
.jpg)
Монголын жүдо бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий. Тэдний нэг бол яах аргагүй олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир билээ. Тэрбээр олимп, ДАШТ-ий хос медальт Монголын гуравхан жүдочийн нэг. Эл амжилтыг түүнтэй хамт Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа нар эзэмшдэг.
.jpg)
Багаасаа бөхийн спортод хорхойтой, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн С.Ням-Очир 1998 онд аавынхаа байгуулсан “Улаан гуталт” клубт Ю.Баттогтох багшаар “А” үсэг заалгаж, их спортод хөл тавьж байлаа. С.Ням-Очир бөхийн удамтай төдийгүй Гавьяат тамирчин Г.Жамсран, Г.Барсүрэн, олимпын V байрын шагналт, самбо бөхийн дэлхийн аварга Д.Нямхүү тэргүүтэй шилдэг жүдоч түүний хамаатан.
Ах нарынхаа залгамж халаа нь болж, манай 73-ын жинг олон жил тахалсан тэрбээр 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртэн, монгол түмнийхээ магнайг хагартал баярлуулсан. Улмаар 2015 онд 28 настайдаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, ясны жүдоч гэдгээ баталсан.

Өнөөдөр албан ёсоор зодог тайлах С.Ням-Очир гавьяатын талаар жүдогийн алдартнууд ийн өгүүлж байна.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга: -73 кг-д эх орныхоо нэрийг олон жил тахалсан тамирчин бол яах аргагүй С.Ням-Очир. Олимп, дэлхийн медальт ямар ч тамирчныг айлгадаг, удамт тамирчин. Бөхийн удамтайгаас гадна шаргуу, хөдөлмөрч зан нь түүний амжилтын нууц.
Олимп, ДАШТ-ээс хос медаль авах амаргүй ч үүнээс илүү өндөр амжилт гаргах боломж түүнд байсан. Бид ч чадна гэдэгт нь эргэлзээгүй. Харамсалтай нь, ид барилдаж байх үедээ бэртэж, улмаас олимпод шигшээд шалгарах, ДАШТ-ээс медаль авах хоёр ч боломжоо ашиглаж чадаагүй. Их даруухан хүн шүү дээ.
Гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хос медальтан боллоо гээд онгирч, сагсуурч байхыг нь би лав үзээгүй. Зарим хүн түүнийг Риогийн олимпод оролцуулаагүйд их харамссан.
Бид удаан ярилцаж, зөвшилцсөний эцэст Г.Одбаярыг олимпод оролцуулсан. Жин нэлээн хасдаг нь түүнийг зодог тайлахад нөлөөлсөн. Бараг 10-аад кг хасдаг байсан шүү дээ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад энэ шийдвэрийг гаргасан нь мэдээж. Хожим хэний ч өмнө нүүр бардам хэлэх үг, хийсэн амжилттай болохоор зодог тайлах цаг нь болсоон. Цаашдаа Монголын жүдо бөхийг дэлхийд цуурайтуулсан олон мундаг шавь бэлтгэнэ гэдэгт нь итгэлтэй байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох: - Аливаа зүйл цаг хугацаатай. Хийх ёстойгоо гүйцэтгэчихсэн болохоор зодог тайлах нь зөв. Цаашид тийм ч өндөр амжилт гаргах боломж хомс болсон нь үнэн. Одоо чөлөөт цагаараа үндэсний бөхөөр барилдах хэрэгтэй. Сайн дасгалжуулагч болох нь баараггүй.

Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, улсын аварга, Ардын багш О.Балжинням:- С.Ням-Очир хэр баргийн бөхөд бярдуулдаггүй, мэхийг төгс хийдэг. Зодог тайлахаар болсныг нь анх сонсоод их харамссан. Дахиад 3-4 жил барилдах боломж байсан шүү. Тамирчны жаргал зовлонг сайн мэддэг, ур чадвартай болохоор шаггүй сайн дасгалжуулагч болох нь гарцаагүй.

Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар:
Бид хар багаасаа өгөө аваатай барилдаж, биенээ хурцалсаар өдий хүрлээ. Дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай, техник сайтай мундаг бөх. Би С.Ням-Очиртой барилдах их дуртай. Ялж, ялагдаж явсан их сайхан дурсамж бидэнд бий. Өдгөө хоёулаа олимп, ДАШТ-ий хос медальтан болсноороо бахархаж явдаг. С.Ням-Очир их тусархаг, хөдөлмөрч, даруухан, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Жингийн асуудлаас болж зодог тайлах шийдвэр гаргасанд нь их харамсаж байна. С.Ням-Очир шиг бөх олон төрөөсэй.
.jpg)
С.Ням-Очирын анхны багш Ю.Баттогтох: -С.Ням-Очир 1998 оны есдүгээр сарын 1-нд 12 настайдаа миний шавь болж байлаа. Хар багын л хөдөлгөөнтэй, зоригтой, хөдөлмөрч хүүхэд байсан. Ер залхуурч, алгуурлахгүй. Самбо бөхийн өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, амжилтын салхиа хагалж байлаа. Тэр үед олимпын аварга болсон мэт магнайгаа хагартал баярлаж билээ, бид хоёр. Хэрвээ С.Ням-Очир бэртээгүй, нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадсан бол олимп, ДАШТ-ий хамгийн олон медальтай бөх болох боломжтой байсан. Олон жил жин хасаж, барилдлаа. Эрүүл мэндээ ч бодох хэрэгтэй. Нягт булчинтай, “хүнд” махтай болохоор жин хасах амаргүй байсан.
.jpg)
С.Ням-Очирын гэргий, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт П.Лхамдэгд: -Бид 11 жилийн турш биенээ түшиж, тулж явна. Тамирчин хүнд тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалт гээд чөлөөт цаг их хомс байдаг. Хэдий тийм ч миний хань гэр бүлдээ цаг ямагт зав гаргаж, боломж л бүрдвэл хамт байхыг хичээдэг. Их гэр амьтай. Гүндүүгүй сайхан Монгол эр хүн.
Юманд ул суурьтай, долоо хэмжиж нэг огтолдог. Хоёргүй сэтгэлээр зүтгэж, ухрах араагүй мэт хөдөлмөрлөснийхөө хүчээр л өнөөгийн амжилтад хүрсэн. Спорт бол залуу насны ажил болохоор тамирчин хүнд зодог тайлах шиг амаргүй зүйл байхгүй. Гэхдээ залуу үедээ боломж олгон, замыг нь засаж байгаагаар нь бахархаж байна. Зодог тайлах шийдвэрээ надтай нэлээн зөвлөлдөж байгаад гаргасан. С.Ням-Очир ОХУ-д сурах төлөвлөгөөтэй байгаа.


