
Улсын баяр наадмын босгон дээр Төрийн ордонд одон медалиар шагнуулсан олны дунд шар толгойтой, европ хувцастай цор ганц хүн байсан нь АНУ-ын Рүүтжирс их сургуулийн профессор, монгол судлаач, орчуулагч Саймон Вэкхамсмит билээ. 1992 оноос хойш монгол судлалаар дагнан, Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулж, Өрнө дахинд түгээхэд хүндтэй гавьяа байгуулж буйг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Эх орондоо буцахаас нь өмнөхөн түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одонгоор шагнуулсанд тань юуны өмнө баяр хүргэе. Та энэхүү шагналыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Энэ бол миний хувьд маш их нэр төрийн хэрэг. Шагналаа гардсаны дараа хоёр зүйлийг бодож байлаа. Нэгдүгээрт, энэ бол зөвхөн миний хөдөлмөр зүтгэлийн үр шим бус, үе үеийн эрдэмтэн судлаачдын гаргасан жим мөрөөр бид замнаж байгаа тул тэр хүмүүсийн гавьяаг ямагт дурсан санах нь зүйтэй юм. Хоёрдугаарт, Монголын өнөө цагийн төр, засаг уран зохиолын орчуулгыг хэрэгтэй, зөв зүйтэй ажил гэж бодитоор үнэлж байгаад баяртай байна. Монгол зохиолчдын бүтээл олон орны хэлээр орчуулагдах тусам монголчуудын тухай, монгол соёлын талаар дэлхий дахин илүү их ойлголт, мэдээлэл авах болно.
-“Алтан гадас” одонгоор шагнуулах гэж буйгаа дуулах ямар байв. Бас Ерөнхийлөгч одонг тань зүүж өгөх тэр мөчид ямар нэг мэдрэмж төрсөн үү?
-Өөрийгөө шагнуулах гэж байгааг анх дуулаад их гайхаж, балмагдсан. Ер нь эрдэмтэн судлаачид урдах ажлаа хийгээд л явдаг, даруу хүмүүс шүү дээ. Бидний хийж байгаа ажил тухайн хүрээлэлдээ, алс хэтдээ нийгэм, улс орны ирээдүйд нөлөөлнө гэдгийг мэддэг ч яг төр, засгийн хэмжээнд ингээд үнэлэгдэхээр гайхах, баярлах зэрэгцдэг юм билээ.
Тэр өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ажлын сүүлийн өдөр нь байсан учраас нэг их албархаг байгаагүй. Тэр нь ч надад таатай санагдсан. Учир нь би олны анхаарлын төвд байж, онцгойрохыг огт хүсдэггүй. Г.Мэнд-Ооёо ахтай хамт Төрийн ордонд очиж, Ерөнхийлөгчөөс шагналаа аваад, нэг их сүр бадруулалгүй тэгсхийгээд гарсан нь надад болно оо.
-Сая наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон уу. Урьд нь наадмаар Монголд ирж таарч байв уу?
-Миний хувьд энэ удаагийнхтай нийлээд Монголд 10 орчим удаа ирж байна. Энэ жил наадмыг Төв цэнгэлдэхэд утгаар нь үзэж, мэдэрлээ. Монгол наадам их сайхан юм билээ. Урьд нь зурагтаар, интернэтээр л үздэг байсан.
-Монгол судлалтай анх хэрхэн холбогдсон тухайгаа манай уншигчдад сонирхуулахгүй юү?
-Говийн догшин ноён хутагт Данзанравжаагаар дамжуулан би Монгол гэдэг улс, монгол яруу найрагтай танилцсан. Би нэг хэсэг бурхны шашны хувраг байсан юм. Шотландад байхдаа VI Далай ламын Янагийн дууллыг төвд хэлнээс орчуулж байгаад Дулдуйтын Данзанравжаагийн зохиол бүтээлтэй анх танилцсан түүхтэй. Бурхны шашны гүн ухааны маш нарийн сургаал, ойлголтыг энгийн үг хэллэгээр илэрхийлэн гаргаж, говьд мал маллаад явж байгаа жирийн малчин хүртэл ойлгохоор бичсэн нь гайхамшигтай санагдсан. Говийн онцгой сайхан энергитэй ийм газарт аж төрж байгаагийн хэрэг юу билээ, та өөрөө л дотоод мөн чанараа таньж, оюун санаагаа зөв удирдан чиглүүлж, эерэг хандлагыг өдөр тутмын амьдралдаа бий болгож чадвал шамбалын оронд хүрсэнтэй адил гэж өгүүлсэн байдаг. Хутагтын зохиол надад маш их сонирхолтой санагдсан учраас монгол зохиолчийн бүтээл, монгол үндэстнийг судлахын тулд 1992 онд анх монгол бичиг сурч эхэлсэн. Вашингтоны их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа Б.Явуухулангийн зохиол бүтээлүүд дараа үеийн зохиолчдодоо хэрхэн нөлөөлсөн тухай сэдвийг “барьж авсан”. Дараа нь докторын зэрэг хамгаалахдаа мөн л Г.Мэнд-Ооёо ахын “Алтан овоо” романыг сонгож монгол хүн байгаль дэлхийтэйгээ ямар их ойр, амьд харилцаатай байдаг тухай эрдмийн ажилдаа харуулсан.
