Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт
Дөнгөтийн ЦООДОЛ
Түүх ёолон гэлдэрч байлаа. Хамаг юм тогтонги амьдрал социализмын гүн эрэг дундуур намуухан урсаж байлаа. Эрдэмтэн зохиолч, гал цогтой нийтлэлч Цэрэндоржийн Балдоржийн тухай өгүүлэхэд эрхбиш энэ тухай хэлмээр байна. Нийгэм сэргэхэд бүгдээс түрүүнд мэдэрч шинэ нийгэмд бодитой тус болж яваа тийм ч олон биш хүний нэг нь энэ хүн юм. Өнөөдөр анхны ардчилсан хувьсгал, анхны Ерөнхийлөгч, анхны..., анхны... гэцгээж байна. Балдорж төрийн төв хэвлэлийн анхны нэгдүгээр орлогч байв. Ерөнхий эрхлэгч байтугай, шинэ тутам ардчилсан төр хэдэн зүггүй хүүхдэд сав л хийвэл цодлуулчих гээд юун сониноо өөд татахтай манатай байхад Бал сониноо нэр устай болголцож, загварыг нь хүртэл гаргалцаж хэдэн хүн цуглуулж “Ардын эрх”-ийн анхны дугаарыг гаргаж билээ. “Ардын эрх” тэр үед төрийн төв хэвлэл гэж том дуугарах. Гэм нь сонинд өөрийн байр байтугай ажилтнууд нь суух сандал ширээ, ярьчих ганц утас ч байсангүй ээ. Төр сониноо эс анзаарч үлгэрлэвэл ишиглэхийг нь ишиглэсэн мөртлөө төлөө орхин амь тээж оддог хаврын муу туранхай ямаанаас ч доор ааш гаргаж байлаа. Тэгээд улсын сан барьдгаар нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгээс хэдэн зоос мэтийг гуйх. Ерөнхий сайд их гомдсон жаал мэт гүнзгий санаа алдаад,
-Өгнө, болно, бүтнэ, гэвч болсон, бүтсэн цаггүй. Мөнгөгүй сонин гаргана гэдэг усан дээр өрөм тогтооно гэсэнтэй төстэй болоод явчихна биз дээ. Сонин цаасгүй суулаа..., Хэвлэх үйлдвэр мөнгөө нэхлээ, нойр хоолгүй суугаад ч ажлаа барахгүй нь, орон тоо нэмэхгүй бол хэцүүдлээ... Балдоржоос өөр будлиухан эр бол толгойгоо дараад зугтаамаар. Азаар зугтдаг нь Балдорж биш л дээ. Яаж ийгээд болгож бүтээж, сонин хамгийн үржил шимгүй газраас ч яаж ийгээд ургадаг тариа ногоо шиг “АЭ” өдрөөс өдөрт өнгөө засаж өсөн дэгжиж байлаа. Ядрахад нударна гэгчээр өнөө хүртэл үргэлжилсээр байгаа улстөржих хэнээрхэл, талцал их саад болдогсон.
-Та нар залуучуудтай хуйвалдлаа. МоАХ-г магтлаа гэж хууччуул дээрээс тоншдог бол “Ху” намд үйлчиллээ гэж залуус улнаас маажиж байв. Харин “АЭ”-ийнхний хувьд нам бол төр биш ээ. Нам эвсэл холбоод олон уулс мэт ярайж төр тэр бүгдийн дээгүүр оргилын дархан сүрээр ханхайж байх ёстой гэж үзэж нийтлэлийнхээ бодлогыг тэнцвэртэй байлгах, өөрөөр хэлбэл эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй чиг шугамыг баримталж байсан нь ярвигтай тэр үед хамгийн зөв байсан юм. “АЭ” хоцролгүй тойролгүй дуугарах ёстой гэж үзэж байв. Үйл явдал ч хангалттай байлаа. Хэсэг хүн, түүний дотор тэр үеийн УИХ-ын дарга маань хүртэл оролцож Төрийн ордныхоо өмнө өлсгөлөн зарлаад хэвтчихсэнийг уншигчид санаж байгаа. Үүний зэрэгцээ Эрх чөлөөний талбайд бас хэдэн хүн өлсөв. Түүнийгээ эсрэг өлсгөлөн гэж нэрлэж билээ. Монгол Улсын алтны сан, валютын алдагдал, Айбекс Моламын хэрүүл, “90 саяын” Гансүх, Н.Багабанди, П.Жасрай, Ж.Гомбожавыг гоочилсон хэл ам Монголыг хуваачих шахдаг байсан. Улс төрийн талцал хүчнүүдийн хооронд, парламент, улмаар шүүх хууль хамгаалахынхан хонхны хэл шиг савчиж байхад “АЭ” төв байр суурь баримталж чухмыг хэлбэл бүгдэд төрийн үүднээс хандсан. Үүний цаана эхлээд орлогч, улмаар ерөнхий эрхлэгч болсон Балын маань өндөр мэдлэг, хүний сайхан чанар явдаг байсан юм аа.
