Аймгууд хот болж байна гэж зүүдлээд олон он улирав. Зүүднээсээ тэд сэрсэнгүй, сэрээх хүн ч алга. Хэнтийн удирдлагууд ард иргэдтэйгээ нийлээд Өндөрхаан нэрээ Чингис хот гэж солин, томоос том үсгээр бичээд нутгийн удирдлагын ордон дээрээ залчихав. Хөвсгөлийнхөн Мөрөнгөө Ардчилал хот гэж нэрийдэхээр тогтчихлоо. Зүүдэндээ босож яваад энд тэнд элдвийг хийгээд байгаа тэднийг “Хөөе, чи зүүдэлж байна” гэж хэн ч татсангүй. Гэнэт сэрэхэд зүүд нь биелчихсэн байвал сайхан. Гэвч зүүдээ биелүүлэхийн тулд тэд дахиад удаан унтах хэрэгтэй болох вий дээ. 2012 оны хоёрдугаар сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Зарим хотод улсын зэрэглэл тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцсэн. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн тэр төсөлд Дархан, Эрдэнэт, Ховд, Чойбалсан, Сүхбаатар, Хархорин, Чойр, Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй хот болгохоор тусгасан байв. Гэвч одоо болтол хот болгоогүй л байна.
Гэрэлтэй, цэмцгэр хотуудаа утаатай, хогтой саарал суурин болгож хувиргах эхлэлийг 1994 оны тавдугаар сарын 6-нд УИХ-ын Аймаг, сум байгуулах тухай 32 дугаар тогтоолоор тавьжээ. Энэхүү тогтоолоор Эрдэнэт хотыг гэхэд тухайн үеийнх нь хилийн цэсээр Орхон аймаг болгон, Найрамдал, Баян-Өндөр хороог нь Баян-Өндөр сум хэмээж, хоёрхон сумтай аймаг үүсгэсэн байна. Энэ нь алдаа байсныг УИХ ухаарч, засах гэж хичээсээр зөндөө удав. УИХ, Засгийн газрыг ийн аймгуудыг хот болгох нь болгоно, гэхдээ хэзээ гэдгийг мэдэхгүй хэмээн гэлдэрч явах зуур нийслэл хоёр дүүргээ дагуул хот болгочихлоо, нэгнийх нь захирагчийг сонгочихлоо. Гэхдээ сонин. Дүүрэг дотор хот байгуулж, дарга нарын тоог дахиад нэмэв. Налайх дүүргийн Налайх хот. Ямар сонсогдож байна. Дүүргийг хоттой нь ИТХ, Засаг дарга удирдах нь. Угтаа бол Налайх дүүргийн Засаг даргад загнуулах хүн нэгээр нэмэгдэж байгаа юм.
Дагуул хотын захирагчид ажлын алба байгуулж өгнө, бас төсөв баталж, мөнгө хөрөнгө тасалж, хүн хүч нэмж авч өгч таарна. Яг л Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба шиг. Хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн, халаас хоосон улсын толгой нь улам данхайгаад, ам нь улам томроод, ходоод нь улам сунаад байгаа нь дэндүү. Аймгуудыг хот болгохдоо нийслэлийг дуурайвал Монгол дарга улс нэрээ дахин баталж, бас нэгэн дээд амжилт тогтооно. Тамирчид рекордоо шинэчлэн тогтоодог шиг. Тэгэхгүйгээр зөвхөн өмнө нь хот байсан аймгуудыг буцаагаад хот болгож яагаад болохгүй гэж. Улаанбаатар руу зүглэх иргэдийн нүүдлийг сааруулах хамгийн чухал хөшүүрэг нь аймгуудыг хот болгох ч байж мэднэ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-д “Хот нь 15.000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн” гэж заажээ.
Үүн дээр нэмээд хотод дэд бүтэц, газар ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн байх ёстой. Энэ бүх үзүүлэлтийг аваад үзвэл хот болгочихоор аймаг хэдхэн л бий. Аймагт бүрт 1000 орон сууц барилаа ч ядаж хоёр томоохон үйлдвэргүй, цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны асуудлыг нь бүрэн шийдэхгүй бол хот болгох боломжгүй. Бас олон сумтай, газар нутаг уужимтай аймгийг хот болговол сумдыг нь яах вэ гэдэг асуудал бий. Үүнийгээ тооцолгүйгээр бүх аймгийг хот болгоно гэж зүтгэв ээ.
