

Аав, ээж нь эзгүй ч Азийн хошой аваргыг угтахаар эмээ, ах дүүс, найз нөхөд нь ирэв
Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй.
Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа 14 дэхийг хүргэж байна.
2017.07.29-ний бямба гариг. Улаанбаатарт 10.50 цагт газардах Бээжингийн онгоцыг тосохоор очсон олны дундаас хадаг, мөнгөн аяга, сүү, цэцгийн баглаа барьсан хүмүүс эрхгүй ялгарна. “Манай хэд гарч ирж байна уу”, “Одоо ачаа тээшээ авцгааж байх шиг байна”, “Ирлээ, ирлээ. Хөгжмөө тоглуулаач ээ”... Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт гаргасан тамирчдаа угтахаар гэр бүл, найз нөхөд, хамт олон нь нисэх онгоцны буудалд ийн цугласан юм.
Хөл хөөртэй угтуулж буй эдгээр тамирчны дунд Азийн хошой аварга, ОУХМ М.Анхцэцэг буй. Гэхдээ тэрбээр бусад шигээ тэгтлээ баярласан шинжгүй, болох ёстой юм болдгоороо боллоо гэсэн шиг инээмсэглэсээр гарч ирнэ лээ.

Анхаагийн хувьд урьд нь Азийн цөөнгүй тэмцээнээс алтан медаль хүртэж байсан учраас тэгтлээ догдлоогүй, тайван байсан биз. Нөгөөтэйгүүр, аав нь Афганистанд энхийг сахиулж, ээж, дүү хоёр нь Солонгос руу эмчилгээнд яваад эзгүй байгаа тул амжилтдаа хөөрч баярлахаас илүүтэй сэтгэл зовних зүйл бишгүй байсан болов уу. Учир нь түүнийг яг тэмцээнд орсон өдөр дүү М.Номин-Эрдэнэ нь хоёр дахь мэс заслаа хийлгэсэн юм.

Аниа, миний захисан дроныг авчирсан уу

2017.07.27-ны пүрэв гариг. Непал улсад зохиогдож буй хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр. 13.30 цагийн үед (Монголын цагаар 16.00 цаг) 75 кг-ын жингийн тэмцээн эхлэх хэдий ч Анхаа өглөө эртлэн босчээ. Солонгост эмчлүүлэхээр очсон Номио энэ өдөр 12.00 цагт (тэндхийн цагаар) хоёр дахь хагалгаандаа орох учраас ээж, дүүтэйгээ чатаар амжиж холбогдох ёстой байв.
“Миний дүү хагалгаандаа ороод, хурдан эрүүл болоорой. Эгч нь тэмцээний танхим руугаа явлаа” хэмээн дүүдээ захиад, өрөөнөөсөө гарсан түүний хувьд энэ удаагийн тэмцээн өөрөө өөртэйгөө “тулалдсан”, сэтгэл зүйн асар их тэвчээр шаардсан хамгийн бэрх сорилт байсныг онцолсон.
“Дүүгээ яаж байгаа бол гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл өвдөөд, ардаа нэг тийм шаналалтай тэмцээнд оролцох хэцүү юм билээ. Өнгөрсөн жил оюутны ДАШТ-д дасгалжуулагчгүйгээр, ганцаараа оролцсоноос ч хэцүү байлаа. Тэмцээндээ түрүүлээд, орой ээжтэйгээ холбоо барихад цаана нь дүү маань орилоод л байсан. Одоо хүртэл ярьж чадахгүй, шархандаа зовиурлан уйлах дүүгийнхээ дууг сонсохоор өр эмтэрдэг” хэмээн ярихдаа түүний хоолой зангирав.
Спорт спортын дотроос хүндийг өргөлт тамирчнаас сэтгэл зүйн бэлтгэл хамгийн их шаарддаг гэнэ лээ. Ялимгүй сандрах, анхаарал сарних төдийд хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй болох, эс бөгөөс нэг л үйлдэл буруу хийвэл хүнд төмөрт даруулж мэдэх учраас тэр.
Тухайн өдөр нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, улсаа төлөөлж тэмцээнд оролцох гэж буй тамирчин хүн анхаарлаа өчүүхэн ч сарниулахгүй, маш хариуцлагатай байх хэрэгтэйг Анхаа сайн мэднэ. Тийм ч учраас “Дүүгийн минь эмчилгээний зардлыг бүтээхэд монгол түмэн халуун сэтгэлээр нэгдэн тусалсан. Одоо би ард олныхоо ачийг амжилтаар хариулах ёстой” гээд бүх хүчээ дайчилсан гэнэ. Ард түмэндээ, дүүдээ барьсан түүний бэлэг нь гурван алтан медаль байв.
Харин алс хол суугаа аав нь энэ өдөр юу эсийг бодсон бол. Бэртлээ дөнгөж эдгээгээд, хоёрхон сарын дараа Азийн хошой аварга болохын төлөө хүнд төмөр өргөж буй том охин болоод “Ханган сү” эмнэлгийн мэс заслын орон дээр өвдөлт зовиуртайгаа тэмцэн буй дунд охин хоёртоо тэр ямар их санаа зовоо бол.
Ч.Мөнхжанцан дэд хурандаагаас энэ талаар зүрхлэн асуухад “Өнгөрсөн жил Анхаагаа тэмцээнд оролцоход Азийн аварга болчихоосой гэж хүсэж байсан бол энэ удаа “Битгий л бэртэж гэмтээсэй” гэж дотроо залбирч байлаа” хэмээсэн. Дүү нь хагалгаанаас гарч ирээд, өвдөлтдөө зовиурлан уйлахыг сонсоод, дараахан нь Анхаагаа Азийн хошой аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлэхэд түүний сэтгэлд баяр, гуниг ээлжлэн, болдог сон бол охид дээрээ нисээд очмоор санагдсан гэдэг.
Ядах нь ээ, эгч нь тэмцээндээ түрүүлсэн гэдэг баярт мэдээг Номиод дуулгаж, өвдөлтийг мэдрэх анхаарлыг нь хэсэг ч болов сатааруулахыг хичээсэн гэхээр эцэг хүний сэтгэл хэр тарчилсан нь ойлгомжтой.
АЗИЙН ХОШОЙ АВАРГА БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙЖЭЭ
Анхааг “Би энэ тэмцээнээс тийм медаль авна” гэж оролцоод, яг хэлсэндээ хүрдэг тухай аав нь Афганистан явахынхаа өмнө хуучилж байсан юм. Энэ тэмцээнд оролцохдоо ч тэр түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байжээ. “Хүндийг өргөлт бусад спортыг бодоход “Тэр тамирчин төдөн кг-ыг өргөнө” гэсэн мэдүүлэг, үзүүлэлт нь тодорхой байдаг учраас ерөнхий багцаа бий” хэмээн тэрбээр даруухан өгүүлсэн.
Саяны тэмцээнд Анхаа эхний захиалгаараа огцом өргөлтөөр 97, түлхэлттэй өргөлтөөр 117 кг-ыг өргөж, шууд аваргын болзол хангасан учраас хоёр, гурав дахь оролдлогоо гүйцэтгээгүй юм. Өнгөрсөн жилийн оюутны ДАШТ-д түрүүлэхдээ гартаа бэртэл авснаас хойш зургаан сарын турш эмчлүүлээд, сая анхны тэмцээндээ оролцож, аварга болсон түүгээр бахдахгүй байхын аргагүй.

