
С.Цагаадай хэмээх энэ залуу хазара монгол. Монголоос үсэрсэн цус, тасарсан амь, дэлхийгээр нэг тархан суурьшсан, элэг нэгтнүүдийн маань нэг. Эхээс мэндлэхэд нь түүнд өгсөн нэр хүртэл олон зууны тэртээх эцэг өвгөдөө дурсаж, Монголоо гэх итгэл найдварынх нь илэрхийлэл гэлтэй. Цагаадай, Өгөөдэй, Чингис, Бат, Төмөр гэхчилэн монгол нэртэй хүн хазара монголчууд дунд олон гэнэ лээ. Мянган мянган жилийн тэртээгээс монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байжээ. Чингис, Цагаадай, Хүлэг, Төмөр хааны үед монголчууд энэ нутагт суурьшиж, хөрш түмэнтэйгээ уусан холилдож, яваандаа хазара монголчууд үүсэн бий болсон гэдэг. Хазара гэдэг нь мянгат гэсэн утгатай үг бөгөөд Цагаадай хааны үед тухайн нутагт үлдэж хоцорсон мянган дайчнаас гаралтай гэх нь бий. Тиймдээ ч тэд өөрсдийгөө төв Азийн нутагт Чингис хааны гал голомтыг сахиж үлдсэн хүмүүс гэлцдэг. Гэхдээ миний энд өгүүлэх гэж буй зүйл бол хазара монголчуудын үүх түүхийн талаар бус, эгэл жирийн хазара залуу, түүний үзэл бодол, хүсэл мөрөөдөл, өнөөгийн хазара түмэн хэрхэн амьдарч буй тухай юм.
МОНГОЛ НУТАГТ ХӨЛ ТАВИХ НЬ ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙЖЭЭ
Нэгэн үе бид хазара монголчуудтай уулзах нь бүү хэл ийм хүмүүс дэлхийн хаа нэгтэй амьдардаг гэдгийг ч мартчихсан гэлтэй аж төрж ирсэн. Харин олон зууны түүхийн нугачаанд эх нутаг, элгэн саднаа гэх бэтгэрэл, сэтгэлийн гүн шарх нь аньж эдгэлгүй өнөөг хүрсэн хазара монголчууд биднийг мартсангүй. Одоогоос 5-6 жилийн өмнө анхны хазара хүн манай оронд хөл тавьж, түүний дараа жилээс тэндхийн оюутнууд Монголд суралцах болсны нэг нь С.Цагаадай. Өдгөө 14-15 хазара оюутан бий гэдэг. С.Цагаадай “Их засаг” их сургуульд бизнес менежментийн чиглэлээр суралцдаг. Эхний жил хэлний бэлтгэлд сууж монгол хэл сурсан төдийгүй монголоор тун ч сайн ярих юм билээ. Зундаа нутаг буцдаг ч өнөө жил номоо хэвлүүлэхээр зав зай муутай, явж чадаагүй хэмээн инээмсэглэсээр уулзсан энэ залуу өдгөө 26 настай.
“Би хазара хүн” нэртэй номоо тун удахгүй англи, монгол, перс хэлээр хэвлүүлэхээр зэхэж буй юм билээ. Түүний аав Сафдар цэргийн хүн байсан бөгөөд өдгөө тэтгэвэртээ сууж буй аж. Таван дүүтэй, айлын ууган хүүгийн хувьд томоохон хариуцлага үүрдгээ тэр хэлсэн. Багадаа маш сахилгагүй хүү байсан гэнэ. Уламжлал ёсоор найм, есөн настайгаасаа хазара хүүхдүүд аав ээждээ тусалж, гэрийн ажилд оролцож эхэлдэг байна. Эцэг эх, эмээ өвөө нь бүр бага байхаас нь “Бид бол монголчууд” хэмээн хэлж, тэгж хүмүүжүүлж ирсэн учраас Монгол эх нутагтаа хөл тавих нь түүний мөрөөдөл байсныг тэр онцолсон. Монголчуудтай адил хөх толбо байдаг нь энэ бодлыг нь бататгажээ. Ухаан орсон цагаасаа С.Цагаадай монголчуудын тухай, өвөг дээдсийнхээ талаар аав ээж, эмээ өвөөгөөсөө сонсож өсжээ. Түүний төрж өссөн газар нь Афганистан дахь хазара монголчуудын гол цөм болох Бамиян хот. Элдэв үймээн самуун, халдлагад өртөх нь бага, харьцангуй тайван газар гэнэ. Афганистаны хүн амын 20 орчим хувийг хазара монголчууд эзэлдэг бөгөөд 32 аймгийн гуравт нь хазарачууд дангаараа төвлөрөн суурьшсан бол найман аймагт нь бусад үндэстэнтэй холилдон оршдог. Тэднийх хот, хөдөөд тус бүр нэг гэртэй. Хотын төвөөс машинаар 40-өөд минут явж очих буйдхан сууринд ногооны талбайтай, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэний мод тарьж, түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг юм байна. Хазара монголчууд өнө эртнээсээ газар тариалан эрхэлж ирсэн, маш ажилсаг, хөдөлмөрч хүмүүс аж. Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, ногоогоо усалж, арчилж, газар тариалан эрхэлж уйгагүй хөдөлмөрлөдөг ажилсаг хазарачуудын адилаар хүүхэд байхаасаа тэр энэ бүхнийг хийж өсчээ.
