
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ нь зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад хамаатай зүйл биш, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхээ эдлэхийг хүсдэг хүн бүрт хүртээлтэй чухал өдөр билээ. Тиймээс бидний энэ эрх хэрхэн хангагдаж буй талаар “Глоб интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх энэ жилийн уриалгаас харахад олон улсад хэвлэл мэдээллийн салбар нэлээд донсолгоотой байх шиг. Монголд хэвлэлийн эрх чөлөө ямархуу байна вэ?
-Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтээрээ “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. “Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэх” гэдэг нь дэлхийн улс орнуудын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын 16 дугаар зүйлд тусгасан үзэл баримтлал юм. Эгзэгтэй цаг мөчид хэвлэл мэдээллийн салбарынхан эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах шаардлага тулгарч байгаа нь үнэн. Учир нь дэлхийн сэтгүүл зүй донсолгоотой байна. Их Британи Европын холбооноос гарахтай холбогдуулан ард нийтийн санал асуулга явуулахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сурталчилгааны явцад хуурамч, ташаа мэдээлэл их гарсан нь сэтгүүл зүйд эрсдэл авчирсан. Үүнийг зарим судлаач “Үнэний дараах эрин үе” хэмээн нэрлэж байгаа бол олонх нь “Сэтгүүл зүйд эрсдэл, хямрал нүүрлэлээ” гэж үзэж байгаа.
НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон АНУ, Африкийн тусгай илтгэгчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар хамтарсан тунхаглал гаргасан. Уг тунхаглалд өдгөө дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болох хандлага улам бүр ажиглагдаж байгаа тул үүнийг нухацтай авч үзэх хэрэгтэй байна, мөн энэ салбарынхан өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй байж үүсээд буй нөхцөл байдлыг сөрөн зогссоноор хараат бус сэтгүүл зүйг байранд нь эргүүлж аваачих юм гэсэн гол санааг тусгасан. Энэ асуудал Монголын сэтгүүл зүйг ч тойроогүй. Ялангуяа, улс төрийн хүрээнд гүтгэлэг, доромжлолын өнгө аяс давамгайлсан халуун сэдэв байлаа. Сонгуулийн тухай шинэ хуульд үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг их чангатгасан. Ямар сайндаа л өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр нэг нэр дэвшигчийн гомдлын мөрөөр мэдээллийн 11 цахим хуудсыг 24 цагийн турш хаасан тохиолдол гарсан шүү дээ. Ерөөс Монголд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэтэрхий их улстөрждөг, эзэмшигчид нь голдуу улс төрийн нэлээд дээд түвшний хүрээнийхэн байдаг учраас олон ургальч, хараат бус сэтгүүл зүйг хэрхэн хөгжүүлэх, цаашид яах вэ гэдэг дээр хэвлэл мэдээллийн салбарын бодлого боловсруулагчид, судлаачид, багш нар толгойгоо гашилгаж байна.
-Хэдхэн хоногийн өмнө Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бусдыг гүтгэсэн, доромжилсон тохиолдолд маш өндөр торгууль ногдуулах Ц.Гарамжав гишүүний санал нийгэмд багагүй шуугиан тарьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон АНУ, Африкийн тусгай илтгэгчдийн хамтран гаргасан тунхаглалд ерөнхий зарчмуудыг тодорхойлсон байгаа. Ташаа мэдээлэл, суртал нэвтрүүлгийн хэм хэмжээ юу вэ гэдгийг тэнд “Улс төрийн хүрээнээс үүдэлтэй, нийгмийн сэтгэл зүй рүү шинжлэх ухаанч аргаар чиглүүлсэн популист, бодит бус гэгдээд буй мэдээлэл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хэм хэмжээний гурван хязгаарлалттай нийцэхгүй байна. Тиймээс үүнийг хориглох биш, харин цаашид хэрхэн зөв голдиролоор авч явах вэ гэдгийг бодолцох нь зүйтэй” гэж тодорхойлсон. Манай хууль тогтоогч, бодлого боловсруулагчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудал дээр хэтэрхий хатуу цензур тавьж, хуулиар далайлгах гэж оролддог. Гэтэл энэ бол хуулиар шийдэх асуудал биш гэдгийг энэ тунхаг харуулж байна. Аливаа хуулийг батлахдаа тухайн асуудалтай холбоотой олон улсын ямар гэрээ конвенцод нэгдэн орсон, соёрхон баталсан бэ гэдгээ эхлээд харах ёстой гэдэг заалт манай Үндсэн хуульд бий.