Х.БОЛОРМАА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
М.Гантөмөр: Аймгийн төвүүдээс гадна Замын-Үүд, Зүүнхарааг хот болгохоор тусгасан Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Гантөмөртэй ярилцлаа.
-Аймгийн төвүүдийг хот болгох асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн туссан байдаг вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих, хот суурин, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор бүх аймгийн төв болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчлөхөөр тусгасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бүх аймгийн төв болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг боловсруулж, УИХ-аар шийдвэрлүүлнэ” гэж тусгасан. Зарим хотод улсын зэрэглэл тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд 21 аймгийн төв болон бүсийн тулгуур төв нь орон нутаг, бүс нутгийн хэмжээнд төдийг үй улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр, үйлчилгээ, дэд бүтцээр хангагдсан, хүн ам төвлөрөн суурьшсан томоохон хот, Замын-Үүд, Зүүнхарааг хот болгохоор тусгасан.
-Ажил хэр урагштай байна вэ?
-Зарим хотод улсын зэрэглэл тогтоох асуудлын хууль, эрх зүйн орчныг судлан дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг Хууль зүйн сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу аймгийн төв болон хотуудад оршин байгаа сумын Засаг дарга, Тамгын газар, хотын захирагч, захирагчийн Ажлын алба давхцан ажиллах үндэслэлийг авч үзэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал боловсруулах үүрэг даалгавар өгсөн. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр тус ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, Д.Дорлигжав сайд ахлах болсон. Тэднийг шаардлагатай тооцоо судалгаагаар хангах үүрэгтэй техникийн ажлын хэсгийг байгуулан ажилдаа ороод байна.
-Аймгийн төвүүдээс гадна Зүүнхараа, Замын-Үүдийг хот болгох гэсэн үндэслэл нь юу юм бол?
-Замын-Үүд, Зүүнхараа хот нь манай орны босоо тэнхлэгийн болон олон улсын чанартай авто зам, төмөр зам дайран өнгөрдөг тээвэр, ложистикийн зангилаа суурин болж хөгжиж байгаа. Ер нь бид дээрх төслийг боловсруулахдаа ДНБ-д эзлэх хувь, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, хүн амын өсөлт, бууралт, хэтийн төлөв, ажиллах хүч, орон сууц, дэд бүтцийн хангамж, нийгмийн дэд бүтэц гэхчилэн маш олон шалгуур үзүүлэлтийг судалж, харгалзсаныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.
-Бүх аймгийн төвийн хүн ам 15 мянгаас дээш байна уу?
-Манай улсын хотжилтын түвшин 67 хувь байгааг зарим судалгаанаас харж болно. Өөрөөр хэлбэл, 2014 оны жилийн эцсийн байдлаар манай нийт хүн амын 67.3 хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон 10 мянгаас дээш хүн ам төвлөрөн суурьшсан газарт амьдарч байна гэсэн үг. Булган, Дундговь, Хархорин зэрэг зарим аймгийн төвийн хүн ам 15 мянгад хүрэхгүй байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн дэд бүтцийн хөгжлийн түвшин, улсын болон тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээс хамааран хот болгохыг хуульд заасан учраас дээрх тогтоолын төсөлд хамруулсан. Энд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь байршиж, улсын ДНБ-ий 60 гаруй хувийг бүтээж байна.
-Монголд Улаанбаатараас өөр хот байхгүй, Үндсэн хуулиас “хот” гэдэг үгийг аваад хаячихсан гэж ч ярьдаг. Дээрх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь бүрдсэн үү?
-Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Үүний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталсан. Энэ хуулиар хот, тосгон, тэдгээрийн нийгэм, эдийн засаг, удирдлага, үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн гэж үздэг. Тус хуульд 15 мянгаас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэх дэд бүтэц хөгжсөн, өөрөө удирдлага бүхий суурин газрыг хот хэмээн тодорхойлсон. Мөн хотыг оршин суугчдын тоо, дэд бүтцийн хөгжлийн түвшин, улсын болон тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээс хамааруулан улсын болон аймгийн зэрэглэлтэй байхаар хуульчилсан юм.