ШООВДОРЛОГДСОН ХУВЬ ТАВИЛАН
Булаан эзлэгчид, байлдан дагуулагчдын үр сад хэмээгдэж, хазара монголчууд түүхийн аль ч үед шоовдорлуулж, гадуурхагдан гашуун зовлон амсаж иржээ. XIX зууны эцсээр хазарачууд өсөрхөн дайсагнасан ард түмний хүрээлэл дунд орж, тэдэнд дийлдэн, Хазара Жат улс нь мөхсөн юм. Тэгэхэд Абдуррахман гэдэг харгис хаан “Хазара бол хүн биш, буг чөтгөр” хэмээн тэдний эсрэг шашны ариун дайнжихадаа зарлаж, “Хазара хүнийг алах нь буян болно” гэж мунхруулан, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хядлагуудын нэгийг үйлдсэн юм. Хазарачуудын 60 хувийг устгаж, сая саяар нь алж хөнөөжээ. Ийн хядсан шалтгаан нь ердөө монгол цустай нь холбоотой. Абдуррахманы энэ хядлагын дараа хазарачууд хамаг л мундаг гэсэн сэхээтнүүдээ алдаж, ямар ч эрхгүй боолууд, шаарлагдсан хүмүүс болж хувирсан гэдэг. 1950-иад онд хазарачууд энэ байдлыг эсэргүүцэн боссон ч, нухчин дарагдаж, нийслэл Панжабыг нь газрын хөрстэй тэгшлэн устгаж, үндэсний Хазара Жат мужийг нь татан буулгаж, хэсэглэн хувааж, өөр үндэстний мужуудад нэгтгэжээ. 1990-ээд онд удирдагч Баба Мазарийн жолоодлогоор хазарачууд мөн л тэмцсэн байна. Түүх давтагдаж, удирдагчийг нь нисдэг тэрэгнээс шидэн хороож, босогч хазаруудыг хяджээ. Талибууд саяхныг хүртэл буюу 1997-2001 оны хүртэл хэдэн мянгаар нь хазара хүмүүсийг хүйс тэмтэрч байв. 2001 онд талибуудын дэглэмийг түлхэн унагасан ч харгислал одоо ч үе үе гарсаар буй гэдэг.
Гашуун зовлон туулсан хазара түмний үр сад С.Цагаадай хүүхэд байхдаа талибууд өвөөг нь хороохыг өөрийн нүдээр үзэж байсан аж. Өвөө нь мал маллан, хөдөө амьдардаг хорхойд ч хоргүй, малчин хүн байсан гэнэ лээ. Өдгөө тэр хэцүү цаг ард хоцорч, нөхцөл байдал харьцан гуй сайжирсан ч хазара хүмүүсийг томоохон албан тушаалд томилох, боломжийн ажлын байртай болгох тал дээр Афганистаны Засгийн газар тун хойрго ханддаг нь хэвээрээ гэсэн.
МОНГОЛ ЦУСТАЙ ГЭДГЭЭРЭЭ БИ БАХАРХДАГ
Монгол руу сурахаар явахад нь хамгийн их баярласан хүн нь түүний аав, ээж хоёр гэсэн. Түүнтэй адил Монголыг жаргалын орон гэж үзэж ирэхийг хүсдэг хазара залуу олон байдаг аж. Монголд хэрхэн ирж суралцах болсон, ирээд ямар сэтгэгдэл төрсөн талаар түүнээс асуухад “Манай нэг хамаатны ах Монголын MIU буюу “Mоngolian international university”-д магистрт суралцаж хоёр жил болоод буцсан юм. Тэр ахаараа дамжуулж тус сургуулийнхантай холбогдсоноор энд ирсэн. Би энд ирэхдээ өөрийгөө гадаад гэж бодоогүй. Монгол эх нутагтаа ирлээ гэж баярласан. Монгол хүмүүсийг миний гэр бүл гэж бодсон. Хэдийгээр алс хол оршдог ч, олон зуун жилийн явцад соёл, зан заншил өөрчлөгдсөн ч монголчуудтай цус нэгтэй гэдгээрээ би бахархдаг. Надад боловсрол, нас, шашин шүтлэг чухал биш. Монгол хүн гэдгээрээ би хамгийн их бахархдаг” хэмээн өгүүлсэн. Түүнийхээр монголчуудтай адил төстэй зүйл түүхээс гадна гени, царай төрх, зан ааш, гэр бүлийн амьдралын хэв маяг, ахмад настнаа хүндэтгэдэг сайхан уламжлал бий гэлээ.
