
Сувдан дусал минь чи юуны учир хацар даган бөмбөрнө вэ. Харийг зорьсон аавтайгаа олон жилийн хойно уулзаж, элгээ дэвтээсэн хүүгийн борхон нүдэнд чи сувдран гялалзаж байсан. Бүсгүйн дэрвэгэр сормуусанд наалдан бөнжигнөж байлаа. Ялалтын омогшил зүрхэнд нь бадарсан тамирчны нүднээс чи дэлхийн дэвжээнд дусалж байсан.
Сувдан дусал минь чи яагаад хацар даган бөмбөрнө вэ. Баяр хөөртэй зэрэгцэн чи над дээр ирнэ. Уй гашууг дэргэд минь байж хуваалцдаг. Гэхдээ би чамтай уулзалгүй их удлаа.
Нулимс гэж үүлнээс бороо орохтой адил хуримтлагдсаар асгардаг чийг юм уу. Үгүй л болов уу. Харин тэр яг над шиг амь амьсгаатай, хайрлах сэтгэл, зовох зүрхтэй. Тийм ч болохоор амьдралын сайн, саар тохиол бүрт цуг байж, намайг хөөргөж, загнаж, ухааруулдаг байх.
Нөхөртөө туньсан бүсгүй хэсэгхэн зуурт хэдэн дусал нулимс унагаснаа инээсээр эргэн хараад “Сайхан болчихлоо” гэх нь яг л олон хоног усны бараа хараагүй хүн хир, хөлснөөсөө салж, нойтон үсээ арчсаар угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ “Сайхан боллоо” гэдэгтэй адилхан юм шиг.
Ингэхээр нулимс сэтгэлийн хорыг угаах ус ч юм уу. Тиймдээ ч ойрхон нулимстай бүсгүйн сэтгэл саяхан хичээнгүйлэн арчсан цонхоор гадагш харах шиг цэлмэг, гэрэлтэй байдаг биз. Тиймээс бүсгүй хүний гомдох нь ойр бас баярлах нь амархан байдаг байх.
Харин нулимс яагаад холддог юм бол. Хамгийн сүүлд хэзээ чамтай хаана таарснаа санах гэж хичээлээ. Зүүдэндээ аав, ээжийнхээ араас гашуудан уйлахдаа л жинхэнэ нулимс унагаснаа саналаа. Өөрөөр бол чамайг ойрын наана харсангүй. Чи гомдчихов уу, эсвэл миний сэтгэл дээврийн хөндийд орхисон гитарын утас шиг тоосонд дарагдаж, хөгөө алдаад баргийн юмыг мэдрэхээ байчихсан юм уу.