Хүн бүтээснийхээ хэрээр эгэл даруу, туулсныхаа хэрээр уужуу болдог болохоор хорвоо та хамгийн том амьдралын их сургууль юм аа. Хийсээр, хийсээр урагшилна, урамшина. Тэмүүлсээр, тэмүүлсээр оргилд ойртоно. Төсөөлнө, мөрөөднө, бүтээнэ. Томъёолж хэлэхийн аргагүй сайхныг цогцлооно.
“Би багаасаа л зурах дуртай хүүхэд байсан. Тийм болохоор загвар зохион бүтээгч, эсвэл зурагтай холбоотой мэргэжил сонгоно гээд бүр эрт шийдчихсэн хэрэг. Гэхдээ хачирхалтай гэнэтийн шийдвэр гаргачихдаг зан маань намайг дийлээд яг хуваарь авахдаа геологийн анги сонгож манаргасан. Багшдаа загнуулан байж буцаж ороод зөв сургуулиа сонгосон” хэмээн яриа дэлгэх энэ бүсгүйг Сандуйжавын Цэнд-Аюуш гэдэг. Тэрбээр 1986 онд Политехникийн дээд сургуулийн архитектурын ангид суралцаж олон нийтийн барилгын архитектор мэргэжил эзэмшсэнээсээ хойш 29 жилийн турш барилгын зургийн салбарт ажиллаж байгаа юм.
Түүнтэй уулзахаасаа өмнө архитектор хүний тухай тийм ч ихийг мэддэггүй байлаа. Барилгын зураг төсөл боловсруулах төдийхнөөр хязгаарлагдаж байсан бодол маань “Гоби Травэл” ХХК-иар зочилсон даруйдаа өөрчлөгдсөн.
Бүхэл бүтэн хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хүнтэй, малтай, хөгжилтэй нь төлөвлөж, жижигхэн эрэг шургийг ч марталгүй тооцоолдог асар том ажлыг тэд хийдэг аж. Эмэгтэй хүний богино ухаан, урт үсийг харьцуулсан зүйрлэлийг энэ мэргэжил, тэр дундаа С.Цэнд-Аюушийн ажил үгүйсгэж байв.
Хөшигтийн хөндий дэх “Шинэ Улаанбаатар” нисэх буудлын орчны ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжуудын барилгын ажлын зураг, ногоон байгууламжийн төслийн зөвлөхөөр томилогдож, хамгийн сүүлд Багануур дүүрэгт баригдах Их сургуулиудын хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон ТЭЗҮ-ийн багт төслийн удирдагчаар ажиллан, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг зохиосон гээд бодохоор баргийн хүний хийж чадамгүй тооцоолол, нарийн арга барилын эзэн нь тэр байж таарах нь.
Монгол Улсын хөгжлийн түүчээ, итгэл найдварын илэрхийлэл болж байгаа Оюутолгойн уурхайн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг ч энэ бүсгүй бүтээж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь тодрох үйл хийсээр л байгаа учраас С.Цэнд-Аюушийн гавьяаг олон жилийн дараа бүр ч тод томруун харж болно.
ХЭТИЙДСЭН МАГТААЛ ХЭНД Ч ЗОХИХГҮЙ. ХАРИН ТҮҮНИЙ ХУВЬД ӨӨР
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн арав гаруй, НЗДТГ-аас хэрэгжүүлсэн мөн тооны төсөл хөтөлбөрүүдэд ерөнхий төлөвлөгөөний зохиогч, Монголын талын зөвлөх, төслийн удирдагчаар ажиллаж олон арван ерөнхий төлөвлөгөө зохиож, аялал жуулчлал, орон сууцны хороолол, үйлдвэрийн барилга байгууламж, зочид буудал, эмнэлэг, бизнес үйлчилгээний барилгын зураг төсөл зохиосон түүнийг үнэнч занг эрхэмлэдэг шударга хүн гэдгийг салбарынхан нь мэднэ.
Ямартай ч өдөр бүр шахуу яригдах болсон орон сууцны талбай дутуу байдаг тухай яриа эдний хийсэн төлөвлөлтөөс холуур байдаг. Учир нь С.Цэнд-Аюуш мөнгөө төлж үйлчлүүлсэн гээд хүн бүрт найр тавьж, хүссэнээр нь төлөвлөлт хийж дүрмээ зөрчдөггүй. Тэр ч бүү хэл, байж болох бүхий л шаардлагыг тавьж, зөв зүйтэйгээр нь хийлгэхийг зорино. Энэ занг нь мэддэг болоод ч тэр үү, хуудуутай нөхөд тэдний компанитай холбогдох нь үгүй.
БНСУ-ын “Халла” группийнхэн Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын зураг төслийг хийсэн бөгөөд Монгол талын зөвлөхөөр С.Цэнд-Аюуш ажиллажээ. Гэхдээ өндөр хөгжилтэй улсын том компанийн хийсэн болгон 100 хувь зөв байхгүй болохоор монгол архитекторын санаа бодлыг тусгаж, хэдэнтээ зураг төслөө шинэчлэн хийснээр эцсийн үр дүн нь гарсан юм билээ. Дахин дахин шаардлага тавих нь тухайн компанийн мэргэжилтнүүдэд түвэгтэй байсан байж болох ч эцэстээ тэд энэ нь хамгийн зөв шийдвэр байсныг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Түүнд ингэж “халз тулах” үе олон тохиосон. Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн, дүүрэг хариуцсан архитектороор ажиллаж байхдаа ч тэр энэ зарчимдаа үнэнч байсан.
