Тэр таван жил цаасан дээр байсан юм. Одоо ч тэндээ байгаа. Туул голыг бохирдуулагч гол “хүч” болдог арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэж, Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн төлөвлөгөөнөөс эхэлсэн. Үүнд хамаатай хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр хүлээлгийн танхимд тийм хугацаа зарцуулсан гэсэн үг. Паркийн зорилго нь анх үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх байснаа манай оронд хамгийн элбэг байдаг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргах болж “дэвшсэн” ч урагш ахихгүй байгаа юм.
Үүнээс гадна дарга нарын “аман дотор” бууриа хэд хэдэн удаа сэлгэж, хариуцах эзэнгүй явж ирсэн түүх ч бий. Харин өдгөө барих газартай, хариуцах байгууллагатай болчихоод буй нь паркийг “амилуулах” нь гэх итгэл төрүүлж байгаа.
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр өнгөрсөн онд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан. Дэм дэмэндээ, нэгдэж нийлж ажилладаг кластерийн системд шилжих хэрэгтэй талаар хэн хүнгүй л ярих болсон цаг. Тус паркийнхан ч 100 хувь экспортод чиглэсэн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлж, татварын орлогоо өсгөж, иргэдээ ажлын байртай болгох зорилтоо хэрэгжүүлэх ёстой гэсэн чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа аж. Ингэснээр цөөнгүй иргэдийг ажилтай, орлоготой болгож, улсын эдийн засгийг дан ганц уул уурхайн салбарт түшиглэх бус олон тулгуурт эх үүсвэртэй болгон хөгжүүлэх боломжийг нээх гэнэ. Мөн суурьшлын шинэ бүс үүсгэснээр Улаанбаатар хотод тулгамдаад буй хүн амын хэт төвлөрөл, Туул гол болон түүний сав газрын байгаль экологийн доройтлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
ҮЙЛДВЭРҮҮД НҮҮХЭД БЭЛЭН
Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын хоёр захад парк байгуулах тухай тусгасан. Үүний нэг нь Эмээлтийнх. Хотын төвд анхан шатны үйлдвэрлэл явуулж, бохир усаа асгаж буй үйлдвэрүүдийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг УИХ-аас 2013 онд гаргасан. Холбогдох байгууллагуудын мэдээлж буйгаар уг ажил хөрөнгө төсөвгүйгээс шалтгаалан өдий хүртэл сунжирчээ. Харин ажлыг нь гардан гүйцэтгэгч дээр дурдсан газрыг байгуулснаар нэлээд эрчимжиж эхэлсэн гэнэ.
Эмээлтийн паркийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөж буй. Дэд бүтцийг нь улс, нийслэлийн төсвөөс шийдэж, үлдсэнийг нь хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулах юм байна. Ад үзэгдсэн үйлдвэрийнхэн хүртэл уг ажлыг дэмжиж, нүүх цагаа хүлээж суух болсон гэнэ. Даанч ажил нь урагшлахгүй байгаа болохоор ярихаас хэтрэхгүй юм гэх нь бий. “Үйлдвэрүүд нийлж нэгдэж байж л хөгжинө, олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нэг компани түүхий эдээ худалдаж аваад, боловсруулаад, бүтээгдэхүүнээ ч үйлдвэрлэх буюу бүгдийг ганцаараа хийх гэж зүтгэх нь хөгжих боломжийг хаадаг. Тиймээс нийлж, кластерийн хэлбэрээр хөгжих ёстой гэж үзэж байгаа учраас үйлдвэрийнхэн парк байгуулахыг дэмжиж байгаа юм. Одоогийн нөхцөлд ийм боломж хомс байна шүү дээ. Бүгд нэг дор байрлавал боломж бүрдэнэ. Багануур, Дарханд парк байгуулна гэж ярьсан удаатай. Тэр төлөвлөлтөөр бол яагаад ч хөгжихгүй, наад зах нь очиж ажиллах хүн олдохгүй. Эмээлтэд байгуулахаар албан ёсоор шийдсэн нь сайн хэрэг. Түүхий эдийн нөөцийн ихэнх нь баруун хэсэгт төвлөрсөн, тэгээд ч нийслэлтэй ойр учраас хамгийн зөв байршил нь Эмээлт юм. Төрөөс газрынхаа асуудлыг нэн даруй шийдэж, аж ахуйн нэгжүүдэд хуваарилах юм бол бид өөрсдөө үйлдвэрээ барьчихна. Тиймээс шийдвэр гарахыг л хүлээж байна даа” гэж Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан ярьсан юм.