Харь гаригийнхантай ярьж хөөрдөг хүн гарлаа. Дашцэрэнд тэнгэрээс шүлэг хэлж өгдөг. Дашцэрэн түүнийг нь гүйцэж ядан бичиж авдаг юм гэнэ ээ. Дожоодорж алтан цөгцний тухай барим тавим юм ярьж хууртсан сэтгүүлчид Хөвсгөлийн ууланд тэнгэрээс ямар гээч юм буухыг харж өөдөө ширтээд хэвтэж байв. Өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа, үзмэрч Алтанцэцэгийн тухай хэвлэл, радио, зурагтаар бурж байхад “АЭ” тэр бүхэнд нэг их ач холбогдол өгч олныг дагаж дагуулан хийсдэггүй байсныг нийгэм оюуны албыг толгойлж байсны хувьд би мэдэлгүй яах вэ. “Яая гэхэв, чадал чинь хүрэхгүй бол муу бичиж болох юм байгаа биз. Харин худлаа юм яасан ч бүү бичээрэй” гэж Балдорж редакцынханд нэг бус удаа хэлдэгсэн. Сонины нийтлэлийн ийм бодлогыг хэвшүүлэн тогтооход онолын өндөр мэдлэг, сэтгүүл зүйн их чадвартай, төрийн хар хүний хамаг сайхан чанарыг бүрэн эзэмшсэн Балдоржийн хувь нэмэр хязгааргүй их байлаа. “АЭ” хурдан өсөж хөгжин бичгийн машин ч дутмаг, сонин маань компьютерээр эхээ бэлтгэж, улмаар арван хоёр, удалгүй 24 нүүрээр гардаг болсон.
Өөрийн хэвлэх үйлдвэртэй болсон зэрэг нь Балдорж, бас тэр үед аж ахуй, санхүү эрхэлсэн орлогч байсан Д.Цэдэн-Иш нарын гавьяа билээ. Хэдийгээр шинэ тутам ажил зав өгөхгүй, олны ярьдгаар “шатаж үхтлээ” ажиллаж байсан ч Балдорж бас өөрийн дур авьяастай юмандаа цаг гаргаж чаддаг байсан юм. Яг энэ ерээд онд Балдоржийн жүжгүүд төвийн театруудад дараа дараалан тавигдаж байв. Нийгмийн өндөр мэдрэмжтэй зохиолч, тайз жүжгийн явдлыг хэн гуайгаас ч асуухааргүй найруулагч И.Нямгаваа хоёрын нийлсэн гар үзэгчдийг шуугиулж Улсын драм, Хүүхэд залуучуудын театр дүүрнээрээ байхад дараагийнх нь бүтээл зохиолчийн ширээн дээр бэлэн болж тэр болгон хүний ёс, түүнийг хайрлах, өмгөөлөн босохын совин татуулах мэт байсан “Эмс”, “Эзэн”,” Хэрээ” гээд байна. Театрт жүжгийнхээ нээлт дээр цэцэг гардаж, талархлын дулаан үгээр илбүүлж зогссон зохиолч саарал ордонд толгой хоргодож байсан редакцдаа ороод юун цэцэг талархал малархал вэ болоод явчихна. Шинэ дугаарын төлөвлөгөө өнөө л сонины цаас, сайн муу бичигдсэн материал, хэвлэлийн будаг, цалин тавих мөнгөгүй... ажил ундарна.
