
Судлаачид энгийн нэг архичин, тэнэмэл эр Макс Жекийн үр, ач нар болох 840 хүнийг судалжээ. 100 жилийн хугацаанд түүний удмаас 63 дээрэмчин, 50 биеэ үнэлэгч, долоон алуурчин, 300 гуйлгачин төрөн гарсан аж. Мөн судалгаанд хамруулсан хүмүүсийн 200 нь оюуны хомсдолтой, мөн тооны хүн зуурдаар амиа алдсан байсан гэнэ. Эцэст нь түүний удамд энгийн амьдралаар аж төрсөн 20-хон байсан аж. Харин сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүлд 100 жилийн дотор 1394 хүн төржээ. Тэдний 13 нь дээд сургуулийн захирал, 100 нь сүмийн пастор, 75 нь цэргийн жанжин, 60 нь бичгийн хүн, 180 нь хуулийн мэргэжилтэн, 80 дээд хүрээнд орж, гурав нь сенат, нэг нь бүтэн улсыг захирч байжээ. Үүнээс хүүхдийн хүмүүжил ямар чухал болохыг харж болно хэмээн фэйсбүүкт саяхан бичсэн байлаа.
Тэгвэл та, бид хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ. Долоон настай хүү архи хэтрүүлэн хэрэглээд, төрийн хамгаалалтад хоног төрүүлж байна. 15 настай охин биеэ үнэлэх болов. Үүний буруутан нь өнөөх л шилтэй шингэн. Монголчууд архийг цангасан мал шиг уудаг боллоо. Энэ оны I улиралд 82 хүн архинд хордож, амиа алдсан гэх мэдээллийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн өгөв. Өөрөөр хэлбэл, архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас өдөрт нэг хүн амиа алдаж байна гэсэн үг. Өнгөрсөн даваа гаригт “Өргөө-2” кинотеатрын ариун цэврийн өрөөнд гурван сурагч охин ийм яриа өрнүүллээ.
-Та хоёр суух юм уу?
-Юун суух. Автобусанд уу. Картаа гэрт орхичихсон. Үнэмлэх байхгүй болохоор ганц буудал явахын тулд 500 төгрөг төлөх болно. Хайран биз дээ.
-Суух нь тодорхой шүү дээ. Даанч мөнгө алга аа.
-Надад арван мянган төгрөг байна.
-Хүмүүсийн дэргэд хамаагүй ярих юм аа, чи. Ганц пиво уух онцгүй байдаг юм аа. Мөнгө хаанаас олох вэ?
-Гөнөөтөх (тонгоруулж) рүү залгах уу.
-Тэгье.
Тэд ингэж яриад гарч одов. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, уушийн газрууд сар бүрийн 1-нд архи худалдаж, түүгээр үйлчлэх ёсгүй. Гэвч уг журам хэрэгждэггүйг бүгд мэднэ. Зузаан хөшгөөр цонхоо хаагаад, ариун цэврийн өрөөндөө тамхи татах зөвшөөрөл олгож ажилладаг газар цөөнгүй байв. “Шөнийн 00.00 цаг болтол ус, ундаа уугаад хүлээж байх уу” хэмээн үүдэндээ хүн шаавуулах баарнууд уржигдар мөн л ажиллаж байлаа. Ийнхүү дарвиж байсан залуус “Бид зүгээр л жүүс ууж байна. Шар айраг чинь зөрөг цэцгийн хандтай амуу соёолжны жүүс юм байгаа биз дээ” хэмээн инээлдэнэ. Хэзээнээс бид согтууруулах ундааг ингэж өхөөрдөж, бас энгийн хэрэглээгээ болгосон нь сонирхолтой. Хэдэн жилийн өмнө нэгэн улстөрч “Монголын айл бүрт нэг архичин” бий гэснийг нийтээрээ эсэргүүцэж, сүйд болж байсан удаатай. Гэтэл өнөөдөр үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв.
Монгол Улсад өдгөө 50 аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж буй. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй, насанд хүрсэн нэг хүнийг өдөрт 100-150 грамм архи, шар айраг уулгаж байж эдгээр компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх гэнэ. Нэг хүн жилд дунджаар 42 литр согтууруулах ундаа хэрэглэх ёстой гэсэн үг л дээ. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан согтууруулах ундаа хэрэглэх нь ихсэж, ах, эгч нарынхаа шийрийг хатааж буй. Тэд нэг хүнд ногдох архи, шар айрагны хэмжээг тодорхой хувиар бууруулах болж. Долоон настай атлаа архи ууж, төрийн хамгаалалтад хоног төөрүүлсэн хүүг оролцуулаад яах вэ. Арван таваас дээш настай хүүхдүүдийг оруулбал, нэг хүнд жилд 6.3 литр архи, 26.8 литр шар айраг ногддог гэсэн статистик бий. Зарим хүн “Үйлдвэрүүдийг хаахгүй бол монголчууд архинд живлээ” хэмээн бүх бурууг бусдад нялзаасаар. Харин зарим нь “Хэрэв архины үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа худалдаж, үйлчилдэг байгууллагуудыг зохион байгуулалтад оруулбал хүмүүсийг архинд живэхээс сэргийлж болно” гэх. Тэгвэл мэргэжлийн хүмүүс, судлаачид архины хэрэглээ нэмэгдэж буйг төрийн байгууллагуудын уялдаа холбоо, иргэдийн хэвшилтэй холбон тайлбарлав.