Ингэхдээ 50 мянгаас дээш, шаардлагатай бол 50 мянга хүртэл оршин суугчтай суурин газрыг эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, хотжилт, дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан улсын зэрэглэл тогтоож болно. Нөгөө талаас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай болохоос өмнө буюу 1962, 1975 онд Дархан, Эрдэнэтэд хотын зэрэглэл тогтоосон байдаг. Мөн 1991 онд Улсын бага хурлын тогтоолоор Чойрыг улсын зэрэглэлтэй хот болгосон. 1994 онд Зүүнхараа, Хархоринг аймгийн зэрэглэлтэй хот болгосон. Үүнээс гадна Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд бүсийн тулгуур төв гэж тухайн бүсийг гадаад, дотоод зах зээлтэй холбох байгаль, эдийн засгийн тохиромжтой байршил бүхий суурин газрыг улсын зэрэглэлтэй хот гэж ойлгоно гэж заасан байдаг. Эдгээрт нийцүүлж дээрх төслийг боловсруулсан гэж ойлгож болно.
-Дархан, Эрдэнэтийг бодлогын түвшинд онцгойлон авч үзэх хандлага байна уу?
-Эдгээр нь угаасаа бүсийн тулгуур төв юм. Дарханыг жишиг хот болгон хөгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан боловч хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалж энэ ажил удаашралтай л байна.
Б.НОМИН
ИНФОГРАФИК

БАЙР СУУРЬ
Аймгийн төвийг хот болгох тухай ярьж буйтай холбоотойгоор зарим томоохон сумын Засаг даргын байр суурийг сонирхлоо. Тухайн сумууд хот болоход бэлэн эсэх, иргэд нь энэ асуудалд хэрхэн хандаж байгаа, хот болох нь тус суманд ямар давуу тал авчрахыг тэднээс тодруулсан юм.
ИРГЭДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ХОТ БОЛОХЫГ ЗӨВШӨӨРСӨН
И.БААСАНЖАВ (Орхон аймгийн Баян- Өндөр сумын Засаг дарга): -Орхон аймгийн хэмжээнд энэ асуудал байнга яригдаж, аймгийн ИТХ-аар хэлэлцсээр ирсэн. Иргэд хот болохыг бүрэн дэмжиж байгаа. Энэ талаар санал асуулга явуулахад 90 гаруй хувь нь зөвшөөрсөн. Эцэслэн шийдээгүй байгаа ч бид хот болох бэлтгэлээ базаагаад хоёр сар боллоо. Урьдчилсан төлөвлөгөө, төсөөллөөр аймгаа тэр чигт нь хотын статустай болгоод дотор нь дүүрэгт хуваах тухай хэлэлцэж, энэ талын судалгаа хийж байгаа. Орхон аймаг хоёрхон сумтай. Жаргалант 4000, Баян-Өндөр 80.000 гаруй хүн амтай. Ийм ялгаатай байж болохгүй. Мөн статусаа өөрчиллөө гэхэд иргэдийн цахим үнэмлэхнээс эхлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, албан байгууллагуудын хаяг бланкийг солих гээд олон асуудал тулгарна. Энэ бүхэнд хэр их хөрөнгө зарцуулахыг тооцох юм. Урьдчилсан төсөөллөөр бол хотоо хоёр дүүрэгт хуваах боломжтой гэж харж байгаа. Эрдэнэт хот хүн амын нягтаршлаар Улаанбаатараас илүү. Ийм учраас сүүлийн жил үүдэд иргэдэд шинээр газар олгоход хүндрэлтэй болсон, үндэсний их баяр наадмаа хийх талбайгүй л байгаа. Бүр цаашлаад бурхан болоочдоо оршуулах ч газаргүй болчихоод байна шүү дээ. Уг нь Эрдэнэт хөгжих боломжоор бүрэн дүүрэн байгаа ч газрын асуудлаас шалтгаалж хязгаарлагдмал байна. Газрын асуудлаас болж зэргэлдээх сумдын иргэдтэй байнга маргалдаж, ойлголцоход түвэгтэй болдог. Хот болсноор эдгээр асуудлыг шийдэх гарц олдох байх.
