
Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хүртэл хувийг тусгай хамгаалалтад авах зорилт дэвшүүлсэн бөгөөд өдгөө энэ үзүүлэлт 17.4 хувь байдаг. Тэгвэл үлдсэн 13 хувь нь хаана байж болохыг дэлгэрэнгүй харуулсан энэхүү газрын зургийг “The nature conservancy” байгаль хамгаалах олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газраас БОАЖЯ, Газрын харилцаа, зураг зүйн газар, холбогдох байгууллагуудтай хамтран сүүлийн найман жилийн судалгааныхаа үр дүнд саяхан гаргасан юм.
Монгол орны зайлшгүй хамгаалах ёстой, экологийн үнэ цэнэтэй газруудыг судлан тогтоож, шинжлэх ухааны аргачлалаар ийнхүү зураглал гаргасан нь олон талын ач холбогдолтой аж. Энэ талаар “The nature conservancy” байгаль хамгаалах олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалах асуудал хариуцсан захирал Д.Галбадрахаас тодрууллаа.
-Экологийн үнэ цэнэтэй газруудыг шинжлэх ухааны ямар аргачлалаар тогтоосон бэ?
-Судалгаанд олон улсад хэрэглэдэг “Экологийн бүс нутгийн үнэлгээ”-ний аргачлалыг ашигласан. Уг аргачлалыг Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн өвөрмөц онцлог байдалд тохируулан боловсруулж, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс ашиглаж болно гэж баталсан.
Манай улс хойноос урагш чиглэлд ой, ойт хээр, хээр, цөлжүү хээр, цөл гэсэн байгалийн бүслүүртэй. Энэ судалгааг тухайн бүс, бүслүүр болгоноор хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар нутгийг тусгайлан хамгаалахдаа байгалийн бүс, бүслүүрийн төлөөлөл тус бүрийг тэнцүү оруулна гэж заасан. Ой чухал, говь цөл дэмий гээд хаяж болохгүй.
Бүгд өөрийн гэсэн өвөрмөц онцлог, эко системтэй. Амьтан ургамлын зүйлийн бүрдэл нь өөр. Ховордсон амьтан, ургамлын аль аль нь тэнд бий. Энэ нь тухайн байгалийн бүс, бүслүүрт эко систем, амьтан ургамлын зүйлийн талаасаа юу юу байна гэдгийг тогтоодог аргачлал юм. Байгаа юмаа тогтоогоод авчихлаа.
Газар ашиглалтын одоогийн байдал нь ямар юм, хот суурин газар, газар тариалан, уул уурхай байна уу гэдгийг тооцож, зураглалдаа оруулаад, энэ хоёр зураглалаа нийлүүлж, хаана хүний үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжилтэй зөрчилдөхгүйгээр байгаль хамгаалах боломжтой вэ гэдгийг гаргаж ирсэн. Ховор амьтан, экосистемийн байршлыг харгалзан хамгаалах ёстой газар нь хаана байна вэ гэдгийг тодорхойлсон гэсэн үг.
-Энэ газрын зураг эцсийн үр дүн нь байх нь ээ?
-Яг тийм. Бодлогын ихэнх бичиг баримт, ногоон хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын нийт газар нутгийн 30 хувийг хамгаална гээд заасан. Тиймээс байгалийн бүс, бүслүүр тус бүрээр энэ 30 хувьд багтах, ховор амьтан, ургамал, чухал экосистемтэй газруудыг энэ судалгаагаар гаргаж ирсэн.
Үр дүнд нь ийм зураглал гарсан. Хамгаалах гээд байгаа, ирээдүйд хамгаалж болох экологийн үнэ цэнэ, ач холбогдолтой газрууд энэ шүү гэж гаргаж ирснээрээ энэ судалгаа ач холбогдолтой. Үүнийг хийхийн тулд маш олон тайлан гаргасан. Олон хүний хамтын бүтээл юм.

Тосон Хулстайн байгалийн нөөц газар
-Энэ газруудыг яаж хамгаалах вэ?
-Олон янзаар хамгаалж болно. Заримыг нь улсын, бас орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох гэх мэтчилэн олон үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд ашиглаж болно.
-Энэ судалгааг жил гаруйн өмнө хийсэн гэлээ. Төрийн бодлогын түвшинд шийдвэр гаргахад үүнийг ашигласан удаа бий юү?
-Өмнөх Засгийн газрын үед манайд энэ ажлыг захиалсан БОНХЯ, Уул уурхайн яам хоёр хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм. Тэгээд Монгол орны нөөцийг тодорхойлсон эрдэс баялгийн газрын зургийг манайхаас гаргасан экологийн үнэ цэнэтэй газрын зурагтай давхцуулаад, лиценз олгохдоо тухайн газрыг тойруулна гэсэн хэлцэлд хүрсэн.
Одоо ч гэсэн лиценз олгохдоо энэ газрын зургийг ашигладаг гэж Ашигт малтмалын газрынхан хэлж байна лээ. Тиймээс ирээдүйн маш олон жилийн, магадгүй 100 жилийн цаадахыг харсан аливаа асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны судалгаанд үндэслэж шийдвэр гаргах бололцоо бий болсон гэсэн үг. Тэр тусмаа шинээр томилогдсон сайд, дарга нар үүнийг анхааралдаа авч, ашиглаач ээ гэж хэлмээр байна.