Сэтгүүлчид, хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Пүрэвдашийн өрөөг нийтэд их түгсэн дууны мөрөөр “Үер бууж сүрийг үзүүлсэн” газар гэдэг байсан юм. Пүүжээ нээрээ л сүртэй “Чамайг хална, чёрт, наад бичсэн юмаа ур!” гэнэ дээ. Тэр нь ердөө л дүр. Таван минутын дараа уур нь гарчихсан “Алив тамхинаасаа” гэж зогсох. Тэгэхэд Балын өрөөг “Үүл нүүж цахилгаан бадарсан тал” гэх нь дэмий үг биш. Тэнд торгох юу ч биш, цалин хасах, тэнцэхгүй хүнийг халах ч энүүхэнд. Гэхдээ л манайхан эрхлэгчдээ хайртай байв. Саарал ордны завсар зайд хэдэн ажилтнаа хоргодуулж, 1993 оны өвлийн ид хүйтнээр Бал нэг хэсэг редакцаа мартсан мэт болов. Оготор дээл, эсгий гутал өмссөн “ерөнхий” барилгын талбайгаас салахаа больж барилгын арав гаруй компанийн өрлөгчин, цахилгаанчин, будагчин, сантехникийнхнийг хамаандлан жинхэнэ ажил ханхалсан тэр газар шөнө дүл болтол ажиллах болсон юмдаг.
Тэгж байж л ерээд оны давалгаанд хаягдсан дутуу барилгын суурийг өнөөгийн дөрвөн давхар шар байшин болгож, хамгийн орчин үеийн тавилга, компьютер сэлтийг бүрдүүлэхийн тулд ерөнхий эрхлэгч яаж яаж ажилласан, хэчнээн хүнээс гуйж, зээлж, дотоод, гадаадаас редакцдаа хэрэг болох ямар нэг юм ажилч шоргоолж мэт хэрхэн зөөж өнөөгийн “Ардын эрх”-ийг орчин үеийн хэв төрхтэй сонин, үйлдвэр болгосныг дэргэд нь байж магтуулж, загнуулж өнөө хүрсэн бид нар мэднэ.
Тэр нэгэн сайхан орой сонин шинэ байрандаа орсны үдэшлэг болж ажилтнуудынхаа дунд хэзээ ч халамцуу байж үзээгүй эрхлэгч маань үл ялиг улаан зээрд микрофоны өмнө зогсоод,
-Сониныхоо байрыг босгоход, үүнээс бүр өмнө редакцаа бүрдүүлж өдий болгоход өөр өөрийн чадах бүхнээр зүтгэсэн та нартаа баярлалаа гэж хэлж байсан даа. Түүнийг нь сонссон бидний тус ч гэж юу базаахав, харин бүгдийг санаж, санасандаа заавал хүрч ямар ч завгүй байлаа ч ядрах зүдрэхийг мартаад сайхан инээгээд золбоотойёо алхаж явдаг энэ хүнд төр засаг л баярлалаа гэж эрхбиш хэлээсэй гэж бодож байсан. Гэвч юм санаснаас өөрөөр эргэхийг аль тэр гэх вэ. УИХ саяхан “АЭ”-ийн тухай хэлэлцэв. “АЭ” юу байхав, Балдоржийн тухай юм билээ л дээ. Балдорж болохгүй байна гэнэ. Эрх мэдлээ хэтрүүлж гэнэ. “Улаанбаатар” зочид буудалд хувьцаа эзэмшдэг байна. Яах нь энэ вэ гэнэ. Их тэнгэрт олон хүний хүлээн авалт хийж гэнэ. Алинд нь ч буруу байхгүй. Сониндоо улсаас мөнгө аваагүй гэдгээ манай “буруутан” хэлэхээрээ нэг болов. Энэ яахав шалтгаан биш шалтаг, намчирхал байлаа. Бүр Н.Багабанди, О.Дашбалбар зэрэг учир мэдэх хүмүүс “АЭ”-ийн ерөнхий эрхлэгчийн нь тухай бүхнээ ойлгомжтой хэлээд ч хурал даргалагсад хүлээж авсангүй.
Хэлэлцэж, хэлэлцсэн дүр үзүүлж амраар нь эрхлэгчийг авч явав. Төрөө сонинтой болгоно гээд зүтгэчихсэн бид ажил ч үгүй, амьдрал ч үгүй үлдлээ. Ардчилсан төр маань хэвлэлийнхээ эрхлэгчид ингэж баяр хүргэж билээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэж ард түмэн чухам үүнийг хэлдэг биз ээ. Гэвч Балдорж үүрд хаяуштай хоосон авдар гэж би л лав үзэхгүй байна. Цаг хугацаа амьдрал үргэлжилсээр байгаа болохоор харах боломж олдож л таарна. Хаширдаггүй толгой одоо өдөр тутмын “Өнөөдөр” гэдэг сонин үүсгэх яриа гарч байна. Цэрэндоржийн хүү санасан бүхэндээ хүрдэг гэж дээр би хэлсэн байх аа. Хэн юу хийж чаддаг нь бус аль намын гишүүн байх нь гол болох цаг ирж байгаа юм биш байгаа даа!