Улсын хэмжээнд 7293 дэлгүүр архи худалддаг бол баар, цэнгээний 3318 газар түүгээр үйлчилдэг ажээ. “Хоёр мянган хүн тутамд архи худалддаг нэг цэг байх ёстой” гэсэн хуулийн заалт зүгээр цагаан дээрх хар бичиг болсон нь үүнээс илт. Нэг ч сургуульгүй атлаа баар, цэнгээний 57 газартай хороо Улаанбаатарт байна шүү дээ. Энэ бол Баянзүрх дүүргийн VII хороо. Хорооны цагдаа агсам тавьж, шуугиан тарьсан хүнтэй өдөр бүр зууралдаж, цаг хэтрүүлэн ажилладаг газрын зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад тогтмол уламжилдаг. Үүний дагуу зарим тохиолдолд эрхийг нь цуцалдаг аж. Гэвч өөр хүн нөгөөх уушийн газрыг ажиллуулдаг байна. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Сарантуяагаас тодруулахад “Дүүргүүд үүнийг хариуцаж байгаа. Ямар нэг зөрчил гаргасан бол шууд эрхийг нь цуцлах үүрэгтэй. Тухайн дүүргийн Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн хэлтсүүд тогтмол шалгах ёстой. Бид орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойр орчимд архи худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох бодлого баримталдаг. Тиймээс удахгүй шалгалт явуулж аж ахуйн нэгжийн тоог цөөрүүлнэ” гэв. Харин дүүргүүдийн мэргэжилтнүүд “Цагдаа нар үйл ажиллагааг нь зогсоох ёстой. Бид хүн хүч хомс учир тэр бүр шалгалт хийж амждаггүй. Нийслэлийн удирдлагууд нэгдсэн журам гаргах хэрэгтэй байна” хэмээн ярилаа.
Хүний биед кальци, төмөр, ус, эрдэс дутагдаж болох ч, согтууруулах ундаа дутна гэж огт байхгүй гэдгийг эмч нар хэлж буй. Наркологийн эмнэлгийн эмч Д.Ганбат “16-35 настай хүмүүс архинд донтох эмгэгтэй боллоо. Архи уухгүй л бол амьдрал нь сүйрэх гээд байгаа юм шиг аашилж байна. Энэ бол хүний ухамсартай холбоотой. Өнөөдөр аав, ээжийгээ архи ууж байгааг харсан хүүхэд ирээдүйд түүнд дурлана” гэв. “Нийтээрээ ядуу байхаар архи уух магадлал өндөр. Ажилгүй хүмүүс гутрах, эсвэл нэгнийгээ уруу татаж архи уух тохиолдол байсан нь үнэн. Гэвч өнөөдөр архи ууж байгаа залуусыг ингэж зөвтгөж болохгүй. Одоогоос 10 жилийн өмнө Цагаан сараар айлууд архийг хэд, хэдээр нь авдаг байсан. Харин өнөөдөр тийм биш. Хар тамхинд донтох явдал газар авч байгаа шүү дээ. Яг л үүнтэй ижил. Юу гэх гээд байна вэ гэхээр, залуус сэтгэцийн эмгэгтэй болж байна” хэмээн сэтгэлзүйч Х.Мөнхжаргал ярив. Тэгвэл өөр нэгэн эх сурвалж архины түүхий эдийг шалгах шаардлагатайг онцоллоо. Үйлдвэрүүд спиртээ хаанаас оруулж ирж байгаа, түүний найрлаганд нь юу байгааг шалгана гэсэн үг л дээ. Тэрбээр “Ууж байсан архи нь дуусчихаар техникийн спирт ууна гэдэг эрүүл ухаантай хүнээс гарахгүй. Архи ууж гэртээ агсам тавьсан хүмүүс маргааш нь юу болсныг санахгүй байх тохиолдол олон гардаг. Олон жил ханилсан эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөж байна. Өмнө нь ийм хэрэг огт гарч байгаагүй шүү дээ. Тэгэхээр түүхий эдэд нь донтуулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа, эсэхийг шалгах шаардлагатай байна” хэмээн ярив.
Архины хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах үүргийг төрийн бүх байгууллага хүлээх хуулийн заалт бий. Харамсалтай нь, иргэдийг соён гэгээрүүлэх ажил хийж буй газар цагдаагийн байгууллагаас өөр алга. Тэд өнгөрсөн онд улсын хэмжээнд 87 мянга гаруй хүнийг эрүүлжүүлэх байранд оруулж, 393 хүнийг албадан эмчилгээнд явуулжээ.