Ц.Хосбаяр багш нь түүнийг “Бурхны бүтээл” гэж зүгээр ч нэг хэлээгүйн баталгаа энэ гэлтэй. Одоо Анхааг ирэх арваннэгдүгээр сард болох насанд хүрэгчдийн ДАШТ хүлээж буй. Гэхдээ тэр одоохондоо ээжийгээ Солонгосоос иртэл том эгчийн үүргээ гүйцэтгэж, хоёр бага дүүтэйгээ гэртээ хэсэг байх бодолтой гэнэ лээ.
ОЛИМПЫН АВАРГА БОЛОХООР НЬ...
Азийн хошой аваргыг угтаж авахаар ах дүүс, найз нөхөд нь эмээгийнх нь хашаанд асар барьчихсан, хөл хөөрцөг болон цуглацгаав. Отгон дүү М.Эрдэнэбатын хувьд эгчийнхээ ачаа тээшийг хэдийнэ бүртгэчихсэн “Та хоёр цүнхтэй явсан. Ирэхдээ гурван цүнхтэй болчихсон байна. Нэгэнд нь юу байгаа юм бэ” хэмээн гэрт ирэнгүүтээ шалж эхэллээ.

Анхааг тэмцээнд амжилттай оролцоод ирэхээр халуун бүлээрээ ийн цугладаг уламжлал эднийд тогтжээ
Тэмцээнээ дуусгаад гадуур гарах завдалгүй буцсан учраас дүүгийнхээ захисан нисдэг дроныг авчирч чадаагүйдээ тэр уучлал гуйгаад, хүүхдүүдэд замын ганзага болгон чихэр жимс амсуулав.
Ач охиноо онгоцны буудлаас тосно гэхээс шөнө нойр нь хүрэхгүй сэвэлзсэн Д.Долгорсүрэн гуай “Та минь ээ, одоо босох болоогүй юм уу” хэмээн хүүхдүүдээ тэвдүүлсээр 05.00 цагт өөрөө босоод суучихсан гэнэ. Тив, дэлхийн медальт мундаг охиноо энэ гэр бүлийнхэн хэзээний угтаж, үдэж сурсан ч эмээгийн хувьд тэмцээн бүр, амжилт болгон шинэ байдаг гэлтэй.
2006 онд аав, ээжийгээ Дорнод руу томилогдон ажиллахад Анхаа эмээтэйгээ үлдсэн бөгөөд тэр үед хүндийг өргөлтийн спортод дурлан хичээллэж эхэлжээ. Хэзээний л үгнээс гардаггүй, дөлгөөн томоотой охин нь энэ удаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө баттай зогссон учраас “Эмэгтэй хүүхдэд хүнд төмөр өргөх зохимжгүй байлгүй дээ” хэмээн эхэндээ цааргалсан ч үгээр нь болсон аж.
Эмээ, охин хоёр нууцаар “хуйвалдан”, дугуйландаа хэсэг явж байгаад удалгүй аав, ээждээ дуулгаж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд оруулсан гэдэг. Тэр цагаас хойш есөн жилийн дотор ач охин нь хэрхэн өсөж дэвшин, шилдэг тамирчдын эгнээнд багтсаныг Монгол төдийгүй тив, дэлхий өдгөө харж байна.
Анхааг хэрхэн тосож авч байгааг фэйсбүүкээр лайв хийж, аав, ээжид нь шууд дамжуулах үүрэг хүлээсэн Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн найз “Ямар ч туршлагагүй байлаа” гэсэн зэмлэл хүртсэнээ эцэст нь “Анхаагаа олимпын аварга болох үед нь илүү их туршлагатай болсон байна аа” хэмээн цайруулсан юм. Тийм ээ, удахгүй бид хүндийг өргөлтийн олимпын аваргатай болохын ерөөл оршиг.