
Энд тэнд цагаан шороо манарч, хүнд даацын машинууд сүнгэнэнэ. Ихэнх нь тэвшээ ногоон гялгар цаасаар хучсанаас чухам юу тээвэрлэж буйг мэдэхэд бэрх байлаа. Гэхдээ хайрга, дайрга, элс гурвын аль нэг байгаа нь гарцаагүй. “Энэ газар өмнө нь хэчнээн сайхан байсан гээч. Хариуцлагагүй уул уурхай, барилгынхан ийм муухай болгочихсон. Хаашаа ч харсан овон товон газар, харласан нүх, шороо тоос. Саяхнаас ашгүй эднийг цэгцлэх тухай ярьж эхэллээ” хэмээн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Б.Жаргалт ярилаа.
Нийслэлийн иргэд, тэр дундаа Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо буюу Биокомбинат, Шувуун фабрик орчимд оршин суугчдыг баярлуулсан нэгэн шийдвэрийг хотын захирагч С.Батболд хагас сарын өмнө гаргасан билээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Туул голын сав газраас хайрга олборлохыг хориглож байна. Цаашдаа энэ бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй” хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдсэн.

Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохоор болсон юм. Иргэд ч “Аль эрт ингэх ёстой байсан. Олон жил дуншсан асуудал шийдэгдлээ” гээд ам сайтай байв. Түүний эл шийдвэр хэрэгжиж байгаа, эсэхийг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт Биокомбинат, Шувуун фабрикийг зорилоо.
Туул голын сав газарт хамаарах эл газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог 99 аж ахуйн нэгж байсан гэдэг. Харин хайрга олборлохыг хориглосноор тэдгээрийн дийлэнх нь үйл ажиллагаагаа зогсоож, Биокомбинат орчим өмнөхөөсөө нам гүм болсон гэж холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Бодит байдал дээрээ ч тийм аж.
Гэвч хайрга ачсан машинууд өглөө, оройдоо мэр сэр явсаар байгааг иргэд ярив. Бид үхрээ хайж явсан, мотоциклтой эртэй таарч нөхцөл байдлын талаар тодруулахад “Туулын эргээс хайрга, зэргэлдээх уулнаас дайрга олборлосоор байна. Та нар хөл хөдөлгөөн багатай үед нь ирлээ.
Иргэд оройн цагаар “Портер”, “Бонго” зэрэг жижиг машинаар элс, хайрга зөөдөг. Хориглосон тогтоол гаргаад л болчихгүй, хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэсэн бол “Нийслэл өргөө” компанийн ажилтан “Манайх үйл ажиллагаагаа зогсоогоод хоёр жил болж байна. Хайрга олборлосон машинууд өдөрт явж л байдаг. Ажиллаж байгаа компаниуд бий” гэв. “Тэнд хайрга олборлодог компаниуд бий” гээд тэрбээр бидэнд “шипи” өгөв. Түүний заасанчлан Биокомбинатын гүүрнээс баруун тийш явахдаа хайрга ачсан гурван ч том машинтай таарлаа. Эхний хоёр нь 6409 УНЦ, 5103 УНЛ улсын дугаартай байсан бол сүүлчийн машины серийг харж чадсангүй. Ямартай ч 6433 дугаартай, хүнд даацын улаан машин байв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан эл бүсэд хайрга олборлодог аж ахуйн нэгжүүдийг шалгаад 11 компанийг үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн юм билээ. Гэвч хайрга ачсан хүнд даацын машинууд тэдгээр компанийнх, эсэхийг нягтлах боломж олдсонгүй. Зарим нь урдаас ирж явснаа чиглэлээ өөрчилж байв. Эсвэл дайрчих шахаад хажуугаар давхичих юм.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хайрга олборлодог компаниуд зөрчдөгөөс гадна байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулдаг. Тэдний ухсан карьерт мал, амьтад унаж үхэх тохиолдол ч бишгүй гарч байна. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, эсэхээс үл хамааран бүх компанийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байлаа.

Манай сурвалжлах баг хүнд даацын машин механизмаар газар шорооны ажил хийж байгаа нэгэн компанийнхантай уулзав. Тэд хайрга олборлож байгаа нь илт. Гэвч бидэнд “Нөхөн сэргээлт хийж байна” гэсэн тайлбар өгч байлаа. Тэгсэн атлаа компанийнхаа нэрийг хэлэхээс татгалзаж, “Нэрийг нь мэдэхгүй, бид хөлсөөр ажилладаг хүмүүс, яаж мэдэх билээ” гэж мэлзэв.
Нэг нь бүр “Аав л нэрийг нь мэдэж байгаа” гэсэн юм. Харин тус компанийн зэргэлдээ “Их дэлгэр мөрөн” нэртэй, бутлан ангилах компани үйл ажиллагаа явуулдаг аж. Эднийх ажил нь зогссон шинжтэй, нам гүм байв. “Их дэлгэр мөрөн”-гийн манаачаас тус компанийн нэрийг сураглахад “Батжилийнх гэсэн байх шүү. Эзнийх нь нэр үү, компанийнх уу гэдгийг мэдэхгүй. Хүмүүс ингэж нэрлэдэг юм билээ” гэв.
Манаач эр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэх юм гэсэн. Сураг дуулав уу. Хэзээ ирэх юм бол” хэмээн биднийг ч шалгаагаад амжив. Мөн “Хаа хаанаа амьдрал хэцүү байна шүү дээ. Нэг компанийн ард хэдэн зуун хүний амьдрал байдгийг бодолцох хэрэгтэй. Олборлолт явуулахыг хориглочихвол өчнөөн хүн ажилгүй болно” хэмээн учирлалаа. Хайрганы “дайн” болдог гэдэг уг газар нам гүм байгаа шалтгаан нь НМХГ-ынхны шалгалтын сураг дуулсных ч байж мэдэх юм.
Дээрх компанийн адил эзэн, нэр нь тодорхойгүй аж ахуйн нэгж Биокомбинат, Шувуун фабрик орчимд ил, далд олборлолт явуулж ирсэн түүх бишгүй аж. Тэр байтугай улсын дугаар, сери нь мэдэгдэхгүй өчнөөн машин хайрга, дайрга олборлодог гэнэ. Одоо хориглочихоор арга нь бүр нарийсах биз ээ.