Хазара монголчууд үр хүүхдээ өндөр боловсрол эзэмшүүлэхэд гойд анхаардаг гэдгийг тэрбээр онцолсон. Ядуу байсан ч мөнгө зээлээд хүүхдэдээ сайн боловсрол олгох нь өөрийн үүрэг гэж боддог гэнэ. Ирэх жилээс Цагаадайн дүү Монголд ирж сурахаар хөөцөлдөж байгаа тухай тэр хэлнэ лээ. Монголд ирж очих үед нь тулгардаг хамгийн том бэрхшээл нь Афганистаны паспорттой гэдгээс нь ч болдог юм уу, хил, гааль дээр террорист байж мэднэ гэж харддаг нь тун эвгүй санагддаг тухай тэрбээр ярьсан юм. Хоёр гурван ч хазара оюутныг визний асуудлаас шалтгаалан хүчээр нутаг буцаасныг тэр одоо хэр нь ойлгоогүй үлдсэн гэнэ. Хазара монголчууд Афганистан дахь олон ястан үндэстнүүдэд хавчин гадуурхагдаж, талибуудын халдлагад өртөж олноороо хядуулж байснаас бус хэзээ нь террорист үйл ажиллагаа явуулж, алан хядах ажиллагаанд оролцож байгаагүйг тэрбээр тайлбарлана лээ.
“ХАЗАРА МОНГОЛЧУУДЫГ ДЭМЖИНЭ” ГЭХ ҮГ ИД ШИДТЭЙ БАЙСАН
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд аа, олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” хэмээн уриалсан. Дэлхийгээр нэг тархан суурьшсан монгол туургатнуудад энэ үг ид шидийн юм шиг үйлчилж, хамгаа орхин нутгаадаа зорин ирэхийг хүссэн гэдэг. Гэхдээ зориод ирэхэд нь тосоод авах байтугай буух буурийг нь бэлдээгүй, хууль эрх зүйн орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөөгүй байсаар хэдэн он улирсныг бид мэднэ. С.Цагаадай болон тэдний гэр бүлийнхэн тэр уриалгыг олзуурхан сонсохдоо ирээдүйд бүх зүйл сайхан болох нь хэмээн баярлаж байснаа дурссан. Харин тэр уриалгаас илүү Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэдэн жилийн өмнө Ираны томоохон албан тушаалтнуудтай уулзахдаа “Хазара монголчуудыг дэмжинэ” гэж ярьсан нь тэдний амьдралд эергээр нөлөөлжээ. Тэрхүү уулзалт, яриа хэлэлцээний дараа Иран улсын зүгээс хазара монголчуудад хандах хандлагаа эрс өөрчилсөн гэдгийг хазара монголчууд ярьдаг аж. Афганистан дахь олон үндэстнүүд, тухайлбал узбек, пакистан, туркүүд бүгд өөр өөрийн эх орноос тодорхой дэмжлэг авдаг, өмгөөлж хамгаалах ар талтай байдаг бол хазара монголчуудын хувьд санаж сарвайх эх оронгүй, хавчин гадуурхагдаж ирсэн тул “Хазара монголчуудыг дэмжинэ” гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг хамгийн сайхан сонсогдсон гэдгийг онцолсон юм. “Одоо ч бидэнд дэмжлэг хэрэгтэй байна. Энэ дэмжлэг нь мөнгө төгрөг биш ээ. Сэтгэлийн дэм юм. Монголын Засгийн газраас дэлхийн монголчууддаа дэмжлэг үзүүлэх талаар хуульчлаач ээ гэж хүсмээр байна” гэсэн. Ийн хүсэх болсон шалтгаан нь тэрбээр дэлхий дээрх 20 орчим сая монгол туургатныг нэгтгэх том мөрөөдөлтэй явдаг гэнэ.
С.Цагаадай Монголд ирснээсээ хойш өөрийн хамгийн сайн чаддаг зүйл болох ногоо тарих арга, туршлагаасаа монголчуудад зааж өгч, Баянхошууны ойролцоо, мөн Гачууртад төмс, хүнсний ногоо тарьсан нь маш сайхан ургаж буй гэнэ. Монголын хөрс үржил шимтэй үнэхээр гайхамшигтай хэмээн уулга алдсан шүү. Тэрбээр монгол залуусыг архи их уудаг, архи уухаараа ажил, хичээлээ тасалдгийг шүүмжилж байв. Мөн төр, засгаас иргэдээ ажилтай болгоход анхаарах ёстой, ид насны монгол залуус Солонгос руу хар ажил хийхээр явж байгааг буруу гэж боддогоо хэлсэн.