-Сонин тохиолдол байна шүү. Монгол хэл сурахын тулд давхар монгол бичиг сурсан байх нь ээ?
-Тийм ээ. Дээр үеийн зохиол бүтээлийг уншиж, орчуулахын тулд монгол бичиг сурах хэрэгтэй болсон. Би монгол бичгээр уншиж, бичиж чадна. Кириллээр уншиж, бичиж сурсан ч ярьж чадахгүй байж байгаад сүүлийн үед харьцангуй дээрдсэн.
-Монголын уран зохиолын онцлог, үнэт зүйл нь таныхаар юу вэ?
-Монгол соёл, дуу, бүжиг, хөгжим, монгол уран зохиол... энэ бүхнээс Монгол гэдэг улс үндэстний онцлог тэр чигээрээ мэдрэгддэг. Үүнээс өөрөөр байна гэж би лав төсөөлж чадахгүй. Ертөнц, байгаль дэлхий, хүмүүний амьдрал хийгээд аливаа зүйлийн утга санааг илэрхийлж гаргахдаа монгол хэл, монгол сэтгэхүй үнэхээр гайхамшигтай.
-Аргалын утаа гэдэг үгийг гадаад хэл рүү орчуулах гэж “үйлээ үздэг” тухай онигоо хүртэл байдаг. Монгол шүлгийг орчуулахад хэцүү юү?
-Нэг үгийг нөгөө хэл рүү орчуулахдаа утга нь бүрэн дүйж гарч уу гэдгээс эхлээд ер нь амаргүй. Ний нуугүй хэлэхэд, тэр дундаа монгол хэлнээс орчуулахад бүр ч хэцүү. Гэхдээ тэр хэцүү нь орчуулагч бидэнд их гоё, амттай байдаг (инээв). Аргал гэдэг ганц үгийн утгыг англи хэлтнүүдэд ойлгуулахын тулд монгол ахуй орчин нөхцөлийг би өөрөө сайн мэддэг байх хэрэгтэй. Аргалын суунагласан хөх утаа, өвөрмөц үнэрийг би мэдрээд байгаа хэрнээ тэр төсөөллөө хүмүүст бүрэн утгаар нь хүргэхэд тун ярвигтай. Ялангуяа яруу найрагт бол бүр хэцүү. Хүүрнэл зохиолын хувьд иймэрхүү үгийн утгыг эх дотроо дэлгэрэнгүй тайлбарлаад оруулчихаж болдог бол яруу найрагт тэгэх боломжгүй.
-Одоогоор хэдэн зохиолчийн ямар ямар бүтээлийг орчуулаад байна вэ. Сонголтоо яаж хийдэг вэ?
-2006 онд Монголд анх ирснээс хойш монгол зохиолчдын бүтээлийг тасралтгүй орчуулж байна. Өнгөрсөн хугацаанд 30 орчим ном хэвлүүлсэн байх шүү. Тэднээс гадаад ертөнцөд хамгийн их амжилт олсон нь Ц.Ойдов зохиолчийн бүтээлүүд. Эндээс монгол зохиолчийн шүлэг найргийг сонирхдог барууныхны хүрээлэл тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэж боддог.
Зохиол бүтээлээ сонгохдоо Г.Мэнд-Ооёо ахтай зөвлөлддөг, бас өөрт таалагдсан шүлэг найргуудыг ч орчуулдаг. Сүүлийн жилүүдэд 1920-1930-аад оны хувьсгалын үеийн зохиолчдын бүтээлийг орчуулж байгаа. Гэхдээ үүнийг Барууны уншигчид төдийлөн сонирхохгүй болов уу гэсэндээ хэвлүүлэхээр яарахгүй байгаа.