АЙМГИЙН ТӨВ ХОЁР ТОЛГОЙТОЙ БАЙНА
Б.АЗЖАРГАЛ (Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга): -Ирэх сарын эхний долоо хоногт иргэдээс санал авахаар болсон. Төсвөөс хөрөнгө гаргахгүй, зохион байгуулалттайгаар цахимаар, албан байгууллагаар нь дамжуулж авахаар төлөвлөж байна. Хот биш, Дархан сум байх нь тийм ч сайн зүйл биш. Ямар нэгэн зардал чирэгдэл гаргахгүй, энэ байдлаараа байхад юу нь болохгүй байгаа юм бэ гэх хүн байж магадгүй. Тэгвэл би нэг жишээ хэлье. Дархан хотын албан ёсны нэр нь Дархан сум. Сумын ЗДТГ, ИТХ нь энд байдаг. Дээр нь Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ гээд дахиад өөр байгууллага бас энд бий. Ийм байдлаар нэг газарт удирдлагын давхцал бий болчихоод буй нь хамгийн гол дутагдал. Аймаг нь бусад сумынхаа ажлыг хариуцдаг байх. Харин төв болох Дархан сумыг аймаг, сум нь хоёулаа удирдаад байдаг. Ямар нэгэн асуудал үүсэхэд аймаг нь, сумын аль нь шийдэх гээд байгаа нь ойлгомжгүй. Аймгийн төвд байгаа сумын Засаг даргад аливаа асуудлыг шийдэх эрх мэдэл бараг байдаггүй. Аймгийн төв хоёр толгойтой болчихоод буй юм. Орон нутагт ажиллаж буй багш, эмнэлгийн болон төрийн үйлчилгээний ажилтнуудад таван жил тутамд цалингийн нэмэгдэл олгодог. Хот болчихвол түүнийг нь өгөхгүй байх гэж бодож эсэргүүцэж буй хүмүүс байна лээ. Хот болгосон ч энэ урамшууллыг нь өгдөг байхаар шийдэж болно. Ингэвэл бүх иргэд хот болгохыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Хэрхэн хот болгох бэ гэдэг дээр олон хувилбар яригдаж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд манай аймагт ирэхдээ Дархан хот гэдэг статусыг нь сэргээгээд, Дархан-Уул аймгийн бусад сумыг өөр аймгийн харьяа болгоно гэсэн хувилбар дэвшүүлсэн.
БАРУУН БҮСИЙН ТОМООХОН ХОТ БОЛОХ БОЛОМЖТОЙ
Д.БААСАНДОРЖ (Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга): -Орон тоо, бүтэц, зохион байгуулалтын хувьд манайх бусад сумтай харьцуулахад адилхан. Манайх баруун бүсийн тулгуур төв гэдэг утгаараа хүн ам олонтой. Боловсролын байгууллагын хувьд л гэхэд хоёр том сургууль байдаг учраас 5000 гаруй оюутан бий. Гэтэл Буянт сум бүтэц, зохион байгуулалтаараа манайхтай адилхан ч хүн амын тоо маш зөрүүтэй. Буянт 2000 хүн амтай байтал манай сум 40.000 орчим хүн амтай. Энэ хоёрыг харьцуулахад наад зах нь иргэдэд нь ямар нэгэн бэрхшээл тохиолдож, засаг захиргаандаа хандлаа гэхэд ажлын ачаалал нь тэс өөр байна шүү дээ. Хот болсноор бидэнд өөрсдийнхөө асуудлыг бие даан шийдэх боломж бүрдэнэ. Мөн газар нутгийн хувьд ч давуу тал гарч ирнэ. Манайх 8008 га газартай. Аймгийнхаа төвийг тэлж хөгжүүлье гэхэд бусад сумынхаа бэлчээрийн газар руу халдчих гээд байдаг. Хэрэв хот болчихвол газрын хувьд тэлэх боломж бүрдэх болов уу. Бид жил бүр иргэдээсээ санал авдаг. Хот болгох шаардлагатай байна гэж иргэд байнга саналаа илэрхийлдэг. Аймгийн төвөө шууд хот болгоод бусад сум нь хоттойгоо зэрэгцэн орших болов уу гэж харж байгаа. Иргэд хот суурин газар бараадах нь ихэслээ. Өсөн нэмэгдэж буй энэ хэрэгцээг хангахын тулд холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулж, хот болгох нь зүйн хэрэг. Манайх баруун бүсийн томоохон хот болох боломжтой гэж үзэж байна.