О.ЭНХТУЯА: ХӨГЖИНӨ ГЭДЭГ БАЙГАЛЬ ОРЧНОО СҮЙТГЭХИЙН НЭР БИШ
(“The nature conservancy” байгаль хамгаалах олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал)
-Монголд өмнө нь маш олон газрыг тусгай хамгаалалтад авч байсан. Яг шинжлэх ухааны аргачлалаар, экологийн үнэ цэнийг ландшаптын түвшинд тогтоосон нь бидний оруулсан хувь нэмэр юм. Дэлхий нийтээр хэрэглэдэг тэргүүний арга туршлагыг ашигласан. Тийм ч учраас Засгийн газраас улсын хэмжээнд энэ судалгааг хийх захиалга өгсөн.
Засаг захиргааны хилээр хязгаарлахгүйгээр экологийн бүс нутгийнх нь хэмжээнд хийсэн анхны судалгаа гэдгээрээ өвөрмөц. Зөвхөн шинжлэх ухааны талаас, үнэ цэнийг тогтоосон гэдгээс гадна ач холбогдлыг нь бид өргөн утгаар харж байгаа. Уул уурхай, газар тариалан болон эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэхдээ экологийн чухал газруудаа харгалзан үзээгүй нь бидний алдаа байжээ гээд өндөр хөгжсөн орнууд харамсаж байна шүү дээ.
Жишээ нь, АНУ-ын Колорадод 100 жилийн дараа уул уурхайгаа хааж улсын төсвөөсөө маш их мөнгө гаргаж нөхөн сэргээлт хийж байгааг бид очиж үзсэн. Урьдчилаад үнэ цэнэтэй газраа тогтоочихсон учраас биологийн төрөл зүйл, эко системийнх нь үйлчилгээ зэргийг харгалзан хөгжлийн төлөвлөлтөө хийх боломжтой нь манай давуу тал.
Бидний хэрэгжүүлж буй бас нэг төсөл бол өмнийн говийг дэд бүтэцтэй холбохдоо тэнд байгаа амьтдын, тухайлбал, хулангийн амьдрах орчныг яаж хязгаарлахгүй байх вэ гэдэг аргачлалыг шинжлэх ухааны үүднээс гаргаж өгсөн. Тухайн шийдвэрийг гаргасан, бодлого боловсруулж байгаа хүмүүс болон судлаачдыг тэнд аваачиж, туршлага судлуулсан.
Монгол Улс хөгжлийнхөө төлөвлөгөөг яг одооноос ухаалгаар гаргах юм бол ирээдүйд бага алдана. Хөгжинө гэдэг заавал байгаль орчноо сүйтгэхийн нэр биш гэдгийг дэлхий нийтээрээ ойлгочихоод байхад бид хоцрогдсон арга барилаар хандах хэрэггүй юм.
-Танай байгууллагаас Монголын хээрийг хамгаалах чиглэлээр ихээхэн анхаарч ажилладаг. Яагаад заавал хээр гэж онцолсон юм бэ?
-“The nature conservancy” байгууллагаас дэлхийн хэмжээнд судалгаа хийгээд, хамгийн чухал амьдрах орчнуудын хамгаалалт ямар байна вэ гэдгийг судалсан байгаа юм. Судалгааны үр дүнд хүний үйл ажиллагаанд хамгийн их өртсөн, хамгийн бага хамгаалагдсан амьдрах орчин нь хээр болохыг тогтоосон.
Тиймээс хээрийг их хэмжээгээр тусгай хамгаалалтад авах газар хаана вэ гэж дэлхий даяар судалгаа хийж, Монгол бол унаган төрхөө алдаагүй нутагтай, их хэмжээгээр хамгаалалтад авах бололцоотой гэдгийг мэдсэн юм билээ. Тэгж Монголыг анх сонирхож эхэлсэн. Манай хөтөлбөрийн газар Монголын хээр яагаад дэлхийн хэмжээний ач холбогдолтой юм бэ гэдгийг үнэлж, энэ чиглэлээр анх ажлаа эхэлсэн.
Хамгийн анхны түшиц нь Тосон Хулстайн байгалийн нөөц газар. Урд нь Монголын хээр ийм чухал гэдгийг дэлхий даяар мэддэггүй байсан. Зээр нүүдлээр амьдардаг, туурайтны гурав дахь том сүрэг гэдгийг манай байгууллага анх гадагш нь танилцуулж байлаа.
-“The nature conservancy”олон улсын байгууллагын талаар товчхон танилцуулахгүй юу?
-“The nature conservancy” олон улсын байгууллага 1951 онд АНУ-д байгуулагдсан. 60 гаруй жилийн түүхтэй. Байгаль хамгаалах хамгийн том олон улсын байгууллага. Мөн хамгийн олон судлаач ажиллуулдаг, эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан гэдгээрээ нэртэй.
Одоо 69 оронд төсөл хэрэгжүүлдэг, 34 улсад хөтөлбөрийн газартай. Монгол дахь хөтөлбөрийн газар 2008 оноос үйл ажиллагаа явуулж буй. Ирэх жил бид 10 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Бид дээрх судалгаанаас гадна нэлээд олон төсөл хэрэгжүүлж байна.