ЭХЛЭЛ НЬ ЗӨВ БАЙСАН БОЛОХООР ЭНЭ ХҮРТЭЛ ЯВСАН
Тэрбээр Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтээс ажлын гараагаа эхэлж, өөрчлөлт шинэчлэлийн он жилүүдийн эхэн буюу 1994 он хүртэл мэргэжлээрээ ажилласан юм билээ. ШУТИС-ийн ахмад багш нар түүнийг сайн мэддэг бөгөөд бүр оюутан байхаасаа л чамбай зангаараа тэдний хараанд өртжээ. Сургууль төгсөөд ажлын талбарт гарангуутаа л сум, сангийн аж ахуйн ерөнхий төлөвлөгөө боловсруулж мэргэжлийнхээ сайхныг, бас хэзээ хойно ч гэсэн үр дүнг нь мэдэрсэн аж.
Хот төлөвлөлттэй холбоотой олон ч шүүмжийг сонсож, мэргэжлээ хамгаалж бас алдааг нь харж, сайжруулахаар хамтран зүтгэж явсан үе бий. Гэхдээ архитекторууд хэзээ ч хотоо муухай болгоё гэж төлөвлөдөггүй. Нийгмийн хэрэгцээ шаардлага, орчин нөхцөлийг бодолцож боловсруулсан тэдний төлөвлөгөө олон хүчин зүйлийн улмаас өөрчлөгдөж, хөрсөн дээр буусан нь бий. Тиймдээ ч авторынх нь нэр муу үгтэй холбогдож, ард нь нуугдсан шалтгааныг хэн ч анзаарахгүй үлддэг.
С.Цэнд-Аюушийн ширээн дээр хот босдог, суурьшлын шинэ бүсүүд “амилдаг”. Сэтгэлдээ төсөөлж, тооцоолон боловсруулж дүрсэлсэн бүхэн нь тэр байдлаараа бодит биеллээ олбол түүний сэтгэл амарна. Зураг гаргаад л боллоо гэж сэтгэлээ амраалгүй эцсийг нь хүртэл хамтдаа байх нь энэ мэргэжлийн, мэргэжилдээ хайртай хүний онцлог юм.
Түүний мөрөөдлийн ертөнцөд хот, тэр ч бүү хэл, улсын маань ирээдүй бүтнээрээ багтчихсан яваа. Захын хорооллын жижиг хотхоноос эхлээд төвийн бүсийн дэд бүтцийн асуудал ч толгойд нь бодогдоно. Инженер залуусынхаа хамтаар хамгийн зөв шийдлийг хайсаар л яваа.
Энэ мэргэжлийн сайхныг түүнтэй ойр байгаа хүмүүс нь л илүү сайн ойлгож хүндэтгэх нь дамжиггүй. Хань нь түүнээс огт өөр мэргэжилтэй ч одоо хамтдаа нэг зорилгын төлөө тэмүүлж, хүү нь ээжийнхээ мэргэжлийг эзэмшихээр шийдээд ШУТИС-д элссэн байна. Дүү нар нь эгчийнхээ замналыг нь дагаж, хүргэн, бэрүүдээ ч энэ салбарт “урвуулчихсан” гэсэн.
ДОЛООН ДҮҮГИЙН ТОМ АЖАА
Намбалаг зөөлхөн санагдах энэ эмэгтэй долоон дүүгийнхээ хувьд ээжээсээ дутуугүй ачтан нь. Дүү нар нь эгчийгээ “том ажаа” хэмээн авгайлна. С.Цэнд-Аюушийг дөрөвдүгээр курсийн оюутан байхад аав нь бурхан болж, ээжийгээ тулж түшин, хүнд давааны цаана гарах үүрэг түүнд ногдсон гэсэн. Дүү нарынх нь ярьснаар бол эгч нь гарынхаа ураар тэдэнд хувцас урлаж өгч, бусдаас гоё ганган явуулж, бас бурхан бүтээж, зураг зурж, бүгдийг хүнээс дутуугүй өсгөсөн гэнэ. Харин ээж нь бурхан бүтээж явсан тухай нь дурсан “Энэ буянтай ажлынхаа үрээр л миний охин өдий зэрэгтэй яваа байх аа. Барилгын салбарын ажил нь нүдэнд ил харагдах юм. Охиныхоо бүтээсэн болгоныг хараад бахархаж л сууна” хэмээн ярилаа.
Амьдралын шаардлагаар жижиг бэлэг дурсгалын зүйлс урлаж явсаар, таньдаг лам багшаараа бурхан зургийн тиг заалгасан нь түүний уран бүтээлчийн замналтай холбоотой. Нэгэн үед Монгол орныг гадаадынхан нэлээд сонирхож байсан болохоор энэ үед жуулчдад зориулсан бүтээлээ урлаж, харин дараа нь хүмүүс Баян Намсрай бурхан бүтээлгэж хоймортоо залж эхлэхэд нь сурсан авьяасаараа бүтээлүүдээ урлаж байжээ. Түүнд зүгээр суух боломж огтхон ч байсангүй. Амьдралын, бас хийж бүтээхийн төлөө завгүй, шантралгүй явсаар л энэ өдөрт хүрсэн.
Ирэх жил С.Цэнд-Аюушийн барилгын салбарт ажилласны 30 жилийн ой тохионо. Байж болох бүх амжилт бүтээлийг нь өндөр уулсын оргилтой зүйрлэбэл тэр нэлээд дээр гарчихсан яваа. Ард нь хоцорсон хүмүүс холын замын хөтөч болж, урдаа яваа нэгэндээ дээшээ өгсөх хүч болсоор замаасаа гажилгүй хэмнэлээ алдалгүй тэмүүлж байгаа.
Ж.СОЛОНГО