СУМЫН СТАТУСТАЙ УЧРААС ХӨГЖЛИЙН ҮҮД НЬ ХААЛТТАЙ
Н.БАЗАРХАНД (Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга): -Сумын одоогийн бүтэц, зохион байгуулалтад зөрчил дутагдал их байна. Одоо би Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч гэсэн албан тушаалтай. Захирагч юм бол ажлын алба байх ёстой ч алга. Манай аймгийн 18 сумаас манай сумын орон тооны хувьд ялгаатай ганц зүйл байгаа нь хотын архитектур гэсэн мэргэжилтэнтэй байгаа нь. Бусад нь яг адилхан. Аймгийн төв бусад сумыг бодвол олон хүнтэй байдаг учраас наад зах нь төрийн үйлчилгээний байгууллага нь олон байх ёстой. Гэтэл бусадтайгаа л адилхан сумын статустай учраас хөгжих үүд нь хаалттай байна. Хот болсноор төрийн үйлчилгээ түргэн шуурхай болохоос гадна бидэнд хөгжиж дэвших боломж бүрдэх тул энэ асуудлыг хурдан шийдээсэй гэж хүсмээр байна. Улаанбаатар хотын захиргаанаас дагуул хоттой болох зөв зүйтэй шийдвэр гаргасан. Хот үндсэн дүрэмтэй байх ёстой гэж үзээд иргэдээс нь санал авч дүрэм гаргасныг нь үзсэн. Маш зөв зүйтэй ажил гэж үнэлж байгаа. Бид үүнтэй нь танилцаж, судалж үзээд газар нутгийн онцлог, иргэдийнхээ саналыг тусгасан хотын үндсэн дүрэм гаргаж болно. Бусад аймгийн төв ч бүгд хот болох ёстой. Гагцхүү энэ асуудлыг тус тусдаа орон нутгийнхаа онцлогт тохируулаад өөр өөрөөр шийдэх юм уу гэдгийг төр, засгаас тодорхой болгох хэрэгтэй.

ДЭЛХИЙН ЖИШИГ
Дагуул хот дэлхийн ирээдүй
“Хүн ам нь хөдөө аж ахуйгаас өөр зүйл эрхэлдэг томоохон суурин газрыг хот гэнэ. Хот нь өөрийн гэсэн аж ахуй, эдийн засагтай, оршин суугчдынхаа амьдралын хэрэгцээг хангасан архитектур болон инженерийн байгууламжтай байх ёстой” гэж толь бичигт бичжээ. Гэхдээ хотын талаарх хууль дүрэм улс болгонд өөр өөр. Жишээ нь, Данид 250 хүнтэй сууринг хот гэж нэрлэж болдог бол Японд 50 мянган оршин суугчтай болж байж, хотын зэрэгт хүрдэг. Харин НҮБ-аас 20 мянгаас илүү хүн амтай суурин газрыг хот хэмээн тооцох зааварчилгаа гаргасан байдаг. Сая хүн амтай болсон хамгийн анхны хотыг Италийн Ром гэж тооцдог ч албан ёсоор бол Японы Эдо буюу одоогийн Токио хот 1800 онд ийм тооны хүн амтай байсан аж. Сая давсан иргэдтэй хотуудын тоо XX зуунд эрс нэмэгдэж, XXI зууны эхний 10 жилийн байдлаар 500-д хүрээд байна. АНУ-ын Каролины их сургуулийн шинжээчдийн судалгаагаар 2007 оны тавдугаар сарын 23-нд дэлхийд хүн ам зүйн эргэлт гарч, анх удаагаа хотын хүн ам хөдөө тосгоныхныг тоогоороо давж гарчээ. Энэ өдөр хотын нийт оршин суугчид 3.303.992.253-т хүрч, хөдөөгийн 3 303 866 404 иргэнийг давсан гэсэн маш нарийн тооцоог тэд хийсэн. Эрт дээр үеэс байшин барилгуудыг тойрсон хэрэм цамхагтай сууринг хот хэмээн нэрлэдэг байсан бөгөөд түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн анхны хот бол МЭӨ 8000 оны үеийн Иерихон байлаа. Дундад зуун гараад хот гэдэг ойлголт улам баяжиж өргөжжээ.