Нийслэлийн ИТХ-аар өнгөрсөн онд энэ талаар хэлэлцэх үеэр тэргүүлэгчдийн зарим нь “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ” гээд Эмээлтэд парк байгуулахын эсрэг байр суурьтай байсан. Улаанбаатар хотод арьс ширний анхан шатны боловсруулалт хийж буй 30 гаруй үйлдвэр байдаг. Тэдний олонх нь бохир усаа цэвэрлэлгүй асгадаг. Уг парк хоттой ойрхон учраас үйлдвэрүүд Туул гол руу бохироо асгаж хордуулсаар л байна гэж төлөөлөгчид үзсэн хэрэг. Харин хотын захиргаанаас ийм байдал үүсгэхгүй гээд Эмээлтэд зөвхөн парк байгуулаад зогсохгүй, суурьшлын шинэ бүс бий болгож, Улаанбаатар хотын дагуул хот хэлбэрээр хөгжүүлэх боломжтой гэсэн юм. Байгаль орчинд хор нөлөөгүй байлгах үүднээс хамгийн түрүүнд өндөр технологийн цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж буйгаа тэр үед мэдэгдэж байв.
160 ГА ГАЗАРТ ПАРК БАРИНА
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2010 онд Хан-Уул дүүргийн XIII хорооны нутагт арьс шир, ноос, ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдэд 50 га, цэвэр усны байгууламжийн зориулалтаар гурван га, Сонгинохайрхан дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт суурьшлын 3.5 га газар олгосон нь Эмээлтийн парк газартай болохын эхлэл. Тэгвэл нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд захирамж гаргаж, 56.6 га байсан паркийн газрын хэмжээг 214 га болгон нэмж, гэрчилгээ олгожээ.
Үйлдвэр технологийн парк байгуулах ТЭЗҮ- ийг нийслэлийн төсвөөр “Идеал групп” компани 2012 онд, дэд бүтцийн ажлын зургийг “Инж байгууламж” компани өнгөрсөн онд боловсруулсан юм байна. Эмээлт орчмыг цаашид дагуул хот болгоно гэж тооцож байгаа тул парк нь суурьшлийн бүс, үйлдвэрлэлийн бүстэй байхаар төлөвлөж байгааг дээрх баримт бичгүүдэд тусгасан байдаг юм.
Харин өдгөө газрын хэмжээг нь өөрчилж, ТЭЗҮ, инженерийн дэд бүтцийн зураг төслөө ч одоогийнхоо газарт тохируулж, тодотгох гэнэ. Энэ талаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийн дарга М.Гончигжав “Анх 214 га газар олгож, тэр газартаа тохируулан зураг төсөл, ТЭЗҮ боловсруулж байсан. Хайрганы карьертай давхцаж байсан зарим хэсгийг хассан учраас одоогоор 160 га газартай болчихоод буй. Тиймээс үүндээ тааруулж, зарим баримт бичиг, зураг төслөө тодотгох шаардлагатай байгаа юм. Мөн удахгүй төслийн зөвлөх баг шалгаруулахаар төлөвлөж байна. Энэ баг нь парк дахь аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах ажил зохион байгуулна. Парк байгуулахтай зэрэгцүүлэн аж ахуйн нэгжүүдээ олон улсад өрсөлдөхүйц болгоход анхаарч эхэлж байгаа нь энэ” гэсэн юм.