-Нууц биш бол монгол зохиолчдоос хэн хэний шүлэг найраг танд хамгийн их таалагддаг вэ. Яагаад?
-Д.Нямсүрэн, О.Дашбалбар хоёрын шүлгүүд надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Ц.Ойдов гуайн шүлгүүдийн ихэнхийг би орчуулсан учраас сэтгэлд одоо ч тод байна. Д.Урианхай гуайн шүлгүүд их өвөрмөц, гүн гүнзгий утга санаатай байдаг нь гайхалтай ч орчуулахад жаахан хэцүү. Ц.Бавуудоржийн ертөнцийг үзэх үзэл, уламжлалт монгол сэтгэлгээний шүлгүүд бас маш сонирхолтой. С.Эрдэнэ, Ч.Галсан гуай хоёрын зохиол, бүтээлүүдээс харж байхад тэд зөвхөн монголчууд гэлтгүй, нийт хүн төрөлхтөнд хамаатай том сэдэв, чухал санаануудыг маш гайхалтайгаар мэдэрч гаргадаг. Р.Чойномын бүтээлүүдээс дахиад нэмж орчуулмаар санагддаг. Д.Сэнгээ гуайг ямар хүн байсныг, уран бүтээлчийнхээ хувьд тэрбээр хэн байсныг нь судалж, таних хэрэгтэй байна. Орчин үеийнхэн тэр хүнийг зөвхөн коммунизмыг магтан дуулдаг уран бүтээлч байсан гэж л ойлгодог. Үнэхээр тийм гэж үү гэдгийг одоо нэг мөр болгох хэрэгтэй. Мөн Дунгарын Чимэд гуайн тухай өнөөгийн монголчууд тийм ч сайн мэддэггүй юм шиг санагддаг. Д.Чимэд гэж хэн байсан, яагаад заавал богино шүлэг, өгүүллэг бичдэг байсан юм бол гэх мэтээр сонирхолтой асуулт олон бий. Бүх зохиол бүтээлийг нь орчуулаад гаргаад ирвэл тэр хүмүүсийн тухай нэг ойлголт төрөх болов уу гэж боддог.
-Энэ жагсаалтад 1990-ээд оныхноос оруулаач гэвэл та хэн хэнийг нэрлэх вэ?
-Л.Өлзийтөгсийн богино өгүүллэг, эсээ нь сонирхолтой. С.Анударь, Т.Содномнамжил хоёрын шүлгүүд маш сайн. Ялангуяа С.Анударийн шүлгүүд. Жирийн хүн уншихад уран гоё найруулгагүй, уйтгартай, залхуутай юм шиг боловч нарийн ажиглавал 1990-ээд оны Монголын нийгмийн шилжилтийн үед залуучуудын сэтгэхүйд ямар өөрчлөлт гарч буйн илэрхийллийг тэрбээр яруу найргаараа гаргасан гэж боддог. Жишээ нь, панк хөгжмийг хүн сонсоход тэр бүр бүгдэд таалагддаггүй шиг “Та нарын амьдрал ийм хөгийн байна” гэж зориуд өдөөн хатгасан юм болов уу.
-Сонин гаргалгаа байна шүү. Ингэхэд та гэр бүлтэй юү?
-Манай эхнэр монгол уртын дуу судалдаг. Бид монгол судлалын чиглэлээр өөр өөр их сургуульд багшилдаг.
-Эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байв?
-Бид монгол судлалын олон улсын хурал дээр танилцаж байсан.
-Та хоёрыг Монгол Улс, монгол судлал танилцуулсан байх нь. Монголд хамтдаа ирдэг үү?
-Тийм ээ. Манай эхнэр Монголд ирэхээрээ хөдөө их явдаг. Миний хувьд ихэвчлэн хотод ажилладаг даа.
-Та монгол уртын дууны үгийг орчуулж үзсэн үү. Их сонирхолтой, гүн гүнзгий утга агуулгатай гэдэг шүү дээ?
-Тэр бол манай эхнэрийн судалдаг ажил учраас би нэг их оролцдоггүй. Гэхдээ яваандаа хамтарсан судалгааны бүтээл хийвэл сайхан л байх.
-Сая таныг төрийн одонгоор шагнуулахад эхнэр тань хамгийн их ойлгож, баяртайгаар хүлээж авсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Хөдөөгүүр судалгааны ажилтай явж байгаад намайг шагнуулж байгааг дуулаад, маш их баярласан.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.