуд авто замаар тээвэрлэлт хийх санамж бичигт саяхан гарын үсэг зурж мөрдөхөөр болсон. Гэтэл үүнийг эрхэм гишүүн мэдээгүй бололтой. Зардлаа хэмнэх гээд даацаа хэтрүүлбэл төрийн мэдэлд шилжсэн Гашуунсухайтын нүүрсний зам хэдхэн жилийн дараа хонхойж хотойн, зам биш там болно. Харин тэр үед үүнийг засч, янзлахын тулд хэмнэснээсээ илүү зардал гарах нь тодорхой. Эсвэл арай гэж зогсоосон шороон замын тээвэрлэлт дахин үргэлжилж, монголчууд бид зам ч үгүй, говийн эмзэг эко системээ тээвэрлэлтийн “хэмнэлт”-д тавиад туух болж байна. Монголоос аль болох хямд зардлаар, даацыг нь хэтрүүлээд ч хамаагүй их хэмжээний нүүрс авах нь хятадуудад ашигтай. Яагаад гэвэл тэд тээвэрлэлтээ өөрсдөө хийдэг. Тэдэнд Монголын байгаль орчин хамаагүй. Тэд тээвэрлэлтийн зардлаа жинхэнэ утгаар нь хэмнэнэ, харин монголчууд бид тавьсан замаа эвдээд, байгаль орчноо сүйрүүлээд л үлдэнэ. Тээвэрлэлтийн ийм “жижиг” хэмнэлтээс илүү уг нь төмөр замаа хурдан шийдэх хэрэгтэй баймаар.
Гэтэл хөрөнгө оруулалтгүйн улмаас гацчихаад байгаа төмөр замыг Монгол Улс гаднын хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдөө хариуцаад дуусгах боломж бий бил үү. Тэртэй тэргүй зах зээлд үнэ нь унасаар байгаа нүүрсний салбар, тэр тусмаа Тавантолгойд өнөөдөр нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх биш харин чанаржуулах нь л чухал байна. “Эрдэнэс Тавантолгой”-д олборлосон их хэмжээний нүүрсний нөөц байгаа, цаашид ч нэмэгдүүлэх боломжтой хэмээн магтацгааж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хамгийн сайн чанарын коксжих нүүрсээ сорчлоод тэр чигт нь ухаад зөөж байгаа. Энэ нь Хятадын чанар муутай нүүрсэнд хамгийн үнэтэй “баяжуулалт” болж байна. Тавантолгой ордын нийт нөөцийн 1/4 нь л сайн чанарын коксжих нүүрс. Үлдсэн нь эрчим хүчний нүүрс гэсэн судалгаа бий. Үүгээр тооцвол Тавантолгойн бүлэг ордод Угааж, баяжуулах үйлдвэр баригдахаас өмнө сайн чанарын хамаг коксжих нүүрс нь Хятад руу сорчлогдоод дуусахыг үгүйсгэх арга алга. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ашиг орлогоо бага ч гэсэн нэмэгдүүлье гэвэл нүүрсээ угааж баяжуулах үйлдвэрээ нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байгаа.
Гэтэл сүүлийн үед Тавантолгойд элсээр угаах шинэ технологи турших талаар ярих болсон. Япончуудын дөнгөж туршиж байгаа энэ технологи нь усаар угаах буюу нойтон аргынхаас 8.1 хувийн алдагдалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа. Японы “Нагата инженеринг” компанийнхан технологийн тохиргоог сайжруулбал нүүрсний гарц нэмэгдэнэ хэмээн тайлбарлаж байгаа ч баталж чадаагүй л байна. Хэзээ, хэдэн жилийн ч дараа батлагдах юм, бүү мэд. Тиймээс дөнгөж лабораторид л туршигдаж буйгаас биш практикт огт нэвтрээгүй технологийг Тавантолгойд турших нь том төслөө туршилтын “туулай” болгох эрсдэлтэй юм. Ямартай ч Тавантолгойн гэрээг өөлж, гоочилсоор байгаад ийнхүү буцаалаа.
Засгийн газрын ажлын хэсгийнхний бараг нэг жилийн яриа, хэлэлцээр, судалгаа ийнхүү үр дүнгүй болов. Гэхдээ Засгийн газар алдаа, оноон дээрээ суралцан “Тавантолгой” төслийг таван бүлэг ордын хэмжээнд цар хүрээг нь улам томруулан дахин санал оруулахаар болсон нь бас л дахиад итгэл найдвар хүлээлт үүсгэлээ. Гэхдээ энэ нь УИХ-ын намрын чуулганаас наашгүй. Харин тэр үед нь эрхэм гишүүд минь бага улстөржиж, улс орныхоо эрх ашгийн төлөө ядаж нэгдмэл нэг ойлголт, байр суурьтайгаар нэг тийш нь шийдээд өгчихвөл бүрэн эрх нь дуусаж байгаа энэ парламентын хамгийн том амжилт нь Тавантолгой болон үлдэх болно.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