
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн Үндэсний баяр наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг наадамчин олноо хүлээн авахад бэлэн эсэхийг сурвалжлав.
Баяр наадмын бэлтгэл ажилд өнөө жил 2.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг тойруулаад 600 орчим сая төгрөгийн өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам тавьжээ. Мөн Төв асрын 230 сандлыг сольж, хаалганы хашлага, гадна талбайг засварлан, будсан аж.

Өнөө жил сур харвааны талбайд нэлээд анхаарал хандуулсан байна. Харваачдын цэц мэргэнийг сонирхох хүмүүс сүүдрэвч бүхий сандалд тухлах нь. Түүнчлэн шагайн харвааны асар ч сүүдрэвчтэй болжээ. Ерөнхийдөө Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олноо хүлээн авах бэлтгэлээ 97 хувь базаагаад буй. Өдгөө нийтийн эзэмшлийн зам, талбайд цэцэг тавьж, зарим чимхлүүр ажлаа гүйцээх л үлдсэн байна.

Шандаст хүлгүүд хурдаа сорих Хүй долоон худгийн тохижилтын ажил мөн л 90 гаруй хувьтай байна. Өнгөрсөн өдрүүдэд хур элбэг байсан учир өвс, ногоо ургаж, наадамчид тоосонд даруулахгүй нь. Энэ байдлыг нь хадгалахын тулд үйлчилгээний талбай, морь бариа, аюулгүй тойргуудыг байнга усалж байгаа ажээ. Тухайн хэсгийг цэмцийлгэх үүрэгтэй “Монгол наадам цогцолбор”-ынхон эвдэрсэн замаа засаж, тэмдэг, тэмдэглэгээг нь сайжруулсан байна. Хурдан морины уралдааныг шимтэх үзэгчдэд зориулсан асар, тухлах саравчуудыг өнгө ялган буджээ. Мөн урлагийн тоглолт үзүүлэх талбайд 5000 сандал байрлуулсан гэнэ. Баярын өдрүүдэд нийтийн бие засах газар эрэлттэй байдаг. Тэгвэл өнөө жилийн наадмаар нийтийн бие засах 30 газрыг засаж, зургааг шинээр нэмж буй гэнэ. Мөн хогийн 100 сав тавьсан бөгөөд Хот тохижилтын газрынхан явуулын сав “аялуулах” ажээ.

Энэ жил Хүй долоон худагт шинээр хийж буй онцлог ажил нь гүний худаг гаргасан явдал. Ингэснээр нийтийн бие засах газрууд усгүй болж, хаалгаа барихгүй нь. Тэнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэлээс тодруулахад “Хүй долоон худагт 42 сая төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт хийлээ. Суваг, шуудуу татан автомашины зогсоол байгуулж байна. Мөн 3-5 км өргөн, 30 км урт талбайн хогийг түүлээ. Иргэд зорчиход хүндрэлтэй үерийн далангийн суваг дээр модон гүүр арвыг тавьсан” гэлээ. Түүний хэлж буйгаар Хүй долоон худаг орчимд нэлээд олон айлд газар эзэмшүүлжээ. Үүний уршгаар наадамчин олонд зориулсан талбайн хэмжээ багасаж буй аж. Цаашлаад ирэх жилүүдэд байгуулахаар төлөвлөсөн сур, шагайн харвааны асар барих газаргүй болоход ойрхон байгаа гэнэ.

Бүтээн байгуулалтын ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бол наадамчин олныг баясгах соёл, урлагийн арга хэмжээний бэлтгэл ч хангагджээ. Өнөө жилийн наадмын нээлт шинэлэг болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд нисдэг тэрэг газардахаас авахуулаад Чингисийн баатрууд Улаанбаатарт айлчлах аж. Уншигч танд гэнэтийн бэлэг болгох үүднээс заримыг нь нууцалъя. Энэ жил зохион байгуулах арга хэмжээ бүхэлдээ Монголыг сурталчлах, өв соёл, ёс заншил шингээсэн үзүүлбэртэй байх юм. Төв талбайд 11 дэх жилдээ зохиож буй “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэнэ. Харин Хүй долоон худагт болох арга хэмжээнүүдээс үндэсний урлал, түүний онцлогыг мэдэх боломжтойг албаныхан онцоллоо. Тухайлбал, өнөө жил Хүй долоон худагт айрагны фестиваль болно. Өвөрхангай, Булган зэрэг айрагныхаа амтаар алдартай аймгуудын иргэд оролцох аж.

СУИС-ийнхан Хүй долоон худагт “Соёлын наадам 2017” арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэрээ ардын аман зохиол, тоглоом наадгайн, гар урлалын, сийлбэр, хээ угалз урлах, уран бичлэгийн, “Аварга Монгол” зэрэг өртөө байгуулах гэнэ. Дэмбээ, сур элдэхээс эхлээд уран хатгамал зэргийг энд хийх боломжтой. Эл арга хэмжээнүүдийн үр дүнд хүүхдүүд ардынхаа ёс заншлыг мэдэж авах бол жуулчид манайд ирэх хүсэл, сонирхолтой болж, аялал зуучлал хөгжинө хэмээн таамаглаж буй ажээ.