
БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Мэдээллийн технологийн хэрэглээний судлаач мэргэжил эзэмшсэн М.Отгонбаяр ухаалаг гар утасны донтолтын талаар судалгаа хийжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Судалгааныхаа үр дүнгээр “Та бол ухаалаг утасныхаа хаан” гэсэн ном гаргасан. Яагаад ийм судалгаа хийх болов?
-2016 оныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд хүүхдүүд ухаалаг утсанд хэр зэрэг донтож буй талаар судалгаа хийж, магистрын дипломоо хамгаалсан юм.
13-17 насныхан ухаалаг утсанд бусдаасаа 2.9 дахин донтдог гэсэн олон улсын судалгаа байдаг. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 21 сургуулийн өсвөр насны 383 хүүхдийг санал асуулгад хамруулахад таван хүүхэд тутмын нэг нь ухаалаг утсанд донтсон нь тогтоогдсон.
-Судалгааны асуултаа яаж боловсруулсан бэ?
-БНСУ-д орон даяар явуулдаг донтолтын талаарх судалгааны асуултаас зөвхөн өсвөр үеийнхэнд зориулсан 10-ыг нь сонгон ашигласан. Донтсон хүүхдүүд дөрвөн цаг 43 минутыг ухаалаг утсандаа зарцуулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Тэд фэйсбүүк, мессенжер хамгийн их ашигладаг гэж хариулжээ.
Фэйсбүүк, мессенжер, youtube, онлайн дэлгүүр, видео тоглоом гэсэн хэд хэдэн төрлийн аппликейшн нь донтолтод хамгийн их нөлөөлдөг. Судалгааны асуултын хариултаас хамаарч 10-60 оноо өгдөг. 34.2-оос дээш оноо авсан хүүхдийг донтсон гэж үзсэн. Гэхдээ зарим хүн донтолтын талаар буруу ойлголттой байдаг.
Интернэт банк ашиглах зэрэг нь донтолт биш. Хамаарал бий болгож буй зүйлийг олон цагаар хэрэглэх нь донтох эмгэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн зугтах механизмыг донтолт гэдэг. Ганцаардал, гадуурхлаас зугтах гэх мэт.
-Таван хүүхэд тутмын нэг нь ухаалаг утсанд донтсон гэдэг нь бусад улстай харьцуулахад ямар үзүүлэлт вэ?
-Судалгаагаа зөвхөн Улаанбаатарт хийсэн учраас Монгол Улсыг төлөөлөх боломжгүй юм. Гэхдээ Солонгост өсвөр насны хүүхдүүдийн 18, Хонконгод 26.4 хувь нь ухаалаг утсанд донтсон бол манайд 20 орчим хувь нь ийм эмгэгтэй байна. Ухаалаг утсанд донтох байдал Азийн орнуудад илүү асуудал болж байгаа.
Солонгост видео тоглоом, ухаалаг утас зэргээр ангилан донтолтын судалгааг жил бүр явуулдаг. Манай улс мөн адил жил бүр судалгаа хийж, үр дүнд нь үндэслэн донтолтын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй байна.
-Гар утасны донтолт нь цахим гадуурхлыг бий болгоход нөлөөлж байна. Урьдчилан сэргийлэх ямар арга байна?
-Донтолт нь эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгэм, санхүүгийн асуудал үүсгэдэг. Ухаалаг утсанд донтсон хүүхдүүд онлайн орчинд нэгэндээ дарамт үзүүлэх нь их. Үүнээс болж өсвөр насныхан сэтгэл гутралд орж, амиа хорлож байна. Тиймээс донтолтоос урьдчилан сэргийлэх 17 аргыг номондоо оруулсан. Тухайлбал, цаг тохирох арга байна. Гар утасны чинь цаг 15.00 болж байна гэж бодъё.
Тэгвэл таван минут нэмээд 15.05 цаг хүртэл л утсаа ашиглана. Энэ үед утсаа шууд далд хийж, хичээлээ давтах зэргээр удаан хугацаанд гар утас ашиглахаас татгалзаж болно. Энэ бол маш үр дүнтэй арга. Мөн амьсгалын дасгал хийж болно. Утас хэрэглэмээр санагдах үед гүнзгий амьсгаа авч гаргах замаар 3-5 минут давтсаны дараа энэ хүсэл нь аажмаар буурдаг.
Өсвөр насныхан өдөрт хоёр цаг гар утас хэрэглэх нь байж болох хугацаа гэж үздэг. Үүнд нь утсаар ярих, мессеж бичих, фэйсбүүкээ “ухах” гэх мэт багтаж байгаа юм. Тиймээс ухаалаг утсанд донтохоос сэргийлэх аргыг хүүхэд бүр мэддэг байх хэрэгтэй.