Хүн ам ихтэй, худалдаа наймаа өргөн дэлгэр явагддаг гээд хот болчихдоггүй үе. Хот хэмээн нэрлэгдэх нь өөрийн удирдах системтэй, харьцангуй бие даасан онцгой давуу байдал олгодог тул зарим газрын иргэд мөнгө цуглуулан хотын статус худалдаж авдаг байв. Дайн тулааны үед гавьяа байгуулсан ямар нэг суурин газрыг хот хэмээн нэрлэх зарлигийг Эзэн хаан гаргадаг тохиолдол ч байлаа. XIX зууны аж үйлдвэрийн хувьсгалаар дэлхий дахинд аварга том хотууд үүсэн бий боллоо. Эзэн хаан, эсвэл хэн нэгнээс хотын статус худалдан авах шаардлагагүй болж, уул уурхай, боомт, томоохон үйлдвэртэй газруудад шууд хот байгуулагдаж байв. Энэ үед дагуул хот үүсэн бий болсон юм. Анхны дагуул хотуудад үйлдвэрийн ажилчид л оршин суудаг байсан тул ядуучуудын хот хэмээн нэрлэгдэж, Suburb буюу дагуул хот гэдэг нэр доромжилсон, гутаасан утгаар хэрэглэгддэг байлаа. Гэвч төмөр зам, машин тээвэр хөгжсөнөөр дагуул хотын талаарх ойлголт өөрчлөгджээ. Хотын баян иргэд хотоос зайдуу амьдрахыг илүүд үздэг болсноор зөвхөн баячууд амьдардаг дагуул хотууд ч бий болсон юм.
Хувийн машин гарч ирсэн өнгөрсөн зууны 50-иад оноос дагуул хотод амьдрахад ямар ч хүндрэлгүй болсон. 2000 он гарснаас хойш замын түгжрэл, утаа, чимээ шуугианаас зугтсан иргэд дагуул хотод амьдардаг шинэ хандлага ажиглагдаж эхэллээ. Үүнээс гадна байр, хүнсний бүтээгдэхүүний үнэ хямд тул дагуул хотод амьдраад, жинхэнэ хотод очиж ажилладаг амьдралын нэгэн хэв маяг бий болжээ. Америк, Барууны орнуудын дундаж амьдралтай иргэд их хотоос нүүж, дагуул хотод амьдардаг боллоо. Сүүлийн үед Нийслэлийн дүүрэг буюу Metropolitan area гэсэн ойлголт гарсан. Үүнд хотын төвийн жижигхэн хэсэгт засаг захиргаа, яам, тамгын газрууд байрлан, тойроод дан дагуул хотууд бий болсон. Ажилдаа очихдоо л хотод очдог тул амралтын өдрүүдэд хотын төв бараг хүнгүй болох үе ч бий.
Хамгийн их хүнтэй Metropolitan area бол Японы нийслэл Токио хотыг тойрсон дагуул хотууд юм. Энэ хэсэгт нийт 35 сая хүн амьдардаг ч хотын төвийн хэдэн дүүрэгт засаг захиргааны барилгууд байрлаад иргэд нь харин ойролцоох Чиба, Сайтама хотод амьдардаг болжээ. Үүнийг орчин үеийн хот байгуулалтад ухаалаг өсөлтийн бодлого (smart growth) гэж нэрлэдэг. Мөн транзит хот (commuter town) гэсэн ойлголт гараад байгаа. Энэ нь ихэнх оршин суугч нь ажилдаа явахдаа нийтийн тээврийн хэрэгсэл ашигладаг хотыг хэлж байгаа юм. Тийм болохоор ирээдүй дагуул хотын гарт байна гэж зоригтой хэлж болно. Гадаадын орнуудад дагуул хот яаж барих, байгуулах талаар маш олон шинэ санаа, бодлого гарчээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