2015 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцээд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлээр зөвлөмж өгсөн. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай үндэсний хууль тогтоомжоо олон улсын жишигт нийцүүлэх, бусдын нэр төр гутаахтай холбоотой гүтгэх, доромжлох гэсэн зүйл заалтыг Эрүүгийн хуулиасаа хасаж, иргэний хууль руу шилжүүлэх, сэтгүүлчид, хүний эрхийн зүтгэлтнүүдийг ажлаа тайван, айх аюулгүй хийх нөхцөлөөр хангах гэсэн гурван зөвлөмжийг тэр үед өгсөн. Гүтгэх, доромжлох гэсэн зүйл заалтыг Эрүүгийн хуулиасаа хасаж, иргэний хууль руу шилжүүлэх зөвлөмжийг 2011 онд мөн л НҮБ-ын Хүний эрхийн хорооноос өгч байсан. Хэн нэгнийг гүтгэж мэдээж болохгүй. Гэхдээ гүтгэх, доромжлох гэсэн заалтаар хүнд ял оноон, баривчилдаг байвал энэ нь улс төрийн цензур болж хувирдаг. Тиймээс энэ заалтыг Эрүүгийн хуулиасаа хасаж, Зөрчлийн тухай хуульд оруулахаар болсон нь нэг ахиц мөн боловч энд хоёр зүйл анхаарал татаад байгаа юм. Нэгдүгээрт, торгуулийн хэмжээг хэт өндөр тогтоохоор яриад буй. Олон улсад торгуулийн хэмжээг тогтоохдоо тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн хараат бус байдалд нөлөөлөхөөргүй байхыг сануулдаг. Сая хэлэлцүүлгийн үеэр ярьсан шиг нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгоно гэвэл энэ нь эдийн засгийн цензур болно. Хоёрдугаарт, энэ шийтгэлийг хэн ногдуулах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Эрх бүхий албан тушаалтан гээд байгаа нь яг хэн бэ, гүтгэснийг нь яаж тогтоох вэ гэдэг нь эргэлзээтэй. Гүтгэлэг, доромжлолтой холбоотой хуулийн дээрх заалтыг эрх мэдэл бүхий хүмүүс түлхүү ашиглаж, өөрсдийнх нь тухай таагүй мэдээлэл гарахад нийгмийн сэтгэл зүйг өөр тийш хандуулж саармагжуулах гэдэг учраас энэ нь эргээд төрийн цензурийг өөгшүүлдэг. Гэтэл манайх 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд бүх төрлийн цензурийг хориглосон улс орон шүү дээ.
-Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд улс төртэй их, бага хэмжээгээр холбоотой байдаг манайх шиг улсад сэтгүүлчид хараат бус байх боломж их хомс. Ийм нөхцөлд сэтгүүлчдийг өмгөөлж хамгаалах шаардлага байгаа юм уу гэдэг асуулт гарч болно. Хэвлэлийн эрх чөлөөг яагаад хамгаалах ёстой вэ гэдгийг хэлж өгнө үү?
-Сэтгүүлчид энхийн цагаан тагтаа, бусад нь хар хэрээ гэж би хэлэхгүй л дээ. Сая би өөрийнхөө үзэл бодлыг ч илэрхийлсэнгүй. Зөвхөн олон улсын хууль тогтоомж, гадаадын орнуудын жишгийг л ярилаа. Хэвлэлийн эрх чөлөөг яагаад хамгаалах шаардлагатай вэ гэхээр энэ бол иргэдийн эрх чөлөөний тухай асуудал юм. Чөлөөт, хараат бус хэвлэлтэй байх нь ардчиллын тулгуур зарчим гэдгийг бүгд мэдэж байгаа. Түүнээс биш хүмүүсийн хэлдэгчлэн мэдлэггүй, ёс зүйгүй, худалдагдсан сэтгүүлчдийг бид хамгаалаад байгаа юм биш. Эх сурвалжаа нууцлахаас өөрөөр сэтгүүлчдэд онцгой эрх гэж байхгүй. Зөвхөн иргэдийн итгэл найдвараараа тэдэнд олгосон давуу эрхийн дагуу мэдээлэл олж аваад, түүнийгээ мэдээлдэг учраас сэтгүүлчдийг хоточ нохой гэж ярьдаг. Харин манайх шиг хэвлэл мэдээллийн байгууллага улс төртэй хэтэрхий хутгалдсан, редакцын цензур маш их байгаа ийм нөхцөлд сэтгүүлчид ажлаа хэн нэгнээс хараат бус хийж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг хуулиар шийдэх бус, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн зохицуулалтаар шийддэг. Хараат бус байдал руу нь гаднаас халдаад байгаа тэр зүйлийг өөрсдөө сөрж зогсох, эсэргүүцэх дархлаатай байна гэсэн үг.
-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хэрэг зөрчил өнгөрсөн жил хэр олон бүртгэгдэв. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс урьд жилүүдээсээ урагшилж уу, ухарч уу?
