
Нийслэлийн өнгө үзэмжийг гутааж, муухай харагдуулдаг элдэв эрээн мяраан хаяг, сурталчилгааны самбарууд дунд “Ломбард”, “Ресторан”, “Паб”, “Зочид буудал”, “Караоке” гэсэн үг зонхилдог нь энэ чиглэлийн байгууллага хэт олширсныг, тэдний санал болгодог үйлчилгээ нийгэмд хэр зэрэг эрэлттэйг илтгэх мэт. Эдгээрээс гадна “Баталгаат” гэх тодотголтой орчуулгын газруудын хаяг борооны дараах мөөг шиг олширсон нь тоо болоод эрэлттэй байдлаараа дээрх байгууллагуудын араас нэхэж явна уу гэлтэй.
Бараг 10 алхаад л ийм хаягтай газар дайралддаг гэхэд хилсдэхгүй. Согтууруулах ундаагаар үйлчилж, зугаа цэнгэлийн үүр болдог зочид буудал, баар, пабтай харьцуулахад энэ нь тийм ч муу зүйл биш л дээ. Гэвч баталгаат нэрийн доор балаг тарьж, иргэдийг хохироодог орчуулгын газар олширсон нь тулгамдсан асуудал болов.
“Монгол хэлний тайлбар толь”-д бичсэнээр эд зүйл нь хуурамч биш, найдвартай газрыг баталгаат хэмээн тодотгодог гэх. Тодруулбал, иргэдийн сэтгэл гонсойлгохооргүй, найдвартай үйлчилгээ үзүүлдэг газрыг ийн хэлэх аж. Энэ зүй тогтлоор бол баталгаат орчуулгын газруудад туршлагатай, гадаад хэлэндээ гаргуун хүмүүсийг ажиллуулах учиртай. Түүнчлэн энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо (ММОХХ)-ноос тусгай зөвшөөрөл зайлшгүй авах ёстой юм билээ.
Хамгийн хачирхалтай нь, тус байгууллагаас өдгөө 200 орчим товчоо л албан ёсны зөвшөөрөл авчээ. Энэ тоо 2018 он гэхэд 500 хүрэх төлөвтэй гэж ММОХХ-ныхон үзэж байна. Гэтэл өөр нэг судалгааны байгууллагынхны хэлж буйгаар нийслэлд баталгаат орчуулгын 350 гаруй газар байдаг гэх.
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй орчуулгын газар Улаанбаатарт дор хаяж 150 бий гэсэн үг. Гэр орондоо баталгаат орчуулгын газар “нээсэн” хүн ч цөөнгүй гэдгийг орчуулагчид хэлнэ лээ. Тэгэхээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг, мэргэжлийн бус газрын тоо 150-иар тогтохгүй болов уу.
Мэргэжлийн бус хүмүүс буюу сайн дурын уран сайханчид орчуулгын газар ажиллуулахаар улайрч буй гол шалтгаан нь мөнгө. Бас тухайн газар зөвшөөрөлтэй, эсэх, мэргэжлийн орчуулагчтай юу гэдэгт хяналт тавьдаг байгууллага байдаггүй нь тэдэнд бизнесээ хөгжүүлэх зөөлөн хөрс болдог аж. Ийм нэг газраар үйлчлүүлээд хохирсон, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутан Г “Би өнгөрсөн жил англи хэлний бие даалтаа баталгаат орчуулгын газрынхнаар хийлгэсэн. Байнга “юм” хэвлүүлж, орж гарсаар орчуулагч эгчийг таньдаг болчихсон. 10-аад хуудас материал орчуулуулахад, намайг “харж үзээд” 60 мянган төгрөг авсан л даа.
Би ч бие даалтаа хямд үнээр хийлгүүлчихлээ гээд ангийнхандаа хөөрч, гайхуулав. Гэтэл хийсэн даалгавраа багшдаа шалгуултал “Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл биччихэж. Зарим хэсгийг нь гуйвуулж, худлаа орчуулсан байна” гээд ангийнхны дунд эвгүй байдалд оруулж, муу дүн тавьсан” гэж ярилаа. Харин түүний найз М “Оюутнууд бие даалтаа ихэвчлэн ийм газраар хийлгүүлдэг. Мөнгөтэй л бол ядах зүйлгүй шүү дээ. Диплом хамгаалахдаа судалсан сэдэв болон сургуулиа англиар бичиж, хэвлүүлэхийг шаардах болсон.