ЭЗЭД ЮУ ХИЙВ
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркад одоогоор ДЦС, цэвэрлэх байгууламж, үйлдвэр, суурьшлын бүс барьж байгуулах зэрэг саналыг гадаад, дотоодын 13 аж ахуйн нэгж ирүүлжээ. Энэ онд нийслэлийн төсвөөс 1.2 тэрбум төгрөгийг паркийн ажилд зарцуулахаар тусгасан байна. 375 сая төгрөгийг нь бүтээн байгуулалтын үеийн цахилгаан хангамжийг татахад зарцуулах бөгөөд 1.4 км агаарын шугам, хуваарилах байгууламж барих ажил үүнд багтах аж. Үлдсэн мөнгөөр нь зургаан ажлын зураг төслийг боловсруулахаар төлөвлөжээ. Үүнд технологийн болон ундны усны зураг төсөл, үерийн усны байгууламж болон үндсэн цахилгаан хангамж, автозамын зураг төсөл боловсруулах, инженерийн шугам сүлжээний зураг төслийг тодотгох хөрөнгө орж буй юм байна. Эдгээр зураг төслийг боловсруулах нь шууд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтаа эхлэх боломж бүрдүүлж байгаа хэрэг гэж тус газрынхан онцлов.
Өдөрт 20.000 шоо метр үйлдвэрийн болон ахуйн ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж барих нь паркийн эхний ажлуудын нэг. Энэ нь үйлдвэрүүдээс гардаг химийн бохирдолтой усыг ч цэвэрлэдэг өндөр чанартай байх бөгөөд цэвэршүүлсэн усаа дахин ашигладаг, гарсан лагийг нь ч дахин боловсруулж, бордоо, замын хавтан зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Эмээлт орчмыг цаашид дагуул хот болгоно гэсэн төлөвлөгөөтэй. Тиймээс уг байгууламж нь дагуул хотын айл өрхийн ахуйн хэрэглээний усыг ч цэвэршүүлэх хэтийн төлөвтэй аж. Тус цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барих аж. Өдгөө тус банкны зөвлөхүүд судалгаа хийж байгаа гэнэ. Цэвэрлэх байгууламж барих гэрээ хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдээд ирэх оноос бүтээн байгуулалтаа эхлэх болов уу гэж найдаж байгаагаа паркийн дарга хэлсэн.
ТУУЛ ГОЛОО БОХИРДЛООС АВРАХ ГОЛ АРГА
Паркийн ерөнхий төлөвлөгөөг гаргачихвал аж ахуйн нэгжүүдэд газар олгож, орлогоор нь дэд бүтцийн зарим ажлаа гүйцэтгэх төлөвлөгөөтэй аж. Өдгөө хувийн хэвшлийнхэнд газраа санал болгоё гэсэн ч дэд бүтэцгүй учраас хүндрэлтэй байгаа гэсэн. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Эмээлтийн үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан. Тус газрын мэргэжилтнүүд уг ажлыг хөөцөлдөж, бүтээхийн төлөө ажилладаг болсон нь энэ ажлыг эрчимжүүлж байна. Нөгөө талаас Засгийн газартай харилцан ойлголцож, паркийн Удирдах зөвлөлийг байгуулах гэж байна. Удирдах зөвлөлд холбогдох яамдын төлөөлөл багтах юм. Тулгамдаж буй асуудлаа хамтран шийдэхийн төлөө ажиллана гэсэн үг. Хөрөнгө төсөвгүйн шалтгаанаар ажил нэлээд хойшилсон. Удирдах зөвлөл байгуулахаар яамдууд тодорхой хэмжээний санхүүжилт өгч, бодлогын хувьд дэмжих шаардлагатай. Тэгвэл хувийн хэвшлийнхэн паркийг маш хурдан хөл дээр нь босгочихно шүү дээ. Ингээд бүтээн байгуулалтаа нэн даруй эхлүүлж, УИХ-ын тогтоолд заасан хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллана. Энэ бол Туул голыг бохирдлоос аврах гол ажил болно. Хамгийн гол нь тэнд цэвэрлэх байгууламжаа барьчихаад, усных нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Цахилгааныг нь энэ жил татчихна” гэсэн юм.
Ч.МӨНХЗУЛ