-2016 онд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос 69 дүгээрт жагсаж, 2015 оныхоос есөн байраар ухарсан байна билээ. Манай байгууллагын хувьд 2005 оноос хойш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг хийж байгаа. Энэ хооронд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэд халдсан 519 зөрчил бүртгэгдсэн. Гэхдээ энэ нь зөвхөн манайд хандсан, эсвэл нийтэд ил болсон тохиолдлын бүртгэл л болохоос Монгол Улсын хэмжээний бүх үзүүлэлт биш шүү дээ. Өнгөрсөн жил л гэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүнд холбоотой мэргэжлийн эрхийн 63 зөрчил манайд бүртгэгдсэн. Эдгээр зөрчлийн 57 хувийг буюу дийлэнхийг улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид үйлдсэн байна. Мөн 27 хувьд нь шүүх, хүчний байгууллагаас ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, 19 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулсан, хорьсон тохиолдол ч бий. Энд нэг тоо баримт тоо баримт дурдъя. 2002-2011 он буюу 11 жилийн хугацаанд гүтгэх, доромжлох гэсэн заалтаар нийт 16 хэрэг Эрүүгийн хуулиар шийдэгдсэн байхад 2012-2016 оны хооронд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой 22 хэрэгт ял шийтгэсэн гэхээр жил ирэх тусам энэ үзүүлэлт өссөн дүн харагдана. Тэгэхээр сэтгүүлчдэд тулгарч буй энэ мэт бэрхшээл нь хэвлэл мэдээллийн хэрэглэгчид буюу иргэдэд ч тулгамдаж буй эрсдэл гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийнхэн өнөөдөр зөвхөн эрхээ ярихын хажуугаар хариуцлагатай, ёс зүйтэй байх тухай мөн хэлэлцэх учиртай. Та дээр хэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын өөрсдийн зохицуулалт гэдгээ илүү тодруулж өгөөч?
-Чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага хэдийгээр бусад компанитай адилхан ч гэлээ ил тод, нээлттэй, ёс зүйт бизнесийн зарчмаа умартахгүй байх нь чухал. Яагаад гэвэл энэ бол иргэдийн мэдэх эрхтэй холбоотой мэдээллийн бизнес. Үүнийг хэн нэг эрх мэдэлтэн хувийн эрх ашгийн төлөө урвуулан ашиглаж болохгүй. Ардчилсан нийгэмд аливаа цензурийг хориглоод, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж өгөх учиртай. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага гээд хяналтаас гадуур байх учиргүй тул үүнийг өөрсдийн зохицуулалтаар шийддэг. Тиймээс гадаадын олон оронд редакцууд дотроо засаглалын тодорхой дүрэм журамтай, санал гомдол ирсэн үед өөрсдөө асуудлаа шийдэж чаддаг механизмтай байдаг. Наад зах нь төлбөртэй материалыг хэрхэн нийтэлж, нэвтрүүлэх тухай удирдамжтай байж, ёс зүйн зарчим, нийтлэл, нэвтрүүлгийн бодлоготойгоо уялдуулдаг. Дараагийн түвшинд хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн нөлөөллөөс хараат бус байдлаа хадгалахын тулд хоорондоо нэгдээд, Хэвлэлийн зөвлөл байгуулдаг. Манайд энэ зөвлөлийг байгуулсан. Гурав дахь хэлбэр нь иргэдээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьдаг хяналтын тогтолцоо бий. Манай иргэд үүнийг огт мэддэггүй. Үүнтэй холбоотой нэг зүйл нэмж хэлэхэд, сүүлийн жилүүдэд манайд нийгмийн сүлжээгээр мэдээлэл авдаг хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Энэ хэрээр нийгмийн сүлжээнд хуурамч, ташаа мэдээлэл тараасан этгээдийг хайж олоод, буруутныг шийтгэх, мэдээ мэдээлэлд хориг тавих оролдлого ажиглагддаг. Гэтэл ардчилсан улсуудад үүний оронд аливаа мэдээллийг хүлээн авч буй хэрэглэгчдийг мэдлэг боловсролтой болгоход юуны түрүүнд анхаардаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээгээр цацагдсан бүхнийг үнэн гэж итгэх бус, илүү нухацтай хандаж, тунгаан боддог иргэнийг төлөвшүүлэхийн тулд боловсролын бүх шатанд анхаарч эхэлсэн. Энэ чиглэлээр ЮНЕСКО-гоос баталсан “Мэдээллийн эрдэм” гэдэг хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд хүртэл манай бодлого боловсруулагчид анхаарах хэрэгтэй л байгаа юм.