Манай дээд дамжааны оюутны судалгааны сэдвийг нэг орчуулагч буруу хөрвүүлээд баларсан удаатай. Тэнхимийн багш нар нь ойлгосон ч зөвлөхөөр оролцсон хүмүүс дипломыг нь хамгаалуулахгүй гээд чангалсан гэсэн” хэмээв. Оюутнуудын үйлчлүүлсэн орчуулгын газрууд бүгд гаднаа баталгаат гэх тодотгол бүхий хаягтай байсан ч тэднийг ийн балласан гэх юм.
Баталгаат орчуулгын газруудтай холбоотой балаг, хөгтэй яриа цөөнгүй сонсож байв. Харин үүнийгээ баталгаажуулж, тэд хэр зэрэг найдвартай орчуулдгийг шалгахаар, хамгийн ойр байрлах нэгэн орчуулгын товчоонд очив. Эднийх мөн л баталгаат гэх тодотголтой. Мөн зөвшөөрөлтэй юм билээ. ВВС-гийн цахим хуудаснаас дурын нэг мэдээ сонгон авч, орчуулагчид өглөө. Автомат ажиллагаатай хөлөг онгоцны тухай, зургаахан өгүүлбэрээс бүтсэн мэдээг тэрбээр 10 хүрэхгүй минутын дотор орчуулж орхив.
Зөв бичих дүрмийн алдаанаас эхлээд найруулга гэж үнэндээ авах юм алга. Гадаад хэл дөнгөж сурч буй нэгэн зүдэрч бичсэн мэт. Түүний хөрвүүлсэн мэдээг орос хэл сайн мэддэг хоёр ч хүнд үзүүлж, баталгаатай орчуулсан, эсэхийг шалгуултал “Эх сурвалжаас зөрүүтэй, найруулга болон учир зүйн алдаатай байна. Ойлгоход ч бэрх юм” гэж дүгнэлээ. Ийм алдаатай, найруулгагүй зургаан өгүүлбэр орчуулсныхаа төлөө тэрбээр надаас 7000 төгрөг авсан юм. Зэргэлдээх орчуулгын газраас нь эл мэдээг хэдэн төгрөгөөр орчуулахыг лавлахад “10 мянган төгрөг болно” гэв.
Зургаахан өгүүлбэр орчуулах гэж зүдэрч буй эл товчоог судалж үзвэл есөн хэлээр хөрвүүлдэг, олон жилийн туршлагатай аж. Гэвч тэд түргэн шуурхай орчуулахыг чухалчилдгаас биш, чанартай, баталгаатай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэггүй бололтой. Холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан газар ингэж үйлчилж байхад бусад нь яаж “самрах” нь ойлгомжтой биз ээ. Дээрх товчооныхон энэ байдлаар хэчнээн хүнийг хохироосон бол.
Орчуулгын товчоонуудын гол түнш нь оюутнууд. Тэд бие даалт, ямар нэг хичээлийн даалгавраа ихэвчлэн ийм газруудад даатгадаг. Түүнээс гадна визний мэдүүлэг, судалгааны материал, тайлан тооцоо, хувь хүн болон албан байгууллагын танилцуулга, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр гэх мэт өндөр ур чадвар шаардсан, мэргэжлийн үг хэллэгтэй баримт бичиг орчуулуулах нь ч түгээмэл аж.
Баталгаат нэрийн доор балаг таригчид ийм чухал бичиг баримтад хэр зэрэг хариуцлагатай ханддагийг төсөөлөхөд ч бэрх. Өнгөрсөн гуравдугаар сард зээ хүүгийнхээ хамт Хятадыг зорьсон иргэн Н.Насанжаргал хүн худалдахыг завдсан хэрэгт холбогдох шахсанаа ярьсан юм.
Охин нь хүүгээ түүнтэй хамт аялуулахаар нотариатаар итгэмжлэх хийлгэсэн ч бүтэлгүй орчуулагч түүнийг нь буруу хөрвүүлсний улмаас таван настай хүүхдийг хил давуулан наймаалах гэж байсан мэтээр ойлгогдож, Н.Насанжаргал Хятадын хил дээр цагдаад байцаагдсан аж.
Мэдэхгүй, чадахгүйн гай, зовлон үргэлж хүнийг дагадаг гэдэг. Тэгвэл мэдэхгүй, чадахгүйг далимдуулан ашиг хонжоо олж, хохироогчид энэ цагт олширчээ. Эдний нэг нь баталгаат орчуулгын зарим газар гэж болно.